| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/01272/И |
| Дугаар | 102/ШШ2021/02593 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2021/02593
| 2021 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2021/02593 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуун мод сум, Уянга 3 дугаар багт оршин суух, Ц.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18, 62 тоотод оршин байх, “Т” ХХК-д холбогдох,
60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Т” ХХК-ийн Төв аймгийн Зуун мод хот, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, “Манзушир-Өргөө” хотхон, 90 айлын орон сууцны 5.11 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 54.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалж, “Т” ХХК-д орон сууцны үнэ 52 000 000 төгрөгийг төлсөн.
Гэрээний 3.1-д зааснаар “Т” ХХК нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй, бидний гэрээний дагуу шилжүүлсэн 52 000 000 төгрөгийг 1 жил 8 сар ашиглаж байна. Гэрээний 5.6-д алдангийн хэмжээг 0.2 хувь байхаар заасан тул алданги 4 000 000 төгрөг болж байна.
Мөн хариуцагч “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь дээрх хугацаанд айлын байр түрээсэлж байсан. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгчид учирсан.
Дээрх үндэслэлээр хариуцагч “Т” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 52 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, хохирол 4 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь Төв аймгийн Зуунмод хотын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Манзушир 1000 айл төслийн 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцыг барих ажлыг 2019 онд барьж эхлүүлж, нэхэмжлэгч орон сууц захиалж, төлбөрийг төлсөн.
Барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Цэгц болд” ХХК нь барилгын ажлыг удаашруулсан бөгөөд үүний улмаас зээлээр авах санхүүжилт бүтэлгүй болж, туслан гүйцэтгэгч компанитай маргаантай байдал үүссэн. Улмаар 2020 оны 3 дугаар сард туслан гүйцэтгэгчтэй үүссэн маргаантай асуудалд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас оролцож, манай компанийн тус барилгын ажилд оруулсан нийт хөрөнгийг манай компанид гарган өгч, тус орон сууцыг үргэлжлүүлэн “Цэгц болд” ХХК гүйцэтгэхээр болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас манай компани орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Үүний дагуу манай компани оруулсан хөрөнгөө гаргаж авахаар хүлээж байгаа бөгөөд одоог хүртэл Төв аймгийн Засаг даргын тамгын газраас “...барилгыг үргэлжлүүлэн барих этгээдтэй гэрээ байгуулаагүй” гэх бөгөөд манай оруулсан нийт хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлээгүй байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас манай компанийн дээрх асуудлыг шийдвэрлэмэгц нэхэмжлэгчээс орон сууц захиалгын үнэд авсан төлбөрийг төлж дуусгана. Иймд дээр дурдсан манай компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж нэхэмжилж буй алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан, 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 52 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөрт хохирол 4 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч “Тэгшсувдан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу шилжүүлсэн 52 000 000 төгрөгийг төлөх талаар маргаагүй бөгөөд харин алданги 4 000 000 төгрөг болон хохирол 4 000 000 төгрөг гаргуулах хэсгийг үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. 52 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 003 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” бичгээр байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Гэрээний 1.2, 2.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК нь Төв аймаг, Зуунмод хот, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, “Манзушир 1000 айл” хорооллын “Манзушир-Өргөө” хотхон, 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны 5.11 дүгээр байр, 22 тоот хаягт байрлах, 54.4 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барилгын ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ц.О нь тухайн орон сууцны төлбөрт 52 000 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр заасан байна.
Гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг, орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэх болон ашиглалтад оруулах, мөн гэрээний төлбөрийг төлөх хугацаа зэргээс үзвэл гэрээний оролцогч талууд болох нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажилгүй гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу хариуцагчид гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг тус тус үүссэн байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууц төлбөр болох 52 000 000 төгрөгийг хариуцагчид 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Харин хариуцагч нь гэрээгээр тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээн боловч уг үүргээ биелүүлээгүй, биелэгдэх боломжгүй буюу ажлын үр дүн бий болоогүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдохоор байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт төлсөн 52 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Нөгөөтээгүүр, хариуцагч гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
2. Алданги 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Гэрээний 5.6-д “Нийлүүлэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 46 дахь хоногоос эхлэн орон сууцны үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувийн алдангийг захиалагчид төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь алданги 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ гэрээний уг заалтаар тодорхойлсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.3, 232.4, 232.6-д зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар анз буюу алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний нэг талд үүсэх шаардах эрх буюу гэрээний хариуцлага. Харин гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний үүрэг цаашид үргэлжлэх боломжгүй тул талуудад алданги шаардах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алданги 4 000 000 төгрөгийг шаардах эрхгүй.
3. Хохирол 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээг цуцалсан тохиолдолд өөрт учирсан хохирлоо нөгөө талаас шаардах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээг цуцлахад хүргэсэн нөгөө талын буруутай үйл ажиллагаанаас болж нөгөө талд хохирол учирсан нь буюу гэрээний үүргийн зөрчил болон учирсан хохирлын хэмжээ, шалтгаант холбоо баримтаар тогтоогдсон байхыг шаардана.
Нэхэмжлэгч хохирол 4 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч нь Г.Энхжаргалтай 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэх түрээсийн гэрээ, 2021 он 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 200 000 төгрөгийн кассын зарлагын ордер, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7 800 000 төгрөгийн орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 41-49 дүгээр тал/
Гэвч дээрх баримтууд нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, улмаар нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд бусдын байрыг түрээсэлж, зардал гаргасныг гэрээг цуцалсантай холбоотой түүнд учирсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчаас хохирол буюу байр түрээсэлсэн зардалд 4 000 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 52 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд төлөөлөгч нь хариуцагчийг төлөөлөхөөс, өмгөөлүүлэхээс татгалзсан нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно. Гэтэл хариуцагч “Т” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс болон өмгөөлөгчөөс татгалзсан талаар шүүхэд мэдэгдээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 52 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 417 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН