Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2021/00323

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2021/00323

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ц” ХХК 

Хамтран хариуцагч: М.Д,

Хамтран хариуцагч: П.Х нарт холбогдох,

“Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004***, №000203***, Г-1617000***, №000241*** үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Ц” ХХК-иас гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 153/2020/00998/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э /онлайн/, хамтран хариуцагч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай хүргэн болох П.Х нь "Ц" ХХК-ийн Ховд салбарт борлуулагчаар ажилд орохын тулд таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гээд аваад явсан. Би тухайн үед энэ үгний утга учир, үр дагавар, хор уршгийг нь мэдэлгүй хүргэн ажилд ороход хэрэг болсон юм байх гэж бодоод өгөөд явуулсан. Сүүлд нь надаар нэг бичиг дээр гарын үсэг зур гээд манай хүргэн, хүргэнийг ажилд авч байгаа хүн хоёр ирээд гарын үсэг зуруулаад явсан. Манай хүргэн Ц ХХК-д ажиллаж байхдаа их хэмжээний өрөнд орсон юм билээ. Энэ асуудлаас болж манай хүргэн охин хоёр хоорондоо маргалдаж их л бухимдалтай байснаас болж охин минь нас барсан. Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн бичиг баримтаа авах гэхээр Ц ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын V-1617004***, №000203***, Г-1617000***, №000241*** дугаартай үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээг өгөхгүй байна. Учир нь та манай компанид барьцаанд өгсөн гэсэн хариу хэлсэн. Барьцааны гэрээг хотод байдаг охиноороо дамжуулж байж Ц” ХХК дээр нь очоод гар утсаараа дарж авсан бөгөөд энэ барьцааны гэрээний хувь нь ч надад байхгүй, юу болоод байгааг миний бие нь одоог хүртэл ойлгохгүй яваад байна.

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №19/07 дугаартай Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Миний хөрөнгийг барьцаанд тавихдаа учир холбогдлыг нь тайлбарлахгүйгээр гарын үсэг зур гэсэн тэгээд би зурсан. Хүргэн П.Х-аа итгээд л зурсан болно. Энэ барьцааны гэрээнээс харахад гэрээг Улаанбаатар хотод хийсэн харагдаад байх юм. Би Улаанбаатар хот руу яваагүй. Иймд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №19/07 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004***, №000203***, Г-1617000***, 000241*** дугаартай үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээг Ц ХХК-аас гаргуулан өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Шүүхийн үзлэгээр хэрэгт авагдсан нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаартай 2019 оны 05 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг баталсан үйлдлийг бүртгэсэн бүртгэлд зурагдсан Ч.Д гэсэн гарын үсэг нь биш, мөн тухайн нотариатын үйлдэл хийгдэх үед Ч.Д биечлэн байгаагүй, Нотариатын тухай хуульд заасан нотариатын үйлдэл хийх журмуудыг зөрчсөн, хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн хөрөнгө өмчлөгчийн өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл, зөвшөөрөлгүйгээр нотариатын үйлдэл хийгдсэн байна. Иймд 2019 оны 05 сарын 07-ны өдрийн нотариатын Бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 тамганы дугаартай Нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч “Ц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Д-оос манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайд: Нэхэмжлэгч Ч.Д-ийн хүргэн П.Х нь манай компаниас болон компанийн гэрээт борлуулагчаас нийт 10,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч борлуулахаар харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар 01-ний өдөр №19/07 дугаар Борлуулагчийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан улсын бүртгэлийн Ү-161 7004*** дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Алагтолгой багийн 8-25 тоот хаягт байрлах 50.4 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1617000*** дугаарт бүртгэлтэй 1350 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулж 2019-05-07-ны өдөр №19/07 дугаар барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахад Ц” ХХК-ийг төлөөлж хөдөө орон нутаг хариуцсан супервайзер А.А, үндсэн үүрэг гүйцэтгэгч П.Х болон барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч Ч.Д нар оролцсон бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурж, хуульд заасан журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Ийнхүү №19/07 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг бүрэн хангасан тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан гэдгээ нэхэмжлэлд маш тодорхой дурдсанаас үзэхэд тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, уг гэрээний учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож, ухамсарлаж, барьцаалуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг харуулж байна.

Хоёр. Барьцаа хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулах шаардлагын тухайд: Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Барьцаалуулагч эсвэл үндсэн үүрэг гүйцэтгэгч барьцаалагчийн шаардлагыг бүрэн хангасан, эсвэл үндсэн гэрээ буюу борлуулагчийн гэрээ дуусгавар болсон бол барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийн гэрчилгээний эх хувийг барьцаалуулагчид буцаан олгохоор талууд тохиролцсон. Гэтэл үндсэн үүрэг гүйцэтгэгч П.Х нь борлуулагчийн гэрээгээр ажиллах байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж компанид 28,185,833 төгрөгийн өр төлбөртэй болсон ба тэрээр уг өр төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 153/Ш32020/00439 дүгээр захирамжаар баталгаажуулсан. Ийнхүү үндсэн үүрэг гүйцэтгэгч нь барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу барьцаалагчийн шаардлагыг бүрэн хангаж компанид төлөх өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй тул барьцаалуулагчид барьцаа хөрөнгийн гэрчилгээг буцаан өгөх үндэслэлгүй байна.

Гурав. Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн үндэслэсэн тус зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхтэй холбоотой хэрэгт хамаарах бөгөөд энэхүү хэрэгт хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээний эрх зүйн маргаантай асуудлаар шүүхэд хандахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан нутаг дэвсгэрийн харьяалалыг зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч М.Дшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. “Ц” ХХК-ийн төлөөлөгч А.А нь манай аймгийн 1 хүнийг ч гэсэн орлого, ашигтай болгох гэж сайхан сэтгэл өвөртөлж Улаанбаатар хотоос 1 талдаа 1,600 км, 2 талдаа 3,200 км хол замыг туулж ирээд П.Х, Ч.Д нартай “Ц” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/07 дугаартай борлуулагчийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрсдийн биеэр нотариат дээр ирээд гэрчлүүлээд явсан. Би 5 ширхэг гэрээг гэрчлээд 1 ширхгийг авч үлдээд 4 хувийг өгсөн.

2. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний бүртгэлийн дэвтрийн 909 дугаартай борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг бүртгэсэн бүртгэлийн гарын үсэг гэдэгт А.А гарын үсгээ таталж бичээд А.А гэж гарын үсгийн тайлал бичсэн. Гарын үсэг гэдэгт Х монголоор гарын үсгийн тайлал бичсэн. Гарын үсэг гэдэгт Д гэж гарын үсгээ нэр чигтээ бичсэн. Ч.Д нь нэрээ нэр чигээр нь бичсэн учраас нэрний тайлал бичих шаардлагагүй.

3. Итгэмжлэл нь өөрийн биеэр байх боломжгүй тохиолдолд хийгдэнэ. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/07 дугаартай барьцааны гэрээ хийгдэх үед А.А, П.Х, Ч.Д нар нь өөрийн биеэр байгаа тул итгэмжлэл хийгдэх шаардлагагүй. Надаас итгэмжлэлийн талаар хэн ч асуугаагүй. Гэрээ нь өөрсдийн биеэр уулзаж ярилцаад хийгддэг учраас маш хүчтэй баримт юм.

4. “Ц” ХХК-ийн төлөөлөгч А үүрэг гүйцэтгэгч Х, барьцааны эзэн Д нар нь “Ц” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/07 дугаартай борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг өөрсдийн биеэр ирж гэрчлүүлээд явсан тул энэ хэргийн хариуцагч би биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч П.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Х нь Ч.Д-ийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2019 онд би Ц ХХК-тай холбогдож гэрээт борлуулагчаар ажилд орох санал тавьсан. Ц ХХК нь намайг ажилд авахад барьцаа шаардлагатай гэсэн. Тиймээс хадам аав болох Ч.Д-ийн хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж уг компанийн борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 сарын эхээр уг ажлаас гарахаар болж ажлаа хүлээлгэж өгөхөд ЦХХК надаас 31,000,000 төгрөг гаруйтай авлагыг нэхсэн.

2020 оны хавар нь би Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд Ц ХХК-тай тохиролцож уг авлагыг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо тэр гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлээр дамжуулан уг компанид 2,000,000 төгрөгийг төлөөд явж байна. Хадам аавыг улсын бүртгэл дээр гарын үсэг зуруулах ажлаар талбай дээрээс утсаар дуудсан. Тэр үед нотариат руу орж ааваар гарын үсэг зуруулснаа санахгүй байна. Одоогоос 2-3 жилийн өмнөх асуудал учир би сайн санахгүй байна.

Нэгэнт Ц ХХК-тай дээрх төлбөрийн асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулаад, зохих журмын дагуу төлбөрөө төлж байгаа. Эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ гэж ойлгоогүй, тухайн үедээ хугацаа авах санаатай эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэгэнт би Ц ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болж төлбөрөө төлөөд явж байгаа тул барьцаанд тавьсан хадам аавын хашаа байшингийн гэрчилгээг Ц ХХК буцаагаад өгөх нь зүйтэй юм шиг санагдаж байна. Энэ асуудлаас болж би бас их зовлон үзсэн. Хань ижлээ алдсан. Хадам аав, ээж хоёр минь сэтгэл санаагаар унаж, өндөр настай улсуудад хэцүү байгаа. Ц ХХК-ийн удирдлагууд боломжтой бол хадам аав ээжийн минь хашаа байшингийн гэрчилгээг буцааж өгнө үү гэх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: .... Миний бие нөхөр Ч.Д-ийн итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Ч.Д нь 2 зээгийн хамт амьдардаг. Миний бие хөрөнгийг барьцаанд тавьсныг мэдээгүй явсан бөгөөд нөхөр Ч.Д нь даралт харваж гэрт хэвтэрт байгаа. Хүргэн болон охин 2 маань байнгын бухимдалтай байсны улмаас охин нас барсан. Одоогоор бид 2 зээгийн хамт амьдарч байна. Тухайн үед Ч.Д хөрөнгөө барьцаалах тухай мэдээгүй, нотариатад зурсан гарын үсэг түүний гарын үсэг биш юм. Иймд Ц ХХК-аас барьцаа хөрөнгө салгуулах, нотариатын эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Ц” ХХК нь Ч.Д-ийн хүргэн хүүтэй борлуулагчийн гэрээ байгуулсан бөгөөд борлуулагчийн гэрээнд заасаар барьцааны гэрээг байгуулсан. Уг барьцааны гэрээ байгуулахад нэхэмжлэгч Ч.Д, түүний хүргэн хүү П.Х болон тухайн үед “Ц” ХХК-ийг төлөөлж ажиллаж байсан А.А нар нь нотариат дээр очиж гэрээг гэрчлүүлж улмаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлсэнтэй холбогдуулан барьцааны гэрээг шүүхэд өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хамтран хариуцагч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Ц” ХХК-ийг төлөөлж А.А, П.Х, Ч.Д нар “Ц” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/07 дугаартай борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээг өөрсдийн биеэр ирж гэрчлүүлсэн. Нийт 5 ширхэг гэрээг нотариат дээр авч ирснээс 5 гэрээг нотариатаар гэрчилж, 1 гэрээг авч үлдэж, үлдсэн 4 гэрээг өгч явуулсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний бүртгэлийн 909 дугаарт “Цахиур” ХХК-ний борлуулагчийн болон барьцааны гэрээ бүртгэсэн, бүртгэлийн гарын үсэг гэх хэсэгт А.А нь гарын үсгээ таталж бичээд, өөрийн гарын үсгийн тайллын хамт бичсэн. Мөн тус бүртгэлийн гарын үсгийн хэсэгт П.Х гэж бичээд гарын үсгийн тайлал хамт бичсэн ба Ч.Д нь өөрийн гарын үсгээ бүтэн нэрээр бичсэн учир гарын үсгийн тайлал бичих шаардлагагүй байсан гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

            Нэхэмжлэгч Ч.Д нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Ц” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барьцааны гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

            Хариуцагч “Ц” ХХК нь барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзав.

            Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...үл хөдлөх эд хөрөнгөө хаана, юунд барьцаалж байгаа учир шалтгааныг мэдээгүй, барьцааны гэрээ байгуулах талаар сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлээгүй, хүргэн П.Х-аа итгэж гарын үсэг зурсан” гэж, хариуцагч “Ц” ХХК нь “...барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд нэхэмжлэгч Ч.Д өөрөө байлцаж, гарын үсгээ зурсан...” гэж, хамтран хариуцагч нотариатч М.Д “...барьцааны гэрээг талуудын хүсэлтээр гэрчилсэн, тухайн үед нэхэмжлэгч Ч.Д өөрөө байлцсан тул нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй” гэж, хамтран хариуцагч П.Х “...“Ц” ХХК-нд учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлж байгаа” гэж тус тус тайлбараа гаргасан болно.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгч Ч.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №19/07 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон тухайд

            Хамтран хариуцагч П.Х нь “Ц” ХХК-нд гэрээт борлуулагчаар ажилд орж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №19/07 дугаартай Борлуулагчийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 4.11-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэх явцад гарч болох эрсдэлээс сэргийлэх үүднээс үл хөдлөх хөрөнгө компанид барьцаалж барьцааны гэрээ байгуулахыг компани шаардсан, борлуулагч П.Х гэрээний дагуу барьцааны гэрээг байгуулахын тулд нэхэмжлэгч Ч.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Д (ганц хүний өмч) бүртгэгдсэн байна. /хх-ийн 47-48, 75-76 тал/

Борлуулагч П.Х үүргээ гүйцэтгээгүй тул хариуцагч “Ц” ХХК шүүхэд хандаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 439 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулснаар “Ц” ХХК-нд учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч П.Х шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэж байгаа үйл явдал тогтоогдов./хх-ийн 52-53 тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцааны гэрээг бичгээр байгуулах тухай хуульд заасан шаардлагыг хангасан боловч иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзээгүй байна. Гэрээг талууд чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээ хуулийн дагуу байгуулагдсан эсэх нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээс шууд хамаарах юм.

“Ц” ХХК-ийн захирал Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №19/139 дугаар албан бичгээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Ц” ХХК-ийг төлөөлөх тодорхой эрхийг тусгасан итгэмжлэлийг хөдөө орон нутаг хариуцсан супервайзер А.А-д олгожээ. Уг итгэмжлэл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон бөгөөд итгэмжлэлд барьцаалуулагч Ч.Д-йн 50.4 м.кв талбайтай хувийн сууц, 1350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын талаарх үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээлэл бүрэн тусгагдсан байжээ. /хх-ийн 46 хуудас/

Харин барьцааны гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан болон нотариат уг барьцааны гэрээг мөн өдөр гэрчилсэн болох нь барьцааны гэрээнд дарагдсан нотариатчийн тамга дээр тэмдэглэгдсэн огноо, барьцааны гэрээ байгуулсан огноо, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдов. Барьцааны гэрээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үед нэхэмжлэгч Ч.Д барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байхад “Ц” ХХК 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ч.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр А.А-д олгосон нь цаг хугацааны хувьд барьцааны гэрээ байгуулахаас өмнө олгогдсон итгэмжлэл байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Д өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч, барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэхээс өмнө “Ц” ХХК түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг авахгүйгээр өмчлөгч Ч.Д-ийн хөрөнгийг нэрлэн зааж, барьцааны гэрээ байгуулах эрхийг ажилтандаа олгосон нь хууль зөрчсөн буюу гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлохоор тусгасан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтыг тус тус зөрчжээ.

            Барьцааны гэрээний эрх зүйн үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болдог. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээний хувьд өмчлөгчийн өмчлөх эрх бусдад шилжиж, өмчлөгчөөс тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхээ алдах бөгөөд энэ талаар гэрээний 5 дугаар зүйлд барьцаалагчийн шаардлагыг хангах журамд тодорхой заажээ. Барьцааны гэрээ байгуулагдах нөхцөл нь барьцаалуулагчийн хүсэл зоригийн илэрхийллээс шууд шалтгаалдаг, тухайн эд хөрөнгийг өөрийн болон бусдын гүйцэтгэх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээдэд хөрөнгийн хувь заяаг шилжүүлсэн болон шилжүүлж буйгаа өмчлөгч (эзэмшигч) ойлгосон байх, үүнийг зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай.

            Нэхэмжлэгч Ч.Д хөрөнгөө бусдад барьцаалуулан барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрч, хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлсний дараа барьцааны гэрээ байгуулагдах ёстой байхад “Ц” ХХК 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосон нь (барьцааны гэрээ 2019.05.07-ны өдөр байгуулагдсан) нэхэмжлэгч Ч.Д-ийн барьцааны гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, миний хөрөнгийг барьцаанд тавьж байгаа юм гэсэн учир холбогдлыг тайлбарлаагүй, хүргэн П.Х-аа итгээд гарын үсэг зурсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэрээ байгуулахад чиглэсэн хүсэл зоригийн илэрхийлэл заавал эсрэг талд хүрэх шаардлагатай, гэрээний талуудын эрх ашгийг хөндөх, түүнд нөлөөлөхүйц хүсэл зоригийн илэрхийллийг гэрээний нөгөө тал заавал хүлээн авч, энэ тухай мэдсэн байх ёстой. Иймд, дээрх үндэслэлээр хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзээд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэв.

2. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухайд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа нотариатын үйлдлийг хүчингүй болгохыг шаардаж, үндэслэлээ барьцааны гэрээг баталсан үйлдлийг бүртгэсэн бүртгэлд зурагдсан гарын үсэг Ч.Д-ийн гарын үсэг биш, тухайн нотариатын үйлдэл хийгдэх үед Ч.Д биечлэн байгаагүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Ч.Д барьцааны гэрээнд болон бүртгэлд гарын үсэг зураагүй, зурагдсан гарын үсэг түүний гарын үсэг биш гэж маргасан боловч Ч.Д-ийн гарын үсэг биш гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч Ч.Д нь нотариатад биечлэн очсон болохыг нотариатч-хамтран хариуцагч М.Д шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа мэдүүлсэн, мөн нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хүргэн П.Х-аа итгээд гарын үсэг зурсан” гэдгийг дурдсан тул нотариатын бүртгэлд, барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Ч.Д-ийн гарын үсэг биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 89-96 хуудас/

            Харин шүүхээс барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын Бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            3. Хэргийн харьяаллын тухайд

Хариуцагч “Ц” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж маргасан боловч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой...нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргахаар шүүхийн онцгой харьяаллыг тогтоосон, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Ховд аймагт байрлалтай, гэрээний дагуу үүргийг Ховд аймагт гүйцэтгэхээр талууд тохирсон байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хамтран хариуцагч П.Х нь ажлын шугамаар явах болсон учир өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хамтран хариуцагч П.Х-ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Д нь үндсэн нэхэмжлэлдээ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Цахиур” ХХК-иас гаргуулахаар хоёр төрлийн шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч “Ц” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №19/07 дугаартай “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой баг, 8 дугаар гудамжны 25 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-1617004***, №000203*** дугаартай, 50,4 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1617000***, №000241*** дугаартай, 1350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Ц” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Ч.Д-д олгосугай.

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын Бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас 140,400 (Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-д олгож, 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.РАУШАН