Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1185

 

 

 

 

 

 

    2020             9              10                                       2020/ДШМ/1185

 

   

    Д.С-ад холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч П.Дэлгэр, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.С-ад холбогдох эрүүгийн 2011000000458 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.С, 19..... оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Д.С- нь бусдаас хөлсөлсөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 30 дугаар байрны 13 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “миний байр, хөлслүүлнэ” гэж Д.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.С-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 2.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.О-ад олгож, шүүгдэгч Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д.С- нь хохирлын мөнгөнөөс 600.000 төгрөгийг анхан шатны шүүхийн дансанд байршуулсан байна. Одоо 2.150.000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгасан бөгөөд Д.С- нь одоо хохирол төлөх ямар ч оролдлого хийхгүй, мөнгийг дансанд байршуулахгүй, мөнгийг надад өгөх бүрэн боломжтой байхад надад чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч урьд нь 2 удаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба эдгээр үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр бусдыг дахин хохироож байна. Иймд түүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. ... “ гэжээ.

Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч гомдолдоо шүүгдэгч Д.С-ыг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа холбогдож байсан гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Д.С- нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, шүүх хуралдааны явцад хохирлын мөнгөнөөс тодорхой хэмжээг төлж барагдуулсан. Шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь тухайн зүйл ангид заасан хамгийн доод хэмжээний ял биш. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогч Д.О-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.С- нь бусдын байрыг хөлслөн сууж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 30-13 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “миний байр, хөлслүүлнэ” гэж Д.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.О-ын “...байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 98167278 дугаарын утсаар холбогдож Д.С- гэж хүнтэй уулзахад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрыг үзүүлээд “энэ бол эгчийнх нь байр, хажуу өрөөг нь бас хүмүүст түрээсэлсэн байгаа. Төлбөр мөнгөө 1 жилээр нь бөөндөж авна” гэсний дагуу би тус байрыг түрээслэхээр болж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.С-ын “Хаан банк”-ны 5024562706 дугаартай данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би энэ байрны сарын төлбөр 300.000 төгрөг гэхээр нь их хямдхан юм байна гэж бодоод түрээслэхээр болоод мөнгөө шилжүүлж өгсөн. ...” /хх 15-16/,

“...Анх Сувд эгчтэй уулзаад 1 жил амьдрахаар болж 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ 5 сарын төлбөр буюу 1.500.000 төгрөгийг өгчихье, 1 жил амьдрахаар бол 2.0 сая төгрөгөндөө амьдарна. Харин амьдрахааргүй бол 2.0 сая төгрөгөө эргүүлээд авчихна гэж тохиролцсон. ...” /хх 17/,

гэрч Г.Батсайханы “...2018 оны 8 дугаар сард санагдаж байна. Д.С- гэх хүн манай дүүгээр яриулж байгаад түрээслэхээр болсон. Д.С-ад байраа сарын 350.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Д.С- нь түүнээс хойш 2019 оны 6 дугаар сар хүртэл түрээсийн мөнгөө сар бүр хэвийн төлж байгаад түүнээс хойш удааширч мөнгөө өгөхгүй байсан. Би Отгонбат гэх хүнд түрээслүүлж байгаа талаар мэдээгүй, би ч гэсэн тийм хүнд түрээслүүлээгүй. Энэ байр нь миний байр, би ганцхан Сувд гэх хүнд түрээслүүлж мөнгөө авдаг байсан. ...” /хх 21/,

яллагдагч Д.С-ын “... 2019 оны 11 дүгээр сард мөнгөний хэрэгцээ гараад энэ байрыг давхар түрээслүүлээд мөнгийг нь аваад хэрэглээндээ зарцуулъя гэж бодоод Үнэгүй.мн сайт дээр ... зар тавьсан. ... тэр байрыг манай байр байгаа юм гэж хэлээд байрыг сарын 300.000 төгрөгөөр тохиролцож суулгахаар болсон. Тухайн үед тэр байрны галтогооны өрөөг бас өөр нэгэн хүмүүст түрээслүүлсэн байсан. ... Надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас байрны эзэн Батсайханд хэлэлгүй түрээслүүлж байсан. ...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/,

хохирогч Д.О-ын банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 30 дугаар байрны 13 тоот байрны гэрчилгээний хуулбар /хх 13/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.С-ыг бусдыг хуурч , зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Д.О- “...хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, өөрийн бүрэн эрхийн хүрээнд, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, уг хохирлоос зохих хувийг шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан зэрэг хувийн байдлыг нь харгалзаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг ял хөнгөдсөн гэж үзэж буруутгах хууль зүйн боломжгүй байгаа тул хохирогч Д.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Д.О-ад учирсан хохирлыг шүүгдэгч Д.С-аас гаргуулан олгохоор заажээ.

Харин анхан шатны шүүх хохирлыг шийдвэрлэхдээ, шүүгдэгч Д.С-ын хохирогч Д.О-ад төлөх төлбөрөөс 600.000 төгрөгийг тухайн шүүхийн Тамгын газрын дансанд урьдчилан байршуулсныг гаргуулан олгох талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ заагаагүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-10 тоотод оршин суух Шатар овогт Дашзэвэгийн Отгонбат /РД: ЙЮ93120510/-ад олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.С-аас 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан банкны 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.С-аас урьдчилан байршуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, нийт 2.750.000 төгрөгийг хохирогч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-10 тоотод оршин суух Шатар овогт Дашзэвэгийн Отгонбат /РД:ЙЮ93120510/-д олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ