Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

 

        

                    

  

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.Д,

         шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 2419000000199 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.О

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.О нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Д.Сын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банк аппликейшн буюу кибер орчинд хууль бусаар халдаж, тухайн бүртгэлийг ашиглан 268.400 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Д.Сын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны интернэт банк аппликейшн буюу кибер орчинд хууль бусаар халдаж, тухайн бүртгэлийг ашиглан 268.400 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Сын "...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний ... тоот данснаас 30.000 төгрөг, ... тоот данс руу Enhriilen0000 утгаар шилжүүлсэн байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... данс руу Hurd0000 утгаар 30.000 төгрөг шилжүүлсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ... тоот данс руу Hurd0000 гэх утгаар 120.000 төгрөг, 04 дүгээр сарын 22-ны өдөр 22:48 цагт 88.400 төгрөг 5381225162 тоот данс руу шилжүүлсэн байна. Тухайн гүйлгээнүүдийг би мэдэхгүй байна. Миний данснаас хэн нэгэн аваад байна. ...Миний данснаас 2024 оны 04 дүгээр сарын 05-наас хойш нийт 4 удаагийн нийлбэрээр 268.400 төгрөгийг миний мэдэхгүй зарлага гарсан. Тухайн мөнгийг Ц.О авч хэрэглэсэн байна. Би 268.400 төгрөг дээрээ нэмж замын зардал нааш, цааш явсан зардал 131.600 төгрөг бодож Ц.Оаас нийтдээ 400.000 төгрөг авахаар болсон" гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/, Д.Сын Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-10 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 55 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Оын “...Гэм буруугаа ойлгож байгаа, маргахгүй. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрнө. Хохирол төлсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Оын үргэлжилсэн үйлдлээр кибер орчинд хууль бусаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.От танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ст 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Ц.От тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ үүргээ биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.БАЙГАЛМАА