Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар  2024/ШЦТ/162

 

 

 

 

 

   

                                

   

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

         улсын яллагч Б.Д,

         хохирогч Х.Б,

         хохирогчийн өмгөөлөгч З.А,         

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,

         шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гт холбогдох эрүүгийн 2319003340299 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Г

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт ажилладаг ажлын хүн болох Х.Бтай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Х.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед оройтож гэр рүүгээ явсан. Замдаа айл руу явганаар явж байх замд Х.Б П-тэй байж байсан. Х.Б согтуу байсан. Над руу дайраад заамдаад байхаар нь гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би зүв зүгээр байхад нь цохиогүй. Хохирогчийн гэмтлээс шүдний гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Б  нь миний цээжнээс зуураад байх үед гарыг нь тавиулах гээд цохисон. Тэгээд 1 өшиглөсөн. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Хохирол төлөөгүй байгаа, төлнө. Эм тарианы 640.578 төгрөг дээр 42.991 төгрөгийг зөвшөөрч байна. Бусдыг нь зөвшөөрөхгүй, цалингийн хувьд лист авсан байгаа. Миний нүдний шил цохилтын улмаас хагарсан. Би газраас нүдний шилээ аваад явсан гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Х.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүүгийндээ оччихоод буцаж яваад дэлгүүрийн үүдэнд сууж байхад Х.Г ирж зодчихоод явсан байсан. Би тухайн үед архи уусан байсан. Зодсоныг нь хоёр ч хүн харсан байсан. Миний хамар хугарсан, зүүн талын шүд эмтэрсэн. Одоо эм тарианы зардал 640.578 төгрөг, 5 өдрийн /нэг өдрийн 78.469 төгрөг/ цалин 392.358 төгрөг, шүд бүрэх зардал 1.000.000 төгрөг, замын зардал 391.844 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8.573.400 төгрөг, нийт 11.105.171 төгрөгийг нэхэмжилж байна. Би Х.Гыг зуурч бариагүй. Яагаад худлаа яриад байгааг нь ойлгохгүй байна. Намайг сууж байхад миний нүүр рүү өшиглөсөн. Шүд эмтэрсэн. 2-3 удаа өшиглөсөн. Лист авсан байгаа. 300.000 гаруй төгрөг авсан гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харихаар Баянбүрд дэлгүүрийн урд талд амраад хавтан дээр сууж байх үед хажууд хүн ирээд миний нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд би зүүн талаараа унасан. Унасны дараа миний дээрээс толгой руу 2-3 удаа дэвсэж өшиглөчихөөд машинд суугаад явсан. ...Тухайн үед Х.Гт цохиулаад миний дээд үүдэн шүд хагарч унасан, энэ гэмтэл маань шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна. Тийм учраас би өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрт учирсан гэмтлээ нэмж тусгуулмаар байна. Хамрын гэмтлийн улмаас би хагалгаанд орох болсон тэгсэн Сайншанд суманд хагалгаа хийх боломжгүй багаж байхгүй учир Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Х.Гын зүгээс надад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй болохоор би Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж чадахгүй хүндрэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 06, 71 ху/,

            -Гэрч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед манай нөхөр Х.Б ганцаараа гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Шөнө 23 цаг болж байхад нөхөр Х.Б утсаар яриад А эгчийн дэлгүүрийн гадаа сууж байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад А эгчийн дэлгүүрийн зүүн талд ойролцоогоор 100 орчим метрийн зайтай газар алхаад явж байхад дэлгүүрийн урд ... ХХК-ний нормын улаан өнгийн өмд, цамцтай хүн, нэг хүний газар унагаачихсан хөлөөрөө дэвсээд өшиглөсөн, ...Х.Гт зодуулснаас хойш хамар ясны гэмтэл үүссэн, тэрнээс хойш өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаагүй цохиж зодолдоогүй. Хэрэг болохоос өмнө ч бас ямар нэгэн гэмтэл байгаагүй. Одоо бид хоёр хамар ясны гэмтлээс болж эмнэлгээр их явж байгаа гэсэн мэдүүлэг /хх 08, 140 ху/,

-Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө Зүүнбаяны А гэх хүний дэлгүүрийн урд талд машиндаа ганцаараа сууж байхад ... ХХК-д хамт ажилладаг Х.Б ах ганцаараа дэлгүүрийн урд талд, замын хажууд сууж байхаар нь би машинаас бууж очиход Х.Б ах архи уучихсан байсан. Тэгтэл хар бараан өнгийн суудлын автомашин дэлгүүрийн гадаа ирж зогсоод машины хойд талаас ... ХХК-д ажилладаг Х.Г гэх ах бууж ирээд Х.Бын нүүр лүү 1 удаа өшиглөхөд хамар, амнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Х.Г ахад та чинь яаж байгаа юм бэ нэг газар ажилладаг хүмүүс байж гэж хэлэхэд Х.Г ах машинд суугаад явчихсан. Тухайн үед Х.Г, Х.Б ах хоёр маргалдаж муудалцаагүй Х.Г нь шууд машинаас бууж ирээд Х.Бын нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Х.Г ах согтууруулах ундаа хэрэглэчихсэн халамцуу байсан. Маргааш өглөө нь би Х.Б ахтай Х.Г ах дээр очиж урд шөнө болсон Х.Б ахыг өшиглөсөн талаар нь асуухад Х.Г ах мэдэхгүй, гараараа цохисон гэж хэлэхээр нь би үгүй ш дээ, та хөлөөрөө өшиглөсөн гэж хэлж байсан. Х.Г ахыг хэнтэй явж байсныг мэдэхгүй машинаас ганцаараа бууж ирсэн. Хар өнгийн суудлын машинтай явж байсан. Х.Г, Х.Б нар нь ... ХХК-ийн том тэргэн дээр хамт ажилладаг гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

-Яллагдагч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21-22 цагийн үед ажлаасаа оройтож буугаад Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян баг 14-р байрны гадаа хүнээс бууз авах гээд хүлээгээд зогсож байхад манай компанид ажилладаг П гэж дууддаг залуу саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай миний хажууд ирж зогсоод ... ХХК манай бригадад жолооч ажилтай Х.Б, П хоёр машинаас бууж ирээд Х.Б намайг хэл амаар доромжилж /юу гэж хэлснийг нь санахгүй байна/ миний хувцасны зах, энгэрээс зулгаагаад миний нүүр лүү нэг удаа гараараа цохиход миний харааны нүдний шил газар унасан. Харааны нүдний шилний зүүн шил нь хагарсан байсан. Тэгээд Х.Б надтай зууралдаад намайг зодох гээд байхаар нь Х.Быг гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Х.Бын хаашаа цохисныг мэдэхгүй байна тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан.. Х.Б нь тухайн үед Пажи гэж дууддаг залуутай хамт машинтай архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу явж байсан. П, Х.Б хоёр А-гийн дэлгүүрээс гарч ирээд миний хажууд зогссон. Миний бодлоор Х.Б нь манай бригадад миний удирдлага дор ажилладаг бөгөөд Х.Быг би машин тэргээ янзал, машинаа зөөлөн барь, засвар үйлчилгээгээ цаг тухай бүрд нь хийж ажилламаар байна гэж хурал хийхдээ хэлдэг байсан. Х.Б нь машинаа эвдэж, эвдрэл гэмтэл учруулчихаад машиндаа засвар үйлчилгээ хийдэггүй ба энэ асуудлыг бригадын хурал дээр хэлж ярьснаас болж ийм асуудал үл ойлголцол бид хоёрын дунд болсон гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/427 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Бын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи баруун нүдний алимны салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхины шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрхи баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд  эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 12 ху/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/002 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхины шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд  эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт, /хх 63-64 ху/,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/024 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Учирсан баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй.

6.Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 94-95 ху/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 479 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Х.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

3.Дээрхи гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

5.Зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 130-131 ху/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 3.Х.Бын сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тохиолдсон гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

2.Х.Бын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

 4.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт /хх 136-138 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/,

         -Хохирлын баримтууд /хх 31-46, 86-87, 105, 149-155  ху/

         -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53-56, 63 ху/

          -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 85 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт ажилладаг Х.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирлыг учруулсан үйл баримт болсон байна.

         Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Х.Гын “...Тухайн үед оройтож гэр рүүгээ явсан. Замдаа айл руу явганаар явж байх замд Х.Б Пүрэв-Эрдэнэтэй байж байсан. Х.Б согтуу байсан. Над руу дайраад байхаар нь гараараа 1 цохиж, хөлөөрөө 1 өшиглөсөн” гэсэн, хохирогч Х.Бын “...дэлгүүрийн үүдэнд сууж байхад Х.Г ирж зодчихоод явсан байсан. Би тухайн үед архи уусан байсан. Зодсоныг нь хоёр ч хүн харсан байсан. Миний хамар хугарсан, зүүн талын шүд эмтэрсэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.С-ийн "...20 цаг өнгөрч байх үед манай нөхөр Х.Б ганцаараа гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Шөнө 23 цаг болж байхад нөхөр Х.Б утсаар яриад А эгчийн дэлгүүрийн гадаа сууж байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад А эгчийн дэлгүүрийн зүүн талд ойролцоогоор 100 орчим метрийн зайтай газар алхаад явж байхад дэлгүүрийн урд ... ХХК-ний нормын улаан өнгийн өмд, цамцтай хүн, нэг хүний газар унагаачихсан хөлөөрөө дэвсээд өшиглөсөн. ...Х.Гт зодуулснаас хойш хамар ясны гэмтэл үүссэн тэрнээс хойш өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаагүй цохиж зодолдоогүй" гэсэн /хх 08, 140 ху/, гэрч А.П-ийн "...27-ны шөнө Зүүнбаянгийн А гэх хүний дэлгүүрийн урд талд машиндаа ганцаараа сууж байхад ... ХХК-д хамт ажилладаг Х.Б ах ганцаараа дэлгүүрийн урд талд, замын хажууд сууж байхаар нь би машинаас бууж очиход Х.Б ах архи уучихсан байсан. Тэгтэл хар бараан өнгийн суудлын автомашин дэлгүүрийн гадаа ирж зогсоод машины хойд талаас ... ХХК-д ажилладаг Х.Г гэх ах бууж ирээд Х.Бын нүүр лүү 1 удаа өшиглөхөд хамар, амнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Х.Г ахад та чинь яаж байгаа юм бэ нэг газар ажилладаг хүмүүс байж гэж хэлэхэд Х.Г ах машинд суугаад явчихсан. ...Маргааш өглөө нь би Х.Б ахтай Х.Г ах дээр очиж урд шөнө болсон Х.Б ахыг өшиглөсөн талаар нь асуухад Х.Г ах мэдэхгүй, гараараа цохисон гэж хэлэхээр нь би үгүй ш дээ, та хөлөөрөө өшиглөсөн гэж хэлж байсан” гэсэн /хх 10 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/427,  02/002 дугаартай дүгнэлтүүд, мөн түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлүүд учирсныг тогтоосон 02/024, 479 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Х.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан,  гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах болохыг тогтоосон Сэтгэцийн шинжээчийн 559 дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

         Шүүгдэгч Х.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “…Х.Б согтуу байсан. Над руу дайраад заамдаад байхаар нь гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Хохирогчийн гэмтлээс шүдний гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй юм.

         Түүний дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн өөрийнх нь “...Х.Б нь миний цээжнээс зуураад байх үед гарыг нь тавиулах гээд цохисон. Тэгээд 1 өшиглөсөн. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна” гэсэн, хохирогч Х.Бын “...Зодсоныг нь хоёр ч хүн харсан байсан. Миний хамар хугарсан, зүүн талын шүд эмтэрсэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харихаар Баянбүрд дэлгүүрийн урд талд амраад хавтан дээр сууж байх үед хажууд хүн ирээд миний нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд би зүүн талаараа унасан. Унасны дараа миний дээрээс толгой руу 2-3 удаа дэвсэж өшиглөчихөөд машинд суугаад явсан” гэсэн /хх 06 ху/, гэрч Т.С.ийн “...нөхөр Х.Б утсаар яриад А эгчийн дэлгүүрийн гадаа сууж байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад А эгчийн дэлгүүрийн зүүн талд ойролцоогоор 100 орчим метрийн зайтай газар алхаад явж байхад дэлгүүрийн урд ... ХХК-ний нормын улаан өнгийн өмд, цамцтай хүн, нэг хүний газар унагаачихсан хөлөөрөө дэвсээд өшиглөсөн” гэсэн /хх 08 ху/, гэрч А.П-нийн “...Х.Б ах ганцаараа дэлгүүрийн урд талд, замын хажууд сууж байхаар нь би машинаас бууж очиход Х.Б ах архи уучихсан байсан. Тэгтэл хар бараан өнгийн суудлын автомашин дэлгүүрийн гадаа ирж зогсоод машины хойд талаас ... ХХК-д ажилладаг Х.Г гэх ах бууж ирээд Х.Бын нүүр лүү 1 удаа өшиглөхөд хамар, амнаас нь цус гарч байсан” гэсэн /хх 10 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт, дух, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтлүүд учирсаныг тогтоосон шинжээчийн 02/024, 479 дугаартай дүгнэлтүүд, мөн хохирогчийн 2023 оны 09 сарын 28-ны өдөр цагдаагийн газарт /677-д бүртгэгдсэн/ гаргасан “...дээд үүдэн шүдний нэг хагарсан” талаар дурьдсан гомдол зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

         Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь тухайн маргаан болох үед учраагүй, эсхүл шүүгдэгчийн цохилтоос учраагүй гэж гэж үзэх боломжгүй, дээрхи гэмтлүүдийг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн болохыг 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосныг дурьдах нь зүйтэй.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

            Хохирлын хувьд: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эм тарианы зардал 203.020 төгрөг, КТГ-ын төлбөр 150.000 төгрөг, нэгжний үнэ 5.000 төгрөг, замын зардалд /шинжилгээ өгөх болон мэдүүлэг өгөхөөр дуудагдаж очсон, буцсан/ 327.100 төгрөг, шатахууны зардал /ЦГ-аас дуудахад машинаар очсон, буцсан/ 374.144 төгрөг, шинжилгээний төлбөр 16.000 төгрөг, таксины төлбөр 60.000 төгрөг, оёдол тавиулж боолт хийлгэсэн /нөхөж бичүүлсэн/ төлбөр 20.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин / 5 өдрийн/ 392.358 төгрөг, шүд бүрэх зардал 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8.573.400 төгрөг, нийт 11.105.171 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн байна.

         Шүүх дээрхи нотлох баримтуудыг тооцож үзэхэд 11.121.022 төгрөгийн нотлох баримт байх бөгөөд дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад эм тарианы зардал 203.020 төгрөг, КТГ-ын төлбөр 150.000 төгрөг, замын зардалд 327.100 төгрөг, шатахууны зардал 374.144 төгрөг, шинжилгээний төлбөр 16.000 төгрөг зэрэг бодит хохирлыг, мөн сэтгэл санааны  хохиролд 5.280.000 төгрөгийг, нийт 6.350.264 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлээс 85.000 төгрөг, сэтгэл санааны хохирлоос 3.293.400 төгрөг, нийт 3.378.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 392.358 төгрөг, шүд бүрэх зардал 1.000.000 төгрөг, нийт 1.392.358 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэлээс нэгжний үнэ 5.000 төгрөг, таксины төлбөр 60.000 төгрөг, оёдол тавиулж боолт хийлгэсэн /нөхөж бичүүлсэн гэж тайлбарласан/ төлбөр 20.000 төгрөг, нийт 85.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлогдоогүй гэж,  хохирогч нь 5 өдрийн цалинг /3 сарын дундаж цалингаас 1 өдрийн цалинг 78.469 төгрөгөөр тооцож/ нэхэмжилсэн байх боловч тухайн хугацаанд эрүүл мэндийн даатгалаас листийн мөнгө авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул цалингийн зөрүүг тооцох боломжгүй гэж, мөн шүд бүрэх зардлын хувьд ирүүлсэн нотлох баримт болох шүдний эмнэлгийн тариф нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар эмнэлгийнх болох нь тодорхойгүй гэж тус тус дүгнэсэн болно.

          Сэтгэцийн хохирлын хувьд хохирогчийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч,  дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 8.573.400 төгрөг нэхэмжилсэн. Шүүх гэмт буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй /660.000х8=5.280.000/ тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн болно.

         Хохирогч нь хамрын мэс засалд орох шаардлагатай гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийг хуванцар савтай, хар өнгийн рамтай, хагархай нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Л овогт Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар савтай, хар өнгийн рамтай, хагархай нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Гаас 6.350.264 /зургаан сая гурван зуун тавин мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Бт олгож, нэхэмжлэлээс 3.293.400 /гурван сая хоёр зуун ерөн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.392.358 /нэг сая гурван зуун ерөн хоёр мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

          7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БАЙГАЛМАА