Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 149

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батхишиг,

хохирогч: Б.Энх-Амгалан,

шүүгдэгч: Б.Батбилэг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржгон овогт Бямбасүрэнгийн Батбилэгт холбогдох эрүүгийн 2017 2400 0097 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч, бариач мэргэжилтэй, “Алтан мутар” эмнэлэгт бариач ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 3-44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЭ 94113032, Боржгон овогт Бямбасүрэнгийн Батбилэг.

 

Шүүгдэгч Б.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8-р хороо, “Дүүхээ” төвийн хойд замд “Т.Приус” маркийн, 64-48 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөн аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн, явган зорчигч Б.Энх-Амгалан Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг зөрчсөн, явган зорчигч Б.Гэрэлчулуун нь 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан ба явган зорчигч Б.Энх-Амгалангийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Батбилэг мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой эгч Б.Нандинцэцэгээс машиныг нь таксинд явахаар авсан. Тэгээд 24 цагийн үед “Fire” баарны урдаас 3 хүн аваад хорооллын гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдөлсөн. Тэгтэл 2 дугаар эгнээнд миний урдхан талд явж байсан машины урдуур 4 согтуу хүн гүйгээд гараад ирсэн. Би тоормосоо гишгээд, дуут дохиогоо дуугаргахад миний машин гулгаж байсан. Тэр өдөр цас орсон зам гулгаатай байсан. Намайг дохиогоо дуугаргахад 2 нь хөтлөлцөөд гүйсэн, 2 нь замын 2 болон 3 дугаар эгнээний голын зураас дээр үлдсэн. Би метр хүрэхгүй зайд тулаад очсон байсан болохоор яах аргагүй машиныхаа зүүн урд талаараа хохирогчийг мөргөсөн. Би тэр үед хохирогчийг мөргөөд 2 метр яваад зогссон. Би машинаасаа буугаад өөрийнхөө утсаар “Дүүхээ” төвийн урд хүн мөргөчихлөө гэж цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Цолмон гэдэг эгч миний гар утсыг булааж, зүүн гартаа бариад, баруун гараараа миний цамцнаас зуураад гар утас барьсан гараараа машин цохиод байсан. Миний хүзүү улайсан байсан. Би “эгчээ та яаж байгаа юм бэ, би цагдаа дуудаж байна шүү дээ” гэхэд “тэр чинь надад хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд би хохирогч Б.Энх-Амгалан дээр очих гэтэл намайг зуураад тавихгүй, намайг хараагаад цохиод байсан. Нилээн хугацааны дараа хорооллын эцсийн автобусны буудал дээр цагдаа ирсэн байсан. Тэгээд цагдаа ирээд “сая хэн дуудлага өгсөн бэ” гэж асуухаар нь би дуудлага өгсөн гэхэд намайг “утсаа аваач” гэж загнаж байсан. Цагдаа нөгөө эгчээс миний гар утсыг авч өгсөн. Би түргэн дуудсан. Түргэн ирээд хохирогчийг авч яваад, цагдаагийнхан хэмжилтээ хийсэн. Би хэмжилт хийж дууссаны дараа Гэмтлийн эмнэлэг очиход хохирогчийг сахих хэрэгтэй гэхэд би ээж, эгчийгээ дуудсан. Би 3 хоногийн эм, тариаг нь авч өгөөд эхний өдөр манай ээж, дараагийн 2 өдөр манай эгч хохирогчийг сахисан. Би хохирогч руу олон удаа утсаар залгаж байсан. Байцаагчийн хажууд хохирогч руу залгахад “эгч нь зүгээр” гэж ярьсан. Тэгээд цагийн дараа байцаагч ярихад намайг өөр рүү нь нэг ч удаа залгаагүй гэж хэлсэн  байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл “Боломж фонд” ББСБ-ын нэр дээр байдаг. Би эхлээд 3 хоногийн эм, тарианы мөнгө гэж 80 000 төгрөг, дараа нь хохиролд 457 000 төгрөг өгсөн. Тухайн үед хохирогч согтуу, бас гарцгүй газар явж байсан. Би тэр үед 32 орчим км/цагийн хурдтай явж байсан. Энэ осол хальтиргаа гулгааны улмаас гарсан. Би хохирогч руу залгахаар утсаа авдаггүй байсан болохоор хохирлын мөнгийг өгч чадаагүй. Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Зүгээр явж байсан хүнийг мөргөж гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Би багаасаа түнхний мултралтай, сууж чаддаггүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энх-Амгалан мэдүүлэхдээ:

 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад ажлын газрын хүний төрсөн өдрийг тэмдэглэж, 4 шил пиво уусан. Шөнийн 00 цаг хүртэл төрсөн өдрийн баяр үргэлжилсэн бөгөөд бид нар Төмөр замын тэнд байрлах караокед байсан. Бид караокеноос гараад үргэлжлүүлээд суух газар хэрэгтэй байна гэсэн тул түрээсэлдэг дэлгүүртээ ажлынхаа нэг ах, нэг эгчтэй хамт очсон. Миний түрээслэдэг подвальд Гэрэлчулуун амьдардаг бөгөөд хамтдаа хоол идэхээр “Дүүхээ” төвийн хойд талын “Оргил” хоолны газар руу явж байсан. “Дүүхээ” төвийн урд зам дээр ирээд бид замаар машин ирж байгаа эсэхийг харсан. Тухайн үед гэрэл гэгээтэй, цас хаялаагүй, машин хальтирахаар гулгаа байгаагүй. Гэрэлчулуун бид 2 түрүүлээд зам гартал гэнэт машин гарч ирээд биднийг мөргөсөн. Мөргүүлээд замын боржуур дээр сууж байтал Батбилэг машинаа зогсоох үйлдэл хийлгүй чигээрээ явсаар байгаад зогссон. Би Д.Цолмон эгчид “наад хүнээ зугтаалгаж болохгүй шүү” гэж хэлсэн. Б.Батбилэг машинаасаа өөрөө бууж ирээгүй. Д.Цолмон эгч түүнийг татаж буулгасан. Би зүүн талын хөлөө мөргүүлсэн бөгөөд зүүн талын хөлийн нарийн шилбэ хугарсан. Мөн зүүн дух, хөмсөгний орчим бяцарч, цөмөрсөн. Одоо болтол духны зүүн талын хавдар арилаагүй байна. Би шимэгдүүлэх тариа хийлгэсэн. Намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэхэд Б.Батбилэгийн ээж, эгч нь ирсэн. Би тэдэнд “би 2 нялх хүүхэдтэй, настай ээжтэйгээ амьдардаг. Ээж маань дэлгүүрт суудаг, надад хоол, цай зөөх хүн байхгүй. Та нар намайг эмнэлгээс гартал дэм болоод өгвөл өөр хүсэх зүйлгүй” гэж хэлсэн. Тэд надад 3 хоногийн шимэгдүүлэх тариа авч өгөөд, эхний шөнө ээж нь сахиж, дараа нь эгч нь 2 хоног сахиад тэд явсан. Би эмнэлэгт 8 хоног хэвтсэн бөгөөд үлдсэн хугацаанд 6 дугаар ангийн хүү маань намайг сахисан. Би тархины хүнд гэмтэл авсан учраас эмч нар “гар утсаа өөрөөсөө хол байлга, унтраа” гэж хэлдэг байсан болохоор утсаар ярих боломж байгаагүй. Байцаагчийн хажууд нэг удаа л над руу залгасан. Бусад байдлаар нэг ч удаа над руу залгаж биеийг минь асуугаагүй. Духны хавдарын шимэгдүүлэх эмчилгээ тасарсан тул хавдар нь сайн буугаагүй. Одоо толгой их өвддөг болсон тул үсээ хүртэл хусуулсан. Би цалингийн зээлтэй, 2-3 сар ажил хийгээгүй. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Би энэ хугацаанд 3 сар ажил хийгээгүй, листтэй байсан. Автомашины ослын үр дагавар хожуу илэрдэг учраас сэтгэл санааны хувьд хэцүү байна. Гарцгүй газраар зам гарсан нь миний буруу. Тэр үед шүүгдэгч дуут дохиогоо өгөөгүй, машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Дух маань мөргүүлснээс хойш хавдартай байж байгаад хавдар нь шимэгдсэн боловч бүрэн шимэгдээгүй одоо бага зэрэг хавдартай үлдсэн. Би одоо томографийн зураг авахуулж, цаашид эмчилгээ хийлгэмээр байгаа тул шүүгдэгчээс 5 000 000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 600 000 төгрөг, 3 сарын цалингийн хэмжээ 2 415 000 төгрөг, бусад хохиролд хүүхдээ өдрийн 10 000 төгрөгөөр сургуульд зөөлгөсөн төлбөр болон сэтгэл санааны хохирол, хойшид гарах эмчилгээний зардал зэрэг нь 5 000 000 төгрөгт орж байгаа. Одоо толгой өвддөг. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөгдөөгүй, Б.Батбилэг хохирлоо төлбөл түүнд гомдол байхгүй. Тэр анхнаасаа надад сэтгэл гаргасан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан. Надаас баримттай 521 950 төгрөгийн зардал гарсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэнтэй холбоотой гарсан 211 184 төгрөгийн зардал гарч, төлбөрийг төлсөн. Эмнэлэг дээр очоод 80 000 төгрөгийн зураг авахуулж, төлбөрийг би төлсөн. Би 8 хоног эмнэлэгт, 1 сар гэртээ хэвтсэн. Би одоо ажлаа хийж байгаа боловч ойр зуурын ажилд явж байгаа. Шүүгдэгч намайг эмнэлэгт байхад асарч туслаагүй, түүнийг цаашид хохирол төлбөрөө өгнө гэдэгт итгэх итгэлгүй байгаа тул эвлэрэх боломжгүй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Цолмон мэдүүлэхдээ:

...Тэр өдөр хамт ажилладаг Б.Энх-Амгалангийн 31-ны өдөр болох байсан төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэсэн юм. Тэгээд тэр арга хэмжээ 22 цагийн үед дуусаад цаашаагаа Б.Энх-Амгалан, Галхүү, бид гурав Б.Энх-Амгалангийн таньдаг хүн Гэрэлчулуун дээр очоод, тэнд архи уусан юм. Тэндээс 02 цагийн үед хоол идэх гээд гарсан юм. Тэгээд осол болсон газрын хойд талын “Бичил” зоогийн газар орох гээд “Дүүхээ” төвийн арын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарсан юм. Зам гарахдаа эхлээд Б.Энх-Амгалан, Гэрэлчулуун хоёр хамт гараад Галхүү бид хоёр араас нь гарсан юм. Тэгээд Галхүү бид хоёр зам гарах гээд зүүн гар тал руугаа харсан чинь нэг машин ирж байхаар нь тэрийг өнгөрөөчихөөд зам руу ортол “түс” гэсэн чимээ гарахаар нь хартал нөгөө хоёрыг нэг машин мөргөсөн. Тэгээд нөгөө хоёр замын цаана очоод газар унасан, нөгөө машин нилээн цаана очоод зогссон. Тэгээд би Б.Энх-Амгаланг харчихаад нөгөө машин руу гүйж очоод жолооч талын цонхыг нь тогшсон чинь жолооч нь бууж ирэхээр нь би “чи хүн дайрчихлаа” гээд 2, 3 удаа хаа хамаагүй цохиж авсан. Тэр үед хажуугийн дэлгүүрийн гаднаас хөдөлгөөнт эргүүлийн цагдаа машинтай хөдлөх гэхээр нь гар өргөж зогсоогоод болсон явдлыг хэлсэн. Түргэний машин ирээд Б.Энх-Амгалан бид 2 аваад явсан гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Бямбасүрэн мэдүүлэхдээ:

Уул нь гайгүй үг дуу цөөтэй, даруухан зан ааштай хүүхэд байгаа юм. Одоогоор ажил хийдэггүй, эхнэр бид 2-той хамт амьдардаг юм. Ослыг маргааш өдөр нь мэдсэн. Надад мөргөлдөөд машинаа гэмтээчихсэн гэж ярьж байсан, би юм бодоогүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1767 тоот дүгнэлтэд:

1. Б.Энх-Амгалангийн биед зүүн тахилзуур ясанд хугарал, духны өмнөд ялтаст хугарал, тархи доргилт, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд шарх, зулгаралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот дүгнэлтэд:

1. Приус маркийн, 64-48 УБЦ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.Батбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2./ Жолооч хөдөлгөөн аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./-д заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Энх-Амгалан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.а./ Явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно./ мөн дүрмийн 3.9.г./ Явган зорчигч нь өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно/-д заасан заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Батбилэг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

 

              ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

           

Шүүгдэгч Б.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Дүүхээ” төвийн хойд замд “Т.Приус” маркийн, 64-48 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн

 9.2. Жолооч хөдөлгөөн аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс хохирогч Б.Энх-Амгаланг мөргөж, бие махбодид нь зүүн тахилзуур ясанд хугарал, духны өмнөд ялтаст хугарал, тархи доргилт, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд шарх, зулгаралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг, гэрч Д.Цолмон, Г.Бямбасүрэн, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1767 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Энх-Амгалангийн өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батбилэгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд Б.Батбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Б.Энх-Амгалан нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд эмчилгээ хийлгэсэн 653 500 төгрөг, 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 1 300 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд нийт 5 000 000 төгрөг гаргуулахыг хүсэж байна.

 

Хохирогч өөрөө эм, тариа авч эмчлүүлэхэд 521 950 төгрөг зарцуулсан, шүүгдэгч түүнд 71 500 төгрөгийн эм тариа авч өгсөн нь эмийн сангийн зарлагын баримт болон талоноор нотлогдож байх тул хохирогчид 593 450 төгрөгийг эм тарианы зардал, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж эмчлүүлэхэд 211 184 төгрөг, нийт 804 634 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна гэж үзэв.

 

Явган зорчигч Б.Энх-Амгалан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн буруутай байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөсөн гэж үзэн, шүүгдэгчээс түүнд төлөх төлбөрийг 20 % буюу 160 927 төгрөгөөр багасган 643 708 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч Б.Батбилэгийн  хохирогчид төлсөн (457 000 төгрөг + 71500 төгрөг = 528 500 төгрөг) 528 500 төгрөгийг хасч, 115 208 төгрөгийг гаргуулан шийдвэрлэлээ.

 

Б.Энх-Амгалан ажилгүй байсан хугацааны цалин болон өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.