Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00277

 

М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/001435 дугаар магадлалтай,

 М-ийн нэхэмжлэлтэй

У-т холбогдох

 95,048,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч М-ээс хариуцагч У-т холбогдуулан 95,048,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дугаар зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У-аас 56,891,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-т олгож, нэхэмжлэлээс 38,157,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 442,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/001435 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар У-т холбогдох хохиролд 95,048,200 төгрөг гаргуулах тухай М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,735 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,406 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хэргийн 422.1-д заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ” гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэргийн 318.4-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Бид нар гэрээ хийсэн хийгээгүй дээр маргаагүй байхад давж заалдах шатны шүүх нь “...Иргэний хэргийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэв хариуцагч тухайн агуулахаа түрээсэлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 318.1-д заасны дагуу миний эзэмшилд өгч Иргэний хуулийн 318, 319, 320 дугаар зүйлд заасны дагуу би үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл хариуцагч У нь надад түлхүүр, агуулахаа хүлээлгэж өгөөгүй болон манаач /гэрч О/ нь хүртэл тэдний хүн байсан ба би зөвхөн ногоогоо аваачиж л хийсэн.

Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6, 7 хэсэгт “хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. ...хадгалалтын гэрээний гол нөхцөл нь хадгалагч хадгалуулагчаас шилжүүлж өгсөн эд хөрөнгийг... бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй ...зооринд хадгалах ногоог арчлах мэргэжилтэй байна” гэжээ. Иргэн би зарын дагуу ногоо аваачиж зооринд өгсөн, амьдрал дээр хүлээлгэж өгөөгүй байх ямар ч боломжгүй, тэр тусмаа танихгүй хүмүүст.

Тухайн зоорины хадгалалт хариуцсан хүн нь манаач буюу О юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6 дугаарт О мэдүүлсэн талаар дурдсан байгаа нь үндэслэх хэсгийн 7 дугаарт бичигдсэн зүйлийг үгүйсгэж байна.

О цагдаад мэдүүлэг өгөхдөө М-ээс 1800 гаруй шуудай байцаа хүлээж авсан. 1 шуудай байцаа нь 45-50 кг жинтэй байцаа хүлээж авсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл “ногоог хүлээж аваагүй гэх болон ногоог арчлах мэргэжилтэн нь О байсан болох нь нотлогдож байна. /О нь хариуцагч талын гэрч юм. Надад тухайн үед О юуны талаар юу гэж ярьж байсан бичлэг байгааг шүүх хүлээж аваагүйг анхаарч үзнэ үү/

Давж заалдах шатны шүүхийн “учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй юм” гэх хэсэгт хууль мэдэхгүй улмаас бичиг баримт үйлдэж бичгээр гэрээ байгуулаагүй байж болно. Гэтэл тухайн үед болсон бүх процесс миний гар утсанд зураг болон бичлэг хэлбэрээр хадгалж байгааг анхан шатны шүүхэд өгөх хүсэлт удаа дараа гаргаж байсныг анхан шатны шүүх үл ялих үндэслэлээр зарим нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсанаас зарим нотлох баримт надад үлдсэн учиртай юм.

Тухайн асуудлаар би дүүргийн цагдаагийн газарт хандахад гомдлыг иргэний маргаан байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүхэд хандахад мөн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болголоо. Одоо иргэн би хаана хандаж эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах вэ? Шүүхэд дахин хандвал өмнө хандаж байсан хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр хүлээж авахгүй. Иргэд бид нар хууль нарийн сайн мэдэхгүйгээс ямар ч гэрээ хийсэн байж болно, тухайн гэрээг зөвтгөж эрх зүйн маргааныг зөв тодорхойлж зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг нь шүүхэд байх байтал улам нэмж хүнийг хохироож байгааг ойлгохгүй байна. Иргэн миний 80 гаран сая төгрөгийн үнэлгээ бүхий ногоог хэрэгсэхгүй болгодог юм байж тэгвэл түрээсийн төлбөр гэж хариуцагчид шилжүүлсэн 12,300,000 төгрөгийг юу гэж үзэж байгаагаа давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Ядаж үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа юм биш үү хариуцагч У нь. Би газар ухаж ногоо тариад байгаль цаг уурын байдлаас эрсдэл учирч ургацаа алдаж хэн нэгэн бусдаас нэхээгүй. Худалдаж авсан үнийн дүн, тонн, кг нь тодорхой ногоогоо бусдын хариуцлагагүй байдлаас болж муутгасан ногооны үнээ нэхэмжилж байтал давж заалдах шатны шүүх хохирсон дээрээ хохир гэж залилагч Уыг хариуцлагаас чөлөөлсөн явдалд иргэн хүний хувьд маш их гомдолтой байна. У нь цаашид энэ мэтчилэн олон хүнийг хохироож болох юм байна гэдэг арга зам, мессеж зааж өгсөнтэй адилхан.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх байтал зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянасан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч М-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01288 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 7. Нэхэмжлэгч М нь хариуцагч Ут холбогдуулан 95,048,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Сэлэнгэ аймгаас намрын бөөний үнээр байцаа худалдан авч хавар ногоо үнэ орох үеэр зарах зорилгоор 84 тн 282 кг байцаа худалдан авсан. Тэгээд ногооны зориулалттай зоорь түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Утай холбогдож 2023.10.25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд байцаагаа зөөвөрлөн авч ирж зооринд хийгээд зоорь түрээсийн төлбөрт сард 2,460,000 төгрөгийг түүний Хаан банкны ... тоот дансаар сар бүр төлж хавар 5 дугаар сарын сүүл хүртэл зооринд хийхээр хадгалуулсан.

2023 оны 5 дугаар сарын сүүлээр ирж байцаагаа авах гэтэл ихэнх нь муудсан, худалдах боломжгүй болсон байсан тул хэд хоног хүн хөлсөлж ангилж, ялгаж байж нийт 84,282 тн байцаанаас 10,888 тн байцааг ялгаж зах зээлийн ханшаас маш хямд үнээр буюу 1 кг байцааг 800 төгрөгөөр үнэлж зарсан, ...үлдэгдэл буюу 73,114 тн байцааг зарж борлуулах боломжгүй, муудсан байсан тул арга буюу орхиод байцааны үнийг төлөөд хохиролгүй болгохыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Хавар зоорины байцааны үнэ ханш бөөний үнэ нь 1 кг нь 1300-1500 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнэ 2000-2500 төгрөг байсан.

Иймд Уаас 73 тн 114 кг байцааг 1 кг-ийг 1,300 төгрөгөөр тооцон, нийтдээ 95,048,200 төгрөгийг гаргуулж өгнө үү...”  гэж тайлбарласан,

Хариуцагч У хариу тайлбартаа: “...М нь зарын дагуу агуулах түрээслэхээр холбогдож 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд агуулах түрээсэлж байцаа хадгална гэж хэлсэн. Ногоо хадгалах зорилгоор манай агуулахыг түрээсэлсэн ногоочид өөрсдийн ногоог арчлан хамгаалж, муудсан хэсгийг ангилж цэвэрлэдэг байсан. Гэтэл М нь манай агуулахыг түрээслэн авч ногоогоо байрлуулсан атлаа анх тохирсон ёсоор 2022 оны 12 дугаар сард аваагүй, ногоогоо эргэж тойрч байгаагүй бөгөөд хавар ирж байцайгаа ялган авч, муудаж үлдсэн хэсгийг манай агуулахад үлдээж, дараа ирж авна гээд явсан. Үүнээс хойш М нь дахин ирж муудсан ногоогоо аваагүй бөгөөд бид өөрсдийн хүчээр агуулахаа цэвэрлэж авсан. Миний хувьд агуулах түрээсэлсэн болохоос Мийн өмнө түүний байцааг хадгалах, арчлах үүрэг хүлээгээгүй юм.

Иймд хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн хэмээн 95,048,200 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

7. Анхан шатны шүүх: “...талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан Хадгалалтын гэрээний харилцаа үүссэн, талууд байцаа хадгалсан, уг байцаа муудсан, муудсан байцааг нэхэмжлэгч ялгаж заримыг авч явсан, үлдэх байцааг хариуцагч цэвэрлэж хаясан үйл баримтын талаар маргаагүй, харин зооринд хадгалуулсан байцааны хэмжээ, анх ирэхдээ хайрагдаж муудсан байсан эсэх, хадгалалтын явцад байцаа муудсан эсэх, байцаа муудсан талаар хадгалагч нь хадгалуулагчид мэдэгдэж байсан эсэх нь маргаантай байна. Зооринд байцааг хадгалуулахдаа ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй, байцаа ачиж ирсэн ачааны дагалдах бичиг баримтгүй, шинж байдлыг тодорхойлсон баримт үйлдээгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа байцааны үнийг зөвшөөрөхгүй байгаа боловч 82 тонноор тооцож 1 тонныг 30,000 төгрөгөөр, 1 сард төлөх хадгалалтын төлбөрт 2,460,000 төгрөг, нийт 12,300,000 төгрөг авсан тул 82 тонн байцаа хадгалуулсан гэж тооцож, үүнээс ялгаж авсан гэх 10 тонн 886 кг байцааг хасч үлдэх 71 тонн 114 кг байцааг анх худалдаж авсан үнэ 800 төгрөгөөр тооцож, 56,891,200 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй, ...Харин нэхэмжлэгч нь байцааг хавар худалдах үнээр тооцож хохирол нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтгүй, байцаа хадгалуулсантай холбоотой бусад хохирол нотлогдоогүй тул нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. ...Хариуцагч нь байцааг хадгалахаар зөвшөөрч хүлээн авч хадгалсан, хадгалалтын төлбөрт хөлс авсан тул Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1, 424.2-т зааснаар хохирлыг хариуцах үндэслэлтэй, Иймд хариуцагч Уаас 56,891,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мт олгож, нэхэмжлэлээс 38,157,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх: “...Ногооны зоорь сонирхогчид нэртэй фейсбүүк-ийн группэд тавьсан 61-ийн гарамд ногооны зоорь түрээслүүлнэ 800 тн 88882006 гэсэн зарын дагуу нэхэмжлэгч М нь хариуцагч У-тай холбогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна. Хариуцагч талаас дээр дурдсан зарыг гаргахдаа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар ногооны зоорь түрээслүүлнэ гэсэн гэрээний санал гаргасныг нэхэмжлэгч тал мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт зааснаар саналыг хүлээж авсан байна. Энэ үйл баримт нь гэрч Г.О-гийн ...мэдүүлгээр давхар нотлогдож байна. Түүнээс гадна нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6 дахь хэсэгт зааснаар уг зоорийг түрээслэх биш ногоо хадгалуулахаар гэрээний шинэ санал гаргаагүй. Харин талууд түрээсийн гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийг зөрчсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус байх мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгожээ. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй...” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 8. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, анхан шатны шүүх зохигчийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөрүүтэй шийдвэр гарах үндэслэл болжээ.

9. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь намар хямд үнээр ногоо авч, хавар ногоо үнэ орох үеэр зарах зорилгоор Сэлэнгэ аймгаас байцаа худалдан авч, ногооны зоорь түрээслүүлэх зарын дагуу иргэн У-ын эзэмшлийн хөргүүртэй, стандарт зооринд ногоогоо хадгалуулахаар тохиролцож, хадгалалтын хөлсөнд сард 2,460,000 төгрөгийг төлж, хадгалагч буюу зоорийн манаач нь зоорины температур буюу хэмийг тохируулж, агаар сэлгэлтийг хариуцаж байсан болох нь тогтоогджээ.

Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, улмаар түрээсийн гэрээг амаар байгуулсан нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх үр дагаврыг бий болгосон үндэслэлээр нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч У нэхэмжлэгчид ногоогоо хадгалахад нь зориулж түүний эзэмшил ашиглалтад ямар нэг зоорь хүлээлгэж өгөөгүй бөгөөд өөрийн 800 тн-ын багтаамжтай зоорийн нэг хэсэгт нэхэмжлэгчийн ногоог хадгалахаар буулгасан үйл баримт тогтоогдсон байх тул зохигчийн хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.

10. Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ, гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ, хадгалуулагч эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх, хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.2, 422.4.1, 422.4.2-т тус тус зохицуулсан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хадгалалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Зохигч байцааг зооринд хадгалсан, төлбөр төлж байсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү байцааны хэмжээ, байцаа анх ирэхдээ хайрагдаж муудсан байсан, эсхүл хадгалалтын явцад муудсан эсэх, байцаа муудсан талаар хадгалагч хадгалуулагчид мэдэгдэж байсан эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 10 сард хадгалуулсан байцааны шарлалтыг буулгах зорилгоор 2023 оны 5 сард ирэхэд байцаа муудсан байсан тул энэ талаар хадгалагчид мэдэгдэж, 10 орчим тонн байцааг ялгаж авсан үндэслэлээр үлдэх байцааны үнийг өөрт учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хадгалалтын хөлс төлж байсан хэмжээгээр хадгалуулсан байцааны хэмжээг 82 тн гэж тооцож, үүнээс ялгаж авсан 10,886 кг байцааг хасч, үлдсэн буюу гэмтэж, хохирол учирсан гэх байцааны хэмжээг 71,114 кг гэж тооцсон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Улмаар хохирлыг тооцохдоо 1 кг байцааны үнийг анх худалдаж авсан 800 төгрөгөөр үнэлж, нийт хохирлыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч хадгалсан ногоо гэмтэхэд зохигчийн хэн аль нь ямар буруутай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг хадгалагч авах үүрэгтэй гэж заасан.

Хадгалагч буюу хариуцагч нь хадгалуулагч буюу нэхэмжлэгчид хадгалсан ногооны муудаж байгаа байдлын талаар удаа дараа мэдэгдэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 01 сараас хойш өөрийн хадгалуулсан ногоогоо тухай бүр ирж үзээгүй бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй нь түүнд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн, зохих буруутай гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.

Иймд анхан шатны шүүхээс тогтоосон хохирол 56,891,200 төгрөгийн 40% болох 22,756,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/001435 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56,891,200...” гэснийг “...22,756,480...” гэж, “...38,157,000...” гэснийг “...72,291,720...” гэж, 2 дахь заалтын “...442,406...” гэснийг “...271,732...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч М-ийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД