| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-ийн Б-д холбогдох эрүүгийн 2435000000173 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................................... Увс аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...................... хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын ................... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ч-ийн Б-, (регистрийн дугаар: ...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ........... сумын ..........дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэтэрхий” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр 3.8648 метр куб буюу 740 ширхэг нойтон бургас модыг бэлтгэж, байгаль экологид 1.742.433.5 (нэг сая долоон зуун дөчин хоёр мянга, дөрвөн зуун дөчин гурав) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ........... сумын .........дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэтэрхий” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр 3.8648 метр куб буюу 70 ширхэг нойтон бургас модыг бэлтгэж, байгаль экологид 1.742.433.5 (нэг сая долоон зуун дөчин хоёр мянга, дөрвөн зуун дөчин гурав) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1-2 дахь тал);
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-10 дахь тал);
3. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал);
4. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-27 дахь тал);
5. Мөрдөгчийн “740 ширхэг бургасыг битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 28-31 дэх тал);
6. Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал);
7. Мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ зэрэг 2 ширхэг баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 34-36 дахь тал);
8. “Эд зүйл хураан авах тухай” Прокурорын зөвшөөрөл, 1 ширхэг сүхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 45-47 дахь тал);
9. ............. дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг болон мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний эх хувиуд (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай сумын байгаль хамгаалагч С.Э- эргүүл хяналтаар явж байгаад ........... сумын 5 дугаар багийн нутаг Сэтэрхий гэх газарт очиход ........... сумын 3 дугаар багийн иргэн Ч.Б- гэх хүн хэсэг хүмүүсийн хамт хэрэглээний бургас модыг Портер маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж байх үед нь очиж уг бургас модны зөвшөөрлийг шалгахад Ч.Б- гэх хүн 2024 оны 3 дугаар сарын 16-аас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бэлтгэх бургас мод бэлтгэх эрхийн бичиг гаргаж үзүүлсэн байдаг...С.Э- Ч.Б-т хандаж мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ нь дээр манай байгууллагаас тэтгэвэрт гарсан Б.Б- гэх хүний гарын үсэг, нэр байна, гарал үүсэл бичиж өгсөн Б.Б- нь 2024 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарсан, мод бэлтгэх эрхийн бичиг зөрчилтэй байна гэж хэлээд сумын цагдаа дуудаж уг бургас модыг сумын төвд шалгахаар авч ирсэн байдаг. ..Уг газарт шинээр бургас мод бэлтгэсэн байсан...уг мод бэлтгэсэн гэх ........... сумын 2 дугаар багийн нутаг Сэтэрхий гэх газар нь Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамаардаггүй газар юм...Ч.Б- нь хэрэг үйл явдал болсон өдрөөс хойш удаа дараа надтай өөрийн биеэр уулзаж зөвшөөрөлгүй бургас мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-55 дахь тал);
11. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би Ч.Б-аас зөвшөөрлийг үзэж харахад мод бэлтгэх зөвшөөрөл, мөн модыг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тээвэрлэх бичиг байсан. Тэгээд би зөвшөөрөөд Портер маркийн .......... улсын дугаартай машиндаа ачуулж байтал энгийн хувцастай машинтай миний танихгүй залуу ирээд мод бэлтгэх зөвшөөрлөө шалгуул гэж хэлэхэд Ч.Б-ын мод бэлтгэх зөвшөөрөл мөн тээвэрлэх бичиг зэрэг нь миний машины кабинд тавьчихсан байсныг би уг залууд үзүүлсэн...С.Э- та нарын мод бэлтгэх зөвшөөрлийг тэтгэвэрт гарсан хүн бичиж өгсөн байна гэж хэлсэн. Тухайн үед би энэ модыг зөвшөөрөлтэй гэж ойлгосон, зөвшөөрөлгүй юм бол би хөлсөөр явж байгаа учраас асуудалд ормооргүй байна, энд нь буцааж буулгана гэхэд байгаль хамгаалагч үлдсэн модыг гүйцээж ачуулаад, та нар эндээ байж байгаарай гэж хэлээд сумын төв ороод ирье гэж хэлээд явсан. 30 минутын дараа байгаль хамгаалагч, сумын цагдаатай хамт ирсэн...Ч.Б- хэлэхдээ зөвшөөрлийн бичигтэй, хавар авах ёстой байсан шавар устай болоод авч чадаагүй байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал);
12. Гэрч Ч.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Б.Б- мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэх бичиг хийж өгөхдөө жолоочийн регистрийн дугаар зэргийг асууж авч бичиж өгсөн. ..Б.О- гэх хүн рүү утсаар залгаж завтай байвал ........... сумаас бургас мод ачаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Б.О- эгчтэй хөлс мөнгийг нь тохироод орой 18 цагийн үед Б.О- эгч Улаангомоос гараад нөхөр бид хоёрын мод бэлтгэсэн газар 19 цагийн үед гарч ирээд Б.О- эгчийн Портер маркийн машин дээр тайрсан модоо ачиж байтал зүс танихгүй залуу ирээд модны бичиг баримтыг шалгаад та нарын мод бэлтгэх зөвшөөрлийг урьд өмнө байгаль хамгаалагч хийж байсан Б.Б- гэдэг хүн хийж өгсөн байна. Та нарын бичиг хүчингүй бичиг баримт гэж хэлээд бид нарыг бэлдсэн модыг сумын төвд авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал);
13. Гэрч С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дууссан буюу 2024 оны 3 дугаар сарын 16-аас 19-ний хооронд 3 хоногийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Мөн гарал үүслийн бичиг нь 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бичиг байсан. Уг хоёр бичиг дээр манай байгууллагаас ........... сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Б.Б- гэх хүний гарын үсэгтэй бичиг байсан. Б.Б- нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарсан байдаг. Мод бэлтгэх эрхийн бичиг нь Б.Б- нь сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан үеийн бичигтэй он, сартай бичиг байсан. Харин мод тээвэрлэх гарал үүслийн бичиг Б.Б-ийг тэтгэвэрт гарсны хойно буюу 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гарын үсэгтэй бичиг байсан. ...Би тухайн үед Ч.Б-д “Б.Б- гарал үүслийн бичиг хийж өгөх эрх байхгүй. 2024 онд ........... сумын иргэдэд хэрэгцээний бургас мод бэлтгэх авах иргэдийн нэрс дотор таны нэр байхгүй, та хууль бусаар мод бэлтгэсэн байна, та нар энэ газраа байж бай” гэж хэлээд би сумын төв орж сумын хэсгийн цагдаа дэд ахлагч Ц.А-ын хамт эргэж ирээд үлдсэн модыг гүйцэд ачуулаад сумын төвд авч ирсэн юм. ...Тухайн газарт бургас модыг шинэ цавчиж огтолсон ул мөрүүд байсан...тээвэрлэж хөдөлгөөнд оролцоогүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал);
14. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... 2024 оны 6 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед ........... сумын ... дугаар багийн нутаг Сэтэрхий гэх газарт гэрийн бургас мод бэлтгэхээр аав Ч.Б-, хамаатны дүү болон Б.Э- нарын хамт аавын машинаар очсон юм. Тэгээд уг Сэтэрхий гэх газарт очоод манай аав Ч.Б- нэг сүхээр бургас модыг цавчиж бэлдсэн юм. Би хамаатны дүү болох Б.Э-ын хамт аавын цавчиж бэлтгэсэн модыг бургас модон дотроос зөөж гаргах ажлыг хийсэн. Манай аав Ч.Б- орой 18 цаг хүртэл 700 гаруй бургас модыг цавчиж бэлтгэсэн юм. Тэгээд орой 18 цагийн үед аав Ч.Б- манай ээж Ч.Д-тай утсаар ярьж бид гурав бургас модоо бэлдээд дуусаж байна, машинаа аваад ир гэж хэлсэн. Удахгүй цаг орчмын дараа ээж Ч.Д- портер маркийн машинтай Б.О- гэх жолоочийн хамт мөн аавын төрсөн дүү Ч.Ч-ын хамт ирсэн юм. Тэгээд зөөж гаргасан цавчиж бэлтгэсэн бургас модыг машин дээр ачаад дуусаж байтал сумын байгаль хамгаалагч С.Э- гэх хүн ирээд модны бичиг баримт шалгасан юм. Тэгээд байгаль хамгаалагч С.Э- хугацаа дууссан бичиг баримтаар бургас мод бэлдлээ гэж хэлсэн. ..Миний баримжаагаар 700 гаруй бургас мод бэлтгэсэн. Уг 700 гаруй модыг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 07 цагаас 18 цаг хүртэл манай аав Ч.Б- ганцаараа бэлдсэн юм. ..Манай аав, ээж хоёр надад гэр тааруулж өгөх гэж байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал);
15. Гэрч Ч.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг модыг 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бэлдсэн мод байсан, уг бургас модны хажууд бургас модны цавчиж тасалсан мөчир хэсгүүд нь ногооноороо байсан. Мөн бургас модны үзүүрүүд шинэ цавчсан мөртэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал);
16. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ч.Б-д 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бургас мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм...2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед гэртээ байтал Ч.Б- ирээд би хавар авсан бургас мод бэлтгэх эрхийн бичгээр цас ихтэй болоод бургас модоо бэлдэж чадаагүй гэж хэлээд би өнөөдөр бургас модоо бэлдэж байна. Орой гэхэд бургас модоо бэлдэж дуусаад Улаангом сум ачиж орно, та надад гарал үүслийн бичиг хийж өгөөч гэж ирэхэд би Ч.Б-т мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ хийж өгсөн юм. Тухайн бичиг тэтгэвэрт гарахад надад нэг үлдчихсэн байсан юм...би Ч.Б-ыг өргөдөл гаргасан учраас мод авах иргэдийн тоонд хамрагдах байх гэж үзээд тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг хийгээд өгчихсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал);
17. Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бургас модыг Ч.Б- ах ганцаараа тайрч бэлдсэн. Ч.Б- ахын бэлдсэн модыг Б.Ц бид хоёр модон дотроос зөөж гаргаж байсан...тухайн үед тоолж Б.Ц ах тоолж байсан 400 гаруй мод болж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал);
18. Увс аймгийн Түргэн сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай "... Битүүмжилсэн мод нь бургас мод байна. Тухайн мод нь 3.8468 м3 эзлэхүүнтэй,амьдрах чадвартай мод байна. Тухайн модыг 2024 онд бэлтгэсэн байх бөгөөд нойтон мод байна. Уг модны нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.742.443.5 (нэг сая долоон зуун дөчин хоёр мянга, дөрвөн зуун дөчин гурав) төгрөг болж байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 92 дахь тал);
19. Шинжээч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээрх бургас мод 2024 оны 6 дугаар сард шинээр тайрч бэлтгэсэн нойтон мод байсан...2024 оны 3 дугаар сард бэлтгэсэн бургас модны тайрсан хэсэг үзүүр хатаж харлаж хөхөрсөн байдаг, мөн хатаж чийглэг байдлаа алдсан байдаг. 2024 оны 6 дугаар сард бэлдсэн чийглэг ихтэй тайрсан хэсэг нь өнгө алдаагүй байдаг. Дээрх үнэлгээ хийсэн бургас мод нь шинэ тайрсан бургас мод буюу 2024 оны 6 дугаар сард бэлдсэн мод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал);
20. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай “...2024 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн ........... суманд модон иштэй сүхний зах зээлийн үнэлгээ 32000 (гучин хоёр мянга) төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 100 дахь тал);
21. Шүүгдэгч Ч.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Өөрөөр хэлбэл: Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгохоор байна.
Шүүгдэгч Ч.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 2 метр куб бургас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан боловч тухайн хугацаандаа модоо бэлтгэж аваагүй атлаа тухайн зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, зөвшөөрөлд зааснаас илүү хэмжээгээр буюу Увс аймгийн ........... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэтэрхий” гэх нэртэй газраас хууль бусаар 3.8648 метр куб буюу 740 ширхэг нойтон бургас мод бэлтгэсэн нь тогтоогджээ.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б-д 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарал үүслийн бичиг хийж өгсөн гэх Б.Б- нь мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ч.Б- нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ........... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэтэрхий” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр 3.8648 метр куб буюу 740 ширхэг нойтон бургас модыг бэлтгэснээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул Ч.Б-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ч.Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Б- хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал, төрийн байгууллагын холбогдох мэргэжилтний хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлууд шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
Увс аймгийн Түргэн сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б- нь ........... сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас 3.8648м3 эзлэхүүнтэй, нойтон бургас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн нь нотлогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ч.Б-ын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 3.8648 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход шүүгдэгч Ч.Б-ын ойн санд учруулсан бодит хохирол 1.742.433.5 (нэг сая долоон зуун дөчин хоёр мянга, дөрвөн зуун дөчин гурав) төгрөг болохыг эрх бүхий шинжээч тогтоосон тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.Б-ын ойн санд учруулсан бодит хохирол болох 1.742.433.5 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 5.227.299 (таван сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ерөн ес) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б- нь ойн санд учруулсан хохирол 5.227.299 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 138 дахь талд авагдсан Төрийн банкны төлбөрийн баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор Ч.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
3. Шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ч.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ч.Б-аас хууль бусаар бэлтгэсэн 3.8648 метр куб буюу 740 ширхэг нойтон бургас модыг улсын төсөвт шилжүүлж, уг модыг бэлтгэсэн сүхийг устгаж, түүний үнэ 32.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ч.Б- түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ч.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас хууль бусаар бэлтгэсэн 3.8648м2 буюу 740 ширхэг нойтон бургас модыг улсын төсөвт шилжүүлэх, мөн уг модыг бэлтгэсэн сүхийг устгаж, түүний үнэ 32.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, уг модыг битүүмжилсэн прокурорын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 92 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 1.742.433.5 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 5.227.299 (таван сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ерөн ес) төгрөг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-аас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 3.8648м2 буюу 740 ширхэг нойтон бургас мод, мод бэлтгэсэн сүхний үнэ 32.000 төгрөг зэргийг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, уг модыг битүүмжилсэн прокурорын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 92 дугаартай тогтоол, Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА