Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2018/00109

 

     М.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00457 дугаар шийдвэртэй, М.Т-ийн нэхэмжлэлтэй, ХААН Банканд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, орчуулагч Ж.Ахмарал, нэхэмжлэгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: ХААН банкнаас 5527781 төгрөг авсан гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг ХААН Банканд үүрэг болгох тухай.   

Нэхэмжлэлд: “Миний эхнэр 2015 оны сүүлд Төрийн банкнаас цалингийн зээл авах гэж очтол Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн муу зээлтэй байна. Тодруулбал ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5527781 төгрөгийг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан. Өөр бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан ХААН банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариу өгдөг. Миний бие ХААН банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй ба аль ч банканд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөргүй. Уг нь миний бие ХААН банканд өгөх өглөгтэй нь үнэн гэхдээ энэ бол зээл биш. Миний бие тус аймгийн А суман дахь ХААН банкны салбарын нярав /теллер/-аар ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан тул 2004 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж суллагдсан. Уг шийтгэх тогтоолоор М.Т надад ХААН банкны тус аймаг дахь салбарт 5527781 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч нөхөн төлж чадаагүй. Миний нэрийг зээлийн мэдээллийн санд оруулснаас болж эхнэрийнхээ нэр дээр ч зээл авч чадахгүй болж байна. ХААН банк нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг миний нэр дээр муу зээлийн санд бүртгэсэн байна. Дээрх мөнгө нь зээлийн ангилалд орох ёсгүй. Энэ нь манай гэр бүлийнхэн бүх банкуудаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, бидний эрх зүйн байдлыг доордуулж байна. Иймд ХААН банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх 5527781 төгрөгийг хасахыг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захиралд даалгаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул банк дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Т нь 2003 онд Баян-Өлгий аймгийн А сум дахь ХААН банкны тооцооны төвд мөнгөний нярваар ажиллаж байхдаа 2003 оны 1 дүгээр сараас 2003 оны 10 дугаар сар хүртэл тус банкны салбараас тэтгэвэр авагч нэр бүхий 114 хүний авах тэтгэврийн мөнгөнөөс 5627781 төгрөгийг давтан үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдэж, уг нэр бүхий 114 иргэнд учруулсан гэм хорын хохирлыг тус аймаг дахь ХААН банк төлж хохиролгүй болгож Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №84 дугаартай шийтгэх тогтоолоор М.Т-аас 5627781 төгрөгийг гаргуулж Баян-Өлгий аймаг дахь ХААН банканд олгохоор шүүх шийдвэрлэсэн боловч М.Т нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн тул 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаар тогтоолоор тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ байгуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн боловч төлбөрийн чадваргүй үндэслэлээр 2005 оны 11 дүгээр сарын 24-иий өдрийн №18 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Банк М.Т-ийн банканд учруулсан хохирлыг шүүхээр шийдвэрлэсэн уг шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй тул Монгол Банкны зээлийн мэдээллийн санд дараах үндэслэлээр авлагаар бүртгүүлсэн байна. Үүнд:

Монгол Банкны зээлийн мэдээллийн санд 2006 онд М.Т-г "авлагаар" гэж мэдээллийг нийлүүлсэн бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хууль нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-аар батлагдаж, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба М.Т-ийн мэдээллийг уг хууль батлагдахаас өмнө нийлүүлсэн байна. Энэ үед Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2005 оны №131 дүгээр тушаалаар батлагдсан "Зээлийн мэдээллийн сангийн журам" хэрэгжиж байсан ба уг журмын дагуу мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд "авлагаар" нийлүүлсэн. Зээлийн мэдээллийн тухай хуулийг буцаан хэрэглэхээр хуульчлагдаагүй байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "...зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд" гэж Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно" гэж хууль санаачлагчийн зүгээс хууль баталсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх хуульд заасан Монгол Банкнаас "зээлийн мэдээллийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд" огт байгуулагдаагүй бөгөөд Монгол Банк нь өөрөө дангаараа зээлийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа. Энэ нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д "...Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөлд авсан эсэхээс ул хамааран Монгол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө" гэж заасан байна. Энэ нь банк Монгол Банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөхийг үүрэгжүүлсэн зохицуулалт учраас банк харилцагчийн зээл авлагын мэдээллийг тогтмол Монгол Банкны мэдээллийн санд мэдээлэхдээ тухайн харилцагчаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг хуулиар зохицуулсан байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзэхэд "хууль, гэрээгээр аливаа этгээдийн өмнө хүлээсэн зээл, төлбөрийг тус хуулийн хүрээнд хамааруулан ойлгохоор заасан" байна. Хууль, гэрээний дагуу нэг этгээдээс төлбөр шаардах эрх нь үүсэж, нөгөө этгээдээс төлөх үүрэг хүлээж байгааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх зааснаар "төлбөр" гэж ойлгохоор хуульчлагдсан. Нэхэмжлэгч М.Т нь гэмт хэргийн улмаас банканд "төлбөр" төлөх үүрэгтэй болохыг Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №84 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон нь М.Т банкны өмнө хуулийн дагуу "төлбөр" төлөх үүрэг хүлээсэн болохыг харуулж байна. Тус банкны хувьд Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд төлбөрийг "авлагаар" анх мэдээлсэн бөгөөд харин Монгол Банкны зээлийн мэдээллийн сан нь авлагыг "зээл" гэж бүртгэж байгаа нь тус банкны буруутай үйлдэл биш, нөгөө талаас зээл гэж лавлагаагаар гарч ирж байгааг банк Монгол банкны өмнөөс тайлбарлах эрхгүй, уг мэдээллийг банк бүртгэдэггүй зөвхөн Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д "...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй. Гэтэл М.Т-ийн уг авлагын мэдээлэл нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэнээр гэр бүлийнхэн бүх банкнуудаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, тэдний эрх зүйн байдлыг дордуулж байгаагаа нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Банк зөвхөн М.Т-ийн "төлбөрийн" мэдээллийг л Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу "авлагаар" мэдээлсэн бөгөөд харин түүний гэр бүлийн талаарх мэдээллийг огт нийлүүлээгүй болохыг мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, эрх ашиг зөрчигдсөн гэх үйлдэлд манай банк буруутай гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00426 дугаартай шийдвэрээр Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч М.Т-д холбогдох Анх олгосон зээлийн хэмжээ: 5527781, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: ХААН (05), гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч ХААН Банканд үүрэг болгожээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00457 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Нэхэмжлэгч М.Т-ийн ХААН банканд төлөх 5,527,781 төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасан байхад нэхэмжлэгч М.Т-гаас мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 7.1.1, 9.12-д заасны зөрчсөн байна” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “...зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно” гэж хууль санаачлагчийн зүгээс хууль баталсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх хуульд заасан Монгол Банкнаас “зээлийн мэдээллийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд” огт байгуулагдаагүй бөгөөд Монгол Банк нь өөрөө дангаараа зээлийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа. Иймээс банк зээлдэгчийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээллэдэг. Энэ нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “...Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө” гэж заасан байна. Банк Монгол Банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөхийг үүрэгжүүлсэн зохицуулалт учраас банк харилцагчийн зээл авлагын мэдээллийг тогтмол Монгол Банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэхдээ тухайн харилцагчаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин банк нь уг мэдээллийг заавал Монгол банкны мэдээллийн санд нийлүүлж байхыг хуулиар зохицуулсан байна. Мөн Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзэхэд “хууль, гэрээгээр аливаа этгээдийн өмнө хүлээсэн зээл, төлбөрийг тус хуулийн хүрээнд хамааруулан ойлгохоор заасан” байна. Хууль, гэрээний дагуу нэг этгээдээс төлбөр шаардах эрх нь үүсэж, нөгөө этгээдээс төлөх үүрэг хүлээж байгааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх зааснаар “төлбөр” гэж ойлгохоор хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан заалтад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасныг хэрэглээгүй зэрэг хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн хэрэгт Монгол банк нь банканд төлбөр (авлага) үүсгэсэн харилцагчийн төлбөр (авлага)-ийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхэд төлбөр (авлага) биш “зээл” гэж бүртгэгддэг. Энэ нь зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогддог. Иймд ямар шалтгаанаар авлага биш зээл гэж бүртгэгддэг эсэх, зээл болон авлагыг тусад нь бүртгэдэг маягт байгаа эсэх, мөн зээл болон авлага нь тус тусдаа бүртгэгдэхгүй байгаа шалтгаан зэргийг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг тодруулах өөрийн эрх ашгаа хамгаалуулах, өмгөөлүүлэх, өмгөөлөгч авах эрхээ эдэлж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хангаагүй.

Энэхүү иргэний хэргийн шүүх хуралдаан (2018.06.13)-д гаргасан хүсэлтдээ мэргэжлийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх уг хүсэлтийг хүлээн авсан атлаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг хангаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй хариуцагчийн өмгөөлүүлэх, өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/0000457 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Т нь ХААН банкнаас 5527781 төгрөгийг зээлээр авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг ХААН Банканд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.Т нь А сум дахь ХААН банкны Баян-Өлгий салбарт мөнгөний нярваар ажиллаж байх үед 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 10 сар хүртэл тус банкны салбараас тэтгэвэр авагч нэр бүхий 114 хүний тэтгэврийн мөнгөнөөс 5627781 төгрөгийг давтан үйлдлээр завшиж ХААН банканд 5627781 төгрөгийн төлбөртэй болох нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор  нотлогдож байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө” гэж заасан байхад нэхэмжлэгч М.Т-ийн 2004 онд ХААН банканд төлөх төлбөрийг “Анх олгосон зээлийн хэмжээ: 5.527.781.00, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5.527.781.00, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: ХААН (05)” гэсэн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулснаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Т-ийн ХААН банканд төлөх төлбөрийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэж заасан байхад нэхэмжлэгч М.Т-гаас мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.4., 7.1.1., 9.1.2.-д заасныг зөрчсөн болох нь тогтоогджээ.

ХААН банк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1., 20 дугаар зүйлийн 20.2.1.-д заасныг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн буруутай байна.

 

Иймд ХААН банкны Баян-Өлгий салбар нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгчийн мэдээллийг хасуулахыг хариуцагч ХААН банкны “Баян-Өлгий” салбарт үүрэг болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                       Д.КӨБЕШ