| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00156/И |
| Дугаар | 153/ШШ2021/00440 |
| Огноо | 2021-08-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2021/00440
2021 оны 08 сарын 27 өдөр Дугаар 153/ШШ2021/00440 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* “******* ******* *******”-т холбогдох,
“******* ******* ******* ******* *******ын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* *******ын Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 153/2021/00156/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч ******* ******* ******* ******* *******ын дарга С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2001 оноос 2005 онд магадлан итгэмжлэгдсэн Зохиомж дээд сургуулийг ******* киноны найруулагч - жүжигчин мэргэжил эзэмшсэн. Анх ******* ******* Алтан гадас одонт хөгжимт ******* *******ын даргын 2005 оны 09 дүгээрсарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалаар жүжигчнээр ажилд орсон. Улмаар 2019 оны 01 дүгээрсарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Ерөнхий найруулагчийн албан тушаалд түр хугацаанд ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Ерөнхий найруулагчийн ажилд бүр ажиллаж эхэлсэн. Мөн 2019 онд 2 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ сунгаж байгуулсан. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчилд холбогдож байгаагүй, 16 жил ажиллаж байгаа бөгөөд өөрийгөө мэргэжил ур чадварын эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж байгаа гэж үзэж байна. ******* ******* ******* ******* *******ын даргын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн 33 дугаартай тогтоолд “... Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан, шийдвэр тушаал тогтоолд захирамж гаргана”, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна...” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлж, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж жүжигчиний албан тушаалд томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд ******* ******* ******* ******* *******ын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* *******ын ерөнхий найруулагч-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
******* ******* ******* ******* *******ын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жүжигчин Б.О нь 2019 оноос хойш ерөнхий найруулагчаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, еренхий найруулагчийн ажлын байранд тусгагдсан ажил, ажилбарыг ур чадвар муутай, шинэ санал санаачлагагүй, зарим тохиолдолд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гүйцэтгэж ирсэн. Жишээ нь 2020 оны 06 сард тоглогдсон “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжиг, эх үрсийн баярт зориулсан тоглолт, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, 2021 онд “Сошиал шинэ жил”, цагаан сарын баярт зориулсан цахим тоглолт зэргүүдийг мэргэжлийн ур чадвар муутай, чанаргүй найруулан тоглуулсан.
Мөн ангийн багш, уран бүтээлчидтэй ажиллах ажилбар, удирдах ур чадвар хангалтгүй, уран бүтээлийн найруулга болон бусад алдаатай зүйл дээр засаж сайжруулах үүрэг даалгаврыг УСЗ болон удирдлагаас удаа дараа өгөхөд засаж сайжруулдаггүй зэрэг алдаа дутагдлыг гаргадаг. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Миний бие 2005 оноос хойш ******* ******* ******* ******* *******т жүжигчин мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь ******* ******* ******* ******* *******ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* *******ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан. Миний бие 2001 оноос 2005 онд Зохиомж Урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж, 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ******* ******* Театрт жүжигчин мэргэжлээр 14 жил ажиллаж, 2016 онд Ерөнхий найруулагчийн ажлыг 1 жилийн хугацаанд хийж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ерөнхий найруулагчийн ажилд дахин томилогдон ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл түр тушаалтайгаар ажиллаж байгаад ерөнхий найруулагчийн ажил албан тушаалд жинхэлсэн. Ажлаас чөлөөлсөн тус тушаалд “ур чадвар муутай, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр ажил албан тушаалаас чөлөөлсөн. Миний хувьд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бус биелүүлсэн гэж үзэж байгаа. Даргын зүгээс ур чадвар муутай гэдгийг хэлдэг болохоос бусад хүмүүсийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан “чи муу хийсэн байна” гэж хэлдэггүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зөрүүг төлүүлөх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: Б.О нь 2005 оноос хойш ******* ******* ******* ******* *******т ажилласан. Ажиллаж байх хугацаанд “нарийн мэргэжлийн найруулагчаар төгссөн” гэж үе үеийн дарга нар болон уран бүтээлч дарга нар хамт олонд өөрийгөө итгүүлж үнэмшүүлсэн байдаг. Миний зүгээс диплом болон мэргэжлийг нягталж шалгаж үзээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс найруулагчаар томилсон явдал нь миний алдаа болсон, тухайн тушаалыг гаргах үед диплом, мэргэжлийг шалгаагүй явдал нь миний алдаа. Б.О-ийн мэргэжил, ур чадварт нь ахиц, дэвшил гараагүй, хийж гүйцэтгэсэн уран бүтээл нь чанарыг шаардлага хангахгүй, найруулагчийн сар бүр хийх тайлан, төлөвлөгөөг гаргадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг удаа дараа алдаа гаргасан тул Б.*******т 2019 онд сануулах арга хэмжээ авсан. 2020 онд хорио цээртэй байсан тул шат дараалсан арга хэмжээ аваагүй. Б.О-ийн мэргэжлийн диплом, төгссөн хичээлийн үнэлгээ зэргийг нягталж шалгаж үзэхэд “нарийн мэргэжлийн найруулагч бус жүжигчин мэргэжил”- ээр төгссөн байсан тул өөрийн гаргасан буруу, алдаатай шийдвэрийг хуулийн хүрээнд засаж тушаал шийдвэрээ гаргасан гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Б.О нь ******* ******* ******* ******* *******ын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* *******ын дарга С.А нь “нэхэмжлэгч Б.О эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн бус, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, мэргэжлийн дагуу жүжигчний албан тушаалд томилсон” гэж мэтгэлцэв.
******* ******* ******* ******* *******ын дарга 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.О-ийг ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, жүжигчний албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “... ажилтан Б.О нь 2019 оноос хойш ерөнхий найруулагчаар ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ, ерөнхий найруулагчийн ажлын байранд тусгагдсан ажлыг чанар муутай, шинэ санаачилгагүй, ажил сайжруулах үүрэг даалгаврыг Уран сайхны зөвлөл болон удирдлагаас удаа дараа өгөхөд засаж сайжруулдаггүй” гэж тайлбараа гаргасан бол шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч Б.О нь мэргэжлийн хувьд кино ******* жүжигчин мэргэжилтэй, мэргэжлийн найруулагчаар төгсөөгүй тул ерөнхий найруулагчийн ажилд тэнцээгүй, энэ нь хэд хэдэн удаагийн найруулсан уран бүтээлийн чанараас тодорхой болсон” гэж тайлбарлав.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой бөгөөд хариуцагч Хөгжимд ******* *******ын дарга нь нэхэмжлэгч Б.О-ийг эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр, эсхүл мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхой бус, хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд тушаалын үндэслэлийг өөр өөр байдлаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болно.
1. Ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд
Нэхэмжлэгч Б.О нь 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Зохиомж” дээд сургуулийг жүжиглэх урлаг мэргэшлээр суралцаж, “Кино ******* жүжигчин мэргэжил”-ээр төгссөн байна. Хэрэгт Хөгжимд ******* *******ын ерөнхий найруулагчийн ажлын байрны тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтоор ерөнхий найруулагчид тавигдах шаардлага гэх хүснэгтэд чухал шаардлага нь мэргэжлийн хувьд “найруулагч”, мэргэшлийн хувьд “найруулагч, жүжигчний мэргэжлийн сургууль төгссөн байх” гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ерөнхий найруулагчийн албан тушаалд түр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий найруулагчийн албан тушаалд жинхлэн томилогдож, хоёр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, дээрх тушаалыг хариуцагч ******* ******* *******ын дарга С.А гаргасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг сайн нягталж анзаараагүйн миний алдаа болсон гэж хариуцагч тайлбарласан боловч тухайн үед уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж томилогдсон ажилтан Б.О-ийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 5-6, 18-19, 53-59 хуудас/
******* ******* ******* ******* *******ын Дотоод журмын 3.2.4-т “... албан тушаал өөрчлөхөд Захиргааны зөвлөл, Уран сайхны зөвлөлтэй зөвшилцөн...” гэж заажээ. Гэтэл ******* ******* ******* ******* *******ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Уран сайхны зөвлөлийн хурлаар Ерөнхий найруулагч Б.О-ийн ажлын байрны талаар буюу найруулсан тоглолтын чанарын талаар хэлэлцсэн, ерөнхий найруулагчийн албан тушаалд мэргэжлийн хувьд шаардлага хангаж буй эсэх талаар хэлэлцээгүй байхад нэхэмжлэгчийн албан тушаалыг өөрчлөх саналыг тус зөвлөлийн бусад гишүүдийн саналыг авахгүйгээр байгууллагын дарга өөрөө гаргасан, энэ тухай хурлын тэмдэглэлд “гишүүдээс санал авахгүй, харин хамт олноос санал авна, Б.О-ийн ажлын байртай холбоотой шийдвэрийг өөрийг нь байлгаж байгаад шийдвэрлэнэ” гэдгийг тусгасан боловч энэ тухай хамт олноос санал аваагүй, нэхэмжлэгч Б.О-ийг байлцуулан түүний ажлын байртай холбоотой асуудлыг хэлэлцээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хх-ийн 60-63 хуудас/
Мөн тус хурлаар болон 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Уран сайхны зөвлөлөөр ерөнхий найруулагч Б.О-ийн найруулсан уран бүтээлийн чанартай холбоотой Уран сайхны зөвлөлийн гишүүд ажил сайжруулахаар санал гаргаж байсан нь тухайн үед хөтлөгдсөн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Түүнчлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ерөнхий найруулагч Б.О болон хэд хэдэн ажилтанд байгууллагын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/78 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авч байсан, уг сануулах сахилгын арга хэмжээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ажилтан сахилгын зөрчилгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 52, 60-63, 64-70 хуудас/
Нэхэмжлэгч Б.О-ийн найруулсан уран бүтээлийн чанартай холбоотой асуудлыг тус байгууллагын Уран сайхны зөвлөлөөр хэлэлцсэн нь байгууллагын дотоод хяналт буюу ажил сайжруулах зорилгоор гаргасан зөвлөлийн гишүүдийн санал болохоос ажилтныг эрхэлж буй ажил, албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоосон албан ёсны шийдвэр биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэгт ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.
Хариуцагчаас нэхэмжлэгч Б.О нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх тайлбарыг гаргасан боловч 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэгч Б.О-ийн албан тушаалыг өөрчилсөн тушаалын үндэслэлд энэ тухай заагаагүй, удирдлагын зүгээс ямар үүрэг даалгаврыг ажилтан Б.О-т тодорхой хугацаатай гүйцэтгэхээр өгсөн эсэх, уг даалгаврыг ажилтан биелүүлээгүй болохыг тогтоосон нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж чадаагүй болно. Мөн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2020 онд нэхэмжлэгч Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг хангалттай үнэлгээгээр дүгнэж, урамшуулал олгож байсныг дурдах нь зүйтэй байна.
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Уран сайхны зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Б.О-ийн ажлын байртай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ ажилтан Б.О нь өвчтэй байсан тул хуралд оролцоогүй гэдэгт зохигчид маргахгүй бөгөөд хурлаас түүний ажлыг жүжигчин С.А-д өгөх саналыг байгууллагын дарга гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.О-ийг ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх бол мөн хуулийн 40.5-д зааснаар энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч биелүүлээгүй, хууль зөрчсөн байна.
Иймд, ажилтан Б.О-ийн мэргэжил, эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй гэдгийг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй байхад ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж байгааг ажил олгогч тушаалын үндэслэлдээ тодорхой заахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул ******* ******* ******* ******* *******ын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийг ерөнхий найруулагчийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
2. Албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах шаардлагын тухайд
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох тул нэхэмжлэгч нь цалингийн зөрүүг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.О нь ерөнхий найруулагчийн албан тушаалыг эрхэлж байхад Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан ТҮСУ-6-3 буюу 932,617 төгрөгөөр цалинжиж байсан нь 2019 онд ерөнхий найруулагчийн албан тушаалд томилсон тушаал, хариуцагч байгууллагаас ирүүлсэн цалингийн хүснэгтээр тус тус нотлогдож байна. Харин жүжигчний албан тушаалд томилогдох үед ТҮСУ-4-3 буюу 693,306 төгрөгөөр цалинжиж сард цалингийн 239,311 төгрөгийн зөрүү гарсан байна. /хх-ийн 6-7, 87-88 хуудас/
Нэхэмжлэгч нь цалингийн зөрүүг Засгийн газрын сүлжээгээр тогтоосон цалингийн хэмжээгээр нэхэмжилсэн бөгөөд бусад нэмэгдлийг нэмж нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдвал зохино.
Ажилтан Б.О 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн жүжигчний албан тушаалд томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх хугацаанд 6 сар 8 хоногийн цалингийн зөрүүг олгож шийдвэрлэв.
Ерөнхий найруулагчийн албан тушаалын нэг өдрийн цалингийн зөрүү 11,130 (ТҮСУ-6-3-ТҮСУ-4-3 буюу 932,617:21,5-693,306:21,5) төгрөг, нийт цалингийн зөрүүг 1,524,911 (239,311х6сар+11,130х8хоног) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг дээрх олговроос нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* ******* *******ын газарт даалгав.
Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ******* *******ын даргын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******ын санхүүгээс тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан 70,200 төгрөг, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 1,524,911 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 39,348 төгрөг, нийт 109,548 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ******* ******* ******* ******* *******ын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.О-г урьд эрхэлж байсан ******* ******* ******* ******* *******ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүү 1,524,911 (Нэг сая таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун арван нэг) төгрөгийг ******* ******* ******* ******* *******ын санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны хүртэл хугацааны цалингийн зөрүүд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дээрх олговроос нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг ******* ******* ******* ******* *******т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* ******* *******ын санхүүгээс 109,548 /Нэг зуун есөн мянга таван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН