| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/164 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Ц.Ц,
хохирогч Э.Ц,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2419000000166 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.О нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон асуудлын талаар хэлж ярих зүйлгүй. Үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргахгүй. Хохиролд 3.000.000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохирсон. Буруугаа зөвшөөрч байгаа гэв.
-Хохирогч Э.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ маргаанаас болж хамрын таславч мурийж, хамар хугарсан. Энэ 3.000.000 төгрөг нэхсэн. 2.500.000 төгрөг нь хамрын хагалгааны зардал, 500.000 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн. Шүүгдэгч өөрөө зөвшөөрч байгаа. Одоогоор толгой жоохон өвдөж байгаа. Эмч яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санаанд нөлөөлсөн зүйл байхгүй гэв.
-Хохирогч Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.О манай эхнэр рүү дайрахаар нь би гараараа Б.Оыг хориход Б.О миний нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гараад хамраа дараад байж байхад Б.О машинд суугаад явсан. Эхнэр бид 2 гэр лүүгээ харьж амарсан гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тамхилаад дуусахаар нь би нөгөө үл таних залууд дууссан бол нөхрөө аваад явчих уу гэж хэлэхэд нөгөө залуу юу гэнээ гээд ойртоод ирэхээр нь манай нөхөр бид хоёрын голоор ороод яах гэсэн юм бэ хөгшөөн гэж хэлэхэд үл таних залуу манай нөхрийн нүүр лүү мөргөхөд нөхөр нүүрээ барьж доошоо сууж хамраас нь цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Яллагдагч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...С нь намайг хачин байна гэж хэлэхээр нь би эхнэр С-ийг тэнэг юм уу гэж хэлсэн. Тэр үед Э.Ц миний цээж рүү түлхэхэд би газар унасан. Тэгээд би босож Э.Цын нүүр лүү 1 удаа мөргөсөн. Э.Цын хамарнаас цус гарсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/165 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
1.Э.Цын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 11-12 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 16-17, 20-21 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 25-29, 32-32-35 ху/
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 40 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Оын “...Үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргахгүй. Хохиролд 3.000.000 төгрөг төлөхөөр хохирогчтой тохирсон. Буруугаа зөвшөөрч байгаа” гэсэн, хохирогч Э.Цын “...Энэ маргаанаас болж хамрын таславч мурийж, хамар хугарсан. Энэ 3.000.000 төгрөг нэхсэн. 2.500.000 төгрөг нь хамрын хагалгааны зардал, 500.000 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн. Шүүгдэгч өөрөө зөвшөөрч байгаа. Одоогоор толгой жоохон өвдөж байгаа. Эмч яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санаанд нөлөөлсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.С-ийн “...Тамхилаад дуусахаар нь би нөгөө үл таних залууд дууссан бол нөхрөө аваад явчих уу гэж хэлэхэд нөгөө залуу юу гэнээ гээд ойртоод ирэхээр нь манай нөхөр бид хоёрын голоор ороод яах гэсэн юм бэ хөгшөөн гэж хэлэхэд үл таних залуу манай нөхрийн нүүр лүү мөргөхөд нөхөр нүүрээ барьж доошоо сууж хамраас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/165 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч Б.От ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохиролд нотлох баримтгүйгээр 3.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.О хүлээн зөвшөөрч, маргаагүй тул шүүгдэгчээс 3.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Цт олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан ... Э.Цт /ЕЕ98122518/ олгосугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА