Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

                                

   

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

         улсын яллагч Б.Д,

         хохирогч Х.Ө,

         хохирогчийн өмгөөлөгч Э.Э,

         шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 2419000000207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, жолоочийн овооны орчим Х.Өтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүү ясны хоёрлосон далд хугарал, доод буйлны мэдрэлийн тасрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Г.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа зөвшөөрнө. Х.Өт учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Мөнгөн дүн хэлээгүй ч надаас 30.000.000 төгрөгөөс дээш хохирол нэхсэн. Би уул нь 10.000.000 төгрөгийг шилжүүлж өгье гэсэн. Тэгтэл хүлээж аваагүй, өөртэй нь холбогдож чадаагүй байсан. Хадам аавтай нь холбоотой байсан. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. Бид хоёрын хооронд өр зээлийн асуудал байгаа баримтаар нэхэмжилсэн 3.757.398 төгрөгийг төлье. Торгуулийн ял аваад хохирлоо төлмөөр байна. Дэлгүүрийн орлого дээр санал нийлэхгүй байна. Хохирогч морь уядаг. Морь дагаад л дэлгүүрээс хөндий байдаг хүн. Миний буруутай үйлдлээс дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон гэдэгт санал нийлэхгүй байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Х.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 04 дүгээр сарын 21-нд сунгаанд оролцоод буцаж явж байхад Жолоочийн овоон дээр хүрээд ир гэсэн. Тэгээд очоод мөнгө төгрөгийн асуудлаас болж маргаан болсон. Намайг өдөж байгаад миний эрүү рүү 1 цохиж, хавсарч унагаасан юм. Одоо ч эрүү мэдрэл байхгүй байгаа. Одоо зүү эмчилгээ хийлгэнэ. Нотлох баримтттай эмчилгээний зардал 3.757.398 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, нийт 18.757.398 төгрөг нэхэмжилсэн. Одоо шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримтыг гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Манайх дэлгүүр ажиллуулдаг байсан. Би ачаагаа татах, буулгах бүх ажлаа хийдэг байсан. Энэ хэргээс болж манай дэлгүүр хаагдсан. Хэрэг болсон өдрөөс хойш дэлгүүрийн 1 өдрийн орлого 5.351.153 үүнээс цэвэр ашиг 1.070.230 төгрөгөөр тооцож 30 хоногоор тооцож 32.106.900 төгрөгийн орлого нэмж нэхэмжилж байна. Ингээд нийт 50.864.298 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

            -Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6030 дугаартай дүгнэлтэд:

            1.Х.Өын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, доод буйлны мэдрэлийн тасрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,

          - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 606 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

         1. Х.Өын сэтгэцэд 2024 оны 04 сарын 21-ний өдөр болсон гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.

         2.Х.Өын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

         3.Х.Өын сэтгэцэд учирсан хор уршгийн шалтгаан нь гэмт хэргийн улмаас ажил амьдралын хэвийн байдал түр хугацаанд алдагдах болон эрүүл мэндийн хувьд өвдөлт зовиур мэдэрч байгаатай холбоотой байна.

         4.Х.Өын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд  хамаарч байна.

         5.Шинжилгээний явцад мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд багтаагүй боловч хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэхүйц ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэсэн дүгнэлт /хх 37-39 ху/

          -Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 18 ху/,

          -Хохирлын баримт /хх 67-70, 75-107 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-28, 31-32 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, жолоочийн овооны орчим Х.Өтай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүү ясны хоёрлосон далд хугарал, доод буйлны мэдрэлийн тасрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Эгийн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа зөвшөөрнө. Х.Өт учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. ...Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Өын “...2024 оны 04 дүгээр сарын 21-нд сунгаанд оролцоод буцаж явж байхад Жолоочийн овоон дээр хүрээд ир гэсэн. Тэгээд очоод мөнгө төгрөгийн асуудлаас болж маргаан болсон. Намайг өдөж байгаад миний эрүү рүү 1 цохиж, хавсарч унагаасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.Өын “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр надаас 500.000 төгрөг зээлээд өгөхгүй байхаар нь чатаар мөнгөө нэхэж муудсан. 500.000 төгрөгийн 350.000 төгрөгийг өгөөд үлдсэн 150.000 төгрөгийг нэхээд өгөхгүй болохоор нь дугуй зайл банди минь гэж хэлээд, тэгээд намайг банди гэж хэллээ гээд зүүн хацар руу цохисон. Тэгээд дахиад хавирч унагаагаад заамдаад дээрээс дарахаар нь эрүү хугарчихлаа больё гэсэн. Тэгээд Г.Э явсан” гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, хохирогчийн биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, доод буйлны мэдрэлийн тасрал, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 6030 дугаартай дүгнэлт /хх 20-21 ху/, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 18 ху/, хохирлын баримт /хх 67-70, 75-107 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-28, 31-32 ху/ зэрэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

          Шүүгдэгч Г.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 2.490.350 төгрөг, шатахууны зардал 1.267.048 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг, нийт 18.757.398 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “дэлгүүрийн үйл ажиллагаа алдагдаж зогссон” гэж тайлбарлан 32.106.900 төгрөгийг нэмж, нийт 50.864.298 төгрөг нэхэмжилж нотлох баримтуудыг ирүүлсэн байна. 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

         Шүүгдэгч Г.Э дээрхи нэхэмжлэлтэй танилцаад “нотлох баримтаар /хх 67-70ху/ гаргаж өгсөн эмчилгээний 3.757.398 төгрөгний нэхэмжлэлийг төлөхийг, мөн сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхийг тус тус зөвшөөрч байна. Харин дэлгүүрийн орлого дээр санал нийлэхгүй байна. Хохирогч морь уядаг. Морь дагаад л дэлгүүрээс хөндий байдаг хүн. Миний буруутай үйлдлээс дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон гэдэгт санал нийлэхгүй” гэсэн тайлбарлыг гаргаж байна. 

         Шүүх дээрхи нэхэмжлэлээс эмчилгээний зардал 2.490.350 төгрөг, шатахууны зардал 1.267.048 төгрөг, нийт 3.757.398 төгрөгний нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

        Хууль Зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл Мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан.

         Хохирогчийн хувьд сэтгэцийн гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 606 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч, энэ шинж нь хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд  хамаарч байгаа болохыг тогтоосон байна.

         Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчид учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин /660.000х12.99/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогчоос нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дэлгүүрийн үйл ажиллагаанаас олох ашиг гэж 32.106.900 төгрөгийг нэхэмжилж, энэ талаараа “…дэлгүүрийн 1 өдрийн орлого 5.351.153 төгрөг, үүнээс цэвэр ашгийг тооцоход 1.070.230 төгрөг болдог, үүнийг 30 хоногоор үржүүлж 32.106.900 төгрөгийн орлого олох ёстой байсан” гэж тайлбарлаж, нотлох баримтаар нийгмийн даатгалын байцаагчийн 2022 оноос хойш тайлан тооцоогоо хийдэг талаарх тодорхойлолт, тус суманд 8 нэрийн хүнсний дэлгүүрийг тогтмол ажиллуулж байгаа талаарх Хатанбулаг сумын ЗДТГ-ын тодорхойлолт, Хаан банкны постой болох талаарх тодорхойлолт,  дансны хуулга зэрэг 35 хуудас баримтыг ирүүлсэн байна.

          Гэвч эдгээр баримтуудыг үндэслэн дэлгүүрээс олох ашгийг тооцох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.      

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс эмчилгээ болон шатахууны зардал 3.757.398 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 8.573.400 төгрөг, нийт 12.330.798 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Өт олгож, нэхэмжлэлээс 32.106.900 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 6.426.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Г.Эгээс хохиролд 12.330.798 /арван хоёр сая гурван зуун гучин мянга, долоон зуун ерөн найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Х.Ө-д олгож, нэхэмжлэлээс 32.106.900 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 6.426.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАЙГАЛМАА