Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

 

 

 

 

                              

   

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

         улсын яллагч Ц.Ц,

         шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эт холбогдох эрүүгийн 2419000000227 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цагийн орчим ... тоот өөрийн гэртээ Д.Мтэй “хаалга хүчтэй нүдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгаар түүний толгойн зулай хэсэгт зүсч эрүүл мэндэд зулай хэсгийн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д.Мтэй хаалга хүчтэй нүдлээ гэснээс болж маргалдаж хутгаар духны тэнд нь зүссэн. Дүү Д.Мтэй эвлэрсэн эм тарианы зардлыг нь төлж одоо бие нь зүгээр болсон. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 106.200 төгрөг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой эгч М-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Дэнжид байх гэрт нь очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан. Эгч хаалгаа нүдсэн чинь хүргэн ах М.Э хаалга нээсэн. Гэрт нь орсон чинь М.Э хаалга хүчтэй нүдлээ гэж уурлахаар нь би өөдөөс нь маргалдсан чинь М.Э ах миний толгойн дээд хэсгийг хутгаар зүссэн байсан. Би хэдэн цагийн үед эгчийн гэрт очиж маргасан талаар санахгүй байна. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

             -Гэрч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалга цоожтой байхаар нь би хаалгаа цохьсон чинь нээхгүй байхаар нь хүчтэй өшиглөхөд хамтран амьдрагч М.Э нь гэрийн хаалга эвдлээ гэж эхлэн ууртай хаалгаа нээхээр нь гэртээ орсон. М.Э нь хаалга эвдлээ гэж хэлсэн чинь М өөдөөс нь маргалдаж байхад С бид хоёр 00 орчихоод гэртээ орсон чинь Д.М надад эгч цус гараад байна, явъя гэж хэлээд гэрээс гарахаар нь би хаанаас юун цус гарч байгаа юм гэж хэлэн толгойг нь харахад толгой хэсгээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Эрүүл мэндийн даатгалын сангаас  М-ийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 49 ху/,

 -Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/228 дугаартай  дүгнэлтэнд:

1.Д.М-ийн биед зулай хэсгийн хуйхын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 21 ху/,

 -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6 ху/,

 -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 46 ху/,

-Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаа /хх 49 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-43 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27, 30-31 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цагийн орчим ... тоот өөрийн гэртээ Д.Мтэй хаалга хүчтэй нүдлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгаар түүний толгойн зулай хэсэгт зүсч эрүүл мэндэд зулай хэсгийн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Эын “...Д.Мтэй хаалга хүчтэй нүдлээ гэснээс болж маргалдаж хутгаар духны тэнд нь зүссэн. Дүү Д.Мтэй эвлэрсэн эм тарианы зардлыг нь төлж одоо бие нь зүгээр болсон. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 106.200 төгрөг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.М-ийн “...эгч М-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Дэнжид байх гэрт нь очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан. Эгч хаалгаа нүдсэн чинь хүргэн ах М.Э хаалга нээсэн. Гэрт нь орсон чинь М.Э хаалга хүчтэй нүдлээ гэж уурлахаар нь би өөдөөс нь маргалдсан чинь М.Э ах миний толгойн дээд хэсгийг хутгаар зүссэн байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, гэрч Д.М-ийн ...гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалга цоожтой байхаар нь би хаалгаа цохьсон чинь нээхгүй байхаар нь хүчтэй өшиглөхөд хамтран амьдрагч М.Э нь гэрийн хаалга эвдлээ гэж эхлэн ууртай хаалгаа нээхээр нь гэртээ орсон. .. бид хоёр 00 орчихоод гэртээ орсон чинь Д.М надад эгч цус гараад байна, явъя гэж хэлээд гэрээс гарахаар нь би хаанаас юун цус гарч байгаа юм гэж хэлэн толгойг нь харахад толгой хэсгээс цус гарч байсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зулай хэсгийн хуйхны шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/228 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

         Шүүгдэгч М.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгч М.Эт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Х овогт М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА