| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/01032/И |
| Дугаар | 153/ШШ2021/00321 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2021/00321
| 2021 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2021/00321 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд их сургуульд холбогдох
“Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай Ажилд авах тухай тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах, Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай Ажилд авах тухай" захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай, Ховд их сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 153/2021/01032/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ннь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Би 2016 оны 06 дугаар сард Ховд их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 06 сарын 09-нд төрийн захиргааны Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.С нь 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байсан. Улмаар Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 35 дугаартай магадлалын тогтоох хэсэгт намайг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Н нь 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон.
Ховд их сургуулийн зүгээс Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн орон тоо хасагдсан талаар Ховд их сургуулийн бүтэц орон тоо танилцуулаагүй. Хэрэв бүтэц орон тоо хасагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дэх хэсэгт “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно”.
Ховд их сургуулийн зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Ховд их сургуулийн захирлын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах хууль зүйн үндэслэлтэй юм.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/0034 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт “...Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай магадлал-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж” заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай Ажилд авах тухай захирлын тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дэх хэсгээр хугацаатай гэрээ байгуулах хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Н-ийг дадлагажигч багшаар томилсон дээрх тушаал нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүсэх хууль зүйн үр дагаврыг бий болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэх хуулийн дагуу гэрээт багшаар ажиллаж байсан ажилтанг дадлагажигч багшаар томилсон ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний ажиллах ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг, цалингийн хэмжээ зэргийг тохиролцох, ажилтны хийж гүйцэтгэвэл зохих ажил үүргийг тодорхойлж өгөх үүрэгтэй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах эрхтэй байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09- ний өдрийн 35 дугаартай, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/0034 дугаартай тогтоолоор намайг Ховд Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа, менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн томилсон. Гэтэл Ховд их сургууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би 2016 оны 06 дугаар сард Ховд их сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийг Төрийн захиргааны менежментийн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн 2017-2018 онд Ховд их сургуулийн Боловсрол судлалын ухааны багшлах эрхийн бакалавр зэрэгтэй төгссөн. Мөн 2017 онд төрийн захиргааны Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Ховд Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа, менежментийн дадлагажигч багшийн ажлын байрны шаардлагыг хангасан. Ховд их сургууль нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг удаа дараа зөрчиж дахин ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд их сургууль нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 120.1.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Уг иргэний хэргийн шийдвэр хүчингүй болж дахин хэлэлцэгдэж байсан ба Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаа нь анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр болох үр дагаврыг бий болгосон. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ба нэхэмжлэгч Г.Н-ийг ажилд эгүүлэн томилсон хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамаарахгүй учир Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шийдвэр гарснаас Ховд их сургуулийн захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалинг гаргах үндэсгүй байна.
2. Цалин олговрыг нөхөн олгох үндэсгүй учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийх боломжгүй юм.
3. Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай тушаал нь хуулийн дагуу гарсан учир хүчингүй болгох хууль зүйн үндэсгүй байна.
4. Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Төрийн удирдлагын хөтөлбөр нь I ангидаа 8 оюутантай бөгөөд доктарант 1 багш энэ хөтөлбөрийн үндсэн багшаар ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн 2, 3, 4-р ангид 1 ч оюутан байхгүйгээс үзэхэд багшийн цагийн норм хүрэлцээгүй байгаа нь ойлгомжтой байх тул багшийн орон тоо цөөрүүлэх болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасны дагуу Г.Н-д мэдэгдэх хуудсаар энэ тухай мэдэгдсэн болно. Иймд Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шийдвэрээс Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны цалингаас холбогдох суутгалыг хассан дүн болох 12,614,450 төгрөгийн цалин олговор гаргуулах, Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай "Ажилд авах тухай" захирлын тушаал гарсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах, Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай "Ажилд авах тухай" захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолоор намайг үндсэн орон тоон дээр авахаар шийдвэрлэсэн боловч тус тушаал нь түр хугацааны ажилд авах тушаал байсан.
Ховд их сургуулийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" захирлын тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор буюу холбогдох суутгалыг хассан дүн болох 4,296.821 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хувьд намайг 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалаар ажилд аваад 2 сарын дараа ажлаас чөлөөлсөнтэй холбоотой юм. Мөн урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Цалин олговор гаргуулах үнийн дүнгийн аль алинаас нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах хүсэлттэй байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ховд их сургуулиас 2017 онд ажлаас чөлөөлөгдөж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгчийг ажилд нь буцааж 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалаар томилсон. Эхний шаардлагын хувьд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг нэхэмжлэгчид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан тухай баримт хавтаст хэргийн 117-р хуудсанд авагдсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээж аваад 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн зүгээс Б/166 дугаартай тушаалыг түр тушаал гэж тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 17-р хуудсанд авагдсан 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалд нэхэмжлэгчийг ажилд түр авах тухай агуулгатай тушаал гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэж заасныг баримталсан. Энэ нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулснаас биш нэхэмжлэгчийг түр хугацаатай ажилд авсан. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т дагуу ажилд авсан нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу цалин хөлсний хэмжээг тогтоосон хуулийн заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг нь хугацаатайгаар байгуулж болох заалтын дагуу ажилд авсан. Нэхэмжлэгчийг түр хугацаагаар ажилд авсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж заасныг баримтлах байсан. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт гаргаж өгсөн хавтаст хэргийн 171, 172-р хуудсанд авагдсан Ховд их сургуулийн нийт оюутны тоо гэх баримтад зааснаар Ховд их сургуулийн Төрийн удирдлага гэх хөтөлбөр нь одоогоор 8 оюутантай, 1 багштай байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь элсэлт цөөрсөн, оюутны тоо бага учраас багшийн ажлын норм, кредит хүрэхгүй болсон. Хавтас хэргийн 118-аас 122-р хуудсанд авагдсан Багшийн ажлын журам-ыг үндэслэж Төрийн удирдлагын бакалаврын хөтөлбөрийн багц цагийн тооцоог хөтөлбөрийн мэргэжилтэн сургалтын албаар гаргуулж хавтаст хэргийн 115, 116-р хуудсанд хавсаргасан. Тус тооцооноос үзэхэд Төрийн удирдлагын 8 оюутантай хөтөлбөрт ганц багш шаардлагатай. Мөн тус багш нь ганцаараа ажилласан ч дээрх тооцооны кредит нь хүрэхгүй байгаа. Тус багш нь өөр бусад хөтөлбөрүүдэд өөр хичээл зааж байж нэг багшийн кредит хүрдэг. Оюутны тоо, багшийн цаг хүрэлцээтэй байсан тохиолдолд нэг ч гэсэн багшийг ажиллуулахад сургуулийн зүгээс асуудал гаргах шаардлагагүй. Гарцаагүй 8 оюутанд 2 багшийн кредит хүрэхгүй. Иймд манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Бакалаврын хөтөлбөрийн багц цагийн тооцоогоор багшийн ажлын журмын дагуу 15 оюутан байж 1 багшийн кредит цаг хүрдэг. 8 оюутны семинар, лекцээр нь үржүүлж тооцоход мэргэжлийн удиртгал хичээл дээр 8 оюутан 0,53 кредитийг багш авах боломжтой. Мэргэжлийн хичээлийн нийт багц цаг 8 оюутны хувь 12,24 кредит цагийн хичээл үздэг. Багшийн ажлын журмаар дадлагажигч багш 16, ахлах багш 16 цагийн кредитийг тус тус гүйцэтгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь одоо ажиллаж байгаа н.Б багштай хамт 32 кредит цаг цуглуулах ёстой байдаг. Гэтэл 8 оюутны цаг нь нийт 12 кредит цаг байдаг. Улмаар 20-иод кредит цагийн асуудал буюу нэг багшийн цаг дутдаг гэсэн үг. Үүнээс н.Б багш нь өөр бусад хөтөлбөрүүдэд улс төр судлалын хичээл болон бусад хичээлийг зааж байж тус багшийн кредит цаг жилийн кредит нь 15,20 цаг байдаг тухай тооцоо мөн хэрэгт хавсаргасан. Г.Н багшид ямар ч цаг байхгүй байгаа. Эдгээр 8 оюутанд ногдох кредитийг тооцоход багшийн цаг хүрэхгүй байх тул багшийн орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Иймд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж, мэдэгдэл өгснөөс хойш хуулийн хугацааны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул 8 оюутантай байсан хэдий ч нэхэмжлэгчийг ажилд авсан. Хэрэв оюутны тоо нэмэгдсэн бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шаардлагагүй байсан. Улмаар оюутны тоо цөөрснөөс болж манай байгууллагын санхүүгийн байдал муудсан, хүнд байгаа. Иймд үед багшийг сул цалинжуулж явах боломжгүй. Ингээд ажилтны тоог цөөрүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Сүүлийн тушаалтай холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх асуудлын хувьд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч цалинг нь өгсөн. Энэ хугацаанд байдал дээрдэхийг хүлээсэн. Шууд хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд кредит цаг, хийлгэх ажил байхгүй байсан тул нөхцөл байдлыг дээрдэх болов уу гэж хүлээсэн. Ингээд тухайн хөтөлбөр батлагдаагүй тул нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Ажилгүй байсан хугацааны нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн тул тус нэхэмжлэлийг болон бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь Ховд их сургуульд холбогдуулан Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах, Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Хариуцагч Ховд их сургуулиас “...тус сургуулийн захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалинг гаргах үндэслэлгүй байна, энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Төрийн захиргааны удирдлага хөтөлбөр нь 1-р ангидаа 8 оюутантай, докторант 1 багш энэ хөтөлбөрийн үндсэн багшаар ажиллаж байгаа, 2,3,4 ангид нэг ч оюутан байхгүйгээс багшийн цагийн норм хүрэлцээгүй байгаа тул орон тоог цөөрүүлсэн” гэж татгалзав.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Г.Н нь Ховд их сургууль /цаашид ХИС гэх/-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байсан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 17,526,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байжээ.
Харин нэхэмжлэгч Г.Н нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс ХИС-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаал гарах хүртэлх хугацааны цалинг нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн уг шаардлага үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацааны цалинг шаардах эрхтэй байна.
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 35 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 394 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-11, 19-29 хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Г.Н нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж мэтгэлцэв. /хх-ийн 117 хуудас/
Улсын Дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч Г.Н 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагчийн төлөөлөгч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус тус хүлээж авсан бөгөөд хариуцагчаас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан, энэ хугацаанд тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Г.Н хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нэхэмжлэгч Г.Н-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон ХИС-ийн захирлын тушаал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацаа нь ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс тоологдоно. Нэхэмжлэгч Г.Н 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсны дараа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Н ажилгүй байсан хугацааны цалинг өмнөх шүүхийн шийдвэрээр тооцогдсон цалин буюу дадлагажигч багшаар томилсон ХИС-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалыг үндэслэн нэг сарын цалинг 841,728 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 16,247,304 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдаанд хуулийн дагуу суутгагдах ёстой /ХХОАТ, НДШ/ суутгалыг хасаж, үндсэн цалин 12,614,450 төгрөг нэхэмжилсэн болно. /хх-ийн 211, 237 хуудас/
Шүүхээс нэхэмжлэгч Г.Н-ийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний хүртэл 1 жил 5 сар 13 хоног ажилгүй байжээ гэж тоолсон ба нэг өдөрт ногдох цалинг 841,728:21,5=39,150 төгрөгөөр, ажилгүй байсан хугацааны цалинг 14,818,236 (841,728х1жил5сар+39,150х13хоног) төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос суутгагдах ёстой шимтгэлийг хасаж, үндсэн цалин 12,614,450 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 12,614,450 төгрөгийг ХИС-ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хуулийн дагуу суутгагдах ёстой шимтгэлийг хассан дүнгээр тооцож, гарт олгогдох үндсэн цалинг нэхэмжилсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, өөрчилсөн шаардлага биш болохыг дурдаж байна.
2. Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Улсын Дээд шүүхийн 2020 оны 394 дугаартай тогтоолыг үндэслэн ХИС-ийн захирал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/166 дугаартай тушаалаар Г.Н-ийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Түүх, Нийгмийн тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосон боловч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг баримталжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бусад этгээд заавал биелүүлэх үүргийг хуульчилсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах эрхтэй боловч нэхэмжлэгч Г.Н-ийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар талууд тохиролцоогүй тул Улсын Дээд шүүхийн тогтоолыг бүрэн биелүүлээгүй байна гэж дүгнээд ХИС-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/166 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв. /хх-ийн 17 хуудас/
Нэхэмжлэгч Г.Н-ийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилд томилох үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь ХИС-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/75 дугаар албан бичиг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов. /хх-ийн 106 хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.
Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлэхийг, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2.-т “сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох чиг үүргийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлэх”-ийг заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ХИС-ийн Удирдах зөвлөлөөс жил бүр тус сургуулийн төсвийг баталдаг бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан багш, ажилчдын орон тоог хүн тус бүрээр тогтоодог байна. Энэ тухай тус сургуулийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа ХИС-ийн Удирдах зөвлөл батлагдсан төсөвтөө багтаан багш, ажилчдын орон тоог хүн тус бүрээр тусгаж баталдаг, багш, ажилчдын цалингийн сүлжээ, шатлалд өөрчлөлт ороогүй тул Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг мөрдөн ажиллаж байгаа, бүтэц орон тоог баталсан Удирдах зөвлөлийн тогтоол байхгүй болохыг тайлбарлажээ.
Харин ХИС-ийн захирал жил бүр хичээл эхэлсний дараа багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалинг шинэчлэн тогтоодог болох нь тогтоогдсон бөгөөд мөн энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно. /хх-ийн 88-91, 191-209, 219-230, 238-245 хуудас/
ХИС-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн санг шинэчлэн тогтоох тухай А/106 дугаар тушаалаар 2020 оны бүтэц, орон тоог тогтоосон, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаар тушаалаар Г.Н-ийг ажилд нь эгүүлэн томилоход бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон байхад шинэчлэн бүтэц орон тоог тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад ажиллагсдын нэрс, бүтэц орон тоонд нэхэмжлэгч Г.Номин-Эрдэнийн нэр, албан тушаалыг баталсан орон тоо байхгүй, ажиллуулаад сар ч хүрээгүй хугацаанд орон тоог цөөрүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь ажилтны эрх ашгийг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
3. Ховд их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
ХИС-ийн захирал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Г.Н-ийг ажилд нь томилж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1/123 дугаар албан бичгээр “Элсэлт буурч, багшийн танхимын сургалтын цагийн норм хүрэлцээгүй болсноос орон тоо цөөрүүлэх шаардлагатай” гэсэн мэдэгдлийг хүргүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 18, 47 хуудас/
ХИС нь Төрийн захиргааны удирдлагын бакалаврын хөтөлбөрийн 2020-2021 оны тооцоог нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг тооцоогоор төрийн захиргааны удирдлагын хөтөлбөрт заагдах мэргэжлийн хичээлийн багц цаг 12,24 цаг болсон бөгөөд Багшийн ажлын журам-ын 4.1.2-т зааснаар дадлагажигч багшийн заавал биелүүлэх ажлын кредит 16 цаг байхаар тооцжээ. /хх-ийн 115-116, 118-122 хуудас/
Мөн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ХИС-ийн оюутны тоонд хийсэн судалгаагаар тус хөтөлбөрт суралцаж буй оюутны тоо буурч, I-р ангидаа 8 оюутан суралцаж, II-IV ангидаа оюутан байхгүй байгаа болох нь тогтоогдсон /хх-ийн 170-173 хуудас/, багшийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай болсон гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй боловч ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан нь хууль зөрчсөн байна.
ХИС захирлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/34 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д /хх-ийн 174-181 хуудас/ хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй шалтгаанаа “...тус хөтөлбөрт заах хичээлийн кредит цаг хүрэлцээгүй, энэ нь тухайн хөтөлбөрт элссэн оюутны тоо буурсантай холбоотой” гэж хариуцагчаас тайлбарласан нь хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх үндэслэл биш бөгөөд Г.Н-ийг тухайн албан тушаалд ажиллуулах боломжгүй /орон тоо цөөрсөн/ гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй тул ХИС захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
ХИС захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тухайн тушаалаар үргэлжилсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тус сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь мөн хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгч Г.Н-ийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ХИС-н Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.
4. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд
ХИС-н захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Г.Н-ийг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаар “Ажилд авах тухай” тушаалаар Г.Н-ийн үндсэн цалинг 954,520 төгрөгөөр тогтоосон байна. Нэхэмжлэгч тус тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалингаас суутгалыг хасаж, 4,296,821 төгрөг нэхэмжилжээ. /хх-ийн 237 хуудас/
Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл 5 сар 9 хоног ажилгүй байсан ба ажилгүй байсан хугацаанд тэнцэх олговрыг ХИС-н захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаар тушаалд заасан сарын цалин 954,520 төгрөгөөр тооцвол нэг өдрийн дундаж цалин хөлс 954520:21,5=44,396 төгрөг байх ба нийт олговрын хэмжээ 5,172,166 (954,520х5сар+44,396х9хоног) төгрөг байна.
Нэхэмжлэгч дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос суутгагдах ёстой суутгалыг хасаж, үндсэн цалин 4,296,821 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4,296,821 төгрөгийг ХИС-ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэсэн тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу 16,911,271 (12,614,450+4,296,821) төгрөгийн үндсэн цалинд ногдох шимтгэлийг нөхөн төлөх, нэхэмжлэгчийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийлгэх үүрэгтэй тул уг үүргийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Н үндсэн цалингаас суутгагдах нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын суутгалыг хассан дүнгээр нэхэмжилсэн ба харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцоогүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид олгогдох үндсэн цалин 16,911,271 төгрөгөөс нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварын суутгалыг хасахгүйгээр, харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар дээрх олговорт ногдох эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Г.Н-ийг анх дадлагажигч багшаар ажиллуулахдаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагчаас гаргуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгчөөс уг хөдөлмөрийн гэрээ нь шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдаж байгаа тул 2018 онд шийдвэрлэгдсэн Г.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн болно. /хх-ийн 148, 151-152,159-165 хуудас/
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дээрх хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж, хариуцагчаас Г.Н-ийн хөдөлмөрийн гэрээг гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсныг илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-ын нэхэмжлэгч Г.Н-ийн хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан нь хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтад хамааралгүй тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 783 дугаартай “Хүсэлтийг хангаж, үзлэг хийх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 16,911,271 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж 242,506 төгрөг төлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 239,186 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ХИС санхүүгээс 239,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгож, үлдсэн 3,320 төгрөг болон ХИС-ийн захирлын тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 70,200 төгрөг, нийт 73,520 төгрөгийг ХИС-ийн санхүүгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай”, Ховд их сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.Н-ийг Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс Ховд их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны цалин 12,614,450 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,296,821 төгрөг, нийт 16,911,271 (Арван зургаан сая есөн зуун арван нэгэн мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг хариуцагч Ховд их сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацаанд олгогдох үндсэн цалин 16,911,271 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас нөхөн тооцуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,186 (Хоёр зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд их сургуулийн санхүүгээс 239,186 (Хоёр зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгож, 73520 (Далан гурван мянга таван зуун хорь)төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-ын нэхэмжлэгч Г.Н-ийн “Хөдөлмөрийн гэрээ”-г гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН