| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00445/И |
| Дугаар | 153/ШШ2021/00526 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2021/00526
2021 оны 10 сарын 27 өдөр Дугаар 153/ШШ2021/00526 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн захирал Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Ц-д холбогдох,
“Орон сууц захиалгын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 5,665,000 төгрөг, алданги 2,832,500 төгрөг, нийт 8,497,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 153/2021/00445/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2016 онд баригдсан "Э” ХХК-ийн 2-80 айлын орон сууцны 30 тоот 70,5 м.кв. 3 өрөө орон сууцыг Ж.Ц нь 2016 оны 01 сарын 25-ны өдөр 30 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдан авахаар тохиролцсон. Орон сууц захиалах гэрээ ёсоор 1 м.кв орон сууцны үнийг 1 180 000 төгрөгөөр тохиролцож нийт 83 190 000 төгрөг болсон бөгөөд үүнээс 77 525 000 төгрөгийг төлж үлдэгдэл 5 665 000 төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр өдий хүрсэн. Орон сууцны захиалгын гэрээний 4.1 дүгээр зүйлд захиалагч нь орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Уг хэлцлийн үүрэг гүйцэтгэгч буюу Ж.Ц нь 30 дугаар орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу "Э"ХХК нь шаардах эрх нь нээлттэй байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн үндэслэлээр үндсэн төлөх 5,665,000 төгрөгийн алданги болох 2,832,500 төгрөг шаардаж байгаа болно.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн үеэс эхлэн тооцох бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил тул тухайн 2016 онд байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд Ж.Ц-оос орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 5 665 000 төгрөг,алданги 2 832 500 төгрөг нийт 8 497 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Ц миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч "Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Ж.Ц миний бие “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулах үед манайх Ховд аймгийн Жаргалант сумын Домбот хотхонд байр авсан байсан боловч тухайн үед "Э" ХХК нь Ховд аймагт анх лифттэй барилга барьж байна гэхээр нь гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед надад бас манай барилга лифттэй гэж хэлж байсан. Нэхэмжлэгч "Э" ХХК-ийн гаргаж өгсөн орон сууц захиалах гэрээний 2.2-д “Барих орон сууцны зураг,схем, хийц, материал, бүтэц, заслын талаар захиалагчид дэлгэрэнгүй танилцуулна” гэж заасан бөгөөд надад лифттэй барилга гэж хэлсэн. Мөн гэрээний 3.4-д захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу би "Э"-ыг лифтээ ашиглалтад оруулахыг шаардаж өнөөдрийг хүртэл явсан боловч тухайн компани лифтээ ашиглалтад оруулаагүй. Тухайн барилгын лифт нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д заасан эд юмсын бүрдэл хэсэг байна.
Иймд хариуцагч Ж.Ц миний бие нэхэмжлэгч "Э" ХХК-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ц-той 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 70,5 м.кв байрыг 1,180,000 төгрөг, нийт 83,190,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү байр нь 2016 оны 06 сард барьж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 112016 дугаартай улсын комиссын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус байрыг зураг төслийн дагуу ашиглахад бэлэн гэж хүлээн авч ашиглалтад орсон. Хариуцагч нь орон сууц хүлээж авснаас хойш байрны үлдэгдэл төлбөр 5,665,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. “Э" ХХК-ийн зүгээс хариуцагч Ж.Ц-ийг удаа дараа харж үзсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагчаас алданги 2,832,500 төгрөгийн хамт нийт 8,497,500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Ц-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Төлөхгүй байх 1 шалтгаан байсан. Энэ нь “Э” ХХК-ийн зүгээс цахилгаан шат хийх байсан тул цахилгаан шат тавьсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг бүрэн хийх боломжтой гэдгийг удаа дараа хэлсэн. Анх намайг байр авахад “Эсба” 2-80 айлын орон сууцнаас өөр орон сууц авахаар ярилцаж тохиролцсон байсан. Гэтэл "Э" ХХК-ийн зүгээс “Эсба” 2-80 айлын орон сууц нь цахилгаан шаттай байр гэсэн тул уг байранд орохоор болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл “Эсба” 2-80 айлын орон сууцанд цахилгаан шат тавихгүй байгааг гайхаж байна. “Э” ХХК-ийн зүгээс цахилгаан шат ирж байгаа гэж оршин суугч нарт хэлдэг. Мөн хэмжилт хийлгэхэд байрны м.кв дутуу гарсан тул уг дутуу гарсан м.кв байрны үнэ 1,156,400 төгрөгийг төлөгдөөгүй байгаа үндсэн төлбөрөөс хасаж төлөхөд маргахгүй. Харин хугацаа хэтэрсэн нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн цахилгаан шат тавихгүй байсантай холбоотой байсан учраас алданги төлөхгүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч *******оос “Орон сууц захиалах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 5,665,000 төгрөг, алданги 2,832,500 төгрөг, нийт 8,497,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг үндэслэлээ тус байрыг 70.5 м.кв талбай гэж хүлээлгэж өгсөн боловч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 69.52 м.кв талбай гарсан тул талбайн зөрүү мөнгө 1,156,400 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасаж, 4,508,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин захиалга өгөхөд анх байрыг лифттэй гэж танилцуулахаар нь худалдаж авсан, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан шалтгаан нь цахилгаан шат /лифт/-тай холбоотой бөгөөд гүйцэтгэгч компаниас лифт тавихыг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл лифтээ суурилуулаагүй, лифтийг суурилуулсан үед үлдэгдэл төлбөрийг төлж дуусгана гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэнд “Э” ХХК буруутай, төлбөр төлөх хуваарийг талууд гэрээгээр тохиролцоогүй тул алданги төлөхгүй гэж тайлбарлав.
Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №30 дугаартай “Орон сууц захиалах” гэрээ байгуулагдаж гэрээнд захиалагчаар Ж.Ц, гүйцэтгэгч “Э” ХХК-ийн захирал Ц.Б нар гарын үсэг зурсан, 2016 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцнаас хариуцагч Ж.Ц 70,5 м.кв талбайтай, 3 өрөө байр захиалсан, гүйцэтгэгч компани болох “Э” ХХК өөрийн хөрөнгөөр, компанийн зардлаар орон сууцыг барьсан байх ба захиалагч Ж.Ц баригдаж дууссан орон сууцыг худалдан авч, үнийг нь тохиролцож, орон сууцыг хүлээж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. /хх-ийн 6 дугаар хуудас/
“Э” ХХК-ийн 2-80 айлын орон сууцнаас 70,5 м.кв талбайтай байрны 1 м.кв-ийг 1,180,000 төгрөгөөр худалдахаар үнийг нь тохиролцож, нийт 83,190,000 төгрөгөөс хариуцагч Ж.Ц 77,525,000 төгрөгийг төлсөн гэдэгт зохигчид маргахгүй байна.
Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Цамбагарав баг, Жаргалант хотхон Эсба 2-80 айлын орон сууцны 30 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай 70,5 м.кв талбайтай, 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Д, Ж.Ц нар бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000206*** дугаартай гэрчилгээгээр, уг 30 тоот байр нь 4 давхарт байрладаг болох нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалах гэрээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов.
Хариуцагчаас Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг Барилгын зураг төслийн “Алтайн сүрлэг цамхаг” ХХК-иар хийлгэсэн бөгөөд тус хэмжилтээр Ж.Ц-ийн өмчлөлийн 3 өрөө байр нь 70,5 м.кв биш 69,52 м.кв талбайтай болохыг тогтоосон тайланг нэхэмжлэлийн зарим шаардлагыг татгалзсан үндэслэл болгон нотлох баримтаар гаргаж, Орон сууц захиалах гэрээний дагуу гүйцэтгэгч компани “Э” ХХК нь 69,52 м.кв талбайтай байрыг өгсөн тул 0,98 м.кв талбайтай байрны үнэ 1,156,400 төгрөг /0,98х1,180,000/-ийг хасаж төлнө гэх тайлбар нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Учир нь, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Д, Ж.Ц нар нь 70,5 м.кв талбай бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдож, орон сууцыг хүлээж авсан ба түүнээс хойш байрны м.кв талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний 3.3-т “Орон сууц баригдаж дууссаны дараа зураг төсөл болон энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн эсэхийг шалгаж, холбогдох баримт бичгүүдийн хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, 3.4-т “Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” болохыг тус тус заасан тул захиалагч Ж.Ц нь 70,5 м.кв талбай бүхий байрыг хүлээж авахдаа талбайн хэмжээг шалгаж авах, лифт суурилуулаагүй орон сууцыг худалдаж авахаас татгалзах эрхтэй байжээ.
Тус байранд лифт суурилуулаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдсон, нэхэмжлэгч “Э” ХХК-иас лифт суурилуулаагүй шалтгааныг тус байранд амьдарч байгаа оршин суугчид төлбөрөө бүрэн төлөөгүйгээс болсон гэж тайлбарладаг, анх баригдахаар хийгдсэн 2-80 айлын орон сууцны зураг төслийг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй боловч лифт суурилуулахаар зураг төсөл нь хийгдсэн гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт 2-80 айлын орон сууцны барилгын зураг төслийг хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдов.
Хариуцагчаас байрны талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй, лифт суурилуулаагүйгээс хохирол учирсан болон учирч болзошгүй гэж үзвэл энэ тухай гүйцэтгэгч компаниас хохирлоо гаргуулахаар шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрэээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж хуульчилсан байхад талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний 4.1-д “Захиалагч нь орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн сар тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан нь алданги хоногоор, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан хуулийн заалтыг зөрчжээ. Энэ тухай шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн “талууд гэрээний 3.2-т төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон ч хэдий хугацаанд хэдэн төгрөгийг төлж дуусгах талаар тохиролцоогүй тул алданги тооцсон хугацаа болон хэдэн төгрөгөөр тооцсон нь тодорхойгүй байна” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах гэрээний алданги гаргуулах заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй нь уг гэрээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж тодорхойлсон ч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан үүсээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрх тасалдсан хугацаа буюу хамгийн сүүлд 2019 онд төлбөр төлсөн хугацаагаар тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй байна. Захиалагчаас бэлэн мөнгөөр болон ажил үйлчилгээ гүйцэтгэх /өөрийнхөө байранд хийсэн засварын зардал/ зэргээр байрны үнийг төлж байсан ба үлдэгдэл 5,665,000 төгрөг төлөгдөөгүй, хамгийн сүүлд 2019 онд байрны үлдэгдэл төлбөрийг хариуцагч Ж.Ц төлж байсан гээд нэхэмжлэгчээс гаргасан тооцооны баримтад зохигчид маргахгүй байна. /хх-ийн 7 дугаар хуудас/
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц захиалах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 5,665,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, алданги 2,832,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Э" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,910 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******оос 105,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Ц-оос Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 5,665,000 (Таван сая зургаан зуун жаран таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн алданги 2,832,500 (Хоёр сая найман зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,910 (Нэг зуун тавин мянга есөн зуун арав) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Ц-оос 105,590 (Нэг зуун таван мянга таван зуун ер) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН