Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 455

 

С.О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0670 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох,

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.Э, нарийн бичгийн даргаар С.Баяртуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ын гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0670 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-т 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 32,738,271.4 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар Зохицуулах хорооны даргаар ажиллах С.О-г 3 жилийн хугацаатай томилох, уг томилолтын хугацааг 1 удаа 3 жилээр сунгаж болохоор тогтоосон юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэхдээ “Зохицуулах хорооны даргыг “2, 4, 6 жилээр томилж байхаар зохицуулсан гэж ойлгоно” гэж тайлбарласан байна.

Хуулийн энэ заалтын анхны томилгоо гэх зохицуулалт нь Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж, уг хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага анх байгуулагдсанаар тус байгууллагын дарга, орон тооны зохицуулагч нарыг анх томилох томилгоог заасан зохицуулалт байгаа болохоос дараагийн дарга томилогдох бүрт тухайн хүнийг анх томилж байгаа гэж ойлгож 6 жилээр томилно гэсэн зохицуулалт гэж тайлбарлаж, хэрэглэж болохгүй. Ийм хууль зүйн ойлголт ч байх боломжгүй юм.

Хуулийн дээрх заалтын үзэл санаа, агуулгыг тодорхой болгохын тулд анхан шатны шүүх нь Улсын Их Хурлаас 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг батлахдаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеийн протокол, мөн уг хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн үзэл санааг илтгэсэн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд тодорхой тусгагдсан, хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан байхад давж заалдах шатны шүүх нь эдгээр байдалд бодитой дүгнэлт өгөөгүй, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан “цаашид 3 жилээр томилно, уг томилолтын хугацааг 1 удаа 3 жилээр сунгаж болно” гэсэн зохицуулалтыг хэрхэн ойлгох ёстойг тайлбарлаагүй орхисноос үзвэл давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг бүрэн агуулгаар нь тайлбарлаж хэрэглэхгүй байгаа нь уг заалтыг зориуд гуйвуулж тайлбарласан гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.6 дахь заалт болон Засгийн газрын тогтоолоос үзвэл Зохицуулах хорооны дарга нь 3 жилийн хугацаатай томилогдох, хэрэв уг дарга хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бол шинээр томилогдсон дарга нь өмнөх даргын бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр зохицуулагдсан байна.

Давж заалдах шатны шүүх дүрмийг хэрхэн хэрэглэх, ойлгох талаар маргааны үйл баримттай уялдуулан дүгнэлт өгсөнгүй. Ийнхүү нэхэмжлэгч С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш байсан тул түүнийг Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу 3 жилийн хугацаагаар томилох ёстой байхад 6 жилийн хугацаагаар томилсон нь хууль зөрчсөн байсан.

2.   Нэхэмжлэгч  С.О  нь  Эрчим  хүчний  зохицуулах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон мэргэжлийн, санхүүгийн ноцтой гэж үзэж болох  алдаануудыг давтамжтайгаар  гаргаж байсан  боловч   маргаан  бүхий  актын үндэслэл болоогүй учир хариуцагч болон гуравдагч этгээдээс энэ талаар маргаагүй учраас анхан шатны шүүх хуралдаанд уг үйл баримтыг хянан хэлэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа С.О-ын ёс зүй, мэргэжлийн, санхүүгийн зөрчил, алдааны талаар тайлбар гаргасан нь уг хүний хувийн байдлыг шүүхэд харуулах зорилгоор өгсөн буюу шүүх шударга ёсыг тогтоохдоо түүний хувийн байдлыг харгалзан үзэх байх гэсэн үүднээс гаргасныг давж заалдах шатны шүүх "маргааны үндэслэл" гэж буруу ойлгосон.

3.  Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд нь С.О-ыг 2017 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө уг ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой байсан гэж үзэж, энэхүү үндэслэл нь уг албан тушаалаас чөлөөлөх нэг үндэслэл болсон гэж тайлбарлан, маргаж байгаа болно.

 Гэтэл давж заалдах шатны шүүх уг асуудлыг маргаан бүхий актын үндэслэл болоогүй гэж дүгнэжээ. Ингэхдээ давж заалдах шатны шүүх ямар нотлох баримт, үйл баримтаар ийнхүү үзэж байгаагаа шийдвэрээрээ тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

С.О нь Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн талаар:

С.О нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө чөлөөлөгдөх ёстой байхад ажил, албан тушаалаа эрхлэхийн хамтаар Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Сонгуулийн хуулийг зөрсөн талаар тайлбарласан бас маргасан юм. Ийнхүү Сонгуулийн хуулийн дагуу чөлөөлөгдөх үүрэг бүхий С.О-н хөдөлмөрийн харилцаа уг хуулийн дагуу дуусгавар болсон байх ёстой тул түүнийг уг ажил, албан тушаалыг эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэхгүй бөгөөд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

Эдгээр байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутгах гэж байгаа бол хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг, хуулийг хэрэглэж тодорхой гаргах ёстой, харин ямар ч тайлбар нотолгоогүй зөвхөн “маргаан бүхий актын үндэслэл биш” мэтээр тайлбарласан нь хариуцагчийн гаргасан хууль ёсны үндэслэлийг дүгнэхээс санаатай зайлсхийсэн гэдэг нь харагдаж байгаа бөгөөд эндээс үзвэл тус давж заалдах шатны шүүх С.О-ын талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг захиргааны актыг гаргахдаа сонсгох ажиллагаа хийгээгүй гэжээ.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын тэргүүн өөрийн томилдог албан тушаалтнуудтай уулзсаны дотор С.О-тай уулзсан талаар тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчаас шүүхэд гаргасан Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд нь эрхэлсэн асуудлын хүрээн дэх байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үр дүнг танилцуулах болоход С.О нь ирж уулзахгүй байсан гэх тайлбарыг өлгөн авч хариуцагчийг сонсгох ажиллагаа хийгээгүй гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлага, үүний дотор өөрийн томилж, чөлөөлдөг албан тушаалтантай огт уулзаагүй, түүнийг дуугүй байж байгаад, эсхүл нууцаар чөлөөлсөн гэвэл итгэх хүн олдох уу, гэтэл давж заалдах шатны шүүх үнэн гэж үзэж байгаа нь илэрхий хууль бус юм.

Ийнхүү хуульд зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллах бүрэн эрхийнх нь 3 жилийн хугацаа нь дуусгавар болчихсон, Сонгуулийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн байх ёстой С.О-н даргаар ажиллах эрх зөрчигдсөн гэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.О нь Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 болон 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий захирамжаар С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажлаас чөлөөлж, А.Т-г томилсон бөгөөд нэхэмжлэгчээс “6 жилийн хугацаа дуусаагүй байхад хууль зөрчиж, ажлаас чөлөөлсөн” гэж, хариуцагчаас “3 жилийн хугацаагаар томилох байтал 6 жилийн хугацаагаар томилж, хууль зөрчсөн, томилолтын хуулийн хугацаа дууссан” гэж тус тус маргаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар С.О-г Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаагаар томилж байжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасан байна.

Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан үзэхэд хороог байгуулахдаа “анхны томилгоо” гэх ойлголтыг онцлон, Эрчим хүчний зохицуулах хорооны анхны гишүүдийг томилох хугацааг 2, 4, 6 жил гэж өөр өөр хугацаатай байхаар, харин Хороог нэгэнт байгуулсан бол цаашид гишүүн болгоныг 3 жилийн хугацаагаар томилж байхаар ялгамжтай байдлаар зохицуулсан гэж ойлгоно.

Тухайлбал, хууль тогтоогчоос Эрчим хүчний тухай хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Зохицуулах хорооны үйл ажиллагааны залгамж шинж чанар, тогтвортой байдал, мэргэшсэн байдлыг хангах зорилгоор Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүдийн хугацааг нэгэн зэрэг дуусдаггүй, өөр цаг хугацаанд зөрж дуусдаг байхаар хугацааг тогтоосон болох нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Эрчим хүчний зохицуулах хороо нь 2001 онд байгуулагдсан тул хуулийн “анхны томилгоо” гэх ойлголт нэхэмжлэгчид хамааралгүй, захиргааны байгууллагаас 2012 онд нэхэмжлэгчийг Зохицуулах хорооны даргаар томилох үедээ 3 жилээр томилох байтал хуулийн дээрх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийг 6 жилээр томилсон байгаа нь буруу, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Иймээс захиргааны байгууллагаас дээрх байдлаар алдаатай захиргааны актын үр дагаврыг залруулж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий захирамж хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр маргаан бүхий албан тушаалд томилогдсон, уг албан тушаал нь төрийн албан тушаалын аль нэг ангилалд хамаарахгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдахгүй учраас нэхэмжлэгчийн “ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбарын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах үүрэгтэй байна. Энэ тохиолдолд хариуцагчаас “захиргааны акт гарах талаар нэхэмжлэгч мэдэж байсан, ажилдаа ирээгүй, утсаа авахгүй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна. Иймээс захиргааны байгууллагыг сонсгох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Гэвч энэ байдал нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж нь дээр дурдснаар хууль зөрчөөгүй, харин хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэ байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол уг захиргааны актыг хүчингүй болгох ба тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зөрчөөгүй байна.

Сонсгох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулах, оролцоог хангах замаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, үүний үр дүнд захиргааны байгууллагын зүгээс дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэргээр “нөхцөл байдал өөрчлөгдөх” үр дагаврыг агуулах бол энэхүү маргааны тухайд шийдвэр гаргах ажиллагаа нь оролцогчийн тайлбарт үндэслэхгүйгээр, хуулиар тогтоосон хугацааны талаар шийдэл хийсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ерөнхий сайдад ажилд томилох эрх олгосон болохоос ажлаас чөлөөлөх эрх олгогдоогүй” тухай тайлбар үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь мөн адил ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй болно.

Харин анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг баримталсан нь буруу буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 025/ШШ2016/0008 дугаар шийдвэрээр “С.О-г нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэснийг илт хууль бусад тооцон, хүчингүй болгож, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  шийдвэрлэхдээ “...нөхөн нэр дэвшиж буй этгээдэд төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх шаардлага хамаарахгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Иймээс хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөөгүй” үйл баримтыг хэлэлцсэн байх тул дахин энэхүү маргаанд уг асуудлаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Нөгөө талаар энэхүү маргааны үйл баримт нь өөр буюу маргаан бүхий захиргааны актаар Сонгуулийн хуулийг хэрэглээгүй, сонгуульд нэр дэвшихдээ ажлаас чөлөөлөгдөөгүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгаагүй байх тул Сонгуулийн хуулийн холбогдох заалт нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, шүүхээс хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзнэ.

Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0670 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ