Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 137

 

Э.У, Ч.И нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, 201625010220 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.У-ы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 оны 3 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан, 2004 оны 12 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-нд эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан, Боржигон овогт Э.У;

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 6 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 8-нд эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас тэнсэгдэж суллагдсан, Боржигон овогт Ч.И.

Э.У, Ч.И нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эх гудамжны 6-912 тоот хашаанд Э.У нь хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж зүүн бугалган тус газарт нь хутгалж, Ч.И нь халбагыг зэвсгийн чанартай хүч хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж тус тус бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Э.У нь мөн цаг хугацаанд Ч.И-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Э.У-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Ч.И-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Э.У, Ч.И нарыг бүлэглэн, зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Э.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.У-ыг 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.И-ыг 1 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.У-д өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 9 сар 11 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Ч.И нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид тус тус эдлүүлж, Ч.И-ын цагдан хоригдсон 608 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, 1 жил 8 сар хорих ялыг ял эдэлсэнд тооцож,  Ч.И-ыг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр магадлалаар 788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.У гаргасан гомдолдоо: “...Миний тэнсэн харгалзах 2 жил 9 сар 11 хоногийн ял нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжтой байсан... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэсэн заалт байхгүй болсон тул 15 жилийн тавны нэг болох 3 жилийн ял хуулийн тэгшитгэлээр хасагдаж тэнсэн харгалзах ялгүй болох атал шүүх, прокурор авч хэлэлцэлгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид миний үйлдэл тохирохгүй гэж үзэж байна. Ахуйн хүрээнд, өөрсдийн хашаан дотор ах дүү хүмүүс маргалдсан асуудал юм. Миний урьд үйлдсэн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ялыг бүтнээр нь нэмж нэгтгэсэн нь буруу. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.И, Э.У нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна. Харин Э.Уы өмнө үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг тэгшитгэлд хамруулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Уы гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.У, Ч.И нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.У, Ч.И нар нь 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 6-912 тоот хашаанд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Э.У нь хохирогч Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, Ч.И нь Х.Эрдэнэбилэгийн зүүн нүдний доор халбагаар хатгаж зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан,

-мөн өдөр шүүгдэгч Э.У нь хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Э.У, Ч.И нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Э.Уы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Ч.И-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Э.У-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У-ы Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.У-ы үйлдсэн “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр заасан бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Тодруулбал, 2015 оны Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг арван хоёр жил болгож тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Э.У-ы урьд үйлдсэн Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулиас “Танхайн сэдэлтээр хүнийг алах” гэсэн хүндрүүлэх шинж хасагдсан учир хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 болгон өөрчилж, оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн 12 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У нь өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ялаас биеэр 11 жил 1 сар 4 хоног, шагналын 1 жил 1 сар 15 хоног, бүгд 12 жил 2 сар 19 хоногийг эдэлсэн байх тул түүнийг 12 жил хорих ялыг эдэлсэнд, мөн шүүгдэгч Э.У нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 733 хоног цагдан хоригдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус эдэлсэнд тооцох нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э.У-д оногдуулсан ялыг нэгтгэсэн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулан шүүгдэгч Э.У-ыг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр магадлалд “Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар Э.У-д 15 жил хорих ял оногдуулсныг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 12 жил хорих ял болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Э.У-д оногдуулсан 4 жил 9 сар 11 хоног хорих ялыг” гэснийг “Э.У-д оногдуулсан 2 жил хорих ялыг” гэж өөрчилж, шүүгдэгч Э.У-ы цагдан хоригдсон 733 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, оногдуулсан хорих ялыг ял эдэлсэнд тооцож, нэн даруй сулласугай.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          

                        ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН       

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН