Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00307

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2021/00307

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******т холбогдох

“Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Б.Д-д ноогдох 10,500,204 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00964/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Миний бие Б.Д тус байгууллагад 2009-2020 он хүртэл нийт 12 жил ажилласан. Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь манайх төрийн өмчит ******* биш гээд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламжийг төсөвт тусгуулж гаргаж өгөхгүй байна. Би 2019 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж хүсэлт илгээсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдотйн №1/3716 дугаартай хариу албан бичигт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын төсөвт үйлдвэрийн газраар бүртгүүлэн №000131*** дугаар гэрчилгээ авч 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ 5 жил, түүнээс 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасан тул 2020 оны 11 дүгээр сарын 28-нд нэр бүхий ажилтнуудын нэг удаагийн тусламж авах эрх үүсэхээр байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь бидэнд 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргаж өгөхгүй байгаад би гомдолтой байна.

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн буцалтгүй тусламжаас 5,000,000 төгрөг орж ирсэн.

Иймд Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газраас 36 хүртэл сарын буцалтгүй тусламжийн үлдэгдэл мөнгө болох тус байгууллагын ажилтан Б.Д-д ноогдох 5,500,204 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Д *******ын Захирагчийн ажлын албаны дарга Г.Б 2009 оны 11 сарын 20ны өдрийн 24-р тушаалын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгчээр томилогдон ажилласан байна. 2014 онд ХХЗАА-ны төрийн үйлчилгээний ажилтануудыг “Ховд Эрч хүч” ОНӨААТҮГ-т нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсны дагуу “Ховд Эрч хүч” ОНӨААТҮГ-н даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №6 тушаалаар ажилчдыг томилсон шийдвэр гаргасан. “Ховд Эрч Хүч” ОНӨААТҮГазрыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 75 тогтоолоор татан буулгаж мөн өдөр ******* ******* ******* үүсгэн байгуулагдсан. Б.Д улсад 28 жил ажиллаж, үүнээс ******* ******* *******т 10 жил 2 сар ажиллаж байгаа. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч Ховд аймгийн төрийн сангийн мэргэжилтэн Батнасан Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг орон нутгаас нэг хүнд 5,000,000 /таван сая/ төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэр гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ******* *******т 2009 оны 11 дүгээр сард ороод, 2021 онд тэтгэвэртэй гарсан. Улсад ажилласан 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байсан тул шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр насны тэтгэвэрт гарахад 36 сарын дундажтай тэнцэх хэмжээний удаагийн буцалтгүй тусламж олгож өгнө үү гэж нийт 10,500,204 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас 5,000,000 төгрөгийг нэхэмжилэгчид олгосон учраас 5,500,204 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Б.Д-ийн хувьд төрд ажилласан жилийн хувьд 20 жил болж байгаа. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн цалин хэмжээ нь 447,282 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг шаардах эрхтэй. Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын төсөвт үйлдвэрийн ******* болж Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон тул дээрх байдал нотлогдож байна. Иймд хариуцагч байгууллагаас нэг удаагийн буцалтгүй тусламж болох 4,545,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Д анх шүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******т холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Б.Д-д ногдох 10,500,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,545,640 төгрөг гаргуулахаар өөрчилж, буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

Нэхэмжлэгч Б.Д нь Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь “Б.Д нь улсад 28 жил ажиллаж, үүнээс ******* ******* *******т 18 жил ажилласан. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн Төрийн сангийн хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг, орон нутгаас нэг хүнд 5,000,000 төгрөгний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасны дагуу уг мөнгөн тэтгэмжийг олгосон...” гэжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын эрх зүйн байдал, хариуцлагын хэлбэрийн хувьд:

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00013*** дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцлагын хэлбэр нь Улсын төсөвт үйлдвэрийн *******, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь ******* суурин газрын хог тээвэрлэх, устгах, ногоон байгууламжийн тохижилт, арчлалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг угсралт, зам талбайн тохижилт, үйлчилгээ гэж тус тус тэмдэглэгдсэн байна./хх-ийн 61 хуудас/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...Төрийн өмчит үйлдвэрийн ******* гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн ******* орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн *******, улсын төсөвт үйлдвэрийн ******* гэж ангилна..., мөн хуулийн 15.3-т ...Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн ******* гэнэ... гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* нь Улсын төсөвт үйлдвэрийн ******* болохын хувьд улсын төсвөөс санхүүждэг, үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хувьд зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааг эрхэлсэнээр өөрийн үйл ажиллагаанаасаа ашиг, орлого олдоггүй бөгөөд төрөөс санхүүжилтээ бүрэн авдаг, төсвийн байгууллага байна. Энэ нь, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ховд-Эрч хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай 75 дугаартай тогтоол, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* ******* газрын бүтэц, орон тоог батлах тухай А/288 дугаартай захирамж, түүний хавсралт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* ******* ******* байгуулах тухай А/232 дугаартай захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/19 дугаартай захирамж, түүний хавсралт, Ховд аймгийн ******* ******* газрын 2019 оны төсвийн төсөл, 2020-2022 оны төсөөллийн нэгтгэл, 2020-2021 оны төсвийн төслийн хөтөлбөр, арга хэмжээ, төсөөллийн хөтөлбөр, цалин, нэмэгдэл цалин ба нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв, ******* ******* газрын 2020 оны төсвийн шууд зардлын хуваарилалт, ******* ******* газрын цалин, нэмэгдэл цалин ба нийгмийн даатгалын шимтгэлийн баримтуудаар баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн тул Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т заасан төсвийн байгууллага болох нь нотлогдож байна. /хх-ийн 29, 125-126, 113, 117, 118, 119, 120 хуудас/

Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын албан хаагчид төрийн албан хаагч мөн эсэх тухайд,

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг...,” 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна...,” 14.1.1-т “...Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал...” гэж тус тус тодорхойлсноос үзэхэд ******* ******* *******т ажиллаж байсан, ажиллаж байгаа ажилтан нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна.

Энэ нь Ховд хотын Захирагчийн ажлын албаны даргын 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажилд түр томилуулах тухай” 24 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Б.Д-г цэвэрлэгчээр томилж, 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 13 дугаар тогтоолын дагуу цалинжуулж байснаар, “Ховд-Эрч хүч” ОНӨААТҮГазрын захирлын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон ажиллуулах тухай” 1/6 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Б.Д-г цэвэрлэгч, үйлчлэгчээр томилж, 3 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай” 14 дугаартай тушаалын 2 дахь заалтаар Б.Д-г цэвэрлэгч, үйлчлэгчээр томилж, 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар, 2020 онд олгож байсан цалингийн хүснэгтээр тус тус тогтоогдож байх тул Б.Д ******* ******* *******т ажиллаж байсан хугацаанд төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж, уг чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс ТҮ-1 цалингийн шатлалаар цалин хөлс авч байсан гэж дүгнэлээ. /хх-ийн 109, 119, 122 хуудас/

Нэхэмжлэгч Б.Д-ийн төрийн албанд ажилласан хугацааны хувьд:

-Б.Д нь 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд угсрагчаар ажилласан хугацаа нь 8 жил 9 сар 4 хоног,

- Ховд хотын Захирагчийн ажлын алба, “Ховд-Эрч хүч” ОНӨААТҮГазар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* *******т тус тус 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр 11 жил 01 сар 11 хоног,

- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг баталсан 7 дугаар тогтоолын 3.1.12-т зааснаар ажилласан жилийг нөхөн тооцуулснаар төрийн албанд ажилласан 8 сар,

Нэхэмжлэгч Б.Д төрийн албанд нийт 20 жил, 5 сар, 05 хоног ажилласан болох нь Ховд аймгийн Ховд аймгийн Барилга угсралтын трестын даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 175 дугаартай тушаал, 1995 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалын хуулбарууд, Б.Д-ийн нэр дээрх №166*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №А000103*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 110-112, 141-142/

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байх ба дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Д нь төрийн албанд нийт 20 жил ажилласан тул энэ журмын шаардлагыг хангасан гэж үзнэ.

Мөн уг журмын 2.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно, 2.2-т үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тус тус зохицуулсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн дундаж цалинг тооцож ирүүлсэн түүврээр нэхэмжлэгчийн 2018, 2019, 2020 онуудын 1 сарын дундаж цалин нь 477,282 төгрөг байх бөгөөд (20 жил*1 сарын дундаж цалин 477,282 төгрөг)= 9,545,640 төгрөгний тэтгэмж олгогдохоор байна. Үүнээс нэхэмжлэгчид хариуцагч байгууллага 5,000,000 төгрөгийг олгосон байх тул энэхүү 5,000,000 төгрөгийг хасч 4,545,640 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүхээс уг шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт хийгээгүй болохыг дурдвал зохино.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Д нь анх 10,500,204 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрч, 5,000,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар багасгасан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хөнгөлж гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* газраас Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 4,545,640 (Дөрвөн сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун дөч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

2. Нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт суулгуулах тухай,   нэхэмжлэлийн шаардлагаас 5,954,464 гаргуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзсныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,953 /нэг зуун наян хоёр мянга есэн зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* газрын санхүүгээс  135,155 /Нэг зуун гучин таван мянга нэг зуун тавин тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН