| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2018/00260/И |
| Дугаар | 212/МА2018/00106 |
| Огноо | 2018-09-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 212/МА2018/00106
Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэртэй, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлд: “Ж.Б би анх Ерөнхий Боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 25 дугаар тушаалаар тус сургуулийн Иргэний боловсролын багшийн ажилд томилогдсон. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандсан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Ж.Б намайг Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн "Ажилд томилох тухай" 81 дугаартай тушаалаар иргэний боловсролын багшаар томилсон. Гэтэл тус сургуулийн захирал Х.Х нь надад байнга өс хонзон санаж миний цалин хөлсийг бууруулах, сахилгын зөрчилд арга хэмжээ тооцох зэрэг үйл ажиллагааг байнга явуулж ирлээ. Эцэст сургуулийн захирал Х.Х нь намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлөв. Ажил олгогчийн намайг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Ажил олгогч Ж.Б намайг ажилд авахад анх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан.
2. Ж.Б миний ажиллаж байгаа багшийн ажлын байрны орон тоо цомхотгогдоогүй, орон тоог цөөрүүлээгүй
3. Захирал Х.Х намайг ямар ч шалтгаангүй зөвхөн үзэл бодлоор хавчин гадуурхан ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Ж.Б би ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоот тушаалыг хууль бус эрхийн акт гэж үзээд өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг минь дахин сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “1. Ажилтан Ж.Б нь гүйцэтгэж байгаа ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 тоот албан шаардлага, Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн аттестатчиллын комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.
2. Багш Ж.Б-д гүйцэтгэж байгаа ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тул нэг сарын дараа ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаал шийдвэрийг нь гардуулж өгч ажлаас нь чөлөөлсөн. Түүнд мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх гэсэн боловч хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зурахаас татгалзсан тул видео бичлэг хийж баталгаажуулж авсан. Ж.Б-ыг ажлаас чөлөөлөхөөсөө өмнө 1 сараас доошгүй хугацаанд урьдчилан мэдэгдсэн гэдгээ тус сургуулийн багш ажилчид гэрчилж өгөх болно.
3. Ж.Б-ыг орон тоо цөөрсөн, цомхотгогдсон гэснээр ажлаас халаагүй, түүний мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон тул эрх бүхий байгууллагын шаардлага байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан гэрээ цуцлах үндэслэл бий болсон. Өөрөөр хэлбэл мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн Түүнээс биш үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй.
4. Ж.Б-ыг урьд нь мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байсан боловч 1 сараас доошгүй хугацаанд мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс эгүүлэн тогтоож байсан нь үнэн. Гэхдээ Ж.Б-ын ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгаа хүнийг халахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй гэж шүүхээс эгүүлэн тогтоогдож байсан. Түүнээс биш ажил мэргэжилд тэнцэж байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ингэхдээ Ж.Б-ын төрсөн нагац ах нь болох Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нь нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулж байсан. Давж заалдах шатны шүүгч Д.Көбеш доод шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген таны шийдвэрийг шууд хянадаг албан тушаалтан тул та энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж байна. Иймээс танаас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд жич гаргах болно.
5. Б нь нэхэмжлэлдээ 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 25 дугаар тушаалаар тус сургуулийн иргэний боловсролын багшаар томилогдсон гэж худал зүйл бичсэн байна. тус сургуулийн 2013 оны 25 дугаар тушаал нь шал өөр "хөрөнгө зарцуулах тухай" тушаал байгаа нь түүний байнгын шүүхийг төөрөгдөлд оруулдаг гэдгээ харуулж байна. Түүнээс биш Ж.Б үндсэн багшаар ажиллаагүй чөлөөтэй багш нарын оронд түр зур цагийн багшаар ажилладаг байсан.
6. Ж.Б нь мэдлэг боловсролын хувьд маш дорой Боловсролын газраас авсан шалгалтаас маш муу дүн авдаг. Тухайлбал 100 онооноос 32 оноо авдаг, мэдлэг чадваргүй нэгэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгч Ж.Б бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзсэн учраас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргав.
1. Ажил олгогч нь ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлдээ Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046\288 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг дурдсан байна. Гэтэл энэхүү албан шаардлага нь Ж.Б-д биш тухайн байгууллагын захиргаа, санхүүд хаягласан ерөнхий шинжтэй ба албан шаардлагын биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргах үүргийг ажил олгогчид үүрэг болгожээ. Гэтэл ажил олгогч нь ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 19 тоот тушаалаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2. Сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж байна.
2. Ажил олгогч ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, тус аймгийн БСУГ-ын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын дүнг дурдсан байна. Багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад тус сургуулийн нийт багш нарыг хамруулсан гэх боловч зөвхөн багш Ж.Б-ыг хангалтгүй дүн авсан гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэхүү түвшин тогтоох шалгалтын цаад агуулга нь К.Б-д өс хонзонтой Х.Х захирлын түүнийг заавал ажлаас гаргах гэсэн далд санааг гүйцэлдүүлэх ажиллагаа байсан гэдэг нь илт тодорхой байна. Багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан атлаа Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасныг мөн зөрчиж байна. Түүнчлэн ажил олгогч нь “Ж.Б тухайн албан тушаалд тэнцэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан гэх боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал 29 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь иргэний хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, гэрч А.Ж, А.Х, Б.К нарын мэдүүлгээр нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
3. Ажил олгогчоос ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг шууд үндэслэл болгоогүй нь тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
4. Ажил олгогчийн ажилтан Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан асуудал нь тус сургуулийн захирал Х.Х-ын түүнтэй хувийн өс хонзонгийн асуудалтай шууд холбоотой гэж үзэж байна. Ер нь Х.Х нь тус сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш Ж.Б-ыг хавчин гадуурхаж, үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөх, сахилгын арга хэмжээ тооцох, цалин хөлсийг хасах зэрэг маш их асуудал гаргаж ирсэн. Энэ нь иргэний хэрэгт авагдсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл Х.Х-ын ажилтан Ж.Б-ыг ажлаас хууль бусаар халсан, сахилгын зөрчил тооцсон, цалин хөлсийг дутуу олгосон асуудал нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон явдалд өширхөж эцсийн эцэст захиалгат шалгалт оруулж Ж.Б-ыг үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь хэрхэвч ч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргажээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үндэслэлээр буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтыг хүрээнд судлан үзвэл, ажилтан болон ажил олгогчийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд багш Ж.Б-ын иргэний боловсролын хичээлд суусан багш нарын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, сургуулийн аттестатчиллын комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тус сургуулийн иргэний боловсрол хичээлийн багш Ж.Б-ын мэргэжил, ур чадвар нь хангалтгүй, Ж.Б нь Англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй байгаа нь иргэний боловсрол хичээлийн багшийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.
Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Багшийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох аттестатчиллын комисс байгуулах тухай” 95 дугаар тушаалаар тус сургуулийн нийт багш нар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэж байгаа эсэхийг тогтоолгох зорилготой аттестатчиллын комиссыг А.М нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд уг комисс дээрх дүгнэлтийг гаргажээ.
Аттестатчиллын комиссын бүрэлдэхүүнд ажилласан багш нар болох гэрч А.Ж, А.Х нарын мэдүүлэг, багш Ж.Б-ын мэргэжил, ур чадварын талаарх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтийн үндэслэл зэргээс дүгнэвэл, аттестатчиллын комисс нь багш Ж.Б-ын талаар дүгнэлт гаргахдаа түүний заасан хичээлд сууж үнэлэлт өгснөөс гадна Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 дугаар албан шаардлага, нийт багш нараас түвшин тогтоох зорилгоор 2018 оны 02 дугаар сард авсан Засаг даргын нэрэмжит гэх сорилын шалгалтын дүн зэргийг удирдлага болгосон байна.
Багш Ж.Б-ын иргэний боловсролын хичээлд суусан багш нарын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзвэл тухайн хичээлийг комиссын гишүүд санал нэгтэйгээр хангалтгүй гэж үнэлсэн, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04-09-046/288 дугаар албан шаардлагад “Иргэний боловсрол хичээлийн цагийн багш Ж.Б нь Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй байгаа нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагыг зөрчсөн” талаар тусгагдсан, 2018 оны 02 дугаар сард авсан нийт багш нарын түвшин тогтоох шалгалтаар багш Ж.Б нь 100 онооноос 32 оноо авч хангалтгүй дүн үзүүлсэн, багш Ж.Б нь Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй болох нь түүний бакалаврын дипломоор тогтоогдсон зэргээс дүгнэвэл, сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан аттестатчиллын комиссын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн багш Ж.Б-ыг гүйцэтгэж байгаа иргэний боловсролын багшийн ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт үндэстэй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас, гэрч Б.К-гийн мэдүүлэг зэргийг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд ажилтан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь тогтоогдоогүй тул Ж.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
С.ӨМИРБЕК