| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01578/И |
| Дугаар | 102/ШШ2021/02719 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/02719
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/02719 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ,
Нэхэмжлэгч: Ш ,
Нэхэмжлэгч: Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ад холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, өвлөх эрхийн болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний ээж Н.Булган Баянгол дүүргийн 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоотод амьдарч байсан ба бидний эцэг, эхийн дундаас 6 хүүхэд төрсөн бөгөөд Д.Батсайхан, Д.Баттуяа, А.Б, А.Зулгэрэл, А.Ш, А.М нар юм. Эх Н.Булган маань 2017.11.21-ний өдөр нас барсан. Дээрх орон сууцнаас Н.Булган агсанд холбогдох хэсгийг өвлөн авах хүсэлтийг тойргийн нотариатчид гаргаж, улсын бүртгэлийн газарт хандсан юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгчид нь бидний 6 хүүхэд юм. Хууль ёсны өвлөгч Д.Батсайхан, Д.Баттуяа нар нь өөрт оногдох өвийг А.Шд шилжүүлэхээр харилцан тохиролцож, А.Ш нь 2018.01.11-ний өдөр Н.Булган агсаны өмчлөлийн Ү-2205026858 тоот Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоот орон сууц, Ү-2203018250 тоот Сүхбаатар дүүрэг, 19 хороо, Хандгайтын богино 332 тоотод 189 м.кв хувийн сууц болон 700 м.кв газар эзэмших эрх бүхий газрыг өвлөн авах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяад гаргаж, гарын үсгийн 18 дугаарт бүртгэгдэж гэрчлэгдсэн. Ийнхүү А.Шгаас өвийн хүсэлт гаргах үед өвлүүлэгчийн эд хөрөнгөтэй холбоотой өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх бүртгэл Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.А нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг дараах байдлаар тус тус ноцтой зөрчиж, хууль ёсны өвлөгчид болох Д.Батсайхан, Д.Баттуяа, А.Б, А.Ш, А.М нарт мэдэгдэлгүй Н.Булган агснаас бидэнд өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө Баянгол дүүргийн 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоот орон сууцыг зөвхөн А.Зулгэрэл өвлүүлэх тухай өвлөх эрхийн гэрчилгээ 2019.07.05-ны өдөр олгож, нэхэмжлэгч нарын хуульд заасан өвлөх эрхийг ноцтой зөрчөөд байна. Үүнд: Баянгол дүүргийн тойргийн нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43.2.1-д өвлөгч болохыг нотлох баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасныг зөрчиж, 2019.07.05-ны өдөр 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээг А.Зулгэрэлд олгосон. Учир нь А.Зулгэрэлд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэсэн баримтуудад А.Зулгэрэлийн төрсний гэрчилгээ болон талийгаач Н.Булган агсны төрөл садангийн лавлагаа хавсаргагдаагүй байдаг. Мөн Нотариатын тухай хуулийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотолсон баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасныг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэж заасныг тус тус зөрчиж, өвлөгдвөл зохих орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүй буюу өмчлөх эрхийн ямар ч гэрчилгээгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг А.Зулгэрэлд олгосон байна. Учир нь өвлөх эрхийн гэрчилгээг А.Зулгэрэлд олгох үед буюу 2019.07.05-ны өдөр өвлөгдвөл зохих орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч нарт буюу А.Шд эх хувиараа хадгалагдаж байсан ба одоог хүртэл хадгалагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх хөрөнгө нь өвлүүлэгчийн хөрөнгө мөн эсэх, тухайн эд хөрөнгүүдийг өвлөвөл зохих этгээд нь А.Зулгэрэл мөн эсэхийг шалгалгүй зөвхөн А.Зулгэрэл болон түүний хүү С.Хаш-Очирын үгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.А нь 2019.07.05-ны өдрийн 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, 40 байр, 10 тоот хаягт байрлах орон сууцыг А.Зулгэрэлд өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх ба тус өвлөх эрхийн гэрчилгээ нь нотариатч О.А болон Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн хадгалагдаж байгаа. Гэвч Н.Булган агсан нь уг хаягт байрлах орон сууцыг өмчилдөггүй бөгөөд тус хаяг болон тус хаягт орон сууц огт байдаггүй атал нотариатч нь 2019.07.05-ны өдрийн 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр байхгүй орон сууцыг А.Зулгэрэлд өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус юм. Нөгөөтэйгүүр нотариатч нь 2019.07.05-ны өдөр орон сууцыг А.Зулгэрэлд өвлүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 26.1, 26.4-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль бус юм. Учир нь Нотариатын тухай хуулийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, 26.4-т нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэж тус тус заасан. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн нотариатын бүртгэлийн 03 дугаарт С.Туяа гэх хүний гэрээслэл гэрчлэгдсэн атал дээрх нотариатын бүртгэлийн дугаарыг ашиглан 03 тоот өвлөх эрхийн гэрчилгээг А.Зулгэрэлд олгосон байна. Мөн Нотариатын тухай хуулийн 43.2.5-д түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.11-д өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/-ыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно” гэж тус тус заасан. Гэвч нотариатч О.А нь дээрх заалтыг зөрчиж, оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, хууль зөрчсөн. Баянгол дүүргийн тойргийн нотариатч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ыг ноцтой зөрчиж, А.Зулгэрэлд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Тухайлбал, Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1-д нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийхдээ хууль, энэхүү зааврыг мөрдөнө, 8.1-д нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална” гэж заасан бөгөөд тус заавар нь нотариатчийн хийж буй бүхий л нотариатын үйлдэлд заавал баримтлах хэм хэмжээ юм. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2 төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа, 8.2.3-т өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, зх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагааг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно гэж заасныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч нь зөрчсөн бөгөөд бусад өвлөгч нарт мэдэгдэлгүй өвлөх эрхийн гэрчилгээ гадаад улсад амьдарч буй А.Зулгэрэлд хууль бусаар олгосны улмаас бусад өвлөгчид хууль ёсны дагуу өвлөх боломжгүй болж хохироод байна. Өөрөөр хэлбэл тухайн өвлөгдөх эд хөрөнгө нь бодитоор байгаа эсэх, тухайн өвлөгдөх эд хөрөнгийг хэн эзэмдэн удирдаж байгаа болон хууль ёсны хэдэн өвлөгчтэй эсэхийг тодруулж, тогтоолгүйгээр зөвхөн хүсэлт гаргасан этгээдийн үгээр нотариатын үйлдэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээг олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Нотариатч нь Нотариатын тухай хуулийг дээдэлж, Нотариатын үйлдэл хийх зааврыг үйл ажиллагаандаа баримтлаагүйн улмаас нэхэмжлэгч нарын өвлөх эрх ноцтой зөрчигдөөд байна. Өвлөгдөх орон сууц Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004.05.10-ны өдрийн 09 тоот тогтоолоор анх хувьчлагдаж, 0102198 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Агаас олгосон 2019.07.05-ны өдрийн 03 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн А.Зулгэрэл нь Ү-2205026858 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. А.Зулгэрэлд өмчлөх эрх үүсгэх үндэслэл болсон 2019.07.05-ны өдрийн 03 тоот өвлөх эрхийн гэрчилгээ нь дээрх байдлаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээ тул А.Зулгэрэл нь 2019.07.05-ны өдөр олгогдсон хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн үр дагавар үүсгэхгүй болно. Өвлөх эрхийн гэрчилгээ хууль бус тул тус хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болох ёстой юм. Мөн нотариатч нь дээрх байдлаар хууль болон заавар зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг А.Зулгэрэлд олгоогүй байсан бол тухайн өвлөгдөх эд хөрөнгийн өвийн асуудлыг хууль ёсны өвлөгч нар нь Иргэний хуульд заасны дагуу өвлөн авах, өвийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байх ёстой байсан юм. Нөгөөтэйгүүр А.Зулгэрэлд олгогдсон 2019.07.05-ны өдрийн 03 тоот өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор тус маргаан бүхий орон сууцны өвийн асуудлыг хууль ёсны өвлөгч нар Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өвлөн авах эрхтэй. Н.Булган агсаны хууль ёсны өвлөгчид болох Д.Батсайхан, Д.Баттуяа нар нь өөрт оногдох өвийг А.Шд шилжүүлсэн. Иймд Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн 2019.07.05-ны өдөр А.Зулгэрэлд 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулж, уг тоот өвлөх эрхийн гэрчилгээг болон А.Зулгэрэлийг хамтран өмчлөгчөөр бүртгэж олгогдсон 000745841 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгч нарыг өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Төмөр замын 46 байр, 99 тоот орон сууц нь анх төрөөс 2004.05.10-ны өдөр хувьчлагдаж, 0102198 тоот гэрчилгээ авсан байсан ба уг гэрчилгээгээ үрэгдүүлж хүчингүй болгуулсан байсан учраас Улсын бүртгэлийн газраас энэ орон сууцныг анх хэдэн онд хэнд хувьчилсныг лавлагаа авч тодруулсан. Лавлагаа нь Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2004.05.10-ны өдрийн 09 тогтоолоор энэ орон сууцыг А.Зулгэрэлийн хүү Хаш-Очир, ээж Н.Булган нарт хувьчилсан, өвлөх эрхийн хүсэлт гаргасан А.Зулгэрэлийн хүү Хаш-Очир тухайн байрны хамтран өмчлөгч буюу уг орон сууцны 50 хувийг талийгаачтай хамтран өмчилдөг гэдгийг нотолж байсан. А.Зулгэрэл нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан, түүнд Өвлөх эрхийн бичиж олгохдоо Иргэний хуулийн 528, Нотариатын тухай хуулийн 7, 41-р зүйлд заасныг үндэслэсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулгаас харахад уг орон сууцны гэрчилгээг үрэгдүүлж гээгдүүлээгүй харин гэрчилгээ нь нэхэмжлэгч талд хадгалагдаж байсан байна. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан А.Зулгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хаш-Очир хүсэлт гаргахдаа орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулж хүчингүй болгуулсан байсан учраас Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн сууцны өмчлөх эрхийг хүсэлт гаргасан өдрийн байдлаар хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа талаар лавлагаа авсан. Нотариатын тухай хуулийн 28.2.1-д Үйлчлүүлэгч нотариатын үйлдэл хийх бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй, 28.3-т үйчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж заасан бөгөөд Хаш-Очир тухайн гэрчилгээг гээгдүүлсэн эсвэл үрэгдүүлсэн эсэхийг би хуулиар шалгах үүрэг хүлээгээгүй юм. Нотариатын тухай хуулийн 43.2-т өвлөх эрхийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх бичиг баримтыг тодорхойлон заасан. А.Зулгэрэлд уг гэрчилгээг олгохдоо түүний төлөөлөгчийн надад гаргаж өгсөн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тухайн орон сууц нь 2 хүний хамтын болохыг нотолж байсан. Нотаритын тухай хуулийн 43.4-д Өвлөх эрхийн гэрчилгээ олгох тойрог буюу харьяалал, хугацааг Н.Булганы нас барсны лавлагааг үндэслэн тогтоосны үндсэн дээр эрхийн гэрчилгээг бичиж олгосон. Иргэний хуулийн 531-р зүйлийн хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана. Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэснээр олгосон. Нотаритын тухай хуульд 2021.05.30-ны өдөр өөрчлөлт орж 251.3-т нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хуульзүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана гэж заасан байх бөгөөд зүйн Сайд цахим мэдээлэл авах, ашиглах журмыг баталж гаргаагүй учраас Нотаритын танхимын цахим мэдээллээс лавлагаа аваагүй нь эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. А.Зулгэрэлд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан бүх шаардлагыг хангасан тул зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
А.М, А.Ш, А.Б нар нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Ад холбогдуулан 2019.07.05-ны өдрийн 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 03, 04 тоот өвлөх эрхийн болон 000745841 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Нотариатын тухай хуулийн 43.2.1, 43.2.3, 43.2.5, 26.1, 26.4 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.,2.1, 8.2.2, 8.2.9, 8.2.11-д заасныг тус тус зөрчсөн, өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус тул А хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болох ёстой гэж тайлбарлав.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хууль болон зааврыг зөрчөөгүй, хуульд заасан бүх шаардлагыг хангаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны тогтоолоор орон сууцыг Хаш-Очир, Н.Булган нарт хувьчилж, хамтран өмчилдөгийг нотолж байсан, А.Зулгэрэл хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан, хүсэлт гаргахдаа орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн тухай сонинд зарлуулж хүчингүй болгуулсан байсан учраас лавлагаа авсан, гэтэл гээгдүүлээгүй, гэрчилгээ нь нэхэмжлэгчид байсан байгаа нь үйчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй, хуулиар шалгах үүрэг хүлээгээгүй гэж маргалаа.
Өвлүүлэгч Н.Булган нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан болох нь хэргийн үй баримтаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр зохицуулсан ба Н.Булган нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026858 тоот Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоот орон сууцыг зээ хүү С.Хаш-Очиртой хамтран өмчилж байсан.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийн Н.Булганд оногдох хувь нь өвлөгдөх эд хөрөнгө байх бөгөөд түүний хүүхдүүд болох Д.Батсайхан, Д.Баттуяа, А.Б, А.Зулгэрэл, А.Ш, А.М нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өв залгамжлагч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
Өвлөгч А.Ш нь 2019.11.22-ны өдөр Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, Төмөр замын 46 байр, 99 тоот, 29 м.кв орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэг болох 50 хувийг өвлөхөөр хүсэлтийг гаргасан, бусад өвлөгч Д.Батсайхан, Д.Баттуяа, А.Б, А.М нар нь өв хүлээн авахаас татгалзжээ.
Өвлүүлэгч Н.Булганы өвлөгдөх эд хөрөнгүүдийг өвлөхөөр гаргасан А.Шгийн хүсэлтийг Нийслэлийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяа нь 2018.01.11-ний өдөр Гарын үсгийн 18 дугаарт бүртгэж гэрчилсэн байна.
Баянгол дүүргийн тойргийн нотариатч Н.Туяа /217/ нь 2019.11.06-ны өдрийн гарын үсгийн 254 дүгээр болон 2019.11.20-ны өдрийн 267 дугаарт тус тус өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтүүдийг бүртгэж, нотариатын бүртгэлийн 52 дугаарт бүртгэн Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, Төмөр замын 46 байр, 99 тоот, 29 м.кв орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэг болох 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээг А.Шд олгосон, Монголын нотариатчдын танхимд бүртгэгдсэн байна.
Харин өвлөгч А.Зулгэрэлд дээрх маргаан бүхий орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэг болох 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээг 2019.07.05-ны өдөр олгохдоо Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.А /212/ нь нотариатын Бүртгэлийн дэвтрийн 3 дугаарт 2019.07.01-ний өдөр С.Туяагийн гэрээслэлийг бүртгэсэн атлаа энэхүү бүртгэлийн 3 дугаараар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Үүний зэрэгцээ бүртгэлийн дэвтрийн 4 дүгээрт А.Зулгэрэлийн өвлөх хүсэлтийг бүртгэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгийг тодорхой заах байтал өвлүүлэгчийн өмчлөлийн Ү-2205026858 тоот бүртгэлийн дугаартай атлаа өмчлөлийн бус үл хөдлөх хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, 40 байр, 10 тоот орон сууцны 50 хувийг өвлүүлэхээр 4 дугаараар Өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, 26.4-т нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэж заасан байна.
Гэтэл хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээг нотлох баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох заалтыг зөрчиж, А.Зулгэрэлд 03 болон 04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгож буй үйлдэл нь үнэн зөв бичих хуулийн шаардлагыг хангаагүй, түүнчлэн Монголын нотариатчдын танхимд бүртгэгдээгүй байна.
Өв нээгдсэн газрын нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан өвлөгч болохыг нотлох баримт бичиг болон 43.2.5-д заасан өвлөгчийн оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг тус тус үндэслэж гэрчилгээ олгох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь өвлүүлэгч Н.Булганы өвлөгч нь А.Зулгэрэл болохыг нотолсон баримтыг үндэслээгүй буюу үүнтэй холбоотой баримтгүй, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.11-д заасан өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгох зааврыг зөрчсөн, мөн о А.Зулгэрэлийн Монгол улсад оршин суух газрын Засаг даргын тодорхойлолтгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь нотариатын үйлдлийг хийхдээ дээрх байдлаар Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2-т төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагааг үндэслэн гэж, 8.2.3-т өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагааг үндэслэх заалтыг хэрэгжүүлээгүйгээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны бусад өвлөгчийн эрх зөрчигдсөн байна.
Иймд дээрх байдлаар Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж хийсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Агийн 2019.07.05-ны өдрийн 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, мөн өдрийн А.Зулгэрэлд олгогдсон 03, 04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Хариуцагч тал тухайн орон сууцны гэрчилгээг үрэгдүүлж гээгдүүлэн сонинд зарлуулсан байсан үндэслэлээр гэрчилгээний эх хувийг шаардаагүй гэж тайлбарлаж байгаа боловч сонинд зарлуулан нийтэд мэдэгдсэнээс хойш 2019.08.14-ний өдөр УБЕГ-ын даргын 4/867 тоот тушаалаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.
Хариуцагч тал үйлчлүүлэгчийн үйчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй, хуулиар шалгах үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа нь түүний хуульд нийцүүлэн үйлдэл хийгээгүйгээс хүчингүй болсноор няцаагдаж байна.
А.Зулгэрэл нь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хаш-Очироор дамжуулан 2019.07.05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Агийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, Төмөр замын 46 байр, 99 тоот, 29 м.кв орон сууцны 50 хувийг өмчлөх эрх үүсэж, улсын бүртгэлд бүртгүүлж, 000745841 тоот гэрчилгээ олгогджээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхойлсон ба А.Зулгэрэлийн өвлөх эрхийн гэрчилгээг авахаар гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг нотариатч хүлээн авснаар хэлцэл байгуулагдан хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэжээ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд хууль зөрчин авсан өвлөх эрхийн үндсэн дээр өмчлөх эрх нь үүссэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, 03, 04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон тул үүнийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэгдэн олгогдсон буюу хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Агийн 2019.07.05-ны өдрийн 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, мөн өдрийн А.Зулгэрэлд олгогдсон 03, 04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар улсын Ү-2205026858 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоот орон сууцны өмчлөх эрхийн 000745841 дугаар гэрчилгээг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Уг иргэний хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй талаар талуудад мэдэгдсэн боловч хүсэлтийг гаргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батбаярыг төлөөлөгчөөр нь оролцож байсан тул А.Зулгэрэл мэдэх боломжтой гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй, А.Зулгэрэл нь хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Агийн 2019.07.05-ны өдрийн 03, 04 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, мөн өдрийн А.Зулгэрэлд олгогдсон 03, 04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар улсын Ү-2205026858 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 хороо, 2 хороолол, 46 байр, 99 тоот орон сууцны өмчлөх эрхийн 000745841 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ