Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

 

 

 

 

 

                                

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Ц.Ц,

         шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жд холбогдох эрүүгийн 2419000000235 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Ж

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 04 дүгээр сарын 16-наас 21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Мандах сумын .. гэх газарт оршин суух Ж.Д-нд ямаа самнаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 04 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд самнасан ямааныхаа ноолуурнаас хэсэг хэсгээр хулгайлан гялгар уутанд хийж айлын амбаарын ард талд байсан мотоциклийн сэгний доор нууж улмаар 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хулгайлсан ноолуураа өөрийн унаж явсан ...улсын дугаартай Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ар талын багаажинд хийж авч явж хулгайлсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Эргэл захын ойролцоо Т.Сийг өөрийн эзэмшлийн LG-Q920 маркийн гар утсаар яриад гудамжаар явж байхад түүний гар утас, илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Х.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнгөний хэрэг болоод айлаас ноолуур хулгайлж борлуулж, 510.000 төгрөг болсон. Энэ мөнгөө байлгаж байгаад хохирогчид буцааж өгсөн. Дараа нь С гэдэг хүний утсыг яриад өгье гэж хэлээд шууд аваад зугтаасан. Утасны гэрэнд нь Хаан банкны карт байсныг уншуулж идэх юм, бас бэлэн мөнгө авсан. Тэгээд утсыг нь эзэнд нь өгчихөөрэй гээд танихгүй айлд үлдээсэн. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө. 82.000 төгрөгийн хохирлыг манай дүү төлсөн гэсэн. Байцаагч хэлсэн. Зөрчлийн хэрэг дээр хохирогч Т.С хохирлоо авсан гэж бичиг хийж өгсөн байсан. Гар утсыг нь охинд нь өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Ж.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х.Ж нь 2022 онд манайд ямаа самнаж байсан юм. 2024 оны 04 дүгээр сард би сумын төв дээр явж байгаад Х.Жтай таарсан юм. Чи ямаа самнаж яваа юм уу гэж асуутал тиймээ би айлд ямаа самнаад явж байна гэхээр нь манайд очиж ямаа самнахгүй юм уу гэж хэлээд би яваад өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна, манайд хар өнгийн приус маркийн машинтай хүрээд ирсэн. Тэгээд манайд 5 хоногт нийт 250 ямааг надтай хамт самналцсан. Манайх эр, эм ямаагаа бүгдийг нь самнаад дууссан. Манай эр ямаанаас нэг бүрээс нь ойролцоогоор 700 орчим, эм ямаанаас ойролцоогоор 600 орчим грамм ноолуур гарах ёстой юм. Би өөрөө самнаачийг ирэхээс өмнө 100 гаруй ямаагаа самнаад жинг нь үзэхэд тийм хэмжээний ноолуур гарч байсан боловч Х.Жыг ирж ямаа самнасан өдрүүдэд самнасан ноолуураа оройдоо жинлэж үзэхэд арай л бага ноолуур гараад байх шиг байсан юм. Би тухайн үед хардах төдий л зүйл бодоод өнгөрсөн. Би орой болгон ноолуураа жинлэж шуудайлаад гэрийнхээ хойд талд байх байшиндаа хийгээд цоожилчихдог байсан. Тэрнээс бол ноолуур алдагдаагүй байх. Ямаа самнаж байх үедээ бага багаар нь цуглуулаад байсан байх гэж би бодож байна. ...Надад гомдол байхгүй. Х.Ж манайхаас авсан 3.4 кг ноолуурын үнэ болох 510.000 төгрөгийг надруу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/,

- Хохирогч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр орой 21 цагийн орчим... Эргэл захын зүүн талын контейнерын хажуугаар гарч байхад үл таних хүн араас явж байгаад миний гар утсыг авч баруун зүгт гүйсэн. Миний гар утасны гэр дотор Хаан банкны карт байсан ба миний Хаан банкны ... дугаарын данстай картнаас 21 цаг 22 минутад 5000 төгрөг, пос машинд 37350 төгрөг, пост машинд 40.000 төгрөг уншуулж нийт 3 удаагийн гүйлгээгээр 82.350 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байсан. Миний охин Оийн гар утсанд мөнгө гарсан мессеж ирэхээр нь О-гээр охин О-ийн данс руу шилжүүлсэн. Өнөөдөр хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна ... дугаараас манай охин Отгон-Эрдэнэ рүү залгаж ирж утсаа ав гэж хэлсэн байсан. О миний гар утсыг авч ирж өгсөн учраас ямар хүнээс, хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хар өнгийн саравчтай малгайтай улбар шар өнгийн ажлын куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй, бараан царайтай, намхан нуруутай 20 наран насны эрэгтэй хүн байсан. 2024 оны 03 дугаар сард 320.000 төгрөгөөр намын хорооны гар утасны лангуунаас худалдаж авч байсан. Бор өнгийн хавтастай гэртэй, хар өнгийн 128 gb багтаамжтай, LG-Q920 загварын гар утас болон Хаан банкны картанд байсан 82.350 төгрөгийг алдсан. Миний биед халдаж намайг гэмтээгээгүй. Зөвхөн гартаа бариад явж байсан гар утсыг маань авч зугтаасан гэсэн мэдүүлэг /хх 76-77 ху/,  

-Гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 49 минутын үед үл таних улбар шар өнгийн ажлын хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай хүн надаас бэлэн мөнгө гараад өгөөч, би хүнд өгөх гэсэн юм гэхээр нь би Хаан банкны картыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны пос машинд уншуулж тухайн хүнд бэлнээр 40.000 төгрөг гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 80-81 ху/,

-Сэжигтэн Х.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 21ний өдрийг хүртэл нийт 6 өдрийн турш 107 тооны ямаа самнасан. Би ямаа самнаж байх үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 7 цагт ямаа самнахаар ажилдаа гараад 08 цагийн орчим самнаж байсан ямааны ноолуурнаас бага зэргийн ноолуурыг шар өнгийн гялгар уутанд авч хийгээд айлын амбаарын ард байсан мотоциклийн сэгний доор хийгээд нууж орхичхоод маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өглөөгүүр 08 цагаас 9 цагийн үед дахиад бага зэргийн ноолуур нэмж аваад ноолуур нуусан газартаа аваачиж нэмээд нуусан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед нуусан газраасаа ноолуураа аваад өөрийн унаж явсан приус 30 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багажинд нуугаад орхисон. Өглөө нь 12 цагийн үед би өөрөө машинаа бариад сумын төв рүү найз бүсгүй Жийн хамт явсан. Би сумын төвд очоод О гэх нэртэй...ченжид ноолуураа худалдсан... нэг кг ноолуурыг 150.000 төгрөгөөр бодож нийт 510.000 төгрөг болсон. ...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр... би тухайн эмэгтэй хүний араас нь очиж гар утсыг нь булаан авч зугтаасан. Тухайн эмэгтэйгээс булаасан гар утас LG маркийн хар өнгийн гар утас, бор гэртэй байсан. Гар утасны гэрт Хаан банкны виза карт байхаар нь би Тамхи со дэлгүүрээс нөгөө эмэгтэй хүний картыг уншуулж том хиам, шампунь, загас гэх мэт зүйлс авсан. Мөн Сайншанд сумын төвд байх зайрмаг зардаг газарт очиж нөгөө эмэгтэй хүний картыг уншуулж 40.000 төгрөг бэлнээр авч тухайн мөнгөөрөө идэх юм авч 7.500 төгрөг үлдсэн гэсэн мэдүүлэг /хх 19-21,83 ху/

           -Х.Жын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансны хуулга /хх 25-27 ху/,

-Хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 924/9658 тоот шинжээчийн дүгнэлт /хх 11-14 ху/,

-Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч С.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас /хх 65 ху/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 68-70 ху/,

-Хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24/9984 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 112-115 ху/,

-Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 119 ху/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 120 ху/,

-Дорноговь аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл шалгуулах тухай албан бичиг /хх 121 ху/,

-Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 100-101, 104-105 ху/,

           -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 132 ху/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Х.Ж нь Дорноговь аймгийн Мандах сумын ... гэх газарт оршин суух Ж.Д-нд ямаа самнаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 04 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд самнасан ямааныхаа ноолуурнаас хэсэг хэсгээр хулгайлан гялгар уутанд хийж айлын амбаарын ард талд байсан мотоциклийн сэгний доор нууж улмаар 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хулгайлсан ноолуураа өөрийн унаж явсан ...улсын дугаартай Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ар талын багаажинд хийж авч явж хулгайлсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Эргэл захын ойролцоо Т.Сийг өөрийн эзэмшлийн LG-Q920 маркийн гар утсаар яриад гудамжаар явж байхад түүний гар утас, илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Х.Жын “…мөнгөний хэрэг болоод айлаас ноолуур хулгайлж борлуулж, 510.000 төгрөг болсон. Энэ мөнгөө байлгаж байгаад хохирогчид өгсөн. Дараа нь С гэдэг хүний утсыг яриад өгье гэж хэлээд шууд аваад зугтаасан. Утасны гэрэнд нь Хаан банкны карт байсныг уншуудж идэх юм, бас бэлэн мөнгө авсан. Тэгээд утсыг нь эзэнд нь өгчихөөрэй гээд танихгүй айлд үлдээсэн. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө. 82.000 төгрөгийн хохирлыг манай дүү төлсөн гэсэн. Гар утсыг нь охинд нь өгсөн” гэсэн мэдүүлэг,  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Д-ийн "...манайд 5 хоногт нийт 250 ямааг надтай хамт самналцсан. ...Х.Жыг ирж ямаа самнасан өдрүүдэд самнасан ноолуураа оройдоо жинлэж үзэхэд арай л бага ноолуур гараад байх шиг байсан юм. Би тухайн үед хардах төдий л зүйл бодоод өнгөрсөн. Би орой болгон ноолуураа жинлэж шуудайлаад гэрийнхээ хойд талд байх байшиндаа хийгээд цоожилчихдог байсан. Тэрнээс бол ноолуур алдагдаагүй байх. Ямаа самнаж байх үедээ бага багаар нь цуглуулаад байсан байх гэж би бодож байна. ...Надад гомдол байхгүй. Х.Ж манайхаас авсан 3.4 кг ноолуурын үнэ болох 510.000 төгрөгийг надруу шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Сийн “...Эргэл захын зүүн талын контейнерын хажуугаар гарч байхад үл таних хүн араас явж байгаад миний гар утсыг авч баруун зүгт гүйсэн. ...нийт 3 удаагийн гүйлгээгээр 82.350 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байсан. ...... дугаараас манай охин О рүү залгаж ирж утсаа ав гэж хэлсэн байсан. О миний гар утсыг авч ирж өгсөн учраас ямар хүнээс, хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хар өнгийн саравчтай малгайтай улбар шар өнгийн ажлын куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй, бараан царайтай, намхан нуруутай 20 наран насны эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг, Х.Жын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансны хуулга, хохирлын үнэлгээ, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч С.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т.гийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

         Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.

         Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог. Мөн өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

  Шүүгдэгч Х.Жын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

           Харин хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гар утасны гэрэнд байсан банкны картнаас 82.350 төгрөгийг хулгайлан авсан үйлдлийн хувьд хохирлын хэмжээ бага хэмжээний буюу 300.000 төгрөгнөөс доош байх тул гэмт хэрэгт тооцохгүй.

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

  Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд  эрүүгийн хариуцлага тооцохдоо хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Х.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

         Хохирлын хувьд хохирогч Т.Ст 260.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Ж.Дд учирсан хохирол 510.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч Х.Жын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.500 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т овогт Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан 7 сар, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7.500 төгрөгийг улсын орлого болгосугай.

          8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төдбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАЙГАЛМАА