| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03190/И |
| Дугаар | 102/ШШ2021/02721 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/02721
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/02721 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ггийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2006 онд Чех улсад ажиллаж амьдарч байхдаа Н.Бтэй танилцаж, Чех улсын элчин сайдын яаманд 2009.02.17-ны өдөр 15/09 баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007.09.27-ны өдөр охин Б.У, 2011.01.03-ны өдөр хүү Б.М нар төрсөн. Гэр бүлээрээ Чех улсаас 2012 оны 8 сард Монголд ирж амьдарсан. Нөхөр Б Солонгос улс руу ажиллахаар яваад тэнд өөр гэр бүлийн харилцаатай болж, 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү 2 минь миний асрамжид өсөж торнисон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Гтэй 2006 онд Чех улсад танилцаж, гэр бүл болсон. 2007 онд том охин Б.У, 2011 онд Б.М нар төрсөн. 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн болно. Д.Ггийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид 2 хүүхдэдээ тэтгэлэг төлнө, хүүхдүүдээ орхихгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Г нь Н.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Гэрлэгчид нь 2006 онд танилцаж, 2009.02.17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2007.09.27-ны өдөр охин Б.У, 2011.01.03-ны өдөр хүү Б.М нар төржээ.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.
Гэрлэгчдэд шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, гэр бүлийн амьдралыг цаашид хэн аль нь үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Н.Б, Д.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба зохигч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул эхийнх нь асрамжид үлдээлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011.01.03-ны өдөр төрсөн хүү М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2007.09.27-ны өдөр төрсөн охин Б.У, 2011.01.03-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Бийг эцэг хүний хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Д.Гд даалгав.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг болон нэхэмжлэгч нь цаашид хүүхдүүдэд гарсан нэмэлт зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б, Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007.09.27-ны өдөр төрсөн охин Б.У, 2011.01.03-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Мөнх-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Б.У, хүү Б.М нарыг 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Бийг эцэг хүний хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Д.Гд даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.
6. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг болон нэхэмжлэгч нь цаашид хүүхдүүдэд гарсан нэмэлт зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ