Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00309

 

“Д” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02930 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01622 дугаар магадлалтай,

 “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй

“Ж” ХХК-д холбогдох

 Гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Ц, Т, Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Д” ХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02930 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-иас 31,640,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,164,076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 3,300,000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас 316,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01622 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/02930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “Ж” ХХК-аас 3,260,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,544,541 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтад “... 316,154 ...” гэснийг “67,115” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх заалтуудыг баримтлан гомдол гаргаж байна.

Эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно. Түүнчлэн Иргэний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ буюу иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 6.1, 6.2 үндэслэлийг тодорхойлохдоо Шинжээчийн дүгнэлтийг нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл болгон иш татсан байдаг.

Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад дээрх асуудлыг хөндөн тавьж шинжээчийн дүгнэлтэд иш татсан хууль, дүрэм журам, заалтууд, хуучин заалтыг эх сурвалжаар татсан, шинэ кабель болон муфть ашиглалтын хугацаа өөр хоорондоо зөрүүтэй, шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК зөвхөн хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн зөвлөх инженер З нь Эрчим хүчний салбар буюу цахилгааны мэргэжлийн бус, зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009.01.29-ний өдрийн 03-488 дугаартай зөвлөх “Барилга, зам машины ашиглалт найдварт ажиллагааны инженер”-ийн гэрчилгээ /хх-116, 150, 151 хуудас/, мэргэжлийн бус этгээд дүгнэлт хийсэн талаар анхан шатны шүүх хурлын мэтгэлцээний шат болон асуулт хариулт, нотлох баримтыг шинжлэн судлах явцад холбогдох хууль дүрмийн заалтуудын зөв хувилбарыг шинжлэн судлуулж, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцсэн болно.

Түүнчлэн шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг шинжээчийн дүгнэлт гэж үзнэ. Гэвч хөрөнгийн үнэлгээний төв нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд. Шинжээчид тавигдах шаардлагын нэг үндэслэл мэргэшсэн байх явдал зөрчигдсөн. Тодруулбал, цахилгааны мэргэжлийн этгээд хүчингүй болсон дүрэм журам, заалтыг иш татаж ашигласан явдал нь тухайн мэргэжлийг ойлгож, мэдэхгүйтэй холбоотой.

Тодруулбал, Шинжээчийн дүгнэлтийн нотлох баримтын эх сурвалжууд зөрүүтэй байгаа Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.8.1 дэх заалт /хуучин дүрмийн заалтыг эх сурвалж иш татсан, хх-182-183 хуудас/ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалт, Кабелийн муфтийн талаар “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-ийн техникийн шаардлага, тодорхойлолт зэрэг журмыг тайлбарласан байдаг.

Шинэ кабель шугам 30 жилийн /хх-ийн 166 хуудас/ насжилтын баталгаат хугацаатай байхад тасалж муфть холбосон кабель шугам хэвийн ачааллаар 4,5 жил /хх-168 хуудас/ баталгаат хугацааг Иркутскабель үйлдвэрээс тодорхойлж сертификатад дурдсан. Муфть холбогч кабель шугам байнгын эрсдэл дор буюу гэмтэл, засварын ажлууд хийгдэж тооцоолоогүй зардлууд гарна.

Цаашид ашиглах 17 жилийн хугацаанд олох байсан орлогыг тооцож гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоож, эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх ба кабель шугамыг уртын хэмжээгээр солиулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Талууд кабель шугам тасалж гэмтээсэн талаар маргаагүй бөгөөд маргааны зүйл болох 600 метр кабелийг зайлшгүй солих шаардлагатай гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах шатны шүүхээс муфть хийж холбосноор хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг тогтоосон нь хэт нэг талын байр суурь, эрх ашгийг хамгаалсан явдалд гомдолтой байна. Дээрх тасалж, гэмтээсэн РП-10 хаалттай хуваарилах байгууламжаас 2 станцын нийт 682 хэрэглэгч айл өрх, төрийн өмчит байгууллага, тэжээгддэг бөгөөд дээрх хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж, цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай тасралтгүй үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж нийтийн эрх ашиг нь зөрчигдсөөр.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр бодитоор үнэлж дүгнээгүй зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна.

Иймээс “Ж” ХХК кабель шугам тасалж зөрчлийг судалсан актаар тогтоогдсон 34,804,841 төгрөгийг гаргуулж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01388 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Д” ХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Ж” ХХК-ийн Дархан салбар нь 2022.05.08-ны өдөр газар шорооны ажлыг хийж, бохир усны худаг өөрчлөх ажлыг гүйцэтгэх явцад “Д” ХК-ийн Засвар туршилт тохируулгын албаны харьяа 6 кв-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кв-ын кабель шугамыг гэмтээж тасалсан. Тус гэмтэл гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр ажиллаж гадны нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэсэн болно. ...Зөрчлийг судалсан актаар тогтоосон 34,804,841 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар тус компанийн захиралд удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү...”  гэж тайлбарласан,

Хариуцагч “Ж” ХХК хариу тайлбартаа: “...Хариуцагчийг буруу тодорхойлсон, ...Манай компани 2022.05.08-ны өдөр Г буюу хувь иргэнтэй ЖҮ-22/71 дугаартай Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу бохирын усны худагт өөрчлөлт, өргөтгөлийн ажил хийлгүүлэхээр тохирсон. Гэтэл ажил гүйцэтгэгч бохирын шугамын сувагчлал ухах явцдаа нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 6 кв-ын кабелийн шугамыг гэмтээсэн байдаг. Энэхүү зөрчлийг үйлдсэн иргэн нь “Ж” ХХК-д харьяалалгүй, ажилладаггүй бөгөөд бие даасан хувь иргэн, түүний ажилтан болно. Иймд ...манай компанийг хариуцагчаар татаж, зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хохирлын хувьд ...зөвхөн нэг хэсгээр гэмтээгээд буй 6 кв-ын ЯЧ№4 кабелийн шугамыг уртын хэмжээгээр бүхэлд нь буюу 600 метр шинээр солиход гарах зардлыг тооцоолсон, ...кабелийн шугамын гэмтэл гарсан хэсгийг тогтоосон журмын дагуу засах, муфьт холбоо хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд кабелийн шугамыг нийт уртын хэмжээгээр шинээр солихоор шаардаж байгаа нь хор хохирлын хэмжээг бодит байдлаас өндрөөр үнэлж, хэт давсан дүнгээр нэхэмжилсэн, ...Кабелийн шугамыг засварлах боломжгүй тохиолдолд ч 2011 онд ашиглалтад орж 11 жилийн хугацаанд элэгдээд буй шугамыг шинэ кабелийн шугамаар солиулахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. ...Түүнчлэн хохирлын үнэлгээг тогтоохдоо Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г тайлбартаа: “...Миний бие “Ж” ХХК-д гэрээний дагуу ажил хийж байхдаа уг гэмтлийг гаргасан. Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг би хариуцан арилгана. Гэхдээ гэмтэл гарсан шугамыг бүтнээр нь солиулах гэж байгааг дэмжихгүй, яг гэмтсэн хэсгийг нь залгаас хийх байдлаар засварлах боломжтой, уг зардлыг нь би хариуцна...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэхдээ: “...гэм хор шууд учруулаагүй этгээд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлүүдийн нэг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д тусгагджээ. Тодруулбал, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг. 2022.05.08-ны өдөр “Ж” ХХК болон Г нарын хооронд байгуулагдсан №ЖҮ-22171 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-ний гол нөхцөл нь гүйцэтгэгч нь захиалагч “Ж” ХХК-ийн Дархан салбарын үйлдвэр, агуулах, оффисын барилгын гадна бохир усны ажлыг батлагдсан зураг төслийн дагуу шинээр 84 метр шугамын ажил, 2 худаг суулгах ажлыг хийж гүйцэтгэх байна. Дээрх гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч нь захиалагчийн заасан газар, захиалагчийн өгсөн зураг төслийн хүрээнд захиалагчийн зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, ингэхдээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна. 

 Дээрх гэрээгээр хариуцагч нь бусдын өмнө хуулийн дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч “Ж” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй. ...“К” ХХК-ийн 2023/47 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлангаар ...6/0.4 кв-ын РП-10 ХХБ-ны яч№4-ийн 6 кв-ын 600 метр кабель шугамыг эксковатороор гэмтээснийг сэргээн засварлах нийт зардлыг 31,640,765 төгрөгөөр тогтоосон тул энэ хэмжээгээр хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ...” гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх: “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. ...Хэдийгээр “Ж” ХХК, Г нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ...аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг дагж мөрдөх ажлыг гүйцэтгэх шаардлагатай аливаа зөвшөөрлийг урьдчилан авах гэж тохирсон боловч энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж зааснаар ажил олгогч буюу захиалагчийн үүрэг нь бусдад шилжсэн гэсэн үндэслэлээр түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодруулбал, “Ж” ХХК нь өөрт ашигтай ажлыг иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж буй захиалагчийн хувьд үйлдвэрлэлийн орчны газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхэд ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсэхийг шалгах, хэрэв байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах үүрэгтэй ба хариуцагч нь энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд гэм хор учруулагчийн эс үйлдэхүй, түүнээс үүсэх гэм хорын хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог үндэслэн хариуцагч “Ж” ХХК-ийг гэм буруутай гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024.03.27-ны өдрийн тасарсан кабелийг 3,260,300 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн дүгнэлтийг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас 3,260,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгох нь зүйтэй...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцлагын хэмжээний талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

10. Хэрэгт цугларсан баримтаар “Ж” ХХК-ийн Дархан салбар 2022.05.08-ны өдөр Гтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гадна бохир усны 84м шугамын ажил, мөн 2 худаг суулгах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд Г дээрх ажлыг гүйцэтгэх явцдаа “Д” ХК-ийн РП-10 хаалттай байгууламж, “ЯЧ№4” 6кВ-ын кабелийн шугамыг эксковатороор тасалсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйлдэлд хариуцагч гэм буруугүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийг ажил олгогч гэж үзэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм буруугүйгээр гэм хорыг хариуцах этгээд гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцлага хүлээх этгээд гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн алдааг залруулж, хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

 11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж, 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад  үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авсан байна гэж тодорхой хуульчилжээ.

Хариуцагч “Ж” ХХК нь өмчлөгчийн хувьд өөрийн үйлдвэрлэлийн орчинд бохирын усны худагт өөрчлөлт, өргөтгөлийн ажил хийлгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээр өөрт ашигтай ажлыг захиалж, үйлдвэрлэлийн орчны газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ өөрөөс шалтгаалах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд өргөтгөлийн ажил хийхэд шаардлагатай ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсэхийг шалгасан, эрх бүхий этгээдээс холбогдох зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцжээ.

12. Харин “Ж” ХХК иргэн Г хоёрын хооронд байгуулсан 2022.05.08-ны өдрийн ЖҮ-22171 тоот Ажил гүйцэтгэх гэрээ зөвхөн тэдний хооронд үүссэн харилцааг зохицуулах бөгөөд дээрх гэрээний нэмэлт ЖҮ-22/71-01 гэрээгээр гүйцэтгэгч Ггийн хүлээсэн “гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхдээ холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай аливаа зөвшөөрлийг урьдчилан авсан байх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй, эсхүл бүрэн биелүүлээгүйгээс үүсэх аливаа хохирол, үр дагаврыг бүрэн хариуцна” гэсэн үүрэг гуравдагч этгээдэд хамаарахгүй тул Ажил гүйцэтгэх гэрээгээр Г үүрэг хүлээсэн гэх үндэслэлээр “Ж” ХХК хариуцагч биш гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

13. Бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч “Ж” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Засвар туршилт тохируулгын албаны харъяа  6кВ-ын кабель шугамыг тасалж Дархан-Сэлэнгийн дулааны цахилгаан станцад гэм хор учирсантай шалтгаант холбоотой байх тул тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

14. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болох олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж  тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь 600м кабель шугам тасарсан үндэслэлээр уг кабель шугамыг уртын хэмжээгээр солих шаардлагатай гэж 600м кабель шугамын үнийг ажлын хөлстэй хамт нэхэмжилснийг хариуцагч хохирлын хэмжээ их байна гэж маргасан ба анхан шатны шүүх кабель шугамыг уртын хэмжээгээр солих шаардлагатай гэж үзэн, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас 31,640,765 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх тухайн тасарсан кабель шугамыг муфть холбоо хийн засварлахад гарах зардлаар хохирлыг тооцож, хариуцагчаас 3,260,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

15. Хохирлыг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Кабелийн ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй, муфтийн ашиглалтын баталгаат хугацаа 4.5 жил болох талаар ОХУ-ын Иркутсккабель хувьцаат нийгэмлэгийн кабель бүтээгдэхүүний чанарын паспортод бичигджээ.

Кабель шугамд муфть хийснээр өмнөх байдал нь бүрэн сэргээгдсэн гэж үзэх боломжгүй, түүнчлэн муфть нь кабель шугамын ачааллаас хамаарч гэмтэх тохиолдол байдаг тул муфть хийснээр зориулалтын дагуу хэвийн ажиллагаа явуулах баталгаагүй, өнөөдрийн байдлаар аваарын нөхцөлд ажилласаар байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул тасарсан кабель шугамыг уртаар нь сольж хохирлыг арилгах нь зөв.

Гэвч тухайн кабель шугамыг 2011 онд сольсон байх тул кабель шугамын насжилтыг 30 жил гэж тооцвол гуравны нэг хувь нь ашиглагдсан гэж үзнэ, иймд хуульд заасан үндэслэлээр бодит хохирлыг тооцохдоо дээрх элэгдэл, хорогдлыг хасч, үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д нийцнэ.

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд хохирлыг 31,640,765 төгрөгөөр үнэлсэн байх тул дээрх үнийн дүнгийн гуравны хоёр хувь буюу 21,093,843 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж,  хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01622 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...3,260,300...” гэснийг “...21,093,843...” гэж,  “...31,544,541...” гэснийг “...13,710,998...” гэж, “...67,115...” гэснийг “...273,419...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Д” ХК-аас 2024.09.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД