| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00257/И |
| Дугаар | 153/ШШ2021/00419 |
| Огноо | 2021-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 153/ШШ2021/00419
2021 оны 08 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2021/00419 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн захирал Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н,
Хариуцагч: Н.Б нарт холбогдох,
“Орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээ”-ний үлдэгдэл 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 153/2021/00257/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2016 онд баригдсан “Э” ХХК-ийн 2-80 айлын орон сууцны 28 тоот, 114 м.кв, 3 орон сууцыг Н.Б нь худалдан авсан бөгөөд 1м.кв орон сууцны үнийг 1,000,000 төгрөгөөр тохиролцож, нийт 114,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 75,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 39,000,000төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр өдий хүрсэн бөгөөд Ч.Н-тэй орон сууцны үлдэгдэл төлбөрийн 28 дугаар гэрээг 2018 онд байгуулсан бөгөөд мөн оныхоо 05 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон.
Орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээний 4.1 дүгээр зүйлд захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө графикийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг хэлцлийн үүрэг гүйцэтгэгч буюу Н.Бнь 28 дугаар орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Э” ХХК нь шаардах эрх нь нээлттэй байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн үндэслэлээр үндсэн төлөх 39,000,000 төгрөгийн алданги болох 19,500,000 төгрөгийг шаардаж байгаа болно гэжээ.
Хариуцагч Баянжаргал, Ч.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Н, Н.Б бид “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Анх 2016 онд Ч.Н надад байр авах саналыг Ц.Б захирал тавьсан. Надад урьдчилгаа байхгүй гэхэд би зохицуулаад өгье гээд намайг 2-80 айлын 28 тоотын байранд оруулсан. Уг байр нь дотор засал хийгээгүй байсан учир би өөрийн хөрөнгөөр буюу 2-3 сая төгрөгөөр засаж янзалсан. Надтай ярихдаа хүү, алданги гэж яриагүй, бололцоотой үедээ төлөөрэй гэж хэлдэг байсан. Би анх байрны үнийг төлөхдөө мөнгөн дүнгээр төлнө гэж тохиролцоогүй,10,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдлийг бартераар хийхээр тохиролцсон.
2018 онд “Э” ХХК-иас байр авсан иргэдийг дуудаад гэрээнд гарын үсэг зураадах гэж хэлсэн. Би очиж зурсан. Гэхдээ ямар гэрээнд гарын үсэг зурснаа анзаарч хараагүй. Гэтэл шүүхэд ирүүлсэн материалд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх гэрээнд гарын үсэг зуруулсныг мэдлээ. “Э" ХХК-ийн нягтлан О.Т-тай би бартераар буюу шаланз маркийн тээврийн автомашинаар төлбөрөө төлөх талаар удаа дараа ярилцаж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Одоо байрны үлдэгдэл 35-36 сая төгрөгийг бартераар төлж барагдуулах хүсэлтэй байна. Алданги 19,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Б, Ч.Н нар нь Эсба 2-80 айлын орон сууцны 4 давхрын 28,29 тоот орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Худалдан- худалдан авах орон сууцны гэрээ байгуулж, байрны захиалга авсан. Эсба орон сууц нь тухайн үед 1,300,000 төгрөгөөр зарагдаж байсан. Тухайн үед хариуцагч Ч.Н-тэй харилцан тохиролцож м.кв-ийг 1,000,000 төгрөгөөр тохиролцож зарсан. Эсба 2-80 айлын орон сууцны 4 давхрын 28,29 тоот орон сууцыг нийлүүлж нийт 114мкв буюу 114,000,000 төгрөгөөр зарсан. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 75,000,000 төгрөг төлж, 39,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй үлдсэн. Хариуцагч Ч.Н нь “Э” ХХК-ний захиралтай ярилцаж бартер хийсэн эсэх талаар мэдэхгүй байна. Намайг "Э" ХХК-ийн нягтлангаар ороход 39,000,000 төгрөгийг авлагатай байсан. Тус үлдэгдэл мөнгийг нэхэмжилсэн боловч удаа дараа шалтаг хэлсээр 5 жил өнгөрсөн. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар 0.5 хувийн алданги буюу 19,500,000 төгрөгийн алданги нийт 58,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Н-ээс гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Н.Б-ын нэр дээр ипотекийн 8 хувийн орон сууцны зээл гарсан. Н.Б-ын нэр дээр орон сууц захиалах гэрээ байгуулагдаж 39,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн. Иймд хариуцагчаар Н.Б, Ч.Н нарыг хариуцагчаар тодорхойлж байна. 58, 59 дугаартай гэрээнд тоотыг алдаатай бичсэн байсан, 4 давхрын 28, 29 тоот байр байсан.
Орон сууцны захиалагчаар Н.Б гарын үсэн зурсан. Хариуцагч Ч.Н орон сууц захиалах гэрээнд гарын үсэг зураагүй. Үүний дараагаар нэмэлт гэрээ байгуулж, хариуцагч Ч.Н гарын үсэг зурсан. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, 2016 оны 07 дугаар сард тус байр нь ашиглалтад орсон. Орон сууц захиалах гэрээний дагуу улсын комисс хүлээлгэж өгсөн бол төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч урьдчилгаа төлбөр 75,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Бартераар үлдэгдэл төлбөрийг төлнө гэдгийг миний бие сонсоогүй. Хариуцагч Ч.Н байрны үлдэгдэл төлбөрийг бартераар төлнө гэдгийг хэлдэг. Уг тайлбарыг “Э” ХХК-ний захирал хэлэх үед “тийм зүйл мэдэхгүй, бартер хийнэ гэсэн асуудал байгаагүй. Байрны үлдэгдэл төлбөрийн явцын дунд төлөх болно гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй” гэдгийг захирлын зүгээс тайлбарладаг. Дээрх шаардлага буюу тухайн шалаанз маркийн автомашин нь шаардлага хангахгүй байсан тул бартер хийх боломжгүй гэдгийг хариуцагч Ч.Н-д мэдэгдсэн. Гэрээ байгуулагдах үед орон сууц захиалагч нь орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд 30 хувийг төлсөн байх шаардлагатай байдаг. Нийт 114м.кв-ийн үнэ 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 114,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулагдсан. Анх хариуцагч нарын зүгээс ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр гэрээ байгуулсан. Үүнд урьдчилгаанд 10, 20 хувийн урьдчилгаа төлсөн бол гэрээний арын хэсэгт бичигдсэн байх ёстой. Анх орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд 75,000,000 төгрөг гарсан тул банкны барьцаанд байгаа. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалах гэрээний дагуу алдангийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хавсралт үйлдэж гарын үсэг зуруулсан байна. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна гэдэгт зээлдэгчээр Ч.Н гарын үсэг зурсан. Тухайн үед банканд зээлтэй байсан тул сарын 2 хувийн хүү 3,085,808 төгрөг төлсөн бол 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 39,000,000 төгрөг төлсөн тохиолдолд алданги, хүү тооцохгүйгээр 5 сарын хугацаанд нь 2 хувийн хүү тооцож авна гэх гэрээ хийсэн. Одоо бол хүү нэхэмжлэхгүйгээр алдангийг нэхэмжилсэн. Бодит байдал дээр алданги 5 хувь биш, 0,5 хувийн алданги гэж залруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөх боломжгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. “Э” ХХК-ийн зүгээс 3,085,808 төгрөгийг нэхэмжлээгүй. Хариуцагч нь байранд ороод нийт 5 жил болсон. Алданги нэхэмжилж байна. Харилцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчаас алдангийг чөлөөлөх талаар ярилцсан боловч нэхэмжлэгч буюу "Э" ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагчтай ярилцах шаардлага байхгүй гэдгийг илэрхийлж байна. Иймд хариуцагчаас алданги нэхэмжилж байна. Хариуцагчаас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй. “Э” ХХК-ийг захиралтай удаа дараа ярилцаж үзсэн. Нэхэмжлэгч буюу “Э” ХХК-ийн захирлын зүгээс үндсэн нэхэмжлэлийн хүрээнд алдангийг нэхэмжлэх болно гэдгийг удаа дараа хэлсэн гэв.
Хариуцагч Ч.Н-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Анх манайх Тулгын 30 айлын байранд амьдарч байсан. “Э” ХХК-ийн захирал надад “манайх байр барьж байна” гэх санал тавихад нь надад урьдчилгаа мөнгө байхгүй гэдгийг хэлсэн. Уг байранд ороход урьдчилгаа 30 гаруй сая төгрөгийг хийж, ипотекийн зээл нь 80м.кв-аар бодож 75,000,000 төгрөг гарсан. Одоогоор манайд 80мк2 байрны гэрчилгээ байгаа. Үлдэгдэл 34 м.кв байрны үлдэгдэл үнэ төлөгдөөгүй тул төлбөрөө төлсний дараагаар гэрчилгээ авахаар тохиролцсон. Байр худалдан авах үед хүү, алданги гэж ярилцаагүй, бололцооны хүрээнд төлбөрийг өгөхөөр ярьж тохиролцсон. Ипотекийн зээл нь эхнэр болох Н.Б-ын нэр дээр гарч, 75,000,000 төгрөг банкнаас зээлж “Э” ХХК-д өгсөн. “Э” ХХК-аас хүү, алданги ярьж байна. 4 жилийн хугацаанд хүүд нийт 42 сая төгрөг төлсөн. Анх байрны үлдэгдэл үнэ 35,000,000 төгрөг төлөх тухай гэрээнд сүүлд “Эсба интернэшнл” ХХК-аас дуудаж гарын үсэг зуруулсан. Өөрийнхөө бололцооны хүрээнд мөнгө, төлбөрийг төлөхөөр гарын үсэг зурсан. 2019 онд Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын хамтарсан уулзалтаар “Э” ХХК-д “надад тээврийн автомашин байна” орон сууцны үлдэгдэл төлбөрт аваарай гэж тохиролцсон боловч сүүлдээ “Э” ХХК-ийн зүгээс тус хүнд даацын автомашиныг авах боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Миний зүгээс хүү, алданги төлөх боломжгүй, үндсэн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой. “Э” ХХК-аас хүнд даацын автомашиныг тохиролцоод авах боломжтой гэж үзвэл өгөх боломжтой. Аль эсхүл “Э” ХХК-аас байрны урьдчилгаа үнэ 75,000,000 төгрөгийг надад буцааж өгвөл тус орон сууцыг “Э” ХХК-д буцаан өгөх боломжтой. 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орж. 114м.кв байрны 84м.кв байрны гэрчилгээ гарч, 34м.кв байрны гэрчилгээ гараагүй байгаа. 84м.кв байрны гэрчилгээ нь эхнэр болох Н.Б-ын нэр дээр байдаг. Байрны үлдэгдэл төлбөр буюу 34м.кв байрны үнэ 39,000,000 төгрөг нь миний нэр дээр явдаг. Анх байранд ороход бидний зүгээс бага зэргийн засвар хийж орсон. Хэрэв засвар хийж байгаа бол үлдэгдэл төлбөрөөс хасах болно гэдгийг хэлсэн. “Э” ХХК-ийн захиралтай тохиролцох гэсэн боловч гар утсаа авахгүй байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай, орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээтэй танилцалгүй, шууд гарын үсэг зурсан. Дээрх асуудлаар нийт 3 удаа утсаар ярилцаж, 2019 онд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын хамтарсан уулзалтаар ярилцаж байрны үлдэгдэл төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцоод гарсан. Үүний дараагаар 20 гаруй хоносны дараагаар шалаанз маркийн автомашин авах боломжгүй гэдгийг мэдэгдэхэд нь шалаанз маркийн автомашин зарсны дараагаар байрны үлдэгдэл үнийг төлөх болно гэдгийг мэдэгдсэн. “Э” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулсан. Тухайн үед “Э” ХХК-ний нягтлан бодогч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй. Гэрээ байгуулах үед алданги, хүү тооцох талаар ярилцаагүй. Миний зүгээс “Э” ХХК-ийн захиралтай холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан. Үндсэн төлбөр 39,000,000 төлөх боломжтой, алданги, хүүг төлөх боломжгүй. “Э” ХХК-ийн захирал нь анх хүү, алданги нэхэмжилж байгаа талаар ярьж байгаагүй. Нэхэмжлэгч буюу “Э” ХХК-ийн захиралд нь уг байрыг анх хууль бусаар гаргаж өгчихөөд шүүхээр нэхэмжилж байгаа нь надад хүндрэлтэй байна. Хэрэв анх хууль журмын дагуу бичиг баримтуудыг гаргасан бол өнөөдөр шүүхэд ирэхгүй байх байсан. Банкнаас зээл гарах боломжгүй гэсэн бол байрыг авахгүй байсан юм. Миний зүгээс анхнаасаа алданги, хүүг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Надад алданги, хүү тооцож байгаагаа хэлээгүй. “Э” ХХК-иас байрны урьдчилгаа 75,000,000 төгрөгийг буцааж өгвөл байрыг буцааж өгөх боломжтой, эсхүл шалаанз маркийн автомашин толгой буюу чирэгчийг нь байрны үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөгт тооцож өгөх боломжтой гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
“Э” ХХК нь хариуцагч Ч.Н, Ц.Б нараас “Орон сууцны үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр биш бартераар хийхээр тохиролцсон, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.
Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц захиалах” 58, 59 дугаартай гэрээ хийгдэж гэрээнд захиалагчаар Н.Б гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин шинэчилж 28 дугаартай “Орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээ” хийж, гэрээ болон түүний хавсралт /“Зээлийн гэрээний хавсралт№”/-д тус тус хариуцагч Ч.Н гарын үсэг зурсан байна. /хх-ийн 7-10 хуудас/
Н.Б, Ч.Н нар нь 2016 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцнаас байр захиалсан, гүйцэтгэгч компани болох “Э” ХХК өөрийн хөрөнгөөр, компанийн зардлаар орон сууцыг барьсан байх ба захиалагч нар бүрэн баригдаж дууссан орон сууцыг худалдан авч, үнийг нь тохиролцож, орон сууцыг хүлээж авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Захиалагч болох хариуцагч Н.Б болон гүйцэтгэгч компанийн захирал Ц.Б нар нь Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт баригдсан 2-80 айлын орон сууцнаас 114 м.кв талбайтай байрыг 1 м.кв үнэ 1,000,000 төгрөгөөр худалдахаар, нийт 114,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б, Ч.Н нар төлөхөөр тохиролцсон, үүнээс 75,000,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн гэдэгт зохигчид маргахгүй байна.
2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Цамбагарав баг, Жаргалант хотхон Эсба 2-80 айлын орон сууцны 28 тоот, 80 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ч.Н, Н.Б нар бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. Энэ тухай хариуцагч Ч.Н-ийн “ тухайн үед ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлийн шаардлагад нийцүүлэн 114 м.кв-аар биш 80 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагч Ч.Н нь шүүх хуралдаанд орон сууцны үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, уг мөнгийг бэлнээр биш бартераар буюу хүнд даацын автомашинаар төлөхийг санал болгосон ч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлөхийг шаардсан, мөн алданги төлөх талаар тохиролцоогүй гээд хариуцагч маргасан болно.
Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээ”-ний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардсан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг гэрээнд дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэрээний 3.1-д хүү тооцох, 4.1-д алданги тооцохоор тус тус заасан байна. Гэрээний хавсралт /Зээлийн гэрээний хавсралт/-ыг талууд 2018 оны 01 сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл 5 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон ба 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ч.Н нь “Э” ХХК-нд үлдэгдэл төлбөр 39,0 сая төгрөг, хүү 3,085,808 төгрөг, нийт 42,085,808 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Гэтэл хариуцагч хугацаандаа уг төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс гэрээний 3.1 дэх заалтын дагуу хүү төлүүлэхээс татгалзаж, гэрээний 4.1 дэх заалтын дагуу алданги нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хэрвээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл хүүгийн хамт үлдэгдэл төлбөрийг төлсөн бол алданги нэхэмжлэхгүй байх байсан, түүнээс хойш удаа дараа шаардахад үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул хүү төлүүлэхгүйгээр алданги төлөхөөр нэхэмжилсэн” гээд, хариуцагч Ч.Н нь “алданги төлөхөөр тохиролцоогүй, хүнд даацын автомашинаа зарсны дараагаар байрны үлдэгдэл төлбөрийг төлөх болно гэдгийг мэдэгдсэн” гээд тус тус гэрээгээ тайлбарлав.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц захиалагчийн эрх ашгийг зөрчөөгүй байна гэж дүгнэв. Учир нь, талуудын хооронд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд хүү тооцох, алданги нэхэмжлэхээр гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгчээс анх 2018 онд хариуцагч Ч.Н-д 5 сарын хугацаа олгож, сарын 2 хувийн хүү тооцож, орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхийг санал болгосон, үүнийг хариуцагч Ч.Н хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчээс тогтоосон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хүү тооцохоос татгалзаж, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 19,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцсэн байна.
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 28 дугаартай “Орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээ”-ний 4.1-д “Захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө графикийн дагуу хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж тохиролцож, уг гэрээний нөхцөлийг хариуцагч Ч.Н хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд өөрийнх нь гарын үсэг мөн болохыг шүүх хуралдаанд зөвшөөрсөн тул “...ямар гэрээнд гарын үсэг зурснаа анзаарч хараагүй” гэх хариуцагчийн тайлбар нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д заасан хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн хариуцагч Ч.Н нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон гэх боловч гэрээнд энэ талаар талууд тусгаагүй бөгөөд хариуцагчаас уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг биелүүлээгүй болно.
Компани нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд 2016 онд худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжид хугацааг хариуцагч нарт олгож байсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Тухайлбал, 2018 онд орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээ байгуулахад хариуцагч нарт төлбөр төлөх хугацааг тогтоосон, 2019 онд маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч талууд эвлэрээгүй тул 2021 онд шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж тодорхойлсон ч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрх тасалдсан хугацаа буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй байна.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ч.Н, Н.Б нараас орон сууцны үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг,алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХХК-нд олгож шийдвэрлэв.
Хариуцагч Н.Б нь “шүүх хуралдаанд манай нөхөр Ч.Н оролцоно, би оролцох шаардлагагүй” гэсэн тайлбарыг мэдэгдсэн тул хариуцагч *******ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Э" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,050 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 450,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ч.Н, Н.Б нараас орон сууцны үлдэгдэл төлбөр 39,000,000 төгрөг, алданги 19,500,000 төгрөг, нийт 58,500,000 (Тавин найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 450,050 /Дөрвөн зуун тавин мянга тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН