| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2017/0192/э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-04-18 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,
гэрч: А.Амгаланбаатар,
шүүгдэгч: Ө.Рысбек, түүний өмгөөлөгч С.Батболд /0899/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ители овогт Өнерханы Рысбект холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 12 сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх
дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 01 дүгээр байр 03 тоотод оршин суух, Эмгэг судлалын Үндэсний төвд лаборант ажилтай, урьд 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 206 тоот шийтгэх тогтоолоор 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар БЮ 87122411, Ители овогт Өнерханы Рысбек.
Шүүгдэгч Ө.Рысбек нь согтуугаар 2016 оны 12 сарын 26-наас 2016 оны 12
сарын 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Кастел” диско баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг
илтэд үл хүндэтгэн иргэн Ч.Амарбаясгаланг үл ялих зүйлээр шалтаглан хүч
хэрэглэн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ө.Рысбек мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө байгууллагынхаа шинэ жилд очоод хорооллын “Кастел” баарнаас ажлынхантайгаа хамт гарсан. Би тэр үед шинэ жилийн баяр дээр 1 хундага архи, “Кастел” бааранд 2 шар айраг уусан байсан. Тэгээд такси барих гэж байтал таксины арын хаалганаас нэг согтуу залуу бууж ирээд, манай ажлын Ш.Болортуяаг мөрлөөд унагасан. Би очоод хоёуланг нь босгож байтал хохирогч Ч.Амарбаясгалан намайг “чи манай найзыг унагаалаа” гээд над руу дайрч эхэлсэн. Би болсон явдлыг тайлбарлаж хэлсэн боловч хүлээж авалгүй хэрүүл, маргаан болж намайг “...би 2 компанийн захирал хүн, чамайг гөлөг болгоно. Намайг хэн гэдгийг мэдэж байна уу. Чи муу казак байсан юм уу, чи муу хасаг...” гэж үндэс угсаагаар минь доромжлоод байхаар нь нэг удаа толгой руу нь цохисон. Казак гэдэг нь яс үндэсний маань албан ёсны нэршил. Харин хасаг гэдэг үг нь доромжилсон хэллэг юм. Тухайн үед Ч.Амарбаясгалан доошоо болоод суугаад байсан. Тэгээд явах гэтэл намайг “хулгайчаа гар утсыг минь өг” гэхэд хамт байсан П.Анхзаяа гэдэг залуу нь утсыг нь гаргаж өгсөн. Намайг хохирогчтой зууралдаж байхад Б.Энхчулуун, А.Амгаланбаатар нар салгасан. Тэр үед хохирогч миний хувцаснаас бариад зууралдаад салахгүй байсан. Надтай хамт явсан хүмүүс ойрхон байсан тул биднийг салгасан. Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн эмнэлэгт үзүүлж, 2 зураг авахуулсан төлбөрийг төлсөн. Хохирогч одоо гомдол, саналгүй болсон. Тэр үед П.Анхзаяа нь нэлээд согтуу байсан. Би түүнд гар хүрээгүй. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, дахиж ийм алдаа гаргахгүй. Би хохирогчид 1 500 000 төгрөг сэтгэл санааны хохиролд өгч, түүнтэй эвлэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-А.Амгаланбаатар мэдүүлэхдээ:
Ш.Болортуяа, П.Анхзаяа нар урд урдаасаа явж байгаад санаандгүй мөргөлдөөд, хоёулаа газар унасан. Тэгээд Ө.Рысбек Ш.Болортуяаг босгоод дараа нь нөгөө залууг босгох гэж байтал Ч.Амарбаясгалан “манай найзыг зодлоо” гээд Ө.Рысбек рүү дайрсан. Ө.Рысбек нь П.Анхзаяаг зодоогүй. П.Анхзаяа, Ч.Амарбаясгалан нар хэрүүл маргаан үүсгэсэн. Ч.Амарбаясгалан гэх залуу учир байдлыг ойлгохгүйгээр Ө.Рысбек рүү давшилж, хэрүүл маргаан гаргасан. Би мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Хохирогч Ч.Амарбаясгалан хараалын үг хэлж байсан. Хэрэг гарах үед би Ө.Рысбекийн хажууд нь байсан. Ө.Рысбек хохирогч руу дайрч давшлаагүй. Хохирогч нь казак бил үү, хасаг гэж хэлээд миний гар утсыг авчихлаа гээд Ө.Рысбек рүү дайрч, давшилж байсан, түүнийг Ө.Рысбек цохиж байхыг хараагүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Амарбаясгалан мэдүүлэхдээ:
...би таксины мөнгө төлчихөөд эргээд харахад манай найз П.Анхзаяа, 3 эрэгтэй, 1 эмэгтэй, нийт 4 хүнтэй маргалдаж зууралдчихсан зогсож байсан. Энэ үед нь би тэд нар дээр очоод юу болоод байгаа юм бэ, би найзыгаа аваад явъя гэж хэлээд П.Анхзаяаг аваад явах гэж байхад дээрх хүмүүс араас хөөе гээд дуудсан. Тэгээд бид 2 эргэж хараад бага зэргийн хэрүүл маргаан болсон. Тэр үед П.Анхзаяа миний ард зогсож байсан. Би П.Анхзаяа руу нэг харчихаад эргээд харсан чинь Ө.Рысбек гэх залуу миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон юм. Ө.Рысбек гэх залуу худлаа мэдүүлсэн байна. Тухайн залууг би хэл амаар доромжлоогүй. Би Ө.Рысбект цохиулаад газар уначихаад эргээд босч ирээд цагдаа дуудах гээд гар утсаа гаргах гэсэн чинь миний утас халаасанд байхгүй байсан тэгээд харсан чинь цаана газар хэвтэж байсан. Тэгээд би өөрийн гар утсаа авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би дээрх хүнийг шашин шүтлэг, яс үндсээр нь доромжилсон, гадуурхсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 20, 42, 43 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-П.Анхзаяа мэдүүлэхдээ:
...таксинаас би түрүүлж бууж явж байгаад нэг эмэгтэйтэй мөргөлдөөд
өнгөрчихсөн энэ үед би дээрх эмэгтэйд хандаж хөөе замаа харж яваач ээ гэж хэлсэн тэр эмэгтэй чи бас замаа харж яв гэж хэлсэн. Энэ үед хамт явж байсан залуучууд нь наад бацаан чинь юу гээд байгаан бэ гээд хүрч ирээд намайг тойроод зогсож тэдгээр залуучуудын нэг намайг газар унагаад хальт ганц, нэг цохих шиг болсон. Тэгэхэд манай найз Ч.Амарбаясгалан ирээд больцгоо гэж хэлж байсан. Тэгээд нөгөө залуучууд Ч.Амарбаясгалан руу дайраад нэг залуу нь Ч.Амарбаясгалангийн нүүрэн хэсэг рүү нь цохиод газар унагаачихсан. Тэгээд нөгөө 3 залуу, 1 эмэгтэйтэйгээ хамт такси бариад явах гэхээр таксиг нь явуулахгүй урд нь гарч зогсож байгаад цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа ирээд бид нарыг тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Ч.Амарбаясгалан бид хоёр дээрх залуучуудтай хэрэлдэж маргалдах ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй. Ө.Рысбек гэдэг залуу Ч.Амарбаясгалангийн нүүрэн хэсэгт гараараа цохиж мөн өшиглөж байхыг нь би харсан. Тус цагдаагийн хэлтэс дээр ирээд Ө.Рысбек гэж нэрийг нь мэдсэн гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Болортуяа мэдүүлэхдээ:
...2 залуу хажуугаар өнгөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөөд газар
унагаачихсан. Тэр үед Ө.Рысбек намайг татаж босгож байсан...тэрнээс хойш л тэд нар бие биенийгээ хэл амаар доромжлоод муудалцаад эхэлсэн тэнд яг юу болсон, хэн хэнийгээ яаж цохисон талаар нь би мэдэхгүй байна. Хараагүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Б.Энхчулуун мэдүүлэхдээ:
...Ш.Болортуяаг унагаачихлаа гээд цаана манайхантай хэсэг хүмүүс маргалдаад эхэлсэн. Би наана нь байсан учраас Ш.Болортуяаг яасныг хараагүй. Тэгээд нөгөө хэд дээр яваад очтол хар пальтотой залуу доошоо суусан байдалтай цохиулсан юм шиг байсан. Тэгээд би Ө.Рысбек тэр залуу 2-г салгасан. Тэр залуу босч ирээд та нар намайг зодчихлоо гээд байсан. Яг үнэндээ Ө.Рысбек тэр залуу 2-3 удаа цохисон юм шиг байна лээ. Би яг цохисоныг хараагүй. Нөгөө залуу та нарыг явуулахгүй цагдаа дуудна гээд зууралдаад байсан...гэжээ. (хэргийн 23, 46 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-А.Амгаланбаатар мэдүүлэхдээ:
...2 залуу хажуугаар өнгөрөхдөө нэг нь бид нартай явсан Ш.Болортуяаг мөрлөөд газар унагаачихсан. Тухайн үед тэр залуу нь ч гэсэн өөрөө газар унасан. Би 2017 оны 01 сарын 09-ний өдөр анх тайлбар өгөх үед тус хэргийн хохирогч Ч.Амарбаясгалан гэх залуу манай найз Ө.Рысбект зодуулж цохиулсан гэж өөрөө хэлж байсан...гэжээ. (хэргийн 44, 45 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 805 тоот дүгнэлтэд:
1. Ч.Амарбаясгалангийн биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Ө.Рысбек урьд 2011-04-19-нд БЗД-ийн шүүхийн 206 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Ө.Рысбек нь 2016 оны 12 сарын 26-ны өдрөөс 2016 оны 12
сарын 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Кастел” диско баарны гадна архи ууж согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ч.Амарбаясгаланг үл япих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн нүүр тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Амарбаясгалан, гэрч П.Анхзаяа, Ш.Болортуяа, Б.Энхчулуун, А.Амгаланбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 805 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.Рысбекийг бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Амарбаясгаланг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч нь өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд 195 000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон боловч Ө.Рысбек эмчилгээний зардалд 1 500 000 төгрөгийг сайн дураар төлсөн тул түүнд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,
согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.
Хохирогч Ч.Амарбаясгалан нь шүүх хуралдаанд оролцохгүй гэж хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.