| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2021/00382/И |
| Дугаар | 153/ШТ2021/00061 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 153/ШТ2021/00061
2021 оны 09 сарын 01 өдөр Дугаар 153/ШТ2021/00061 Жаргалант сум
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, шүүгч Л.Энхжаргал, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ХПК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Д-д холбогдох,
Байгууллагад учирсан хохирол 44,364,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 153/2021/00382/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Гомбосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ХПК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас манай байгууллагын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хол- 2019/126/СТА-ТШЗ кодтой аудитын тайлангаар "Шүүхийн шийдвэрээр Ховд аймгийн ХПК-ийн төсвөөс 44,364,964 төгрөгийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 5 ажилтанд олгох, тус байгууллагын төсөвт учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх-ээр дурдсан байдаг. Тодруулбал:
1.Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаар тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Ө-ийг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,755,537 төгрөгийг М.Ө-т олгохоор,
2. Ховд аймгийн Хөгжил Политехникийн коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Э-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,613,733 төгрөгийг Н.Э-д олгохоор,
3. Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны ажилтнаар ажиллаж байсан Б.Ү-ыг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6,665,213 төгрөгийг Б.Ү-д олгохоор
4. Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар жижүүрээр ажиллаж байсан Д.А-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,950,761 төгрөгийг Д.А-д олгохоор.
5. Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан Б.Ц-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,379,720 төгрөгийг Б.Ц-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана", Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д ... Иргэний хуулийн 49В.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааныг улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж тус тус заасны дагуу байгууллагын төсвөөс олгож хохирлыг арилгуулах үүрэг хүлээгээд байна. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасны дагуу 44.364.954 төгрөгийг тухайн үед Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Д-аар гаргуулж Ховд аймаг дахь ХПК-д учирсан дээрх хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймаг дахь ХПК-ийн 2021 оны 03 сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Т.Д би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 72 дугаар зүйлд заасан эрхийн дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ховд аймаг дахь ХПК-ийн гаргасан хариуцагч Т.Д-аас 44 364 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн Б/147 дугаар тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Ө-ийг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14.755,537 төгрөгийг М.Ө-т олгохоор, Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 09 сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Э-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.613.733 төгрөгийг Н.Э-д олгохоор, Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны ажилтнаар ажиллаж байсан Б.Ү-ыг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 783 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.665.213 төгрөгийг Б.Ү-д олгохоор, Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар жижүүрээр ажиллаж байсан Д.А-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,950.761 төгрөгийг Д.А-д олгохоор, Ховд аймгийн ХПК-ийн захирлын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан Б.Ц-г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8.379.720 төгрөгийг Б.Ц-д олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг. Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 онд санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, XOA-2019/126/СТА-Тшз кодтой аудитын тайлангаар "Шүүхийн шийдвэрээр Ховд аймгийн ХПК-ийн төсвөөс 44.364.964 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 5 ажилтанд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхээс Ховд аймгийн ХПК-ийн төсвөөс 44. 364.964 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 5 ажилтанд олгохоор эцэслэн шийдвэрлэгдсэн байхад хариуцагч Т.Д-аас 44 364 964 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ховд аймаг дахь ХПК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь: Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолд"... 23, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 498.5 дах хэсэг, 499 дүгээр зүйл болон мөн хуулийн 52 дугаар бүлгийн бусад зүйл, хэсэгт заасан гэм хорыг арилгах талаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол холбогдох иргэн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоон, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулан уг асуудлыг нэг мөр хянан шийдвэрлэж байвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 4/Монгол Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй. Гэтэл миний хувьд эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж гэм буруутайд тооцогдоогүй, ХПК-д гэм хорын хохирол учруулаагүй болно. Нэхэмжлэгч ХПК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ буруу тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан байхад Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 4.4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хариуцагч Т.Д нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 135.3 Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, 153.4.Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Д нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар үр дүнгийн гэрээнд тусгаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлд дурдагдсан буюу ерөнхий нягтлан н.Ө, нарийн бичгээр ажиллаж байсан н.Э, ажилтан н.А, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан н.Ц гэсэн хүмүүстэй холбоотой нэхэмжлэлд тодорхой заасан байгаа гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Иргэний хувьд 5 хүний гомдлыг нөхөн төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийнХПКнь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар байгууллагад учирсан хохирол 44,364,964 төгрөгийг хариуцагч Т.Д-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн ХПК нь байгууллагад учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй боловч хохирлыг шаардах эрх нь тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага захиргааны байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд төлөөлөх эрхтэй байхаар тус тус хуульчилсан бөгөөд Ховд аймгийн ХПК-ийн дээд шатны байгууллага нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдов.
Иймд, Ховд аймгийн ХПК-ийн захирал нь байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ховд аймгийн ХПК-ийн нэхэмжлэлтэй Байгууллагад учирсан хохирол 44,364,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Д-д холбогдуулан гаргасан боловч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Ховд аймгийн ХПК нь байгууллагад хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тухайн байгууллагын дээд шатны байгууллага болох Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага тус байгууллагыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн “ХПК”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Д-д холбогдох “Байгууллагад учирсан хохирол 44,364,964 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн ХПК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн тогтоолд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Х.ТАСХЫН