Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2021/00502

 

 

2021 оны 10 сарын 08 өдөр                         Дугаар 153/ШШ2021/00502               Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Капитал банк ХХК” дахь эрх хүлээн авагчид холбогдох,

“Капитал банк ХХК-ийн Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 153/2021/00340/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /онлайн/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг Олзвойн 01 дүгээр гудамжны 03-А тоотод байршилтай улсын бүртгэлийн Г-1617001*** дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний 560,1 м.кв хашааны газрыг газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000205*** дугаартай гэрчилгээгээр өмчилдөг. Өөрийн өмчлөлийн газрыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр банкны барьцаанд тавих итгэмжлэлийг А.С-т 3 жилийн хугацаатай олгосон. А.С нь Ч.Б-ийн хашааны газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Капитал банкны Ховд салбарын Хишигт тооцооны төв /РД:25563***/-д банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Авсан зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул Капитал банкны Ховд салбар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" 86 дугаартай захирамжаар А.С нь Капитал банкны Ховд салбараас авсан 34,906,169 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулжээ. Ч.Б нь А.С-т өөрийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавих итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд итгэмжлэлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаартай "Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай" захирамжид барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлээгүй байгаа тул банкны барьцаанд тавьсан бичиг баримтыг гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд А.С-ын Капитал банкны Ховд салбараас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/477 тоот зээлийн гэрээгээр авсан зээлийн барьцаанд тавьсан Ч.Б-ий өмчлөлийн Цамбагарав баг Олзвойн 01 дүгээр гудамжны 03А тоотод байршилтай 000205*** дугаартай гэрчилгээтэй, 8414100*** НТД-тай, Г-1617001*** улсын бүртгэлийн дугаартай 560,1 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөлийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

“Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч А.С, Э.У нар нь Капитал банкнаас 36,000,000.00 төгрөгийг жилийн 24 сарын хугацаатай 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаатайгаар ЗГ-2015/529 дугаар зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр БГ-2015/529 тоот барьцааны гэрээнд Ч.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн г-161700 1*** дугаартай Ховд аймаг Жаргалант сумын Цамбагарав баг олзвойн 01 дүгээр гудамж 03-А тоот хаягт байршилтай 560.1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг А.С-т Ч.Б нь “Итгэмжлэл”-ийг хүчин төгөлдөр хугацаатай, хуулийн хүрээнд олгосон байх тул барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2-д тус тус заасны дагуу барьцааны гэрээг талууд байгуулсан тул энэхүү хүчин төгөлдөр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Нэхэмжлэгч Ч.Б нь 2015 онд 3 жилийн хугацаатай банкны барьцаанд тавьсан хашаагаа суллаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хариуцагч нар зээлээ төлөөгүйгээс болоод бидний барьцааны хөрөнгийн гэрчилгээг Капитал банк чөлөөлж өгөхгүй байгаа тул уг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Тухайн маргаад байгаа хөрөнгө нь зээлийн барьцааны эд зүйл буюу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А.С гэдэг хүн Капитал ХХК-аас 36,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг авахдаа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэлээр Ч.Б нь С гэдэг хүнд итгэмжлэл олгоод тэрхүү итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ байгуулаад 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2015529 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаад, барьцааны гэрээ маань улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Иргэний хууль болон зохих хуулиудын дагуу гэрээ байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл А.С гэдэг хүн нь зээлээ төлөөгүй байгаа учраас бид нар барьцааны хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрх нь байгаа. Тийм учраас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үед барьцааны гэрээ мөн адил дуусгавар болох байгаа. Ингээд зээлийн үүргээ төлөхгүй байгаа учраас энэ барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй юмаа гэсэн тайлбар тавьж байна гэв. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн өмчлөлийн газрыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр банкны барьцаанд тавих итгэмжлэлийг А.С-т 3 жилийн хугацаатай олгосон, А.С нь Капитал банкны Ховд салбараас авсан зээлийн барьцаанд Ч.Б-ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалжээ. Зээлдэгч А.С зээл төлөх үүргээ зөрчсөнөөр Капитал банкнаас эвлэрүүлэн зуучлагчид хандаж, талуудын эвлэрлийн гэрээг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна. 

Нэхэмжлэгч /гуравдагч этгээд/ Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид барьцааны хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлээгүй тул банкны барьцаанд тавьсан газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “Капитал банк” ХХК-ийн төлөөлөгчөөс барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр байгуулагдсан, зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул барьцааны хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах банкны эрх дуусгавар болоогүй гэж мэтгэлцэв. 

Ч.Б нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанд тавих, мэдүүлэг гаргах бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар А.С-т олгожээ. Зээлдэгч А.С нь энэхүү итгэмжлэлийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-2015/529 дугаартай Зээлийн гэрээгээр Капитал банк-ны Ховд салбараас 36,000,000 төгрөгийн зээл авч, БГ-2015/529 дугаартай Барьцааны гэрээгээр Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-1617001*** дугаартай, 560,1 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан, 84-15561 дугаартай Барьцаалбар үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг бусдад барьцаалахыг зөвшөөрсөн өмчлөгчийн зөвшөөрлийн талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 5-7, 86-99 хуудас/

Капитал банкны Ховд салбараас зээлдэгч А.С нь гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар талууд зээл төлөх журмын талаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгч захирамжаар баталгаажуулсан байна. Капитал банк-ны Ховд салбараас шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа зээлдэгчийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар дурдсан, талуудын хооронд зээлийн эргэн төлөлттэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулагдсан болохоос банкны зүгээс барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй байжээ. Шүүх өргөдөл гаргагчийн шаардлагын хүрээнд, талуудын зээлийн эргэн төлөлттэй холбоотой байгуулсан эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь барьцааны хөрөнгийг чөлөөлөх, барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээдэд барьцааны хөрөнгийг чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэлээ. 

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №02 дугаартай Эвлэрлийн гэрээний агуулга, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаас үзэхэд банкны төлөөлөгчөөс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн шаардлага нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой, энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлүүлэхийг талууд тохиролцсон, барьцааны хөрөнгийн талаар талуудын хооронд тохиролцоо хийгдээгүй байна гэж үзлээ. Энэ тухай хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид банкны зүгээс өргөдөл гаргахдаа зөвхөн зээлийн эргэн төлөлтийн талаар шаардлага гаргасан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах банкны эрх хэвээрээ байна” гэх тайлбар үндэслэлтэй байна. /хх-ийн 70-73 хуудас/

Барьцааны гэрээний 8.2-т барьцаалуулагчаас банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийг бүрэн биелүүлж дууссанаар барьцааны гэрээ дуусгавар болгохоор талууд тохиролцсон байх ба шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар зээлдэгч нь үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу зээлээ бүрэн төлж дуусгаагүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар зээл төлүүлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдов. 

Газар өмчлөгч Ч.Б нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон байх ба банк болон үндсэн үүрэг гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хувьд гуравдагч этгээд байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д Гуравдагч этгээд Иргэний хуулийн 210.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн барьцаагаар хангагдах үүргийг бүрэн гүйцэтгэсэн бол уг этгээд барьцаалбарт заасан эрхийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлагыг хангахаас татгалзвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж гуравдагч этгээдийн шаардах эрхийг олгосон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.4-т зааснаар тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан байхыг зохицуулжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Б-ийн хувьд банкны зээлийг бүрэн төлсөн тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтаар өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж авах, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлэн авах эрх үүсэх юм. Энэ тухай талууд Барьцааны гэрээний 5.1.6-д шаардах эрх болон барьцааны эрхийг шилжүүлэх зөвшөөрлийн талаар тодорхой тусгажээ. 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болгохоор хуульчилсан тул үндсэн үүрэг хүлээсэн зээлийн гэрээ дуусгавар болоогүй тул зээлийн гэрээг үндэслэн байгуулагдан барьцааны гэрээ дуусгавар болоогүй байна. 

Өөрийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавих итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон, итгэмжлэлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр байх хугацаанд хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар Капитал банк ХХК-ийг мөн өдрөөс эхлэн албадан татан буулгасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг хариуцагчаар тодорхойлжээ. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дугаартай Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар Т.Дэлгэрхүүг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар томилсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон Т.Дэлгэрхүү оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна. /30-35 хуудас/ 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид холбогдох Капитал банк ХХК-ийн Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлого болгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН