Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03083

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр                 Дугаар 102/ШШ2021/03083                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тд холбогдох,

Гэрээнээс татгалзаж, 1,000,000 /нэг сая/ төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, хариуцагч З.Т, нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2021.10.22-ны өдөр “Ремакс” зуучлалын компанийн ажилчнаар зуучлуулан Май таун хотхоны 65 мкв байрыг үзэхээр очиход З.Т байрыг үзүүлсэн. Үнэ буулгая, 1,0 сая төгрөг шилжүүл гэж зуучаар дамжуулан хэлсэн. Мөн байр ямар нэг өр, төлбөргүй гэхэд нь итгээд 2021.10.23-ны өдөр Хаан банкны дансанд нь шилжүүлсэн. Маргааш нь банкнаас ашиглалтын зардлыг шалгуулахад СӨХ болон бусад зардалд 1,048,000 төгрөгийн нэхэмжлэл гарч ирсэн, мөн Рэнчиндорж гэдэг хүний байр байсан. Би эргэлзэж байр худалдан авахаа болилоо гэдгээ зуучид хэлсэн чинь З.Т 1,0 сая төгрөгийг буцаан өгөхгүй тухай утсаар мэдэгдсэн. Иймд миний 1,0 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021.10.20-ны өдөр байраа заруулахаар “Ремакс” зуучлалын компанитай гэрээ байгуулж тухайн өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд зар байршуулсан. Маргаашнаас нь олон хүмүүс ирж үзэж байсны дотор М аав ээж гэх хүмүүс бэлэн мөнгөнд авья гэсэн санал тавиад гарсан. Өдөр дүү нь гэх хүн орж ирээд мөн адил бэлэн мөнгөнд авья үнээ буулгаач гэсэн. Маргааш нь 10.23-ны өдөр зуучаар дамжуулж 187,0 сая төгрөгт өгвөл авмаар байна гэж хэлүүлсэн байсан. Бид үндсэн үнэ 189,0 сая төгрөгөөс буулгахгүйгээр 12,0 сая төгрөгөөр хийлгэсэн тавилгаа дагалдуулан өгье гэхэд зөвшөөрч байрыг худалдан авахаар болж биднийг зараа устга, өөр хүнд битий үзүүлээрэй гэж барьцаа 1,0 сая төгрөгийг Хаан банкны 5077458477 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед байр авахгүй болсон тохиолдолд барьцааг буцааж өгөхгүй гэж сануулж хэлүүлсэн. Манайх Мезом ХХК уул уурхайн компанид машинаа түрээсээр явуулдаг, дахин машин нэмж явуулахаар болж байраа зарж том ачааны машин аваад 2021.11.01-с сарын 8,8 сая төгрөгөөр уурхайд явуулахаар тохиролцсон байсан тул бэлэн мөнгөөр яаралтай зарах хэрэгтэй байсан. Барьцаа байршуулсан учир буцааж авахгүй нөхцөлтэй ярилцаж тохирсон учраас бид байраа зарагдсанд тооцож зараа устгаж өөр хүнд үзүүлэхгүй хадгалж байсан. Өөр бэлэн мөнгөнд авахаар санал тавьсан хүмүүс байгаа гэдгийг хэлж сануулж лавлахад ямар ч асуудалгүй гэсэн. Байраа шилжүүлье, банкнаас чөлөөлж өгнө гэж хэлэхэд авах хүмүүс нь 10.25-нд ирнэ хүлээж байгаарай гэсэн. Ингээд хөдөөнөөс хүмүүс нь ирж үзээд маргааш өглөө 9 цагт банкин дээр уулзаад чөлөөлөөд авья гэж тохирсон. Өглөө 9 цагт залгахад өдөр уулзаад шилжүүлье гэж хэлсэн. Өдөр нь зуучаар байр авахаа болилоо, өөр байр авахаар болсон гэж хэлүүлсэн байсан. Бид бэлэн мөнгөнд авья гэж гуйж байсан хүмүүс рүүгээ ярихад аль хэдийн өөр байр сонгосон гэсэн хариу өгсөн. Энэ байдлаас болж бид машинаа явуулж орлого олох боломжоо алдсан. Би уг байрны хууль ёсны өмчлөгч мөн байхад өөр хүний нэр дээр байгаа банкинд СӨХ байрны төлбөрийн үлдэгдэлтэй гэх хаанаас олсон нь тодорхойгүй, баримтгүй худал мэдээлэлд үндэслэн тохиролцоогоо зөрчин 1,0 сая төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.М нь З.Тд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 1,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ банкинд байр, СӨХ-ны төлбөрийн өртэй байсан тул орон сууц худалдан авах хэлцлээсээ татгалзаж, урьдчилгаа мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь олон хүн авах гээд холбогдсон, зараа устга гээд барьцаа 1,000,000 төгрөг авсан, байр авахаа боливол буцааж өгөхгүйгээр тохирсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна. 

 

Нэхэмжлэгч нь 2021.10.22-ны өдөр зуучлалын компаниар зуучлуулан Баянгол дүүрэг, 27 хороо, Май таун хотхон, 112 байр, 91 тоот, 65 мкв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар хариуцагчтай хэлцэл хийн, түүний хүсэлтийн дагуу урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хийгдсэн, урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан ба дээрх хэлцлийн нөхцөл, агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрэнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь зуучаар дамжуулан хэлцлээсээ татгалзсан талаар хариуцагчид мэдэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч нь буцааж авахгүй нөхцөлтэй тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч ямар үндэслэлээр тохиролцсон болон ямар хохиролд тооцсоныг тодорхойлж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 28,850 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцаас хураамжид 28,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Таас 1,000,000 /нэг сая/ төгрөг буцаан гаргуулж, Мд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 28,850 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцаас хураамжид 28,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ