Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 163

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Б.Эрдэнэбаасан, түүний өмгөөлөгч Т.Багахүү, /1964/ Г.Мөнхбат /0227/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Бүрэнжаргалын Эрдэнэбаасанд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай
аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзатын 10б байр, 3 тоотод оршин суух, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан гэх, регистрийн дугаар ДЮ 91062819, Хойд овогт Бүрэнжаргалын Эрдэнэбаасан.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаасан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кастел” нэртэй бааранд
бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр
шалтаглан Б.Галмандахыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн
гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Эрдэнэбаасан мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кастел” нэртэй бааранд найзуудын урилгын дагуу очсон. Тэнд очоод тарах үед “Зулай цагаан Алтай” гэх дуу явсан. Хохирогч Б.Галмандах нь Энхбаярын дээр гарсан, Энхбаяр дээшээ харсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Б.Галмандах араас татахад хүч хүрэхгүй тул хохирогчийн шанаа хэсэг рүү нь өшиглөхөд тэд салсан. Би тухайн үед согтуу байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байна. Би Б.Галмандахын биед хохирол учруулсан тул түүнтэй утсаар ярьж, уучлалт гуйсан. Одоо бие нь сайн байгаа гэсэн. Би хохирогчтой найзууд болсон. Би хохиролд 200 000 төгрөг төлсөн. Би дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Би аав, ээжийгээ их зовоож байна. Манай аав, ээж Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод ирсэн байгаа. Би 2015 онд аваарт орж нуруу гэмтсэн тул байнга эмчилгээ хийлгэдэг. Миний биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Галмандах мэдүүлэхдээ:

...2016 оны 12 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд “Кастел” бааранд болсон шинэ жилийн арга хэмжээнд 20 цаг өнгөрч байхад очсон. Аймгийн сүлд дуу эгшиглэж, бүгд босч бүжгийн талбай дээр дуулж байхад миний урд дуулж байсан залуугийн ноосон малгай газар унахад манай найз П.Оргил малгайг авч өгсөн. Тэгэхэд уг залуу П.Оргилын өөдөөс хараад байсан. П.Оргил “ахын дүү болсон уу” гэхэд тэр залуу миний хажуугаар гарахдаа гэдэс рүү тохойлдоод гарахаар нь би өөрөөс холдуулах гээд зөөлөн түлхэхэд уг залуу шууд л намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдалцсан ба бид 2 нэг нэгийгээ түлхэж байгаад газар уначихсан. Гэтэл тал талаас хүмүүс ирээд ямартай ч нэг нь миний нүүр рүү өшиглөсөн тул би нүүрээ дараад шууд босоод явсан гэжээ. (хэргийн 10, 11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Баттөмөр мэдүүлэхдээ:

...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд “Кастел” бааранд Говь-Алтай аймгийн залуусын шинэ жилийн баяр болсон учир би уг арга хэмжээнд очсон. “Зулай цагаан Алтай” дуу эгшиглэхэд миний хажууд Б.Галмандах, Б.Галмандахын цаана П.Оргил зогсож байсан ба бидний урд ноосон малгай өмссөн залуу зогсож байсан. Уг залуугийн малгай газар унахад эргэж хараад “малгай авч өг” гэхэд П.Оргил газраас авч өмсүүлсэн. Тэгэхэд малгайгаа унагасан залуу Б.Галмандахтай барилцаж аваад урдаас холдсон ба хүмүүс гэнэт бужигналдаад ирэхээр нь эргээд хартал Б.Галмандах газар унаад босч ирэхдээ нүүрэндээ цохиулчихсан босч ирсэн. Тэгээд бид баарнаас шууд гараад явцгаасан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Хангал мэдүүлэхдээ:

...бүх залуучууд босоод дуулцгаасан. Тэгтэл гэнэт Энхээ гэх залуу нэг залуутай барилцаж авсан бөгөөд тэр 2 тайзан дээр нэг нэгийгээ түлхэж байснаа хоёулаа зэрэг унасан. Тэгэхээр нь тэр 2-ыг салгаад Энхээг цааш аваад явтал манай нутгийн Эрка гэх залуу нөгөө газар унасан залуугийн нүүр лүү хөлөөрөө өшиглөхөөр нь би Энхээг үлдээгээд Эркаг нөгөө залуугаас салгасан. Тэгээд дахиж зодолдоогүй. Зодуулсан гэх залуугийн нэрийг нь Б.Галмандах гэж мэдсэн. Энхээ, Б.Галмандах нар яагаад барилцаж авсныг мэдэхгүй байна. Зодооныг надаас өөр хүн салгаагүй гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Оргил мэдүүлэхдээ:

...бүжгийн талбай дээр дуулаад бүжиглэцгээсэн. Тэгэхэд миний урд зогсож байсан залуугийн ноосон малгай газар унахад тэр залуу “чи малгай авч өг” гэж хэлсэн. Би малгайг нь авч өгөөд өмсүүлж өгөөд байж байтал тэр залуу, Б.Галмандах 2 гэнэт барилцаж авсан байсан ба нэг, нэгийгээ түлхэж байгаад хоёулаа газар унасан. Тэгтэл тэнд байсан хүмүүс тэднийг салгах гээд очсон ба Б.Галмандах нүүрэндээ цохиулчихсан байсан тул бид хэд шууд ширээн дээр суугаад Б.Галмандахын цусыг арилгаж өгөөд баарнаас гараад явсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мөнхсүлд мэдүүлэхдээ:

...намайг баарны 2 давхарт явж байхад нэг залуу ирээд “бүжгийн талбайн баруун талд зодоон болоод байна” гэж хэлэхээр нь би яваад очтол Б.Галмандах гэх ах газар суучихсан байхаар нь “юу болсон бэ” гэхэд юм яриагүй бөгөөд Б.Галмандах ахын найз П.Оргил хүрч ирээд Б.Галмандахыг авч яваад сандал дээр суулгасан. Би араас нь очоод “юу болсон” гэхэд Б.Галмандах ах чиний найзууд намайг зодлоо гэхээр нь “хэн бэ” гэхэд “тэр малгайтай залуу” гээд нэг залууг зааж өгөөд баарнаас гараад явсан. Зодсон гэх залуу нь манай аймгийн залуу байсан гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1168 тоот дүгнэлтэд:

1. Б.Галмандахын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Эрдэнэбаасан нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаасан нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд
архи ууж согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Б.Галмандахыг “манай найзыг зодсон” гэдгээр шалтаглан түүнд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Галмандах, гэрч О.Баттөмөр, Ч.Хангал, П.Оргил, Б.Мөнхсүлд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1168 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Б.Эрдэнэбаасангийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаасанг бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Галмандахыг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Б.Эрдэнэбаасан нь урьд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Сум дундын 5 дугаар шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан түүний хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байна.

Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзлаа.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.