| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02820/И |
| Дугаар | 102/ШШ2021/02969 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/02969
2021 оны 11 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2021/02969 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт бүрдүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч Ж.Дариймаа, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие “Г” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас худалдан авахаар 2020.05.16-ны өдөр захиалгын гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 22 хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр, 16 тоот орон сууцны зориулалттай 38.4 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч төлбөрөө бүрэн төлөөд одоо амьдарч байна. Гэтэл барилгын компани бидний байгуулсан гэрээгээ зөрчин орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Намайг Баянзүрх дүүрэг, 22 хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр, 16 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Д 2020.05.16-ны өдөр Баянзүрх дүүрэг, 22 хороо, 15 хороолол /13341/, Энхтайваны өргөн чөлөө, 101А байр, 16 тоот, 38,4 мкв талбайтай 2 өрөө байрыг захиалж, “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Н.Д гэрээний дагуу орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн, одоо байрандаа амьдарч байна. Бид уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь болохыг хүлээн зөвшөөрч, уг байрны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.Д нь “Г” ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт бүрдүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн, одоо эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлалаа.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй ба харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг эд хөрөнгө нь битүүмжлэгдсэнээс шалтгаалан бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй, одоо шүүхийн тогтоолоор суллагдсан гэж тайлбарлав.
“Г” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг Н.Дтай байгуулан, Баянзүрх дүүрэг, 22 хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр, 16 тоот орон сууцны зориулалттай 38.4 мкв талбайтай 2 өрөө орон сууцныг 49,920,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Талууд гэрээг Захиалгын гэж нэрлэсэн байгаа боловч хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.
Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх орон сууцны эзэмшил ашиглалтыг шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн, худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн байна.
“Г” ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 хороо, 15 хороолол /13341/, Энхтайваны өргөн чөлөө, 101А байр, 5850 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2201102158 дугаарт бүртгэгджээ.
Гэвч талуудын байгуулсан гэрээний 5.4-т зааснаар төлбөрийг бүрэн төлмөгц орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон боловч хариуцагч нь дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 22 хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхээр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д анх удаа улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргахаар зохицуулжээ.
Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаархи хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд ийм мэдээлэлгүйгээр өмчлөх эрх бүртгэгдэхгүй юм.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрхийг бүртгүүлж, гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг өгөх үүргээ биелүүлээгүй байх тул даалгах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 478,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 478,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дыг Баянзүрх дүүрэг, 22 хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр, 16 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны гэрчилгээ гаргахыг хариуцагч “Г” ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 478,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хураамжид хариуцагчаас 478,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ