Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

 

   2024       05          06                                          2024/ШЦТ/200

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ү

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2425000000242 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...................тоотод оршин суудаг, И ургийн овогт Б-н Д, регистрийн дугаар:0000000000;

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Б.Д нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг ............................тоот хаалганы гадна насанд хүрээгүй хохирогч З.Пын нүүр, уруул тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -Өсвөр насны шүүгдэгч Б.Дий мэдүүлсэн: Би гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, 

           -Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Үын мэдүүлсэн: Ийм зүйл болсонд харамсаж байна. Цаашид хүүхэддээ анхаарна. Бид 2 маш сайн ярилцсан. Хохирогчийн эмчилгээний зардал 600,000 төгрөг төлсөн. Хгэх мэдүүлэг,

 эрүүгийн 2425000000242 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудын шинжлэн судалсан:

-насанд хүрээгүй хохирогч З.Пын мэдүүлсэн:... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-28 байрны 18 тоотод өвөө, эмээгийн хамт амьдардаг юм. Би О гэх охинтой 2 жил үерхэж байгаад 2023 оны 12 дугаар сард салсан. Салсныхаа дараа Отай холбоотой байсан. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би хичээлээ тараад хуучин найз охин Оын гэрт нь байж байгаад аав, ээж намайг дуудаад аав, ээжтэй хоол идээд 15 цагийн үед  Оын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-11 дүгээр байрны А53 тоот руу явсан. Би Отай фэйсбүүк чатаар чатлаж байгаад Оад би очно гэж хэлээгүй байсан, О надад унтаад өгч магадгүй гэсэн. Би Оад амттай зүйл авч өгөх зорилготой байрны орцоор ороод хаалганых нь гадаа очоод унтаж байгаа эсэхийг мэдэхийн тулд чат бичих гэж байх үед Оын шинэ найз залуу болох Д орцны хаалгаар орж ирээд Оын гэрийн хаалгыг тогшоод, О хаалга нээгээд Д хаалгаар ороод хаалгаа хаах гэхээр нь би хаалгыг нь татах үед Д гарч ирээд миний дээд уруул хэсэгт гараараа нэг удаа цохиод хаалга хаачихсан. Миний дээд уруул сэтрээд цус гоожоод байсан. Би өөрийн найз О.Х лүү өөрийн уруулын зургийг дараад явуулаад юу болсон талаар хэлсэн. Х би яваад очъё гэж хэлсэн. Би Хг ирээд хэрэггүй гэсэн 20-30 минутын дараа Д Оын гэрээс гарч ирээд над руу дайрсан. Би Дий дух хэсэг рүү баруун гартаа гар утсаа бариад утасныхаа бөгсөөр 2 удаа цохисон. Намайг зөрүүлээд хоёр гурван удаа цохисон. Зодоон дууссаны дараа Х хүрч ирээд намайг өмөөрөөд Дийг уучлалт гуйгаач гэсэн чинь Д инээгээд байсан учир Х 2 удаа Дийг алгадсан. Тэгээд гэр гэрлүүгээ салаад явсан. Миний уруулын зүүн дээд хэсэг сэтрээд 2 оёдол тавиулсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжээч томилуулахгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 12-14-р тал/

-насанд хүрээгүй гэрч Д.Оын мэдүүлсэн:.. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч байгаа юм. Би П гэх залуутай 2 жил орчим үерхэж байгаад 2023 оны 12 дугаар сард салсан юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сард сургуулийнхаа Д гэх залуутай үерхэж эхэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би хичээлээ тараад өөрийн эгчийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-11а-53 тоотод очсон юм. Манай эгчийн гэрт хүн байхгүй, би ганцаараа тухайн гэрийг цэвэрлэх зорилготой очсон юм. Өөрийн найз залуу Дийг хүрч ирээд цамцаа ав гэж хэлсэн. 15 цагийн үед хаалга дуугараад би хаалга нээтэл Д, П нар ирчихсэн байсан. Пыг ирчихсэн байхаар нь их гайхаад Пыг ямар шалтгааны улмаас ирсэн талаар асуух үед П чамтай ярилцах гэсэн юм гэж хэлсэн. Би Дийг аваад гэрлүүгээ орох гэтэл П хаалга татаад хаалгуулахгүй байсан. Д уурлаад Пыг би чамд олон хэлээ биздээ яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд Пын уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед Пын уруулнаас цус гараад сэтэрчихсэн харагдсан. Би Дтэй гэр лүү ороод байж байтал П залгаад байсан. Тэгээд би Дийг явуулах гээд хаалга нээтэл П зогсож байсан. Пыг Д явуулах гэтэл П явахгүй “Отай ярилцмаар байна” гэсэн тэр хоёр маргалдаад би биенийгээ цохиод авсан. Тэр хоёр зодолдож дуусаад байж байтал Пын найз Х хүрч ирээд 2 удаа алгадаад авсан. Тэгээд тэд нар яваад өгсөн. П надтай ярилцана гээд манайхаас явахгүй байсан учир зодсон байх. Бас хэзээ гэдгийг санахгүй байна би хичээлээ тараад сургуулиас гарч байтал сургуулийн гадаа П таараад намайг явуулахгүй, ярилцъя гээд байсан. Тэр үед Д гарч ирээд чи одоо Оаас салчихсан байж, эр хүн шиг байгаач гээд Птай маргалдаад Пыг явуулсан. Пыг би фэйсбүүк дээр блокпосон ч над руу өөр фэйсбүүк нээгээд чат бичээд байдаг байсан. Хэрэг учрал болохоос өмнө 13 цагийн үед П хүрч ирээд ярилцъя гэсэн тэгээд бид хоёр манай эгчийн гэрт ярилцаад би Пыг одоо болио хоёулаа салчихсан, одоо яваа, ахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд П аав ээжтэйгээ уулзана, гээд яваад өгсөн. Би Птай 2 жил орчим үерхсэн, манай аав, ээж Пыг мэддэг манайхаар орж гардаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Даваажаргалын мэдүүлсэн:.. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 46-27 тоотод байх үед гар утас дуугарч хадам ээж Нарандулам залгаад П хүнд зодуулсан, уруулаас нь цус гараад байна, Баасандорж ах нь эмнэлэг аваад явлаа гэж хэлсэн. Би нөхрийн хамт гэрээс гараад БОЭТ дээр очих үед Пын дээд уруул дээрээ 2 оёдол тавиулчихсан байсан. Паас би юу болсон талаар асуух үед би аав та хоёртой хоол идчихээд хуучин найз охины гэр лүү очоод Оын гэрийн хаалгыг татсан чинь Д гэх залуу миний уруул руу гараараа цохичихлоо гэж хэлсэн......гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

-гэрч Л.Үын мэдүүлсэн:.. Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар хэлээгүй. Би тухайн хүүхдийг аав ээжтэй нь эмнэлгээр дагуулж яваад эмчлүүлээд ойр зуурын хэрэгтэй зүйлийг нь авч өгсөн. Дараа нь би хүүхэдтэйгээ ярилцаад яг юу болсон ямар шалтгаан нөхцөлийн улмаас ийм зүйл болчихов гэж асуухад, би 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз охин Оын гэрт очтол гэрийнх нь орцонд найз охины хуучин найз залуу П ирчихсэн байсан. Би найз охинтойгоо уулзаад гэрлүү нь орох гэтэл П гэх залуу хаалганаас татаад хаалга хаалгахгүй байсан би уурандаа Пын уруул хэсэг рүү нэг удаа цохитол, Пын уруул сэтэрчихсэн гэж хэлсэн. Найз охиноо хамгаалаад Пыг цохисон, тухайн үйл явдал дууссаны дараа Пын найз гэх Хүсэл гэх залуу хүрч ирээд намайг хоёр удаа алгадсан гэж хэлсэн. Бас П намайг гар утсаар 2 удаа цохисон гэж хэлсэн... /хх-ийн 30-р тал/

-гэрч О.Хгийн мэдүүлсэн:.. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах кофе шоп дотор хичээлээ хийгээд сууж байтал П над руу чат бичээд над руу уруулынхаа зургийг явуулсан, би юу болсон талаар асуухад Д гэх залууд зодуулчихлаа хүрээд ирээч гэсэн. Би Дий байгаа гэх газар буюу Оюут багийн 2-11 байрны орцонд яваад очтол П уруул нь сэтэрчихсэн, 2 гар, цамц, гутал цус болчихсон, Д, О нар хажууд нь зогсож байсан. Би Дийг Паас уучлалт гуй гэж олон хэлсэн боловч, үл тоогоод инээгээд байсан учир 2 удаа баруун гараараа алгадчихсан юм. Д уучлалт гуйхгүй байсан. Тэгээд гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай...З.Пын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэсэн дүгнэлт /хх-н 39-40-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Б.Дий яллагдагчаар мэдүүлсэн... 2024 оны 03 дүгаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн 2-12-40 тоотод байж байх үед миний найз охин О чат бичээд чи манайд хүрч ирээд цамцаа надаас авчих гэж хэлсэн.Би Оын байрны орцоор орох үед хаалганы хажүуд Оын хуучин найз залуу П зогсож байсан, би Паас юу хийж байгаа юм гэж асуухад П Отай уулзах гээд гэж хэлсэн. Би Оын хаалгыг тогшоод О хаалгыг онгойлгоод би гэрлүү нь ороод хаалгыг хаах гэтэл П хаалганы бариулаас татаад хаалга хаалгахгүй Оын гэр лүү орох гээд байсан. О Пыг би чамтай уулзахгүй, чи эндээс яв гэж хэлсэн ч П тоохгүй гэр лүү орох гээд дайраад байсан. Пад би чамд өмнө хэлж байсан шүү одоо эндээс яв гэж хэлсэн. П миний үгийг сонсохгүй орох гээд дайраад байсан учир би хаалганаас холдуулах зорилготой Пыг түлхээд баруун гараараа Пыг нэг удаа цохисон, тэгээд хартал уруул хэсгээс нь цус гараад гэмтсэн байсан. Намайг зөрүүлээд П гар утасныхаа бөгсөөр миний толгой хэсэгт 2 удаа цохисон... П Оыг дургүй байхад нь гэр лүү нь орох гээд дайраад байсан учир би Птай маргалдаж муудалцсан. Би ийм зүйл болно гэж бодсонгүй, өөрийн хийсэн үйлдэлд дүгнэлт хийх байна, ахиж ийм үйлдэл гаргахгүй, дахин ийм зүйлд холбогдохгүй байж чадна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/

-Нас тоолсон тухай:...И ургийн овогт Б.Д  /РД:........../-нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 нас 6 сар 18  хоногийн настай байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл  /хх-ийн 60-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 62-р тал/

-насанд хүрээгүй хохирогч З.Пын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 65-р тал/

-Нас тоолсон тухай:...Б ургийн овогт З-н П  /РД:.................../-нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 нас 18 хоногийн настай байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 68-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 71-р тал/

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Дий хууль ёсны төлөөлөгч Л.Ү хохирогчид 600,000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хх-ийн 86-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг ............................тоотын үүдэн дээр З.Птай үл ойлголцон маргалдаж улмаар нүүр, уруул тус газарт нь гараараа цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Д-ний үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.Пын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч З.Пын мэдүүлсэн... би Дий дух хэсэг рүү баруун гартаа гар утсаа бариад утасныхаа бөгсөөр 2 удаа цохисон. Намайг зөрүүлээд хоёр гурван удаа цохисон...гэх мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч Д.Оын:... Би Дийг аваад гэрлүүгээ орох гэтэл П хаалга татаад хаалгуулахгүй байсан. Д уурлаад Пыг би чамд олон хэлээ биздээ яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд Пын уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед Пын уруулнаас цус гараад сэтэрчихсэн харагдсан... гэх мэдүүлэг, гэрч О.Хгийн:.. П над руу чат бичээд над руу уруулынхаа зургийг явуулсан би юу болсон талаар асуухад Д гэх залууд зодуулчихлаа хүрээд ирээч гэсэн би Дий байгаа гэх газар буюу Оюут багийн 2-11 байрны орцонд яваад очтол П уруул нь сэтэрчихсэн, 2 гар, цамц, гутал цус болчихсон, Д, О нар хажууд нь зогсож байсан.... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай...З.Пын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэсэн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

       Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, нотлогдвол зохих байдлууд нотлогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

      Өсвөр насны шүүгдэгч Б.Дий энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, заасан ба Нас тоолсон тухай...И ургийн овогт Б-н Д  /РД:................./-нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 нас 6 сар 18  хоногийн настай байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 60-р тал/, төрсний лавлагаа зэрэг баримтаар шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

 

       Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн гэмтэл хохирол учруулсан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, насанд хүрээгүй З.Пыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.        

         Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.        

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,

      Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

      -өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

      хэргийн нөхцөл байдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж,

       өсвөр насны шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн байх тул гэмт үйлдлийн шинж байдал, хувийн байдал, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим зэргийг харгалзан

        Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал...харгалзан дараахь байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. 1.1-д ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх... гэж заасныг баримтлан хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

          Шүүгдэгчид, зайлшгүй ял, албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэл, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагч: 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

 

        шүүгдэгчийн өмгөөлөгч: эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө үү гэж тус тус санал гаргажээ.

 

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

       Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ү нь хохирогчид учирсан хохиролд 600,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 86-р тал/-д авагдсан. Хохирогч З.П нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч И ургийн овогт Б-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дийг хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй

 

3. Шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ