Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03882

 

 

 

 

 

 

2021 11 25

101/ШШ2021/03882

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух  А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух Э-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие 2014 онд Э.Этой танилцан улмаар 2018 оны 12 сарын 26-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг амьдрах хугацаанд 2015 оны 2 сарын 15-ны өдөр охин Э.Э, 2019 оны 1 сарын 04-ний өдөр хүү Э.С нар төрсөн.

Хамт амьдрах хугацаанд зан харилцааны тааламжгүй байдлууд гарах болсон. Э.Э нь зугаа цэнгэлд дуртай, уухаараа элдэв ааш зан гаргадаг. Тодорхой хэмжээний хүчирхийлэл үйлддэг байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц хэмжжээнд хүрсэн тул бид хоёр ярилцаж 2020 оны 11 сараас тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хоёр хүүхэд миний асрамжинд байсан бөгөөд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага бүхий өөрчлөгдсөн зүйл гараагүй.

Одоо бид тус тусын амьдралтай цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжинд минь үлдээж өгнө үү.

Хүүхдийн тэтгэлгийн тухайд бид харилцан тохиролцож эцэг Э.Эоос Э.Э, Э.С нарын тэтгэмжинд сар бүр 1,000,000 төгрөгийг сар бүр өгөхөөр болсон тул харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бүх зүйл надаас болсон байх. Гэхдээ гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн харилцан тохиролцсоны дагуу сар бүр хүүхэд тус бүрт 1,000,000 төгрөгийг төлнө. Хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх хүсэл зориг байхгүй байна. Амьдрал баян тул эргээд амьдрах үе гарвар тэр үедээ хоорондоо тохиролцоод болох байх.

Иймд гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг эхийн арсаминд үлдээж, тэтгэлэгийг харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Э.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон ирээдүйд гарах зардлын талаар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхээр баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч А.А, хариуцагч Э.Э нар нь 2014 онд танилцан гэр бүл болсныг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагаас №... дугаарт бүртгэсэн байна. /х.х-ийн 11 дүгээр тал/

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах үндэслэлийг бие мах бодь болон сэтгэл санааны хүчирхийлэлийг удаа дараа гаргадаг. Энэ үйлдэл нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 346 дугаартай ажиллагаагаар гэрлэгчидийн хэн алиных нь хүсэл зоригийг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 6 дугаар тал/

Иймд талуудын хүсэл зоригийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А.А болон Э.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлт цуцлагдсан ч хүүхдүүдийн хувьд тэдгээрийн эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Хүүхдүүдийн асрамжийн тухайд,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу /гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжинд үлдээх... тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно/ тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэх эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Эийн Э, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Эийн С нар төрж, өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, №, № дугаартай төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 7, 9, 10 дугаар тал/

Нэхэмжлэгч, хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нарыг эх А.Агийн асрамжинд үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эхийн хувьд хүүхдийг түүний асрамжинд үлдээн шийдвэрлэхэд зан байдал болон эдийн засаг, ёс суртахууны хувьд харшлах зүйл тогтоогдоогүй болно.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Э.Эийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн зарчимд нийцнэ гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно гэж тус тус зааснаар эцгийн зүгээс хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд эх А.А саад болох үндэслэлгүй болохыг, мөн эцэг Э.Э нь хуульд заасан үүргээ гүйцэтгэхдээ хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, эцэг байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38.2-т Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж заасан.

Гэрлэгчид харилцан тохиролцож 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд энэ гэрээг шүүхээс баталгаажуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Учир нь талууд гэрээгээр тодорхойлох боломжгүй ирээдүйд гарах сургалтын төлбөр болон бусад зардлуудыг төлнө гэж тохиролцсон нь шүүхийн шийдвэр бодитой байх, биелэгдэх боломжтой байх зарчимд нийцэхгүй байна.

Харин эцэг Э.Э нь Э.Э, Э.С нарын тэтгэмжид сар бүр 1,000,000 төгрөгийг хүүдүүдийг насанд хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон хуульд нийцэж байна.

Иймд талуудын тохиролцсоны дагуу эх А.Агийн асрамжинд байгаа Э.Э, Э.С нарт сар бүр 1,000,000 төгрөг буюу хүүхэд тус бүрт 500,000 төгрөгийн тэтгэлэг тогтоон эцэг Э.Эоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  А,  Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С нарыг эх А.Агийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Э /УЛ15221564/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.С /УР19210490/ нарт 18 нас хүртэл нь сар бүр хүүхэд тус бүрт 500,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулж эцэг Э.Э тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргалд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА