Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2021/00329

 

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2021/00329

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ц-Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

2,520,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00483/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч (нэхэмжлэгч) Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Түгээлхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г миний бие иргэн Д.Н-аас хурдан удмын хар зүсмийн 4 настай соёолон морийг аймаг бүс, сумын наадамд уралдуулах зорилгоор 2018 оны 08 сарын сүүлээр 5 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож түүний дансанд эхний ээлжид 2,000,000 төгрөгийг 2018 оны 09 сарын эхээр шилжүүлсэн.

Харин үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь дараа боломжтой үедээ боломжоороо өгөхөөр харилцан тохиролцсон байсан боловч 2018 оны 11 сарын сүүлээр Д.Н-г тус морио буцааж авахаар болсон тул би тухайн морийг нь Ховд аймгийн Буянт сумд портер машин хөлслөн хүргүүлж хүлээлгэж өгсөн. Д.Н нь 2018 оны 12 сарын сүүлээр өөрийн ажиллуулдаг үнээний фермийнхээ сүүний мөнгийг цуглуулж байгаад миний 2,000,000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл янз бүр шалтаг зааж миний мөнгийг өгөхгүй байсаар байна.

Иймд Д.Н-аас хурдан удмын хар зүсмийн 4 настай соёолон морийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас Д.Г надад буцааж олгох ёстой 2,000,000 төгрөг, мөн тус мөнгийг түүний дансанд шилжүүлснээс хойш арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож алданги болох нийт 520.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Учир нь Д.Н-аад 2,000,000 төгрөг шилжүүлсэн өдөр болох 2018 оны 09 дүгээр сараас энэхүү нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2019 оны 10 дугаар хүртэл нийт 13 сарын хугацаанд Д.Н нь миний мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа гэж үзэж байгаа тул 2,000,000 төгрөгийн нэг сарын 2 хувийн хүү нь 40,000 төгрөг болох бөгөөд нийт 13 сарын хугацаанд үржүүлбэл нийтдээ 520,000 төгрөг болж байгаа болно. 2,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд тусгагдсан хар үрээг 2017 оны намар 10 дугаар сард өөрийн найз болох Монгол Улсын манлай уяач Ганбаатарын Буянтогтохоос 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. Намайг худалдан авах үед тус хар үрээ хязаалан 14 настай байсан. Хар үрээ нь намайг худалдан авах үед 5 түрүү, 1 аман хүзүүдсэн угшил сайтай, биеийн байдал эрүүл саруул адуу авсан. Тус үрээ нь 2018 онд миний нэр дээр уралдсан бөгөөд бага том нийлүүлсэн 6 наадамд түрүүлсэн. Энэ үед тус адууг олон уяач нар 10,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж байсан. Миний бие тус үрээг их морь болгож цаашид уралдуулах хүсэл зорилготой байсан. Гэвч өөрийн нагац талын хамаатан болох Дорж овогтой Ганзориг нь худалдан авах санал тавьж, удаа дараа уулзаж гуйсан учир хамаатан гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон.

Д.Г нь тус үрээг аваад хөлийг нь гэмтээж, 2 жил уралдах боломжгүй болгосон. Хөлийг нь гэмтээгээд үсний өнгийг нь үхүүлээд бага гүүрний дээд талын гол 5 хоног усанд уяж байхыг би болон манай сумын уяачид харж байсан. Мөн Д.Г нь үлдэгдэл төлбөр болох 3 сая төгрөгийг 1 сарын дотор өгнө гэж тохиролцсон боловч 4 сар өгөхгүй байсан. Ингээд намар 2018 оны 11 сард Д.Г ахын хашаанд очиж үзэхэд маш туранхай, хөл нь хавдартай байсны дээр Д.Г нь тухайн адууг их иддэг, таргалахгүй байгаа зэрэг маш олон шалтаг хэлж муутгаж байсанд адуунд хайртай, морь уядаг хүний хувьд зүгээр хараад сууж чадахгүй, та надад эргүүлээд өгчих гэж авсан. Тус үрээ нь манай ферм дээр ачигдаж очихдоо ямаршуухан туранхай хөл нь хавдартай адуу байсныг манай Цант фермийн ажилчид бүгд мэдэж байгаа. Ингээд миний бие Д.Г ахаас авахдаа би таны тэр өгсөн 2,000,000 төгрөгөөр мориныхоо хөлийг эмчилж, тордож авна гэж хэлж байсан.

Ингээд миний бие болон ажилчид маань 2 сар гаруй тус үрээг 2.000.000 сая гаруй төгрөгөөр эмчилж, тордож байсны хүчинд хөлийн хавдар нь зүгээр болж, өнгө зүс сайжирч, хуучин хивэндээ орсон. Энэ явдал нь миний 10,000,000 төгрөгийн үнэ хүрч байсан 11 түрүүлж, 1 аман хүзүүдсэн адууг үнэгүйдүүлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын залуу уяач Ц.Б нь авахаар гуйсан. Ингээд миний бие тус залууг үнээ хэлээд ав миний хайртай адууг дахиж зарж, гэмтээж муутгахгүй байхыг сануулж, хэлсэн үнэ болох 3,000,000 төгрөгөөр худалдсан.

2019 оны хавар Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж ажилласан малын эмч нарын үзлэгээр шөрмөсөнд гэмтэл авсан, хүчтэй тариа хийж эдгэрсэн, 1 жил уралдаж болохгүй гэж дүгнэлт гарсан. Ингээд тус адуу нь одоогоор Ц.Б-д байгаа бөгөөд эрүүл саруул болсон байгаад эзэн хүний хувьд сэтгэл сайхан байна. Иймд миний бие болох Д.Г-ийн нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч /хариуцагч/ Д.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Миний бие хурдан удмын хар үрээг 2017 онд худалдаж авч 2018 онд Ховд аймагт бага том нийлүүлсэн 6 наадамд түрүүлсэн. Нагац талын хамаатан болох Д нь уг хар морийг худалдан авах санал тавьж, удаа дараа уулзаж гуйсан учир хамаатан гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Д.Гнь тус үрээг аваад хөлийг нь гэмтээж, 2 жил цаашлаад насан туршдаа уралдах боломжгүй болгосон. Ингээд 2018 оны намар 11 дүгээр сард Д.Г ахын хашаанд ачиж морийг үзэхэд маш туранхай, хөл хавдартай байсны дээр ******* нь тухайн адууг их иддэг, таргалахгүй байгаа зэрэг маш олон шалтаг хэлж муутгаж байсан. Иймд адуунд хайртай, морь уядаг хүний хувьд зүгээр хараад сууж чадахгүй, та надад эргүүлэн өгчих гэж хэлсэн. Тус үрээ нь манай ферм дээр ачигдаж очихдоо ямаршуухан туранхай хөл нь хавдартай адуу байсныг манай Цант фермийн ажилчид бүгд мэдэж байгаа. Ингээд миний бие ******* ахаас хар морио авахдаа таны өгсөн 2,000,000 төгрөгөөр мориныхоо хөлийг эмчилж тордож авна гэдгээ хэлсэн. Тэгэхэд Д.Г хариуд юу ч хэлэхгүй дуугарахгүй байсан. Ингээд миний бие болон манай ажилчид 2 сар гаруйн хугацаанд тус үрээг 2,000,000 гаруй төгрөгөөр эмчилж, тордож байсны хүчинд хөлийн хавдар нь зүгээр болж, өнгө зүс сайжирч, хуучин хэвэндээ орсон. Энэ явдал нь миний 10,000,000 төгрөгийн үнэ хүрч, 11 түрүүлж, 1 аман хүзүүдсэн адууг үнэгүйдүүлсэн бусармаг явдал юм.  2019 оны хавар Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж ажилласан малын эмч нарын үзлэгээр шөрмөсөнд гэмтэл авсан, хүчтэй тарианы хүчээр эдгэрсэн, 1-2 жил уралдаж болохгүй гэж дүгнэлт гарсан.

Иймд миний бие Д.Н нь нэхэмжлэгч Д.Г-оос миний 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 10 сая төгрөгийн үнэ хүрч байсан адууг үнэгүйдүүлж, гэмтэл бэртэл авахуулсан учир бодит алдагдал болох 3,000,000 төгрөгийг нэхэмжлэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Н-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа адуунд гэмтэл авахуулж 10,000,000 төгрөгийн үнэ хүрч байсныг үнэгүйдүүлсэн гэж тайлбарлажээ. Гэтэл тухайн адууг уг үйл явдал болсноос хойш 5-6 хүнд дамнан зарагдаж, сумын болон аймгийн уралдаанд оролцож түрүүлсэн байна. Мөн тухайн адуунд нэхэмжлэгч Д.Г гэмтэл учруулаагүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Г болон Д.Н нар нь 2018 онд анх хурдан зүсмийн морийг 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг Д.Н-д бэлнээр шилжүүлсэн. Ховд аймгийн морьд уралдах, шигшмэл хурдан морьдын уралдаанд зориулж уг морийг худалдаж авсан байдаг. Талууд зүгээс морийг худалдах, худалдан авах үедээ уралдаанд зайлшгүй түрүүлэх, сайн морь байна гээд тохиролцож 2,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нь яваандаа төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж морийг шилжүүлэн авсан. Ховд аймгийн бага гүүрийн дээд талд Адууч гэх хүний торон дотор Батсүх гэх хүнээр маллуулж, уяж, сойгоод явж байх үед Ховд аймагт гоц халдварт өвчин буюу малийн шүлхий өвчин гарч хурдан морьдын уралдаан, тэмцээн, наадмыг бүгдийг нь хориглосон учраас морийг уралдуулаагүй 10 гаруй хоног байлгаж байгаад хөдөө гаргасан.  Дээрх хугацаандаа Д.Н, Д.Г-оос морио нэхэж, морины үлдэгдэл үнэ 4,000,000 төгрөгийг нэхэмжилэхэд өгөх боломжгүй гэхэд морио буцаагаад авна гээд байхаар нь Д.Н-д 2018 оны 10 дугаар сард морийг нь буцааж аваачиж өгсөн. Д.Г-ийн зүгээс 12 дугаар сард Д.Н руу үлдэгдэл 2 сая төгрөг өгөөч, би морийг чинь буцаагаад аваачаад өгчихсөн 2 сая төгрөг буцааж өгнө гэсэн яасан бэ? гээд 3 сар гаруй уг мөнгийг буцааж өгөхийг хүлээдэг. Д.Н-гийн зүгээс 2,000,000 төгрөгийн өгнө гэж байгаад сүүлдээ Д.Н үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөхөө больсон тул шүүхэд хандах болсон. Өөрөөр хэлбэл морийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан өгсөн авсан зүйлээ талууд буцааж авах хуулийн зохицуулалттай. Д.Г-ийн зүгээс морийг хүлээлгэж эзэнд нь буцаагаад өгчихсөн... гэв.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх морийг 2017 оны 10 дугаар сард Монгол Улсын Манлай уяач Ганбаатарын Буянтогтох гэх хүнээс Төв аймагт нийт 7 уралдаж, 6 түрүүлж, 1 аман хүзүүдсэн морийг 6,000,000 төгрөгөөр үнэлж авч байсан. Ховдод ирснээс хойш том бага уралдаанд айраг түрүү авч эхэлсэн үеэс Ховд аймгийн уяачдын дунд нэр нь гарч морио 10,000,000 төгрөгөөр зарчих гэсэн саналууд ирж байсан.  Тухайн үед хар морио зараагүй. 2018 оны 7 дугаар сарын 11-нд Д.Г ах чамд хоёр соёолон үрээ байдаг гэнэ. Нэг соёолон үрээгээ ахынхаа нэр дээр уралдуулаад өгөөч гэхээр нь би хонгор халзан үрээгээ Д.Г-ийн нэр дээр Ховд аймгийн Ардын хувьсгалын 95 жилийн баяр наадамд уралдуулж соёолон үрээ 3 дугаар байрт орж ирсэн. Ингээд Д.Г ах намайг морио зарчих гээд гуйгаад байхаар нь би хар морио 6,000,000 төгрөгөөр зарж урьдчилгаа 2,000,000 төгрөг авсан. Гэтэл Д.Г ах миний морийг авч яваад 4 хоног усанд уясныг би болон бусад уяачид бүгд харсан. Эрүүл саруул морь авчхаад гэмтээж өгсөн. Нэхэмжлээд байгаа 2,520,000 төгрөгийг би хар мориныхоо хөлийг эмчлүүлэх эмчилгээнд зарцуулсан. Тиймээс урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгийг өгөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч М.Түгээлхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.Н нь 3,000,000 төгрөгийг Д.Г-оос гаргуулах үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ

            Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Д.Н-аас Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 төгрөг, алданги 520,000 төгрөг, нийт 2,520,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч (хариуцагч) Д.Ннь Д.Г-оос Гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

            2018 оны 08 дугаар сарын үед нэхэмжлэгч Д.Г хариуцагч Д.Н-аас хурдан удмын хар зүсмийн 4 настай соёолон морийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч Д.Г хар зүсмийн морийг хүлээн авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

            Гэтэл 2018 оны 11 дүгээр сард тус морийг нэхэмжлэгч Д.Г хариуцагч Д.Н-д буцаан өгснөөр талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагджээ.

            Нэхэмжлэгч Д.Гморийг буцаан өгч, гэрээнээс татгалзсан шалтгаанаа ... тус морь зан аашийн хувьд нэлээн ширүүн, унах хүүхэд олдоогүй тул хариуцагч Д.Н морио буцааж авахаар болсон гэж тайлбарласан, хариуцагч Д.Н ... миний морины хөлийг гэмтээсэн тул 2,000,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзав.

            Тухайн үед морийг худалдаж авахаар нэхэмжлэгч Д.Г хариуцагч Д.Н-д 2,000,000 төгрөг өгсөн, хариуцагч Д.Н 2,000,000 төгрөг авсан гэдэгт талууд маргаагүй болно. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар талууд гэрээний үнийг буюу морийг 5,000,000 төгрөгөөр худалдан /худалдахаар/ авахаар тохиролцсон байна.

            Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль зөвшөөрсөн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзсныг хоёр тал бие биедээ мэдэгдсэн бөгөөд гэрээний зүйл болох адууг буцааж хүлээлгэж өгөхдөө хариуцагч Д.Н-д биш түүний ажилтнуудад хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдсон. Талуудын хооронд морины хөлийг гэмтээсэн талаар маргаан гарсан ба уг морины хөл хэзээ, хэний эзэмшилд байх хугацаанд гэмтсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            Шүүхээс зохигчдын хүсэлтээр моринд үнэлгээ тогтоох, морины хөлөнд гэмтэл учирсан цаг хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2227 дугаартай Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар моринд үнэлгээ тогтоохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарыг, морины биед ямар гэмтэл учирсан эсэх, тухайн гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоолгохоор Морьтон адууны Үндэсний клиникийг тус тус шинжээчээр томилжээ./хх-ийн 45-49 хуудас/

            Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын шинжээч Ч.М 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар албан бичгээр ... хурдан морины үнэ ханш ихэвчлэн худалдан авагч болон худалдсан иргэдийн хоорондын сонирхол, тухайн адууны шинж байдал, хурдалсан түүх, хурдан морь сонирхогч уяачид, уяачдын холбооны дүгнэлт зэрэг хүчин зүйлээс хамаарч тусгай үнээр худалдаалдаг, зах зээлийн ханш олон янз байдаг тул үнэн зөв бодитой дүгнэлт гаргах боломжгүй гэж, Морьтон адууны Үндэсний клиникийн Малч сэтгэлгээ ХХК 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар албан бичгээр ...тухайн гэмтэл яг хэзээ буюу анх ямар цаг хугацаанд үүссэн болох нь нарийн тогтоогдохгүй. Иймээс, тухайн адуунд учирсан гэмтэл нь адууг худалдахаас өмнө, эсвэл дараа учирсан гэмтэл эсэхийг тогтоох боломжгүй гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байна./хх-ийн 56, 70 хуудас/

            Хурдан удмын моринд тогтоох үнэлгээ нь худалдагч-худалдан авагч нарын хооронд хийгддэг тохиролцоонд үндэслэгддэг болон моринд учирсан хөлний гэмтлийг цаг хугацааны хувьд тогтоох боломжгүйг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан тул тухайн морь Д.Г-ийн эзэмшилд байх хугацаанд хөл нь гэмтсэн гэдэг нь нотлогдохгүй байна.Мөн нэхэмжлэгч Д.Н нь морины хөлийг Д.Г гэмтээсэн тул эмчилгээнд 2,000,000 төгрөг зарцуулсан, одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа гэх боловч эмчилгээ хийлгэсэн тухай болон тухайн эмчилгээнд зарцуулсан зардлын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Д.Гнь хар зүсмийн морийг худалдаж авсны дараа голын усанд уясан байсан, хөл нь бэртсэн морийг усанд уяж, сойдог гэж уяачид үздэг, тэгэхэд Д.Г-ийн эзэмшилд байхад хөл нь гэмтсэн, энэ тухай тухайн үед уг байдлыг харсан гэрч нар өөр өөр мэдүүлэг өгсөн гэж хариуцагч Д.Н мэтгэлцсэн боловч гэрч нарт шүүхээс хууль сануулан мэдүүлэг авсан, тэд өөрсдийн харсан зүйлийг тусгаж авсан ойлголтоор мэдүүлсэн тул гэрч нарын өгсөн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүтэй байна гэж үзэх боломжгүй байна.

            Тухайн үед Д.Г-ийн эзэмшилд байх хугацаанд морины хөл гэмтсэн гэж үзвэл хариуцагч Д.Н-д морийг 2018 оны 12 дугаар сарын үед хүлээлгэж өгсөн үед гэрээний зүйлийн биед байдлын доголдлын талаар гомдол гаргах, өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байсан. Мөн уг морийг Д.Н хүлээж авсны дараа 2019 оны 01 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Ц.Б-д худалдсан, 2019 оны намар морийг буцаагаад Д.Н өөрөө авсан болох нь гэрч Ц.Б-ын мэдүүлэг, хариуцагч Д.Н-ийн тайлбараар тогтоогдов. /хх-ийн 119-122 хуудас/

            Худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар ...гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г хариуцагч Д.Н-аас шаардах эрхтэй.

            Харин нэхэмжлэгч Д.Г 13 сарын хугацаанд мөнгийг ашигласны алданги 520,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд алданги нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар талуудын хооронд анзын гэрээ бичгээр хийгдсэн байх ёстой. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гэрээний талууд үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлоогүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анз төлөхөөр гэрээнд заагаагүй тул үүрэг гүйцэтгүүлэгч Д.Г хариуцагч Д.Н-аас 520,000 төгрөгийн анз шаардах эрхгүй болно.

            Нэхэмжлэгч Д.Н ... тухайн үед уг морь 10,0 сая төгрөгийн үнэлгээтэй байсан, хөл нь гэмтсэн учир морины үнэлгээ буурсан тул уг морийг Ц.Б-д 3,000,000 төгрөгөөр худалдсан гэж хариуцагч Д.Г-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрч Ц.Б .. Ховд аймгийн алдарч уяач М.Энх-Амгалан нь надаар дамжуулан 10,0 сая төгрөгт багтаан Д.Н-ийн хар зүсмийн морийг худалдаж авах саналыг хүргүүлж байсан, уг морь нь 2018 оны хавар аймгийн Аман худагт уралдаж ам хүзүүдсэн, Зэрэг сумын Бор хавцгай гэх газарт болсон уралдаанд түрүүлсэн гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч Д.Н нь шүүх хуралдаанд уг хар зүсмийн хурдан морины гаргаж байсан амжилт гээд медаль, тэмдгийн зургийг гаргаж өгсөн боловч энэ нь тухайн морины амжилтыг үнэлж өгсөн медаль, тэмдэг мөн эсэх нь, гэрч Ц.Б, Д.Н, Д.Б, П.А нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар уг хар зүсмийн морь хурдан удмын морь гэдэг нь нотлогддог боловч тухайн үед 10,0 сая төгрөгийн үнэлгээтэй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн нотлох баримтаар тус тус нотлогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /хх-ийн 100-103, 119-122, 124-25 хуудас/

            Шүүхийн иргэдийн төлөөлөгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н-д Д.Г-с 3,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн боловч Д.Н-ийн морь 2018 онд 10,0 сая төгрөгийн үнэлгээтэй байсан, морины хөл гэмтсэний улмаас үнэлгээ нь буурсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н-аас гаргуулан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэгч Д.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д тус тус зааснаар хариуцагч Д.Н-аас 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн хариуцагч Д.Г-оос 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,300 (тавин таван мянга гурван зуу) төгрөг, нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавь)төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.Н-аас 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Б.РАУШАН