Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1246

 

185/2018/0556/Э

 

 

 

  2020             09            24                                        2020/ДШМ/1246    

 

З.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Сундуй

шүүгдэгч З.Х-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/690 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809019830505 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Мишээл” хэрчсэн гурилын үйлдвэрт ажилладаг байсан гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгайд оршин суудаг, ял шийтгэлгүй,

 

З.Х- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэвэн” зочид буудлын ресепшний шүүгээнээс Н.Хантайжийн гар утас, хэтэвч, үнэмлэх, монетон гинж зэрэг хөрөнгийг, Б.Дэнсмаагийн гар утас, үнэмлэх зэрэг хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.363.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овгийн Зоригтбаатарын Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-аас 2.219.800 /хоёр сая хоёр зуун арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Хантайжид, 150.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэгт тус тус олгож, шүүгдэгч З.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэтэл шүүхийн тогтоолд намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй тул тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлан 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Мөн шүүхийн тогтоолд шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн замаар амар хялбар аргаар мөнгө олох шунахай зан гаргасан гэж үзсэн. Би тус хэрэг гардаг өдөр зочид буудалд үйлчлүүлэхдээ өөрийнхөө иргэний үнэмлэхээр бүртгүүлж орсон. Иймд шүүхийн тогтоолд намайг амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэнд гомдолтой байна. Миний бие урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Би хоригдож байх хугацаандаа буруу зүйл хийсэн гэм буруугаа ухаарч ойлгон маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч З.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон. Тэрээр энэ хэрэг гарсан 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хохирол, хор уршгийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

З.Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэвэн” зочид буудлаар үйлчлүүлэн гарч явахдаа ресепшний шүүгээнд түлхүүр зоолттой байгааг харж уг шүүгээнээс тус буудлаар үйлчлүүлэхдээ эд зүйлээ хадгалуулсан Н.Хантайжийн гар утас, хэтэвч, үнэмлэх, монетон гинж зэргийг, мөн Б.Дэнсмаагийн гар утас, үнэмлэх зэрэг хөрөнгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.363.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Хантайжийн “...тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, маргааш нь гарахдаа төлбөрийг нь төлчихье гээд ресепшнд гар утас, жолооны үнэмлэх, хэтэвчээ барьцаанд үлдээгээд орсон. Хоночихоод маргааш нь буудлаас гарч яваад өдөр 15 цагийн үед мөнгө авчираад тооцоогоо хийчихээд эд зүйлсээ авъя гэсэн чинь ресепшн “хэтэвч, гар утас чинь хулгайд алдагдсан байна” гэж хэлж байсан. …Хар өнгөтэй ледерин материалаар хийгдсэн хэтэвч, жолооны үнэмлэх, эрэгтэй хүний хоёр давхар сүлжмэл тасарчихсан монетон гинж байсан. Мөн “Samsung trend” загварын 2 симтэй, мэдрэгчтэй гар утас байсан. ...” /хх 12-13/,

хохирогч Н.Дэнсмаагийн “... “Сэвэн” зочид буудалд буусан ба эд зүйл болох гар утас, иргэний үнэмлэх хоёроо буудлын ресепшнд өгсөн ба маргааш өглөө нь эд зүйлээ авах гэсэн хулгайд алдсан байсан. ...” /хх 16-17/,

гэрч Д.Мөнгөнцэцэгийн “...намайг хүлээж авахад 202 тоот өрөөнд Дэнсмаа, 204 тоотод Хантайж гэдэг хүмүүс хоносон байсан. Бууж байгаа ресепшн Буяндэлгэр надад Дэнсмаагийн “Samsung note2” загварын гар утас, иргэний үнэмлэх, “Samsung grand” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. ...12 цаг 30 минутын үед би өрөө хүлээж авахаар явахдаа уг шүүгээг түгжчихээд түлхүүрийг нь зоолттой орхичихоод явчихсан байсан. Гарах хүнээс өрөө хүлээж авчихаад эргээд ирэхэд шүүгээ онгорхой дотор нь байсан дээрх хүмүүсийн хадгалуулсан эд зүйлс хулгайд алдагдсан байсан. …” /хх 18-20/,

гэрч Д.Буяндэлгэрийн “...маргааш нь би ажил дээрээ очоод хяналтын камерын бичлэг үзэхэд З.Х- нь малгайтай, цагаан өнгийн цамц өмчихсөн ресепшний текний доод талын шүүгээг түлхүүрээр нь онгойлгон дотроос нь хоёр ширхэг гар утас, түрийвч аваад гараад явж байгаа бичлэг байсан. ...” /хх 21-22/,

З.Х-ын яллагдагчаар өгсөн “...”Сэвэн” зочид буудалд хоночихоод маргааш өглөө нь 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Текний доорх шүүгээ онгорхой байхаар нь шагайж үзэхэд хоёр гар утас, хэтэвч байхаар нь гар утаснуудыг нь халаасандаа хийгээд, хэтэвчийг нь өмдөндөө хавчуулаад гараад явсан. ...” /хх 40/ гэх мэдүүлгүүд,

 

алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх 26-27, 30-31/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн З.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч З.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн шүүхийн шатнаас хоёр удаа оргон зайлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч З.Х-ын “...хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин прокуророос З.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд тэрээр нэг удаагийн үйлдлээр, нэг цаг хугацаанд хохирогч нарын эд зүйлийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаас үзвэл түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан гэж үзэхгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт З.Х-ыг бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгтт холбогдсон гэж бичсэн атлаа тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/690 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН