Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 024

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга: Б.Ардабек 
Улсын яллагч: Х.Өрен
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтай
Орчуулагч: А.Еркегүл 
Шүүгдэгч Д.Айнур нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Даулетийн Айнурд холбогдох эрүүгийн 201604000272 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эмэгтэй, ам бүл 11, аав, ээж, дүү, бэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, Төлек овогт Даулетийн Айнур. РД:БЭ81061601. 
Шүүгдэгч Д.Айнур нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэр "Тирлик" захын хойд талд байрлах иргэн Карибай овогтой Майорын бэлэн хувцасны дэлгүүрээс 200000 төгрөг, мөн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр "Алем" супермаркетийн /дэлгүүр/ 2 дугаар давхарт байрлах иргэн З.Шаримханы бэлэн хувцасны лангуунаас 320000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Тирлик" захын урд талд байрлах "Монгол бараа" нэртэй дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах иргэн К.Айгеримийн бэлэн хувцасны лангуунаас 450000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төв талбайн хойд талд "АНУтөвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн Ү.Ажепийн "Когеа Маrt” дэлгүүрээс 350000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Тирлик" захын хойд талд байрлах иргэн М.Данейгийн "Ногоо, жимс" нэртэй дэлгүүрээс 2800000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Хос терек" худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах А.Шолпаны лангуунаас түүний цүнхэнд байсан 760000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Тирлик" зах дотор байрлах иргэн Ү.Айгүлийн бэлэн хувцасны лангуунаас 245000 төгрөгийг тус тус хулгайлж, давтан үйлдлээр бусдын бэлэн мөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Айнур өгсөн  “…Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү" гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирлын баримт, хохирогч А.Шолпаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/, хохирогч Ү.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-64-р хуудас/, хохирогч К.Майорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-72-р хуудас/, хохирогч К.Айгеримийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-78-р хуудас/, хохирогч З.Шаримханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-72-р хуудас/, хохирогч М.Данейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-72-р хуудас/, хохирогч Х.Ажепийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-98-р хуудас/, гэрч О.Ханипагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/, гэрч Т.Аманжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/, гэрч О.Наршагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-114-р хуудас/, гэрч З.Ерболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 115-116-р хуудас/, гэрч Л.Серикболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-118-р хуудас/, гэрч Б.Еркегүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-121-р хуудас/, гэрч Б.Масинбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/, гэрч М.Арнаханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-129-р хуудас/, гэрч С.Кагватын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 129-131-р хуудас/, гэрч Б.Мадениетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 132-135-р хуудас/, гэрч Б.Даулетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/, гэрч Б.Төлеубекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 138-139-р хуудас/, гэрч С.Серикгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 140-142-р хуудас/ нарын мэдүүлгүүд, Д.Айнурын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-25, 26-28, 29-32, 33-35, 36-38, 39-41, 42-44-р хуудас/, зургаар хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 45-48, 49-51-р хуудас/, шүүгдэгч Д.Айнурын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон бусад баримт зэрэг болно. 
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Айнур нь
- 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Тирлик" захын хойд талд байрлах иргэн К.Майорын дэлгүүрээс 200000 төгрөг,
- 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Алем" супермаркетийн 2 дугаар давхарт байрлах иргэн З.Шаримханы бэлэн хувцасны лангуунаас 320000 төгрөг,
- 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Тирлик" захын урд талд байрлах "Монгол бараа" нэртэй дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах иргэн К.Айгеримийн бэлэн хувцасны лангуунаас 450000 төгрөг,
- 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах төв талбайн хойд талд "АНУ” төвийн 1 дүгээр давхарт байрлах иргэн Ү.Ажепийн "Когеа Маrt” дэлгүүрээс 350000 төгрөг,
- 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Тирлик" захын хойд талд байрлах иргэн М.Данейгийн "Ногоо, жимс" нэртэй дэлгүүрээс 2800000 төгрөг,
- 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Хос терек" худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах А.Шолпаны лангуунаас түүний цүнхэнд байсан 760000 төгрөг,
- 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах "Тирлик" зах дотор байрлах иргэн Ү.Айгүлийн бэлэн хувцасны лангуунаас 245000 төгрөгийг тус тус хулгайлж, давтан үйлдлээр бусдын бэлэн мөнгийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох, банкны зээлээ төлөх зорилгоор хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 
- Хохирогч А.Шолпаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд нэг куртик өмсөж үзсэн. Дараа нь нэг өмд үзээд эндээс том размер байна уу гэж асуухаар нь тэр өмдөөс том размерийг авч ирж өгөхөд лангууны хойд талд байдаг сандалд суугаад миний өгсөн өмдийг өмсөж үзээд эндээс 1 размер том байна уу гэхээр нь хараад өгье гэж өмд хураасан газраас буруу харж том нь байгаа эсэхийг шалгаж үзээд байхгүй болхоор нь эргээд нөгөө эмэгтэйд том размер байхгүй байна гэхэд тэр эмэгтэй сандарсан байдалтай за за тэгвэл хэрэггүй гэж хэлээд учир зүггүй гараад явсан юм. ...10 минутын дараа байх бараагаа янзалчихаад сандалд ирж суухад лангууны доод талд хайрцагны дээр ил тавьсан байсан миний цүнхний ам нээлттэй байгааг хараад авч үзэхэд цүнхний дотор байсан 760 000 төгрөг алга болсныг мэдээд доод давхарын үүдний хяналтын камерийг шалгаж үзэхэд нөгөө эмэгтэй явж байгаад куртканы цахилгаанаа татаж байгаа байдалтай нилээн яарсан гарч явсан байсан, тэр эмэгтэй надад ирээд таны хохирлыг одоо барагдуулж өгье гэж хэлээд миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/
- Хохирогч Ү.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би өдөр бүр “Тирлик" зах дээр бараа зардаг юм. 2016 оны 12-р сарын 06-ны өдөр зах дээр зогсож байхад шаргал өнгийн малгайтай, хөх өнгийн монгол дээлтэй, 35-40 орчим насны шар царайтай эмэгтэй хүн ирж лангуун дээрээс өмд оймс үзэж байгаад том оймс авъя гэхээр нь цаашаа эргэж тээшнээс том оймс авч ирэх хооронд нөгөө эмэгтэй яваад өгсөн байв. Тэгээд удалгүй нэг хүнд мөнгө өгөх болж лангуун дээр байсан бор өнгийн түрийвчээ авах гэтэл түрийвчний цахилгаан нээлттэй байсан ба аваад үзэхэд 245000 төгрөг алга байв. Миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р хуудас/
- Хохирогч К.Майорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манайх Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг ба эхнэр бид хоёр "Тирлик" захын дотор бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу 5 дахь өдөр байсан өглөө 11 цагийн үед байх дэлгүүрт зогсож байхад гаднаас үл таних бордуу царайтай, намхан нуруутай, махлаг эмэгтэй орж ирээд надад "эмэгтэй хүний өвлийн куртикийг өмсөж үзээд, энэ куртик надад таарахгүй, жаахан багадаж байна, та нөгөө дэлгүүрээс цэнхэр өнгийн өвлийн эмэгтэй куртикээ аваад ирээч, тэр куртик надад таарж магадгүй гэхээр нь би дэлгүүрээс гараад эсрэг талд байгаа дэлгүүрт ороод нөгөө цэнхэр өнгийн куртикийг аваад нэг удалгүй 1-2 минутын хугацааны дараа орж ирээд нөгөө эмэгтэйд өмсүүлж үзүүлсэн юм. Тэр эмэгтэй уг цэнхэр өнгийн куртикийг өмсөж үзээд энэ надад таарах юм байна, мөн тэр 3 ширхэг куртиктэй хамт уутанд хийгээд бэлдээд тавьчих би эргэж ирээд авья гэхээр нь би түүнд авах гэж байгаа бол одоо аваад явахгүй юу гэж асуусан юм. Тэгж асуухад тэр эмэгтэй надад миний хүү сая дээшээ байдаг дэлгүүр рүү явчихсан ба би хүүгээ дагуулж ирээд авья гэж хэлээд гараад явчихсан юм. Тэр эмэгтэй гараад явсаны дараа нь би тэр эмэгтэй сэжиглээд хувцас, гутал хулгайлсан байж магадгүй гэж бодоод харсан чинь бүгд хэвэндээ зүгээр байсан юм. Тэгээд байж байтал миний эхнэр болох О.Нарша орж ирсэн ба орж ирэхэд би эхнэрт сая нэг эмэгтэй энэ 4 ширхэг эмэгтэй хүний өвлийн куртикийн авахаар болоод явлаа, одоо эргэж ирээд авах юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхэд миний эхнэр Нарша надад түрүүн бас нэг эмэгтэй ирээд надаас ч гэсэн куртик авна гэж хэлээд явчихсан байсан ба тэр эмэгтэй эд зүйл хулгайлаад явсан биш үү гэж асуухад би куртикийн цээжний карманд байсан өөрийнхөө түрийвчинд байсан 200000 төгрөгийг үзэхэд мөнгө байхгүй, тэр эмэгтэй хулгайлаад явсан байна. Би хулгайд алдагдсан 200000 төгрөгийг бүрэн төлж өгсөн одоо надад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно" гэх мэдүүлэг /хх-ийн 68-72-р хуудас/
- Хохирогч К.Айгеримийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Тирлик" захын урд талд "Монгол бараа" нэртэй дэлгүүрийн дотор лангуунд бэлэн хувцас зардаг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед лангуунд зогсож байхад үл таних бордуу царайтай, намхан нуруутай, махлаг биетэй, 36-38 орчим насны эмэгтэй орж ирээд надад лангуунд байсан цамц, өмдийг өмсөж үзье гэхээр нь би түүнийг дагуулж очоод бараа хадгалдаг өрөө рүү оруулан ирж өмсөж үзээрэй гэж хэлээд би яарч буцаад лангуу руу гүйгээд явчихсан юм. Би лангуунд өөр хүнд хувцас үзүүлээд зогсож байхад тэр эмэгтэй бараа хадгалдаг өрөөнөөс гарч ирээд би эргэж ирье гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа удалгүй нөгөө эмэгтэй орж ирээд надад би эмэгтэй дүүдээ өмд авах гэж байгаа гэж хэлээд нэг жинсэн өмдийг аваад бараа хадгалдаг өрөө рүү очиж дотор нь ороод өмдийг өмсөх гэж байгаад надад та эндээс гараад байж байгаарай, би өмдийг өмсөөд үзье гэхэд би юу гэж чамайг ганцаараа энд орхих юм бэ, болохгүй шүү дээ гэж хэлээд нөгөө эмэгтэйгийн хажуунаас нь яваагүй өрөөнд хамт байж байгаад хамт гарсан юм. Дараа нь тэр эмэгтэй гарч ирээд надад "би 30 ширхэг хүүхдүүдийн болон том хүний гэрийн эсгий шаахай авах гэж байгаа та лангууны дотор талаас нь гараад байж бай, би тэндээс гэрийн эсгий шаахайг өөрөө сонгож авья, та энэ өмд цамцыг хийхээр цаасан хайрцаг олоод аваад ир гэж хэлэхэд би хайрцаганд явсаны дараа лангууны доор нь байсан миний бор өнгийн казах хээтэй, давуун материалаар хийсэн цүнхний дотор байсан 450000 төгрөгийг хулгайлчихсан байна. Дараа нь тэр эмэгтэй надад би эргэж ирээд авья, эдгээрийг хайрцганд хийгээд тавьчих гэж хэлээд явчихсан. Дараа нь тэр эмэгтэй гараад явсаны дараа нэг их удалгүй бас нэг эмэгтэй хүн орж ирээд миний лангуунаас 1 ширхэг цамц худалдаж авсан тэр хүнд мөнгө хариулж өгөхөөр болоод лангууны доор нь байсан цүнхнээс мөнгө авах гэсэн боловч цүнхэнд байсан би тоолж тавьчихсан байсан нийт 450000 төгрөг алга болчихсон юм. Тэгээд би тэр эмэгтэй хулгайлсан байна гэдгийг мэдээд гүйж гадаа гараад тэр хавиас нөгөө эмэгтэйг хайгаад олоогүй. ... Миний хохирлыг барагдуулж өгсөн, надад өөр нэхэмжпэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 75-78-р хуудас/
- Хохирогч З.Шаримханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би лангуунд зогсож байхад гаднаас үл таних урьд өмнө харж байгаагүй таргандуу, бор царайтай, намхан нуруутай эмэгтэй орж ирээд би зогсож байгаа лангуунд ирээд эмэгтэй хүний 3 даашинзыг өмсөж үзсэн юм. Тэр эмэгтэй миний лангуунд байсан бүх даашинзуудыг өмсөж үзээд, "би орой хуримын цайллаганд очих гэж байгаа тул өөртөө даашинз авна" гэж хэлээд ээждээ болон өөртөө гэж хоёр даашинзыг авсан юм. Дараа нь тэр эмэгтэй авсан хоёр даашинзыг модон лангууны дээр эвхэж тавьж, хаалганы дээд талд хананд өлгөөстэй байсан хүүхдийн жинсэн цамцыг авья, та хэдэн төгрөгөөр зарах уу гэж асуухад би түүнд уг хүүхдийн жинсэн цамцыг 60000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлэхэд тэр эмэгтэй надад би 2 даашинз авч байгаа шүүдээ, та уг цамцны үнийг буулгаж өгөхгүй юм уу гэхэд би 45000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй надад уг хананд өлгөөстэй байсан хүүхдийн жинсэн цамцыг авч өгөөчээ гэхэд би хананд байсан хүүхдийн жинсэн цамцыг аваад тэр эмэгтэй авч байсан 2 даашинзын хажууд нь тавих үед тэр эмэгтэй надад " би хүүхдээ дагуулаад хүрч ирээд өөрт нь өмсүүлээд авья, миний хүүхэд доор 1 дүгээр давхарт зурагчны /фото/ газарт зургаа авхуулж байна, та эдгээрийг нэг уутанд хийгээд бэлдээд тавьчих" гэж хэлээд гараад явсан ба тэр эмэгтэй эргэж орж ирээгүй болно. Тэгээд би тэр эмэгтэйг хүлээгээд байж байтал ирээгүй болохоор дотроо сэжиглээд хананы дагуу өлгөж тавьсан даашинзуудын доод талд тавьсан цүнхэнд байсан бэлэн 320000 төгрөгийг үзэхэд байхгүй байсан, тэгэнгүүт би саяны эмэгтэй миний цүнхэнд байсан мөнгийг хулгайлчихсан байна гэж орилсон ба надтай хамт бэлэн хувцас зардаг Еркегүл, Айнур хоёрын хамт гадаа гараад тэр хавцас нөгөө эмэгтэйг хайгаад олоогүй юм. ...Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн юм. Надад одоо нэхэмжлэх зуйл байхгүй, мөн санал гомдолгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 79-84-р хуудас/
- Хохирогч М.Данейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Тирлик" захын дотор хойд талд "Ногоо жимс" нэртэй дэлгүүрт ажиллуулдаг юм. Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед ногоо жимсний дэлгүүрт зогсож байхад гаднаас үл таних бордуу царайтай, намхан нуруутэй махлаг биетэй эмэгтэй орж ирээд надад би хуримын цайллаганд ногоо, жимс авах гээд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд уг үл таних эмэгтэй надад "та эхлээд надад 30 кг төмс, 30 кг лууван, 30 кг огурцы, 10 кг сонгино авья" гэж хэлээд дэлгүүрийн дотор лангууны цаана би суудаг сандалын хажууд очиж надаас худалдаж авах гэж байсан барааны жагсаалтыг бичиж байсан ба уг эмэгтэй лангууны цаана би суудаг сандалын дээр нь гартаа барьж байсан цаасыг тавиад юм бичээд сууж байх үед би тэр эмэгтэйн авъя гэж хэлсэн жимс, ногоог бэлдээд дэлгүүрийн дотор явж байсан юм. Дараа нь тэр эмэгтэй утсаар нэг хүнтэй яриад хурдан хүрээд ир, би эндээс ногоо жимс авч байна гэж ярьж байсан ба одоо бодоод байсан чинь тэр эмэгтэй худлаа намайг хууран мэхлэх гээд утсаар худлаа хүнтэй ярьсан болоод явж байсан байна. Тэр эмэгтэй дэлгүүрийн дотор утсаар ярьж байгаад надад " та миний хэлсэн ногоо, жимсийг бэлдээд байж бай, би эргэж ирээд авья" гэж хэлээд дэлгүүрээс гараад явсан юм. Тэгээд би түүний хэлээд захиалсан ногоо, жимсийг бэлдээд тавьчихсан ба тэр эмэгтэй явсаны дараа нэг удалгүй миний нөхөр болох М.Арналхан орж ирээд надад нөгөө 2800000 төгрөгийг өгчих, би валютын захад очиж рубль аваад ирье гэхэд би лангууны доор цаасанд хайрцагны дотор цүнхэнд хийсэн байсан 2800000 төгрөгийг авч өгөх гэсэн боловч мөнгө алга болчихсон юм. Тэгээд би тэр эмэгтэй хулгайлсан байсныг мэдээд гадаа гараад захын дотор уг эмэгтэйг 1 цаг хайж олоогүй болохоор буцаад дэлгүүрт орж ирсэн юм. Миний хохирлын мөнгө болох 2800000 төгрөгөөс 1500000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 1300000 төгрөгийг барагдуулж өгөөгүй. Би уг үлдсэн мөнгөө нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 85-92-р хуудас/
- Хохирогч Ү.Ажепийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Ану" фотогийн байрны 1 дүгээр давхарт "Когеа mart" нэртэй гоо сайхны болон гэр ахуйн барааны дэлгүүр нэртэй супермеркетийн дэлгүүрийн 2 дугаар давхарт эмэгтэй хүний бэлэн хувцасны лангууг ажиллуулдаг юм. Би 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед байх дэлгүүрт зогсож байхад гаднаас ганцаараа үл таних бордуу царайтай, намхан нуруутай, таргандуу биетэй, 35-39 орчим насны эмэгтэй орж ирсэн ба би дэлгүүрт ганцаараа зогсож байсан юм. Тэр эмэгтэй орж ирээд надад шкафын дотор нь байсан саванг үзээд, дараа нь модон лангуун дээр байсан солонгос оймсыг үзсэн юм. Тэр эмэгтэй лангуун дээр байсан оймсыг үзээд надад "би энэ оймсноос бөөний үнээр 100 ширхэг хос оймс, мөн тэр солонгос савангаас 30 ширхэгийг авъя " гэж хэлсэн, тэгэхэд би тэр эмэгтэйн худалдаж авах гэж байсан 100 ширхэг хос оймс, 30 ширхэг саванг тоолоод хайрцганд хийж байхад тэр эмэгтэй миний суудаг сандалд суугаад утсаар ярьж байгаа юм шиг санагдсан юм. Би тэр эмэгтэйгийн авна гэсэн барааг бэлдээд дуусаагүй байхад тэр сууж байсан газраас нь босч ирээд надад "би хажуудаа хамт явж байсан эмэгтэй найзыгаа дуудаж ирээд бараагаа авъя" гэж гараад явсан юм. Тэр эмэгтэй дэлгүүрээс гараад явж байгаад надад "та миний худалдаж авах гэж байгаа бараануудыг бэлдээд байж бай" гэж хэлээд явсан юм. Тэгээд би тэр эмэгтэйг 15-20 минут хүлээгээд ирэхгүй байхаар нь гадаа гараад тэр хавиас нөгөө эмэгтэйг хараад олоогүй болохоор буцаад дэлгүүрт ороод саяны эмэгтэй миний цүнхэнд байсан мөнгийг хулгайлсан байж магадгүй гэж бодоод цүнхийг аваад харсан чинь цүнхэнд байсан мөнгө байхгүй байсан. Миний цүнхэнд бэлэн 350000 төгрөг байсан ба үүний 10 ширхэг нь 20000-тын дэвсгэртэй, 15 ширхэг нь 10000-тын дэвсгэртэй байсан. Тэгэнгүүт би дэлгүүрээ хаагаад Цагдаагийн байгууллагад ирээд мэдэгдсэн. ...Миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 95-98-р хуудас/
- Гэрч О.Ханипагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Миний бие А.Шолпаны хамт “Хостерек” худалдааны төвийн 2 дугаар давхарт бараа зардаг юм. А.Шолпанд өнөөдөр ирэхгүй гэдгээ хэлье гэж бодоод 2 дугаар давхарт гарахад А.Шолпан манай өрөөнд ганцаараа байсан ба тухайн үед мөнгө тоолоод сууж байсан юм. Намайг явах гэж байхад А.Шолпан энэ мөнгийг тоолоод өгөөч гэхээр нь тоолж үзэхэд нийт 760000 төгрөг гарсан ба бүгд хорин мянгатын дэвсгэрт байсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/
- Гэрч Т.Аманжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн үдээс хойш байсан бэлэн хувцасны лангуунд зогсож байхад миний эхнэр Ү.Айгүл над руу залгаад сая нэг эмэгтэй манай лангуунаас оймс, өмд авъя гэхээр нь би цаашаа эргээд оймс аваад ирэх хооронд лангуун дээр байсан миний түрийвчнээс 245000 төгрөгийг хулгайлаад явсан байна” гэж хэлсэн. Би эхнэр лүүгээ яваад очиход эхнэр маань турийвчнээс мөнгө хулгайлсан гэх эмэгтэйг хайгаад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/
- Гэрч О.Наршагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгэхэд нөхөр маань тайлж тавьсан куртикээ аваад кармаанд нь түрийвчинд байсан мөнгө байгаа эсэхийг шалгаж үзэхэд байхгүй, тэр эмэгтэй хулгайлчихсан байсан юм. Тухайн үед миний  нөхрийн кармаанд байсан түрийвчинд бэлэн 200000 төгрөг байсан ба өглөө гэрээс гарахдаа тоолоод өөрийнхөө түрийвчинд хийж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 111-114-р хуудас/
- Гэрч З.Ерболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн үдээс хойш байсан миний эхнэр К.Айгерим өөрийн 99414974 гэсэн дугаартай утсаар над руу залгаж "сая үл таних нэг эмэгтэй орж ирээд надаас бараа авна. Та бараагаа хийхээр хайрцаг аваад ир гэж явуулаад миний лангууны доор байсан цүнхнээс 450000 төгрөгийг хулгайлаад явсан байна гэж намайг дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р хуудас/
- Гэрч Л.Серикболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би тэр өдөр өглөө 11 цагийн үед байх өөрийнхөө лангуунд зогсож байхад Айгерим өөрийнхөө цүнхнээс гаргаж ирээд 20000 болон 10000 дэвсгэртийг тоолж байсныг хараад тэр хүнтэй тоглоод ямар баян эгч вэ гэж хэлсэн юм. ... 2,3 цагийн дараа үл таних нэг эмэгтэй орж ирээд бараа авна гэж хэлж байгаад Айгеримийн цүнхнээс 500000 төгрөгийг хулгайлсан байна" гэх мэдүүлэг /хх-ийн 117-118-р хуудас/
- Гэрч Б.Еркегүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 02 дугаар сарын сүүлээр билүү 3 дугаар сарын эхээр билүү сар өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр үдээс хойш би лангуунд сууж байхад надтай зэргэлдээ эмэгтэй хүний бэлэн хувцас зардаг З.Шаримхан эгч цэвэрлэгч бид хоёрт хандаж сая миний лангуунаас даашинз өмсөөд үзэж байсан эмэгтэй миний цүнхнээс 320000 төгрөг хулгайлчихсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 119-121-р хуудас/
- Гэрч Б.Масинбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Орой 17 цагийн үед байх таксинд явж байхад хадам ээж болох З.Шаримхан над руу залгаад хурдан "Алем" супермаркетийн 2 дугаар давхарт хүрээд ир гэж дуудсан юм. Намайг очиход миний хадам ээжийн цүнхнээс үл таних нэг эмэгтэй гаднаас орж ирээд тэрийг авна, энийг авна гэж хэлж байгаад нийт 320000 төгрөг хулгайлчихсан байна" гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/
- Гэрч М.Арналханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед байх эхнэртэй хамт зах дээр очиж үдээс хойш хувийн ажил гараад гэр рүүгээ явчихсан юм. Би гэртээ ирээд байж байтал эхнэр маань над руу залгаад манай дэлгүүрийн лангууны доор байсан 2800 000 төгрөгийг үл таних, таргандуу, намхан нуруутай эмэгтэй гаднаас орж ирээд хуримын цайллаганд ногоо жимс авна гэж хэлж байгаад хулгайлаад явчихлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 126-128-р хуудас/
- Гэрч С.Кагватын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний эхнэр Ү.Ажеп над руу залгаад сая дэлгүүрт зогсож байхад гаднаас үл таних намхан нуруутай, тарган биетэй, улаан хацартай нэг эмэгтэй орж ирээд тэрнийг авна, энийг авна гэж хэлж байгаад миний цүнхнээс 350000 төгрөгийг хулгайлаад явсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 129-131-р хуудас/
- Гэрч Б.Мадениетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний охин Д.Айнур ухамсартай, цайлган сэтгэлтэй, хүнд тусалъя гэсэн бодол санаатай эмэгтэй юм. Д.Айнур өөрийн гэсэн гэр оронгүй, нэр дээр нь ямар нэгэн эд хөрөнгөгүй. Тэр багаасаа миний хүмүүжилд байсан ба энэ удаа яагаад ийм хэрэг хийснийг нөхөр бид хоёр ойлгохгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 132-135-р хуудас/
- Гэрч Б.Даулетийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Д.Айнур нь урьд өмнө хулгай хийж хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болно. Айнур цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, хүүхдүүддээ зөв хүмүүжил өгдөг юм" гэх мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/
- Гэрч Б.Төлеубекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Д.Айнур нь нэн ядуу амьдралтай, өөрийн гэсэн гэр оронгүй, хөрөнгөнгүй, аав ээжийн нэр дээр байдаг нэг зуны байшинд амьдардаг юм. Д.Айнурын том хүүг Даулет өөрийн нэр дээр буулгаж авсан байдаг. Д.Айнур урьд өмнө хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, архи, тамхи хэрэглэдэггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 138-139-р хуудас/
- Гэрч С.Серикгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Д.Айнур нь манай цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж хэрэгт холбогдож байгаагүй. Хүнд  тусархаг, цайлган сэтгэлтэй, төлөв томоотой, даруухан зантай байсан. Д.Айнур нь цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж ажлаас халагдаагүй. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Одоо хүүхдүүдийн хамт амьдардаг ба өөрийн гэсэн гэр оронгүй, ядуу амьдралтай юм"  гэх мэдүүлэг /хх-ийн 140-142-р хуудас/
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-23, 26-28, 29-32, 33-35, 36-38, 39-41, 42-44-р хуудас/
- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 45-48, 49-51-р хуудас/, шүүгдэгчээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Айнурыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 
Шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг үнэн зөв бөгөөд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр батлагдаж байна гэж үзлээ. 
Хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгийн өгсөн хохирол төлөгдсөн талаарх баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ. 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдэж байна гэж дүгнэв. 
Шүүхээс шүүгдэгч Д.Айнурт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдал хөрөнгө орлого зэргийг харгалзан үзэв. Түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч Д.Айнурт эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэх боломжтой гэж дүгнэв. 
Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтрийг өөрт нь буцаан өгч, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши төлек овогт Даулетийн Айнурыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Айнурыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Айнурд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Айнурын өмчлөлийн 17 инч ”Эл Жи” маркийн зурагт 1ш, зурагтын тавиур 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88-р зүйлийн 88.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэг бүхий хуурцагийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэрийг өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Айнурт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрлөн, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ