| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.А,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч: Л.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн И т овогт Л-ын Д-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................................... өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..................... хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ............................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И т овогт Л-ын Д-, (Регистрийн дугаар: ..............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн .................. сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ......................дугаар байрны гадна зогсоолд байсан Ц.П-О-ын эзэмшлийн “Nissan caravan” загварын .............. улсын дугаартай автомашины салхины шилийг гараараа цохиж хагалан, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Ц.П-О-т 495,000 (дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн .................. сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .......... дугаар байрны гадна зогсоолд байсан Ц.П-О-ын эзэмшлийн “Nissan caravan” загварын ............. улсын дугаартай автомашины салхины шилийг гараараа цохиж хагалан, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Ц.П-О-т 495,000 (дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал);
3. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-13 дахь тал);
4. Хохирогч Ц.П-О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн үед байх, над руу нэг эмэгтэй хүн гар утсаар залгаж “Манай найз нар таны автомашины шилийг хагалчихлаа, таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлэхээр нь би “За за хохирол мөнгө төлчих юм бол ямар нэгэн гомдол байхгүй” гэдгээ хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш 08 цаг 30 минутын үед автомашинаа харахад урд салхины шилийг 2 газарт цохиж хагалсан байсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед миний гар утас руу ..............дугаар залгаж “Би таны автомашины шилийг хагалсан хүн байна” гэж хэлсэн ба хэрхэн автомашины шил засварлах талаар ярилцсан. Тэгээд тухайн хүн нь хэд хоногийн дараа миний автомашины шилийг шинээр сольж өгсөн юм. ..Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал);
5. Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...тухайн байрны гадна зогсоолд байсан мөнгөлөг саарал өнгийн "Alphard" загварын машинтай төстэй загвартай автомашины салхины урд шилийг Л.Д- гараараа 2 удаа цохиж хагалсан гэж Л.Д- өөрөө надад хэлэхээр нь тухайн автомашины эзэмшигч болох ............ дугаарын утас руу би залгаж таны автомашины шилийн манай найзууд хагалчихсан байна, хохирлыг тань барагдуулж өгнө гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);
6. Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6 цагийн үед.. тухайн үед юу болсон талаар уг 4 эрэгтэй хүнтэй хамт байсан эмэгтэйгээс асуухад манай найзууд байгаа юм, би өглөө ирэхэд эд нар хоорондоо зодолдсон, хүний автомашины шил хагалсан байна. Би цагдаагийн байгууллага руу дуудлага өгчихсөн. Мөн шилийг нь хагалсан автомашины хүнтэй гар утсаар холбогдсон гэж хэлсэн ба удалгүй цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);
7. Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний найз М.Б-ын төрсөн өдөр болоод найз Л.Д-, М.О-, М.Б, Ж.О бид нар Тээлийн гүүрний доор хоол унд хийж идээд эргэж орж ирээд О-ын гэрт очсон бөгөөд тухайн үед М.О- нь ажилтай гээд явсан. Бид нар 1 литрийн вискийг бид дөрвүүлээ хувааж уусан ба тухайн үед Б тасраад унтсан юм. Харин Л.Д-, Ж.О бид гурав 0,75 литрийн ARHI нэртэй архийг хувааж уугаад сууж байсан ба тэрнээс цааш юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд өглөө болчихсон, би Ж.О-ын гэрийн гадна шатан дээр байсан бөгөөд Л.Д- гартаа нэг жижиг банз барьчихсан, харин бид нарын гар энд тэндээ цус болсон байсан юм. Тухайн үед Л.Д- нь тухайн байрны гадна байсан нэг саарал машины салхины шилийг гараараа 2 удаа цохиж хагалсан гэсэн ба удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 141 дугаартай “...Увс аймагт 2024 оны 06 дугаар сарын байдлаар “Nissan caravan Е-26” маркийн автомашины урд салхины шилний зах зээлийн үнэлгээг 495.000 төгрөгөөр тогтоолоо ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61 дэх тал);
9. Шүүгдэгч Л.Д-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн .................. сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ........... дугаар байрны гадна зогсоолд байсан Ц.П-О-ын эзэмшлийн “Nissan caravan” загварын ........... улсын дугаартай автомашины салхины шилийг гараараа цохиж хагалан, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Ц.П-О-т 495.000 (дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.
Шүүгдэгч Л.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.П-О-ын эд хөрөнгөд 495.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.
Шүүгдэгч Л.Д- нь хохирогч Ц.П-О-ын эзэмшлийн .......... улсын дугаартай “Nissan caravan” загварын автомашины салхины шилийг идэвхтэй үйлдлээр буюу гараараа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол, шүүгдэгч Л.Д-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Л.Д-гийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.Д-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.П-О-ын эд хөрөнгөд 495.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Д- нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.П-О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л.Д- нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний машины урд шилийг бүрэн засварлаж, хохирол төлж барагдуулсан тул гомдолгүй” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. (хавтаст хэргийн 86 дахь тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Д-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Л.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Д- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 81 дэх тал);
Шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 495.000 (дөрвөн ерэн таван мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Л.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Л.Д-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Л.Д-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Л.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон банзны хугархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И т овогт Л-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Д-гаас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй байхгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон банзны хугархайг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА