| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2020/00662/И |
| Дугаар | 153/ШШ2021/00370 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 153/ШШ2021/00370
2021 оны 08 сарын 03 өдөр Дугаар 153/ШШ2021/00370 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хот тохижуулах газарт ХХК-д холбогдох,
Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай “Ц.Б-ийг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаал, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Урамшуулал олгох тухай” тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00662/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын дарга Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Б би хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус газарт ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан.
Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар тушаалаар Ц.Б намайг ажлаас халсныг эрх зүйн үндэслэлгүй, ажилтан миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн дээрх тушаалд дурдсан ажлын цагаар ажлын байрандаа архидан согтуурсан, ажил биелүүлдэггүй гэх зөрчлийг ажилтан миний бие гаргаагүй, сахилгын зөрчил гаргасан үйл баримт байхгүй.
Ц.Б би эхнэр Б.Э-ийн хамт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын дарга Л.Д-тэй уулзсан. Ингэхдээ миний бие сахилгын зөрчил гаргаагүй учраас заавал шүүхийн маргаан үүсгэхгүйгээр дээрх тушаалаа эргэн харахыг хүсэхэд буруу тушаал гаргаснаа мэдэж байна, өргөдлөө бичээд ажлаасаа чөлөөлөгд тэгвэл 6 сарын тэтгэмж өгье гэсэн хариу өгсөн.
Ажилтан миний бие сахилгын зөрчил гаргаагүй учраас эрх зүйн байдлыг минь дордуулсан ажил олгогчийн хууль бус саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүсгүүлэхээр танай шүүхэд хандаж байна.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар Ц.Б-ийг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Б миний хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тушаалын 1 дэх заалтаас үзэхэд чухам хэнийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай байна. Ингэсэн атлаа тушаалын 2 дахь заалтад Ц.Бат-Эрдэний нэрийг дурдсан нь эрх зүйн зөрчилтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг баримтлаагүй байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тушаалаар Ц.Б-д үр дүнгийн урамшуулал олгохгүй байх сахилгын арга хэмжээ авчээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрт үр дүнгийн урамшуулал олгохгүй байх хэлбэр тусгагдаагүй, хуульд байхгүй шийтгэл оногдуулсан байна. Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газраас Ц.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг үнэлсэн дүнгээр Ц.Б-д үр дүнгийн урамшуулал олгохгүй байхаар шийдвэрлэсэн эрх зүйн зөрчилтэй байна. Учир нь байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээг үнэлж дүгнэх боломжгүй. Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, ажил биелүүлдэггүй гэх зөрчлийг Ц.Б гаргаагүй, сахилгын зөрчил гаргасан үйл баримт байхгүй. Иймд нэхэмжлэгч Ц.Б миний хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт холбогдох гомдлын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын харьяа Хот тохижуулах газрын даргын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 01-р тушаалын дагуу ахлах мэргэжилтний ажилд түр хугацаагаар томилогдсон байна.
Ц.Б-г ажилд томилох үед орон тоо байхгүй байхад хүчээр орон тоо гаргаж ажилд хүн авлаа, цалин мөнгө хүрэхгүй, байгууллага өртэй хүнд нөхцөлтэй байхад нь шаардлагагүй хүн ажилд авлаа гэх мэтээр хэд хэдэн ажилчдаас гомдол удаа дараа гарч байсан байдаг. Тухайн үед байгууллагын даргаар П.М ажиллаж байсан. Ц.Б нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын цагаар ажлын байранд архи уух, ажил таслах зэргээр байнга зөрчил гаргадаг. Хамгийн сүүлд байгууллагын дарга миний бие нь 2020 оны 06 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу томилолтоор явахдаа ахлах мэргэжилтэн Ц.Б-д байгууллагын ажилчдын ажлыг хариуцуулаад үлдээсэн боловч ажлаа хийхгүй удаа дараа архи ууж, Зөрчлийн хуулиар баривчлах шийтгэл хүлээсэн байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай сахилгын арга хэмжээ авах тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай урамшуулал олгох тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халаагүй байх. Өмнөх дарга гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан байсан. Мөн нэхэмжлэгчтэй маргалдсан маргааныг бичиж авсан утсыг шинжлэн судлуулах боломжгүй болсон. Гэрч нар мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зарим гэрч нар тэтгэвэрт гарсан байгаа. Манай байгууллагын хувьд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Б Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай “Ц.Б-ийг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал”, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “рамшуулал олгох тухай” тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Ц.Б ажлын байранд архи уудаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлийг хариуцагч дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзав.
Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай “Ц.Б-ийг ажлаас халах тухай” тушаалын тухайд
Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Б-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн дотоод журам, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг тус тус зөрчиж, ажлын байранд архи уусан, сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээ зааж, хэрэгт тус байгууллагын 2019 онд батлагдсан “Жаргалант сумын Хот тохижуулах газрын дотоод журам”-ыг нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-ийн 54-59 хуудас/
Ц.Б-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэж ажил олгогчоос тушаал гаргахдаа дотоод журмын 8.1.1-ийг баримталсан боловч хариуцагч байгууллагаас “...ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байдаггүй тул ажлын байрны тодорхойлолт байхгүй” болохыг тодорхойлсон 1/41 дугаартай албан бичгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн тул батлагдаагүй ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг ажилтан Ц.Б хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 24 хуудас/
Мөн журмын 8.1.2-д “Ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан алдаа дутагдлаа ухаарч засраагүй” гэх заалт нь хэдийгээр тухайн байгууллагын дотооддоо мөрддөг журам боловч агуулгын хувьд хуульд харшилсан, хуулиар хориглосныг зөвшөөрсөн, илэрхий алдаатай байна. Тодруулбал, ажилтанд ажлын цагаар архи уухыг зөвшөөрсөн буюу удаа дараа архидан согтуурсан алдаагаа ажилтан ухамсарлах ёстой гэсэн агуулгыг илэрхийлэхээс гадна ажилтан уг алдаагаа ухамсарласан байвал цаашид тухайн байгууллагад ажиллаж болохыг зөвшөөрсөн агуулгатай байна.
Журмын 8.1.5-д “Хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ажлын хариуцлага алдах, хөдөлмөрийн гэрээг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн заалтыг үндэслэсэн хариуцагчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ц.Б-тэй хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болохыг ажил олгогч өөрөө нотолсон, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж ажилтныг буруутгах боломжгүй юм. Мөн тус байгууллагын дотоод журамд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг заагаагүй байна. /хх-ийн 24, 58-59 хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг, зөрчил тус бүр нь нотлогдон тогтоогдсон, сахилгын зөрчилгүйд тооцох хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхыг тус тус ойлгоно. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Б-ийг сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж тушаалын үндэслэлээ тодорхойлсон боловч чухам ямар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасныг тодорхой заагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хариуцагч биелүүлж чадаагүй болно. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэх тухайн байгууллагын ажилтнуудыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан, шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн тушаалдаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр”-нд архи, согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно, 7.3.1.-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус баримталжээ.
Нэхэмжлэгч Ц.Б Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Согтууруурах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан... хүнийг торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-т цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ёстой. Хэрвээ би төрийн байгууллагын газарт архи уусан бол уг зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан шалгаж, шийтгэл хүлээлгэсэн байх ёстой гэж маргасан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б-ийг ажлын байранд буюу согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэхийг хориглосон газарт архидан согтуурсан үйлдлийг цагдаагийн эрх бүхий ажилтан шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.
Тушаалдаа баримталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1.-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэх заалт нь албан тушаал, хийж гүйцэтгэх албан үүргийн хувьд жолоочид хамаарах заалт болохоос ахлах мэргэжилтэн Ц.Б-д хамааралгүй заалт болохыг дурдах нь зүйтэй.
Ажил олгогчоос Ц.Б-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг нотлохын тулд дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж мэтгэлцэв.
Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Ц.Б-ийг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7.5 дахь зааснаар шүүхийн 256 тоот шийтгэврээр 30 хоног баривчлагдсаныг тодорхойлсон 46-ж-795 дугаартай албан бичгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хүргүүлжээ. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 256 дугаар шийтгэврээр Ц.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 30 хоногоор биш 7 хоногоор баривчлах шийтгэл ногдуулсан, шүүхээс баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хоногоор хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн биелүүлэхийг даалгасан байна. Нэхэмжлэгч Ц.Б уг шийтгэлийг 2020 оны 07 дугаар сард ажлаас халагдсаны дараа эдэлсэн болох нь түүний шүүх хуралдаанд тайлбар, Хот тохижуулах газрын 2020 оны цалингийн картаар Ц.Б нь 2020 оны 06 дугаар сард ажлын 19 хоног ажиллах ёстойгоос 19 хоног бүтэн ажилласныг тооцсон ажлын хоногийн бүртгэлээр тус тус нотлогдов /хх-ийн 28, 36, 41-43 хуудас/
Шүүхээс Ц.Б-д жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр баривчлах шийтгэл ногдуулсан байх ба уг зөрчил 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө буюу ажлын бус цагаар үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул ажлын цагаар архи ууж, ажил тасалсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Ц.БХовд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаал, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Урамшуулал олгох тухай” тушаалын Ц.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэлээ тухайн үед дээрх тушаалыг танилцуулаагүй, ийм тушаал гарсныг мэдээгүй гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Б-г өмнө нь ажлаас чөлөөлж байсан, сахилгын арга хэмжээ авч байсныг нотлох баримт болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тушаалуудыг гаргаж өгсөн боловч тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан, гомдол гаргах эрхээр нь хангасан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчээс Хот тохижуулах газрын дарга 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг өглөө нь төлөвлөөд үдээс хойш Жаргалант сумын Засаг даргад танилцуулснаар сумын Засаг дарга зөвшөөрөөгүй тул тухайн үед уг тушаалыг гаргаагүй ба үдээс хойш үргэлжлүүлэн ажлаа хийсэн гэж, хариуцагчаас өмнөх удирдлагуудын үед болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна гэж тус тус шүүх хуралдаанд тайлбарлав. /хх-ийн 63 хуудас/
Хот тохижуулах газраас нэхэмжлэгч Ц.Б-ийн 2018 оны цалингийн картыг ирүүлсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сард ажлын 20 хоног ажиллах ёстойгоос нэхэмжлэгч Ц.Б ажлын 20 хоног бүтэн ажилласан, цалинг бүрэн олгосон баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөгүй гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд зөрчигдөөгүй эрхээ сэргээлгэх шаардлага үүсээгүй байжээ. Энэ тухай гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг тушаалыг хүчингүй болгохгүй бол эрх зүйн үр дагавар үүсч болзошгүй гэж тодорхойлжээ.
Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал нь амаар тохиролцох хэлэлцээр биш, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн актын хувьд гарсан цагаас хүчин төгөлдөр үйлчилж, эрх зүйн үр дагавар үүсгэх бөгөөд хэдийгээр үйлчлэлийн хувьд нэг өдөр ч хэрэгжээгүй боловч одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа тул 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хот тохижуулах газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 16 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр Хот тохижуулах газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж, тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалын тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэж сахилгын хэлбэрийг зааж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтанд зөвхөн хуульд заасан дээрх 3 сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг ногдуулахаар хуульчилсан.
Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалын үндэслэлийг Ц.Б ажлын хариуцлага алдсан гэж тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заагаагүй “Үр дүн урамшуулал олгохгүй байх” гэсэн сахилгын шийтгэл ногдуулж, хуулийг буруу хэрэглэж, ажилтны эрхийг зөрчжээ. Мөн уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан, мэдэгдсэн тухай баримтыг хариуцагч байгууллагаас гаргаж өгөөгүй учир нэхэмжлэгч Ц.Б эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж дүгнэх боломжгүй байх тул хууль зөрчсөн дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв. /хх-ийн 62 хуудас/
2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Урамшуулал олгох тухай” тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд
Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалаар 2019 онд ажилтнуудын хийсэн ажлыг дүгнэж, 40 хувь хүртэл урамшуулал олгож, Ц.Б-д урамшуулал олгоогүй байна. /хх-ийн 60-61 хуудас/
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, Ц.Б нь Хот тохижуулах газрын ахлах мэргэжилтнээр 2018 оны 01 дүгээр сараас хойш ажилласан бөгөөд хэдийгээр ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй боловч ажилтнуудын ажил үүргийн хуваарийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын жилийн эцсийн тайланг нэгтгэх, боловсруулах зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул ахлах мэргэжилтний хувьд байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг мэдэх бүрэн боломжтой бөгөөд уг үүргээ гүйцэтгэж байжээ гэж дүгнэв.
Төрийн албан хаагчийн хувьд нэхэмжлэгч Ц.Б нь тухайн жилд хийсэн ажлыг ажил олгогчид тайлагнах, ажлаа дүгнүүлэх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүйн ажилтныг ажлаа тайлагнахаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчээс ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг хурлаар оруулж дүгнэхгүй, байгууллагын дарга үзэмжээр дүгнэдэг байсан гэж тайлбарлах боловч 2019 онд хийсэн ажлын тайланг дүгнүүлсэн, эсхүл биелэлтийг тайлагнасан тухай илтгэх хуудсыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн уг шаардлагыг нотолж чадаагүй болно.
Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалинг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь өөр ажилд томилогдсон үндэслэлээр 2020 оны 07 сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Засгийн газрын сүлжээний ТҮ-8-3 шатлалаар тооцож нэхэмжлэв.
Хот тохижуулах газар нь хариуцлагын хэлбэрийн хувьд улсын төсөвт үйлдвэрийн газарт хамаарч, нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ТҮ-8 шатлалаар цалинжиж байжээ. Хариуцагчаас Ц.Б-ийн 2018-2020 оны цалингийн картыг ирүүлсэн бөгөөд 2020 онд үндсэн цалин 720,845 төгрөг буюу Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтад зааснаар ТҮ-8-3 дахь шатлалаар цалинжиж байсан нь тогтоогдов. /хх-ийн 2, 26-28 хуудас/
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд цалингийн нэмэгдлийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн цалинг нэхэмжилсэн бөгөөд тэрээр 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл 7 сар 15 хоног ажилгүй байжээ. Ц.Б-ийн нэг өдөрт ногдох дундаж цалин 33,527 төгрөг (720,845:21,5) байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,548,830 (720,845х7сар+33,527х15хоног) төгрөг байна.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Ц.Б-ийг ажлаас халсан Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ц.Б-ийг “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Хот тохижуулах газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар тооцож, хариуцагч байгууллагаас 5,548,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул Ц.Б-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хот тохижуулах газарт даалгав.
Хариуцагч Хот тохижуулах газраас гаргасан тус газрын даргаар ажиллаж байсан Л.Д-ийн эзэмшлийн Huawei маркийн гар утсанд байгаа Л.Д, Ц.Б нарын уулзалтын талаарх бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүхээс хангаж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШЗ2020/02104 дугаартай шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагч Л.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндээр өвчилж, уг өвчний улмаас нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хариуцагч байгууллагыг төлөөлж шинээр томилогдсон газрын дарга Б.П хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба шүүх хуралдаанд дээрх гар утсанд байгаа бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгчээс Хот тохижуулах газрын даргын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70,200 төгрөг, хариуцагч Хот тохижуулах газрын санхүүгээс тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох 103,731 төгрөг, нийт 173,931 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ц.Б-ийг “Ажлаас халах тухай” 17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Б-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 16 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын арга хэмжээ авах тухай” 39 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” 39 дүгээр тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц.Б-н 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,548,830 (Таван сая таван зуун дөчин найман мянга найман зуун гуч) төгрөгийг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт даалгасугай.
5. Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын дарга Л.Д-ийн эзэмшиж байсан Huawei маркийн гар утсанд бичигдсэн бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ хариуцагч татгалзсан болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Б-ээс 70,200 төгрөг, хариуцагч Хот тохижуулах газрын санхүүгээс 173,931 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН