Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2018/00108

 

У.Тийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00522 дугаар шийдвэртэй, У.Т-ийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.             

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хүсэлт гаргагч У.Т, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

Хүсэлтэд: “Миний бие аймгийн НДҮ-ийн барилгын туслах нооромчноор Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тушаалаар орж, улмаар Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 05-р сарын 19-ний өдрийн 46 дугаартай тушаалаар Сагсайн услалтын системд 4-р сарын 21-нээс эхэлж ажилласан юм. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1983 оны 01-р сарын 05-ны өдрөөс 1986 оны 05-р сарын 19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласныг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00522 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч У.Т-ийн Баян-Өлгий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие У.Т нь тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оноос эхлэн барилгачнаар ажиллаж байгаад зах зээлд шилжих үеэр ажлын байрны орон тоо үгүй болсон учир тус үйлдвэрийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан юм. Би анхан шатны шүүхэд ажилд орсон, гарсан тушаалууд мөн хамт ажиллаж байсан хүмүүсийн бичиж өгсөн тодорхойлолтууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон түүний эх хувийг өгсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудыг бичиж тамга тэмдэг дарж баталгаажуулсан байсан. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас надад “...таны 1983 онд ажилд анх томилогдсон тушаал архивт байхгүй байна” гэсний дагуу би зөвхөн 1983-1986 оны хооронд ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгох санаатай өргөдөл өгсөн юм.

Дээрх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурлын товыг надад урьдчилан мэдэгдсэн боловч би тухайн үед хөдөө хүн нас барсан тул түүний ажилд яваад буцаад ирж байхдаа унаа эвдэрсэн тул шүүх хуралд хүрэлцэн ирж амжаагүй юм. Гэтэл 2018 оны 7-р сарын 10-ны өдөр намайг эзгүй үед шүүх хурал хийж миний гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь “...Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтэд 1983.01.05-аас 1986.05.19-ний өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласныг тогтоож өгнө үү гэсэн боловч нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр. НЛҮ-ийн ерөнхий хорооны даргын ажилд авах тухай тушаалуудад Т нь НДҮ-т ноомчиноор томилогдон ажилласан тухай бичигдсэн байдал нь хоорондоо зөрүүтэй 1983 он гэдэг нь засвартай байна.”гэжээ. Би уг нь өргөдлийг хүнээр бичүүлсэн ба би тэр хүнийг хууль ёсны өмгөөлөгч хүн юм байна гэж ойлгож, тэр хүн барилгачин байсан гэж хэлсний дагуу бичсэн байхыг сүүлд шийдвэр гарсны дараа олж мэдсэн. Уг нь тэр үед хар бор ажил хийдэг, хийснээрээ цалинждаг барилгачин гэх мэт хүмүүсийг ерөнхийд нь нормчин гэж нэрлэдэг байсан тул нормчин гэж бичсэн байжээ. Нотлох баримтад бичигдсэн ажлын байрны нэр үг нь өөр байгаа болохоос биш миний бие аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан болох нь тушаал болон хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн байсан, хоорондоо зөрүүгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг тушаалууд шууд хөндлөнгөөр нотолж байгаа байдлыг шүүх анхаарч үзэлгүй буруу шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Мөн хамт ажиллаж байсан хүмүүс “...биднийг ажиллаж байхад У.Т бидэнтэй хамт ажиллаж байсан нь үнэн" гэдгийг нотолсон байсан.

Миний Хөдөлмөрийн дэвтэр болон тушаалд бичигдсэн зүйл хоорондоо ямар нэгэн байдлаар зөрүүтэй буюу эргэлзээтэй байдал гараагүй байсан гэж үзэж байна. Шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс болж би улсад шударгаар хөдөлмөрлөсөн хугацаагаа тогтоолгож авч чадаагүй хохирсон явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00522 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, миний улсад ажилласан хугацааг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            У.Т нь Баян-Өлгий аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 718 дугаар лавлагаа, тус аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооны даргын 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар, 1986 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалууд, хамт ажиллаж байсан гэх А.А, М.Х, Х.Б нарын үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

            Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх У.Тийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан журмыг зөрчсөн байна.  Тухайлбал, хүсэлт гаргагч У.Т-ээс А.А, М.Х, Х.Б нарын үйлдсэн, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудыг гаргаж өгсөөр байтал дээрх баримтуудыг үндэслэн шүүх санаачилгаараа тэдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй атлаа “...тодорхойлолтод У.Т-ийн чухам ямар ажил эрхэлж байсан талаар тодорхой бичээгүй, гэрч нар нь мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй” гэж үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журамд нийцээгүй.

 

            У.Т-ээс шүүхэд гаргаж өгсөн А.А, М.Х, Х.Б нарын үйлдсэн тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т заасан нотолгооны хэрэгслүүдийн аль нэгэнд хамаарахгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар шүүх уг тодорхойлолтуудыг үндэслэн тэдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэх авах байжээ. У.Т нь дээрх гурван иргэний тодорхойлолтыг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлийг гэрчлүүлэх зорилгоор шүүхэд гаргаж өгсөн нь тодорхой байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлоос нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйтэй холбоотой хэсгийг хүлээн авч, харин шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00522 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар У.Тийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

                                 ШҮҮГЧИД                                                      Д.МӨНХӨӨ                 

 

                                                                                                       С.ӨМИРБЕК