Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02737

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02737

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн  гудамж, тоотод оршин суух, О.Э-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, голден парк, энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр,  тоотод оршин суух, Б.Д-д холбогдох,

 

авто машин, 4 ширхэг дугуй, 1 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Б.Д, гэрч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр надаас 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 12 100 000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, төлбөрийг төлснөөр уг автомашиныг Б.Д эзэмшилд шилжүүлсэн.

 

Тухайн автомашин нь “Г” ЗГБХН-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд тухайн байгууллагын захирал Д.Э нас барсан тул миний бие нь Б.Д-н нэр дээр уг автомашиныг шилжүүлэх боломжгүй болсон. Иймд миний бие Б.Д-д наймаагаа буцаах талаар санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй.

 

2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Д миний эхнэр Л.Г рүү утсаар залган авто машины нэрийг шилжүүлж өгөхийг шаардаж, маргаан үүссэн ба Б.Д нь анх худалдан авсан 12 100 000 төгрөг бус, 13 000 000 төгрөг төлөөд автомашиныг буцааж авах талаар шаардлагыг бидэнд тавьсан.

 

Иймд миний зүгээс дээрх автомашиныг Б.Д нэр дээр шилжүүлэх боломжгүй болсон тул түүнээс 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг, уг автомашинтай хамт худалдсан R17/202/55 хэмжээтэй, 4 ширхэг автомашины өвлийн дугуйн хамт гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тухайн автомашиныг өдрийн 80 000 төгрөгөөр түрээсэлсэн гэж тооцож, 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нийт 22 хоногоор тооцвол бүгд 1 760 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр О.Эрдэнэбаяраас 61-89 УНҮ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 4 ширхэг өвлийн дугайн хамт 12 100 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлсөн.

 

2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр уг автомашины эзэмших эрхийг нэхэмжлэгч нь “Гуртийн тавилан” ЗГБХН-с миний нэр дээр шилжүүлж өгөх байсан боловч шилжүүлж өгөөгүй. Удалгүй нэхэмжлэгч нь тухайн автомашиныг хямдхан зарсан үндэслэлээр наймаагаа буцаах, эсхүл 13 500 000 төгрөгөөр зарна гэх шаардлагыг надад тавьсан бөгөөд миний бие уг шаардлагыг нь зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг, R17/202/55 хэмжээтэй, 4 ширхэг автомашины өвлийн дугуйн хамт, 1 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд 1 760 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...худалдсан автомашины эзэмшигчийн нэрийг хариуцагчид шилжүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйны хамт гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг үгүйсгэн маргажээ.

 

Шүүх автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1 760 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

1. Автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйны хамт 12 100 000 төгрөгөөр хариуцагчид худалдах, хариуцагч нь уг автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйны хамт хүлээн авч, төлбөрт 12 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийн нэг төрлийн хэлбэр болох амаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь 61-89 УНҮ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 12 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус шилжүүлж, гэрээний зүйл болох автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт хүлээн авах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хэлцлийн зүйл болох дээрх автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт шилжүүлсэн, хариуцагч түүнийг нь хүлээн авч, үнийг төлсөн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Худалдаан хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн 432010026 дугаартай дансны хуулгаар нотлогдож байхаас гадна зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэж, хариуцагчийг мөн зүйлд заасан “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үүргээ тус тус биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэрээний зүйл болох 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашины эзэмшигч нь улсын бүртгэлд “Г” ЗГБХН бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь тухайн автомашины эзэмших эрхийг “Г” ЗГБХН-өөс хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх боломжгүй талаар автомашиныг бодитоор хариуцагчид шилжүүлсний дараа мэдэгдэж, гэрээнээс татгалзах санал гаргасан боловч хариуцагч гэрээнээс татгалзах нэхэмжлэгчийн саналыг хүлээн аваагүй болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Харин мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн гол тохиролцоо нь нэхэмжлэгч тухайн автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт 12 100 000 төгрөгөөр хариуцагчид худалдах хүсэл зориг байх бөгөөд үүний үр дүнд автомашины эзэмших эрх хариуцагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл, тухайн автомашины эзэмших эрх хариуцагчид шилжих боломжгүй байгаа нь нэхэмжлэгч гэрээнээс бүхэлд нь татгалзах үндэслэл болохгүй. Түүнчлэн, “Г” ЗГБХН-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар албан бичгээр тухайн автомашиныг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашины эзэмших эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсноор өөрөө гэрээнээс татгалзсаныг нөгөө тал болох хариуцагч зөвшөөрөөгүй нөхцөлд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж буй нь тогтоогдсоны үндсэн дээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гэрээнээс татгалзахыг зөвшөөрөөгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж буй нь баримтаар, мөн нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буй уг үндэслэл нь гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.  

 

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч тухайн автомашины эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлээгүй нь хариуцагчийн эрх ашиг хөндөгдөхөөр байх боловч хариуцагч нь энэ талаар шаардлага гаргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас автомашиныг 4 ширхэг өвлийн дугуйн хамт буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

2. 1 760 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хохирол буюу түрээсийн төлбөр 1 760 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаанд уг шаардлагаасаа татгалзсан. Уг татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 1 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох 61-89 УНҮ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашин, R17/202/55 хэмжээтэй, 4 ширхэг автомашины өвлийн дугуй тус тус гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Д холбогдох, 61-89 улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашин, R17/202/55 хэмжээтэй, 4 ширхэг автомашины өвлийн дугуй тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч О.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Д холбогдох, 1 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Э татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН