Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

 

 

 

                                

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

         улсын яллагч Ц.Ц,

         хохирогч У.Х,

         шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн 2419000000240 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашааны гадна талд эхнэр У.Хтай маргалдаж улмаар түүний ... улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хэрэгслээс буух гэж байхад нь хаалгыг нь хүчтэй савж хаасны улмаас эрүүл мэндэд дагзны шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуу, баруун бугуй, баруун алганы ар хэсэгт, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашааны гадна талд эхнэр У.Хтай маргалдаж улмаар түүний ... улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хэрэгслээс буух гэж байхад нь хаалгыг нь хүчтэй савж хаасны улмаас эрүүл мэндэд дагзны шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуу, баруун бугуй, баруун алганы ар хэсэгт, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч У.Хгийн "...2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Ц.Б би Замын-Үүд сум руу явж ажилчдаа авна гэхээр нь би уурлаад чамайг явуулахгүй гээд жаахан маргалдсан. Тэгээд гэрийн гадаа ирэхэд нөхөр Ц.Б гар утсаа өг гэхээр нь өгөхгүй, миний утас гэрт цэнэглэж байгаа гэхэд Ц.Б түрүүлж буугаад явахаар нь миний гар утсыг авах нь гэж бодоод араас нь машинаас буух гэж байхад нөхөр Ц.Б буцаж ирээд миний сууж байсан талын хаалга нээлттэй байсныг савж хаагаад миний нүүрийг хаалганд цохиод хойшоо савагдаж хаалганд хавчуулагдаад ар дагзаараа машины баганад савагдаж толгой хагарсан ба их цус гарч баруун нүд хавдсан. ...Өмнө нөхөр Ц.Б 2019 онд байх миний баруун гарын долоовор хурууг хугалж байсан ба би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Хадам ээж Д.Ц, хадам ах Д.Ж, хадам эгч Д.Д, хадам аав Д.Д нар цохиж зодсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 6-8 ху/, гэрч А.Чийн “...Ц.Б машинаас буугаад явсан. Тэгтэл У.Х Ц.Бтай маргаан үүсгээд машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад буух гээд хаалгаа нээгээд гарах үед Ц.Б буцаж ирээд машины хаалгыг савах үед У.Хгийн толгой хаалганд цохигдож ар талын хаалганы баганыг мөргөж толгой нь хагарч цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/, гэрч Д.Цгийн “...гэртээ ирээд ач хүүхдүүдээ усанд оруулаад байж байтал хүү Ц.Б, У.Х согтуу хэрүүл хийгээд орж ирэхэд У.Хгийн толгойноос цус гарсан байдалтай танай хүүхэд намайг зодсон гээд орилоод Ц.Б луу дайрахад Ж ах жижиг өрөөнөөс гарч ирээд У.Хг хорьж салгах гээд У.Хгийн үснээс татаж нэг удаа цохисон. Тэгтэл хүү Ц.Б шууд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/, гэрч Д.Жны “...У.Х согтуу толгойгоо хагалуулсан байдалтай орж ирээд хэрүүл хийгээд Ц.Б луу дайраад байхаар нь хэрүүл маргаан үүсгэлээ чи гээд У.Хг хориод үснээс нь жаахан татаад мөрний хэсэгт нь зүүн гараараа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/, гэрч А.Бгийн “...Ц.Б буцаж ирээд У.Хгийн машинаас гарах гээд нээсэн хаалгыг буцаагаад савах үед У.Хгийн толгой, нүүр хэсэг нь хаалганд цохигдож толгойн ар хэсгээрээ машины хаалганы баганыг мөргөж толгой нь хагарч цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 25-26 ху/, гэрч Б.Дгийн “...Ц.Б нь У.Х эгчээс хоол унд хийсэн юм уу гэхэд У.Х эгч би 3 хүүхдээ хооллосон, чи өөрөө хоол ундаа хийж ид гэхэд Ц.Б гэнэт үгийн зөрүүгүй У.Х эгчийг үсдээд гараараа толгойн орой хэсэг рүү хэд хэд цохиход Ч ах машинаа зогсооход бараг Ц.Б, У.Х нарын гэрийн гадаа ирсэн байсан. Тэгтэл Ц.Б машинаас буугаад машины урдуур ирээд У.Х эгчийн сууж байсан талын хаалгыг нээгээд Ц.Б У.Х эгчийг зуураад хэд хэд цохих шиг болоод хаалгыг нь саваад У.Х эгчийн толгой хаалганд савагдаад толгой нь хагарсан” гэсэн мэдүүлэг /хх 29-31 ху/, сэжигтэн Ц.Бын “...ажил тарахад эхнэр У.Х нь ирж авсан ба миний ... улсын дугаартай машиныг байрны ах Ч жолоодоод эхнэр У.Х хажууд нь суугаад хойд талд нь байрны ах Батзаяа, У.Хгийн танил дүү Д нар ирэхдээ архи уусан байсан. Би машины хойд талд Б Д нартай хамт суугаад гэр рүү явсан юм. Тэгээд явж байх үедээ эхнэр У.Хд хандаж чи яагаад архи уугаад яваад байгаа юм бэ, хүүхдүүд хаана байна гээд хэрүүл маргаан үүсээд миний өөдөөс ууж байсан ундаагаа цацахаар нь би У.Хд чи чинь мэдрэл муутай юм бэ гээд бас маргалдсан. Тэр үед бараг гэрийн гадаа ирж байсан. Тэгэхээр нь би жолоочийн арын суудал дээрээс машин зогсохоор нь буугаад гэр рүү орох гэж байхад эхнэр У.Х машинаас орилоод над руу дайраад бууж ирэх гэж байхаар нь би буцаж очоод эхнэр У.Х машинаас буух гээд хаалгаа нээгээд хөлөө гаргасан байхаар нь машинаас гаргахгүй гээд хаалгыг нь саваад хаахад эхнэр У.Хгийн толгой нь хаалганд цохигдсон. Гэрт орж ирэхэд У.Х араас орж ирэхэд нь харахад толгойны ар хэсгээс нь цус гарсан байсан. ...Эхнэр У.Х машинаас бууж ирж хэрүүл хийх гээд байхаар нь буцаж очоод машины хаалгыг нь саваад хаасан юм. Тухайн үед хэрүүл маргаан хийгээд уурлаад ийм зүйл хийсэн байна. Одоо дахин ийм зүйл хийхгүй гэсэн мэдүүлэг /хх 38-40 ху/, хохирогчийн биед дагзны шарх, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуу, баруун бугуй, баруун алганы ар хэсэгт, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтлүүд учирсныг тогтоосон 2/219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-50 ху/, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14/120 дугаартай албан бичиг /хх 90-91 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 89 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Бын “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрнө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний эрхийг зөрчсөн зүйл болоогүй. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу” гэсэн мэдүүлэг, хохирогч У.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Бт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.БАЙГАЛМАА