Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/03049

 

 

 

 

 

 

 

      

             

 

 2021 оны 11 сарын 22 өдөр                       Дугаар 102/ШШ2021/03049                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М,

Нэхэмжлэгч: Б ,

Нэхэмжлэгч: Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д” ТӨХК-д холбогдох,

Тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 8,696,933 /найман сая зургаан зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                    

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.М 1992 оны 7 сард Цахилгаан цехийн засварт засварчнаар орж тасралтгүй 34 жил 1 сар ажиллаад 2019.12.25-ны өдөр, Ш.Б нь 1981 оны 7 сард машинт тоноглолын засварчнаар орж 1983-1986 онд цэргийн алба хаагаад 1986 оноос тасралтгүй 33 жил 6 сар ажиллаад 2018.12.14-ний өдөр, Ч.Э нь 1981 оны 7 сард трубины туслах машинистаар орж тасралтгүй 37 жил 9 сар ажиллаад 2018 оны 12 сард тус тус өндөр насны тэтгэвэрт гарцгаасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 3 дугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод Н.М 34,901,332 төгрөгийн, Ш.Б 25,728,000 төгрөгийн, Ч.Э 26,340,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарт дээрх 1 удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо үнийн дүнгийн  10 хувийг суутган авч үлдсэн. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж” гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул хариуцагчаас нэхэмжлэгч Н.Мт 3,490,133 төгрөг, Ш.Бд 2,572,800 төгрөг, Ч.Эд 2,634,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарт өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул хүсэлтийнх нь дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон суутгаж, Баянгол дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн, уг мөнгө манайд байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.М, Ш.Б, Ч.Э нар нь “Д” ТӨХК-д холбогдуулан Тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 8,696,933 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.1-д заасныг зөрчиж 10 хувийн татварыг суутган авсан гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон суутгасан нь үндэслэлтэй, Баянгол дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн, уг мөнгө манайд байхгүй гэж маргав.

                                                                                                  

Нэхэмжлэгч Н.М 34 жил 1 сар, Ш.Б 33 жил 6 сар, Ч.Э 37 жил 9 сар ажиллаад тус тус өндөр насны тэтгэвэрт гарцгаасан, хариуцагч “Д” ТӨХК-ийн захирлын 2019.12.20-ны өдрийн Б/440 тоот, 2018.12.14-ний өдрийн Б/467 тоот, 2018.12.03-ны өдрийн Б/449 тоот тушаалуудаар тус тус хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тэтгэмжийг олгосон, талууд энэхүү тэтгэмжийн тооцооллын хувьд маргахгүй байна.

 

Д” ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан “Хамтын гэрээ”-ний 12.1-д зааснаар нэхэмжлэгч нарт эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдлөмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмжийг олгосон байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр зохицуулжээ.

 

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт олгогдож буй нэг удаагийн тэтгэмжээс тус бүр 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн буюу үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангалаа.

 

Хариуцагчийн тэтгэмжээс суутган авсан 10 хувийг татварын албаны дансанд шилжүүлсэн талаархи тайлбар нь хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид Н.Маас төлсөн 70,793 төгрөг, Ш.Бгээс төлсөн 56,115 төгрөг, Ч.Эаас төлсөн 57,095 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 184,003 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч нарт төлсөн хэмжээгээр олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтланД” ТӨХК-иас Тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 8,696,933 /найман сая зургаан зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин гурав/ төгрөгийг буцаан гаргуулж, Н.Мт 3,490,133 төгрөг, Ш.Бд 2,572,800 төгрөг, Ч.Эд 2,634,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид Н.Маас төлсөн 70,793 төгрөг, Ш.Бгээс төлсөн 56,115 төгрөг, Ч.Эаас төлсөн 57,095 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 184,003 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч нарт төлсөн хэмжээгээр нь тус тус  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ