| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2023/00788/И |
| Дугаар | 001/ХТ2024/00284 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00284
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01352 дугаар магадлалтай,
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ж-д холбогдох
Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 537,080,157 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК-аас хариуцагч Жд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 537,080,157 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн хариуцагч Ж-д холбогдох ажлын хөлс болон хохиролд 537,080,157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ж-ын нэхэмжлэгч “У” ХХК-аас ажлын хөлс 60,0000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,001,305 төгрөгийг, хариуцагч Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01352 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08 өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 512,080,157 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ж-ын нэхэмжлэгч “У” ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж хариуцагч Жаас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,843,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Магадлалын Хянавал нь хэсэгт “...Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар хариуцагч Ж нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн 1,880 га талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, тус компанийг ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагыг ашиглан зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хариуцагч нь гэрээний 1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэсэн байх, мөн гэрээний 5.1.7-д зааснаар зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд баримтлах ажлын шаардлагыг тохиролцсон байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээний 1.6, 5.1.7-д заасан гэрээт ажил, зөвлөх үйлчилгээг бүрэн гүйцэтгэж ажилласан гэх байдал тогтоогдоогүй байна. ...Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт “Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан бөгөөд гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.1-д “гэрээ байгуулснаар урьдчилгаа 25,000,000 төгрөгийг ажиллуулагч төлөхөөр заасан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч “У” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн “Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г талууд баталгаажуулан гарын үсэг зураагүй, хариуцагч Жын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байдаг ба Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023.07.21-ний өдрийн 2348 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” хийгдсэн баримтад зурагдсан Ж гэсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Жын гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй” гэж дүгнэсэн.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу үнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээ гэх зүйлийг шийдвэрийнхээ үндэслэл болгож хуулийг илтэд зөрчлөө.
4.2. Магадлалын Хянавал нь хэсэгт “...хариуцагч Ж нь ажилд томилсон агрономичид газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ямар заавар, зөвлөгөөг өгч удирдан чиглүүлж ажилласан, тухайн жилийн тариалалт жигдрэх хүртэлх хугацааны ажилд хэрхэн оролцож ажилласан болон газар тариалангийн технологит үе шатны ажлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажилласан байдлаа шүүхэд нотлоогүй байна” гэж нотлох баримттай, тогтоогдсон нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж худал дүгнэлт хийсэн.
Хэрэгт авагдсан гэрч А-н мэдүүлэгт “...газар тариалангийн компани технологийн карт нь тухайн жил болон 5 жилийн төлөвлөгөө гаргадаг. Таван жилийн хугацаанд ямар бүтээгдэхүүн тарих уу, хэдэн хүн ажиллах уу, ямар тоног төхөөрөмж байх уу, ямар хор цацах уу, ямар ургац авах уу гээд тооцоолсон төлөвлөгөө. Тийм төлөвлөгөө над руу явуулсан... Viber дээр байгаа, 2022.04.25-ны өдөр, тариалалт эхлэхийн өмнөх өдөр, Угтам вит олл гэсэн төлөвлөгөөг явуулж байсан” гэж.
Ц-ийн мэдүүлэгт “...Ж 2022 онд 4 удаа ирсэн. Он, сарыг нь тодорхой мэдэхгүй байна, 5, 6, 7 сард ирсэн. 3 удаад нь өдөртөө ирээд өдөртөө явсан. Нэг удаа хоноод явсан... тариалалтын дундах технологийн заавар өгдөг байсан. Сүлжээгүй газар байдаг болохоор байнга утсаар холбогдох боломжгүй байдаг, гэхдээ байнга холбоогүй байгаагүй... Үр суулгах ажлыг хэн хийсэн бэ? гэхэд... Ж агрономич надад зөвлөсөн, би гүйцэтгэсэн” гэх нотлох баримтуудаар хариуцагч Ж нь амаар тохирсон зөвлөх үйлчилгээг хангалттай сайн биелүүлсэн.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас хууль бус аргаар гаргаж өгсөн буюу хариуцагч Ж гарын үсэг зураагүй гэрээ гэх зүйлд заасан үг үсэг, өгүүлбэрийг иш үндэс болгон хариуцагч Ж-ыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байх ба хариуцагч Ж-ын хувьд тариалалтын компанид нэн шаардлагатай 5 жилийн технологийн картыг өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлан боловсруулан өгч, “У” ХХК нь уг технологийн картыг одоог хүртэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, талуудын амаар тохиролцсон нөхцөлийн дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалттай сайн биелүүлж тариалалт эхлэхийн өмнө, тариалалтын явцад, ургац хураалтын явцад “У” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээтэй агрономичид зөвлөгөө, заавар өгөх ажлыг гүйцэтгэсэн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.
4.3. Магадлалын Хянавал нь хэсэгт “...Иймд гэрээг цуцалсны үр дагаврыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх тул нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Жаас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан атны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хэрэв давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “У” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, улмаар гэрээгээр шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа бол хариуцагч Жын тариалалтын компанид нэн шаардлагатай 5 жилийн технологийн картыг өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлан боловсруулан өгч, “У” ХХК нь уг технологийн картыг одоог хүртэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал, талуудын амаар тохиролцсон нөхцөлийн дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалттай сайн биелүүлж тариалалт эхлэхийн өмнө, тариалалтын явцад, ургац хураалтын явцад “У” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээтэй агрономичид төлөвлөгөө, заавар өгөх ажлыг гүйцэтгэн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нөхцөл байдалд дүгнэлт хийх боломжтой байсан.
Нөгөө талаар, давж заалдах шатны шүүхийн хариуцагч Жаас гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 25,000,000 төгрөг нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр биш, Жаас “У” ХХК-д өгсөн GPS төхөөрөмжийн төлбөр юм.
“У” ХХК-ийн захирал Ч нь газар тариаландаа ашиглах, рактортоо суурилуулах GPS буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг Жаас авахаар болсон байдаг ба Ж нь өөрт байгаа төхөөрөмжөө “У” ХХК-д өгч, “У” ХХК-аас уг төхөөрөмжийн төлбөр болох 25,000,000 төгрөгийг 2022.05.23-ны өдөр Жын Хаан банк дахь ....тоот данс руу шилжүүлсэн. Улмаар Ж нь 2022.05.24-ний өдөр өөрийн данснаас У-н данс руу 25,000,000 төгрөгийг нь шилжүүлүүлэн GPS төхөөрөмжийн захиалга хийлгэсэн болох нь Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар болон гэрч У-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогддог.
GPS буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийн төлбөр байсан болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад уг 25,000,000 төгрөгийг гэрээний төлбөр гэж үзэн хариуцагч Ж-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм.
Түүнчлэн нэхэмжлэгч “У” ХХК нь өөрийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас буюу бэлтгэл ажлаа хангаагүй, гуравдагч этгээдээс ургамлын хороо хугацаанд нь аваагүй /“Э” ХХК болон “У” ХХК хооронд 2022.03.16 болон 2022.04.25-ны өдрүүдэд байгуулсан Ургамал хамгаалах бодис, бордоо худалдах, худалдан авах гэрээнд заасан хор нийлүүлэх хугацаа, “Э” ХХК-иас ирүүлсэн хор нийлүүлсэн зарлагын баримтуудаас тодорхой харагддаг/ зэргээс шалтгаалан тариалалтаа төсөөлсөн хэмжээгээр авч чадаагүй нөхцөл байдал бий болсон ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4-д “дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй” гээд 205.4.2-т “гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Ж ямар нэгэн үр дагаврыг хариуцах ёсгүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01289 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Ж-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 537,080,157 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“У” ХХК нь Жтай 2022.02.23-ны өдөр №01/22 тоот “Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь “У” ХХК-ийн 1,880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааны удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Ж нь 2022.04.22-ны өдөр “У” ХХК-д 5 жилийн төлөвлөгөө, жилийн орлого, зарлагын мэдээлэл агуулсан баримт бичиг болох Технологийн картыг хийж өгч, гэрээний дагуу 2022.05.23-ны өдөр урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг, ажлын явцад 5,000,000 төгрөгийг Жаргалд тус тус шилжүүлсэн. Зөвлөх Ж нь урьдчилгаа төлбөрт нийт 30,000,000 төгрөгийг авснаас хойш газар тариалангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа больж үндсэн үүргээ зөрчсөн. Технологийн картын төлөвлөгөөнд тусгаснаар ...байгууллага нийт 1,649,880,000 төгрөгийн ашигтай ажиллах байсан боловч ...төлөвлөсөн борлуулалтын үр дүнд хүрээгүй, ...ургац муу ургасан, гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс ...2022 оны санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлангаар 944,843,648 төгрөгийн зардалтай, борлуулалтын орлого тооцсон дүнгээр 507,080,157 төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэхүү 507,080,157 төгрөгийн алдагдал дээр гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөр болох 30,000,000 төгрөгийн хамт нийт 537,080,157 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарласан,
Хариуцагч Ж тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн Хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл авахад шаардлагатай, банкинд өгөх тариалалтын төлөвлөгөө, тооцооллыг гарган өгч туслаач гэсний дагуу төлөвлөгөө, тооцооллыг гаргаж, мөн 2022 оноос 2026 он хүртэлх 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн, ... суманд байрлах тариалангийн газар дээр 6 удаа биечлэн очиж зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан. Газар тариалангийн технологийн карт бол олон талын судалгаа, агрономийн шинжлэх ухааны мэргэжлийн мэдлэг, туршлага, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдан боловсруулагддаг, тухайн талбайд нь тохируулан гаргасан төлөвлөгөө юм. Уг тариалалтын төлөвлөгөөг дагаж мөрдөхөд шаардагдах хамгийн чухал баримт бичиг буюу технологийн картыг гарган өгч, төлөвлөгөөний дагуу тариалалт явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн мэдээлэл, холбогдох зөвлөгөөг “У” ХХК-д тухай бүр нь бүрэн өгч ажилласан. Нэхэмжлэгч нь технологийн картын төлөвлөгөөний дагуу ажиллаагүй тул ...компанид учруулсан хохирол 507,080,157 төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
8. Хариуцагч Ж “У” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“У” ХХК нь ...ажлын хөлс, төлбөрөө огт төлөөгүй, ...нэхэмжилсэн 30,000,000 төгрөг нь гэрээний урьдчилгаа биш бөгөөд 25,000,000 төгрөгийг байршил тодорхойлох төхөөрөмж захиалах зорилгоор шилжүүлсэн, уг мөнгийг аваад гадаад шилжүүлгээр дээрх төхөөрөмжийг захиалсан, баримтыг хэрэгт хавсаргасан байгаа, учир нь би өөрийн байршил тодорхойлох төхөөрөмжөө компанид өгч ажиллуулсан, ...иймд “У” ХХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлж, технологийн карт гаргаж өгсөн ажлын төлбөр 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон,
Нэхэмжлэгч “У” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Ж-тай байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг авахаар гэрээ байгуулж, тохиролцсон зүйл байгаагүй. 2022.05.23-ны өдөр 25,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаа, ажлын хөлс гэж шилжүүлсэн. Түүнээс төхөөрөмж авахаар нэг ч төгрөг шилжүүлээгүй, энэ талаар баримт байхгүй. Ж өөрийн төхөөрөмжөө ашиглуулж байгаа гэж байна. Тэр нь ажилладаггүй хуучин төхөөрөмж байдаг. ...Энэ хүн компанид хохирол учруулчихаад үндэслэлгүй төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “Үндсэн нэхэмжлэлийн тухайд: ...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон, түүнчлэн гэрээ тодорхой хэмжээнд хэрэгжсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, ... хэргийн баримт, гэрч нарын мэдүүлэг зэргээс хариуцагч Ж нь гэрээнд заасан ямар үүргийг хэрэгжүүлээгүйгээс, түүний ямар буруутай үйлдлийн улмаас компанид хохирол учирсан нь тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримтууд нь нэхэмжлэлийн хохирол шаардсан үндэслэлд хамаарал бүхий баримтууд биш ...энэ талаараа нотлоогүй, ...гэрч Ц тухайн талбайд өөрийн биеэр ажиллаж байсан талаар тайлбарлаж, тариалалтын зааварчилгааг Жаас авч ажиллаж байсан гэдгийг мэдүүлсэн хэдий ч газар тариалангийн ажилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд энэ нь дан ганц зөвлөгөө заавраар хийгддэг ажил биш гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй, ...Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь газар хавах, үр суулгах, хор бордоо цацсан, түүнчлэн газар тариалангийн ажилд Ж нь гар бие оролцоогүй, эдгээр ажлыг биечлэн зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын байгуулсан гэрээний 5.1, 5.1.7-д энэ талаар дурдаагүй байна. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ... нэхэмжлэгч “У” ХХК нь 25,000,000 төгрөгийг хариуцагч Жд гэрээний төлбөрт шилжүүлсэн гэх үндэслэлтэй, ...харин хариуцагч Ж нь гэрээний төлбөрт 60,000,000 төгрөгийг шаардсан шаардлага үндэслэл нь тодорхойгүй байх ба талуудын байгуулсан гэрээний 3.3.4-т Гэрээт хугацаа дуусахад энэхүү гэрээг хамтран дүгнэж үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон байна. ...талууд гэрээг хэрхэн дүгнэсэн, ажлыг хэрхэн хүлээлгэн өгсөн талаараа баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж тус тус дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Анхан шатны шүүх ...хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар хариуцагч Ж нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн 1,880 га талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, тус компанийг ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагыг ашиглан зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хариуцагч нь гэрээний 1.6, 5.1.7-д заасан гэрээт ажил, зөвлөх үйлчилгээг бүрэн гүйцэтгэж ажилласан гэх байдал тогтоогдоогүй байна. ...гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, ...гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан ч хариуцагч гэрээний хугацаа дуустал ажиллаагүй буюу 2022 оны 07 сараас хойш нэхэмжлэгчид зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаагүй, иймд хөлсөөр ажиллах гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцлагдсан, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, ...нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ж-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч төлөвлөсөн ургацаа авч чадаагүй нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдалтай шууд шалтгаант холбоотой байдал баримтаар тогтоогдоогүй тул гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 507,080,648 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
10. Хэрэгт “У” ХХК-ийн иргэн Ж-тай байгуулсан 2022.02.23-ны өдрийн “Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” авагдсан, уг гэрээгээр хариуцагч Ж нь “У” ХХК-ийн 1,880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэн ухааны удирдлага болон техник, технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 2022 оны Газар тариалангийн үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гаргаж батлуулах, нэхэмжлэгч “У” ХХК ажлын хөлсөнд 60,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хариуцагч гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр гэрээг байгуулаагүй, гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж маргасан боловч зохигч гэрээний талаар харилцан санал солилцож байсан, гэрээнд заасан үйл ажиллагаа бодитоор хэрэгжсэн үндэслэлээр зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан, гэрээнд заасан нөхцөлөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцсэн байна.
11. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 360 дугаар зүйлийн 360.2-т шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно, 367 дугаар зүйлийн 367.1-д ...хуульд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй, 367.3-т ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж тус тус заасан.
Хариуцагч Ж 2022.04.22-ны өдөр “У” ХХК-д зээл авахад шаардагдах төлөвлөгөө тооцооллыг гаргаж, мөн 2022-2026 оныг хүртэлх буюу 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, улмаар ... суманд байрлах нэхэмжлэгчийн тариалангийн газар дээр 6 удаа биечлэн очиж зөвлөгөө мэдээллээр хангасан үйл ажиллагаа явуулсан, мөн нэхэмжлэгчээс 2022.05.23-нд 25,000,000 төгрөг, ажлын явцад 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байна.
12. “У” ХХК нь 2021 оны 12 дугаар сард байгуулагдсан, 2022 оноос газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд газар тариалангийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай гэх үндэслэлээр хариуцагч Жтай зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, улмаар түүний гаргаж өгсөн газар тариалангийн төлөвлөгөө бүхий технологийн картыг үндэслэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулсан боловч төлөвлөсөн хэмжээнд ургац авч чадаагүй, санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлангаар 944,843,643 төгрөгийн зардалтай, борлуулалтын орлого тооцсон дүнгээр 507,080,157 төгрөгийн алдагдалтай ажилласан гэжээ.
Компани ийнхүү алдагдалтай ажилласанд хариуцагч Ж нь Зөвлөх үйлчилгээг хангалттай явуулаагүй, газар тариалангийн үйл ажиллагаанд биечлэн оролцож зохион байгуулаагүй, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулаагүй, өмч хөрөнгийн ашиглалтад анхаарал хандуулаагүй, газар тариалангийн технологи ажил бүрийг орхигдуулсан, хяналт тавиагүй, зааварчилгаа өгөх үүргээ зөрчсөн, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид хохирол учруулсан гэж үзэн компанийн тухайн жилийн санхүүгийн алдагдлыг хохиролд тооцож, хариуцагчид олгосон ажлын хөлсийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
13. Зохигч гэрээг амаар байгуулсан тул талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тохиролцсон гэж үзэх боломжгүй, компани ургац алдсанд явдалд дан ганц зөвлөхийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр компанийн тухайн жилийн алдагдал 507,080,157 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд олгосон 30,000,000 төгрөгийг хохиролд тооцож, буцаан гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх гэрээ цуцалснаас үүсэх үр дагавар гэж дүгнэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь заалтыг үндэслэн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
14. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг технологийн карт хийж өгсөн үндэслэлээр гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан тул дээрх мөнгөн дүнг хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь заалтыг үндэслэн дээрх төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагчид өгсөн ажлын хөлс түүний гүйцэтгэсэн ажлаас илүү хэмжээгээр олгогдсон гэж үзвэл тухайн илүү төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулж болох боловч нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй тухайд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
15. Хариуцагч Ж нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй, харин дээрх мөнгөн хөрөнгө нь ажлын хөлс бус нэхэмжлэгчийн захиалгаар газар тариалангийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийн үнэ, уг мөнгөөр төхөөрөмжийг захиалж, худалдаж авсан гэж тайлбарласан боловч төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.
16. Талууд ажлын хөлсийг 60,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 25,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан, талууд гэрээг дүгнээгүй, үлдэгдэл төлбөрийг шаардсан үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
17. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01352 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-н гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж-аас 2024.08.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД