Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2021/00500

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2021/00500

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ц-Оюун-Эрдэнэ, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.И-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.С-д холбогдох,

“909,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 153/2019/00217/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.И, хариуцагч Ч.С /цахимаар/, шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Арслан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.С нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний бие Я.И-ийн итгэмжлэн хариуцдаг энгийн картын 5845613771, кредит картыг хууль бусаар хулгайлан авч 5622479829 дугаарын даснуудаас 2,860,000 төгрөгийн үрэгдүүлэн завшсан учраас миний бие Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн шийтгэх тогтоолоор надад учирсан хохиролыг Ч.С-аар барагдуулах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тус хохирлын мөнгө байгаа, миний гар дээр учирсан бодит хохирлыг барагдуулсан мөнгө ирээгүй учраас, банк сар бүр тогтмол миний данснаас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх кредит картын хүүд 549,600 төгрөгийн татан авсан байна. Энэ хугацаанд кредит картанд байсан 2,860,000 төгрөгийг банканд төлөх боломжгүй учраас Ч.С-ийн учруулсан хохирлоос болж хүүг нь сар бүр тогтмол төлж байна. Мөн Ч.С нь 2020 оны 04 дүгээр сард 300.000 төгрөгийг бэлнээр надаас авсан, миний эзэмшиж хэрэглэж байсан гар утсыг 60.000 төгрөгөөр худалдаж авна гээд хууран мэхэлж авч яваад одоог хүртэл өгөөгүй болно. Иймд Ч.С-аас надад учирсан хохирол 909,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.И-д 2,860,000 төгрөгийг өгье гэхэд чамаас авахгүй, шүүхээр авна гэж хэлсэн тул тухайн үед шүүхийн дансанд байршуулсан. Энэ мөнгөний хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн одоо нэхэмжилж байгаа 300,000 төгрөг болон гар утасны 60,000 төгрөгийг аваагүй гүтгэж байгаа тул гомдолтой байна. Иймээс миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Кредит картыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр авч яваад 3 дугаар сарын 19-ний өдөр 2,860,000 төгрөг миний төрийн банкны дансанд орсон. Өчигдөр ХААН банкин дээр очиход 3 дугаар сарын 5-аас өнгөрөөд 3 дугаар сарын 19-ний өдөр мөнгө орсон учраас 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хүүгээ бодуулж авах эрхтэй гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 3 сараас 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар хүртэл нэхэмжилж байна. Кредит картны он дамжсан хүү 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 2,500,000 төгрөгийн кредит картны хүү 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 559204 төгрөг болсон. Бэлнээр авсан 300000 төгрөг болон 60000 төгрөгийн үнэтэй гар утас, энгийн картнаас кредит карт руу татагдсан 115,000 төгрөг. Би шинэхэн төрсөн байсан учраас барагцаагаар бодоод явуулсан. Банкнаас нотлох баримт авахад үнийн дүн өөр гарч байсан. 8 дугаар сарын 06-ны өдөр манай ээж над руу 200000 төгрөгийн орлого хийгээд 50,000 төгрөгийг нь хэрэглэчихсэн байсны дараа 8 дугаар сарын 07-ны өдөр кредит картнаас 151700 төгрөгийг татсан. Нялх хүүхэдтэй болохоор хөдөөнөөс дахин дахин ирмээргүй байна. Тиймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 909600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: Нэхэмжлэгч 3 зүйлийг нэхэмжилсэн байгаа. Кредит картны 549,600 төгрөгийг 6 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэж байна. 6 дугаар сарын 25-ны өдөр авчихаад 6 дугаар сарын 28-ны өдөр буцаагаад өгье гэхэд хүүтэй нь өг гэсэн. Тэгэхэд хүүнд нь өгөх мөнгө байгаагүй. Тэгсэн чинь цагдаа шүүхээр явна гээд явсан. Тэгээд би 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хурлаар ороод 2,860,000 төгрөгийг шүүхийн дансанд хийсэн. Тэрнээс өмнө би өгөх боломжтой байсан уучлалт гуйгаад өгье гээд удаа дараа холбогдсон боловч чамайг би ял авсны дараа мөнгөө авна гээд өнөөдрийг хүрсэн. 300000 төгрөг авсан гэж байна. Үүнийг би аваагүй. Өмнө нь 300000 төгрөг цувуулж авсан гэдэг тайлбарыг хэлж байсан. Харин одоо яагаад бүхлээр 300,000 төгрөг авсан гэж яриад байгааг мэдэхгүй байна. Мөн 60000 төгрөгийн утас аваагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Арслан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Ч.С нь Я.И-ийн мөнгийг төлөх нь зүйтэй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Я.И нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны кредит картын хүүгийн төлбөр 549,600 төгрөг, 2020 оны 04 дүгээр сард бэлэн зээлж авсан 300,000 төгрөг, түр хугацаагаар хэрэглэхээр зээлж авсан гар утасны үн 60,000 төгрөг, нийт 909,600 төгрөгийг хариуцагч Ч.С-аас нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч.С нь шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, 300,000 төгрөг болон 60,000 төгрөгийн үнэтэй гар утас зээлж аваагүй, энэ тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/857 дугаар шийтгэх тогтоолоор Ч.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 2,860,000 төгрөгийг Я.И-д олгож шийдвэрлэжээ. Хохирлын мөнгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн, тус газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Я.И-ийн данс руу шилжүүлсэн болох нь Төрийн банкны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 6-9, 93-94 хуудас/.

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас банкинд кредит картын хүү төлж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Я.И нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжилсэн боловч *******д холбогдох эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх үед кредит картын хүүг нэхэмжлээгүй бөгөөд шийтгэх тогтоолд Ч.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхээс дурдсан, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны кредит картын хүүг шаардах эрхгүй байна.

            ХААН банкны Кредит картын зээлийн эрх нээх тухай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №201944733*** дугаартай гэрээгээр Я.И нь ХААН банкны 5622479*** данстай кредит эзэмшдэг болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс кредит картын хүүг тооцсон ХААН банкны тэмдэгтэй баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь гадаад хэл дээр бичигдсэн, баталгаат орчуулга хийгдээгүй, 2021 оны 03 дугаар сарын кредит картын нэхэмжлэл /2020 оны 08 дугаар сар, 2020 оны 09 дүгээр сар, 2021 оны 04 дүгээр сарын нэхэмжлэл/ нь нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 35, 82-85 хуудас/

Я.И-ийн хариуцагч Ч.С-д 300,000 төгрөгийг бэлнээр, 60,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг түр хэрэглэхээр зээлсэн гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагджээ.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 60,000 төгрөгийн үнэтэй гар утсыг Ч.С худалдаж авахаар тохиролцсон талаар дурдсан ч шүүх хуралдаанд уг гар утсыг худалдахаар биш түр хэрэглэхээр зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болохыг дурдвал зохино.

            Хариуцагч Ч.С-д 300,000 төгрөгийг бэлнээр, 60,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг түр хэрэглэхээр зээлсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, хариуцагч мөнгө болон эд зүйл зээлж аваагүй гэж маргаж байгаа тул хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуцлуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Я.И-ийн кредит картын хүүг нэхэмжилсэн баримт нь гадаад хэл дээр бичигдсэн, цаг хугацааны хувьд маргааны үйл баримтад хамаарах ХААН банкны нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, бусдад мөнгө болон эд зүйл зээлсэн гэх тайлбар нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн нэхэмжлэгчээс би өөрийн картыг Ч.С-д өгч, тэрээр 300,000 төгрөгийг гаргаж авсан нь Голомт банкны дансны хуулгаар нотлогдоно гэж Голомт банкны 4 хуудас бүхий хуулгыг нотлох баримтаар гаргасан, уг баримтаар 300,000 төгрөгийн зарлага гарсан нь нотлогддог болохоос 300,000 төгрөгийг хэн, хэзээ, зарлага гаргаж авсан нь тогтоогдохгүй тул хариуцагч Ч.С нь нэхэмжлэгч Я.И-ийн данснаас 300,000 төгрөгийг гаргаж авсан гэж дүгнэх боломжгүй байна. /хх-ийн 95-98 хуудас/

Нэхэмжлэгч Я.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Я.И-ийн нэхэмжлэлтэй, Ч.С-д холбогдох 909,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.И-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28380 (Хорин найман мянга гурван зуун ная) төгрөгийг улсын орлого болгосгуай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.РАУШАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                  Ц.ЭНХЖАРГАЛ