| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02633/И |
| Дугаар | 102/ШШ2021/02655 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02655
2021 оны 10 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02655 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мд холбогдох,
Зуучлалын гэрээний дагуу урьдчилж төлсөн 3,170,000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэн, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнхт саруул трейдинг ХХК-ийн захирал М.М Канад улсын виз гаргаж өгнө гэж гэрээ байгуулаад урьдчилгаа 2,500,000 төгрөгийг 2019.04.26-нд өөрийн 5079055395 дугаар Хаан банкны дансандаа шилжүүлэн авсан. Гэрээнд 90 хоногийн хугацаанд виз гаргаж өгөх бөгөөд нийт 5,000,000 төгрөгийн хөлстэй. Урьдчилгаа 2,500,000 төгрөгийг одоо авна, үлдсэн 2,500,000 төгрөгийг виз гарсны дараа авна, виз гараагүй тохиолдолд урьдчилгаанд авсан бүх мөнгөө буцааж төлнө гэж тусгасан ч 2019.06.24-нд бичиг баримт бүрдүүлэхэд маш их цаг, мөнгө шаардагдаж байгаа тул нэмж өгөхгүй бол виз чинь гарахгүй байна гээд нэмж 1,000,000 төгрөгийг дансаараа авсан. Ингээд “одоо дутуу юм байхгүй, яг 1 сарын дараа виз чинь найдвартай гарна, хүлээх хэрэгтэй” гэсэн. 8 сард Канадын элчингийн материал хүлээн авдаг газраас хариу ирсэн талаар надад мэдэгдсэн. Надад хаягласан дугтуйтай материалаа очиж авахад Виз олгохоос татгалзсан хариу ирсэн байсан. Үүнийгээ Мд хэлж, виз гараагүй тул мөнгөө эргүүлэн авъя гэхэд “тун удахгүй өгнө” гэсэн ч олон дахин утасдуулж, нэхүүлж байж 1 сарын дараа буюу 2019.09.19-нд миний эхнэр Б.Хэрлэнгийн дансанд 330,000 төгрөг шилжүүлж, үлдсэнийг удаахгүй өгнө гээд залгах бүрт 5, 10 хоногийн дараа өгнө гээд, биечлэн уулзъя гэхээр завгүй гэж хугацаа хожсоор 11 сар хүрч энэ хугацаанаас хойш утсаа авахгүй больсон. Энэ үед анх гэрээ хийхдээ байрлаж байсан Их ноён төвд байрлахаа больсон, харилцаж байсан фесбүүк чаяг болон мессенжерээ ашиглахаа больсон байсан. Ингээд Улсын бүртгэлийн газраас тамганы дардас дээрх 6030734 регистрийн дугаар болон Мөнхтсаруул тейдинг ХХК гэх нэрээр шүүлгэхэд ийм компанийн бүртгэл байхгүй гэж мэдээд хуурамч тамгатай этгээдэд залилуулснаа мэдсэн. 2020.01.08-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2020.03.25-нд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 00251 дугаар шийдвэрээрэрэн сурвалжилж, оршин суух хаягийг олсон. Иймд М.Маас гэрээний дагуу урьдчилж өгсөн 3,170,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Г.Б нь “Мөнхт саруул трейдинг” ХХК-ийн захирал М.Мд холбогдуулан Зуучлалын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 3,170,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ виз гараагүй тохиолдолд урьдчилгаанд авсан мөнгөө буцааж төлөхөөр гэрээнд тусгасан, Канадын элчингээс виз олгохоос татгалзсан, 330,000 төгрөг буцааж өгсөн, тамганы дардас регистрийн дугаар болон Мөнхтсаруул тейдинг ХХК нэрээр шүүлгэхэд ийм компанийн бүртгэл байхгүй гэсэн тул захирлаас нь гаргуулна гэж тайлбарлалаа.
Нэхэмжлэгч нь Канад улсын виз гаргуулахаар “Мөнхт саруул трейдинг” ХХК-тай Хамтран ажиллах гэрээг байгуулж, захирал М.М нь 2019.04.26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019.06.24-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5079055395 дугаар дансаар хүлээн авсан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Тухайн тохиолдолд “Мөнхт саруул трейдинг” ХХК нь Г.Бээс олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө Канад улсын аяллын визэнд зуучлах, Г.Б нь 5,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 3,500,000 төгрөгийг төлсөн, “Мөнхт саруул трейдинг” ХХК нь виз мэдүүлсэн боловч виз олгохоос татгалзсан үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү гэрээний дагуу маргаантай асуудлаа талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь “Мөнхтсаруул тейдинг” ХХК-ийг /РД:6030734/ шүүлгэхэд компанийн бүртгэлд байхгүй учраас захиралд нь холбогдуулан шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч улсын бүртгэлийн мэдээллээр тухайн хуулийн этгээд нь дампуураагүй, татан буугдаагүй байх тул захирал М.М нь хуулийн этгээдийн үүргийг хүлээхгүй тул Г.Бийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 99200794 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 65,670 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Г.Б нь “Мөнхтсаруул тейдинг” ХХК-д холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мд холбогдох, зуучлалын гэрээний дагуу урьдчилж төлсөн 3,170,000 /гурван сая нэг зуун далан мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 65,670 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Г.Б нь “Мөнхтсаруул тейдинг” ХХК-д холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ