Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 153/ШТ2021/00026

 

 

2021 оны 05 сарын 07 өдөр                         Дугаар 153/ШТ2021/00026                            Жаргалант сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-д холбогдох,

Байгууллагад учирсан хохирол 52,457,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 153/2021/00081/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Б.Г, иргэдийн төлөөлөгч Ш.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.", Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” гэж заасан. Аймгийн ЗД-ын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ц.О-г Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны 580 дугаар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.П-г тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны 579 дугаар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б-г тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны 793 дугаар, Үйлчлэгч Б.К-г тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны 792 дугаар, жолооч Д.Г-г тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны 794 дүгээр, жолооч М.Л-г тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны 153/ШШ2018/00023 дугаар шийдвэрээр үүрэгт ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Засаг дарга болон Тамгын газраас Шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэлд 37,957,606 /гучин долоон сая есөн зуун тавин долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг 2020 оны төсөвт суулгаж орон нутгийн төсвөөс, улсын төсвийн санхүүжилтээр 14,500,000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг нийт 52,457,606 /тавин хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг хохирсон албан хаагчдад нөхөн төлж хохирлыг барагдуулсан. Тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль, журмыг зөрчиж шийдвэр гаргасан нь төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл болох нь тогтоогдож байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтын дагуу төрийн байгууллагын хохирлыг барагдуулж, гэм буруугийн хохирол болох 52,457,606 /тавин хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Г би нэхэмжлэгч Ховд аймгийн ЗД Б.Д-ын танай шүүхэд гаргасан 52,457,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Аймгийн ЗД-ын ажлын алба нь Тамгын газар, Засаг дарга нь Тамгын газрын даргаа томилж, чөлөөлдөг тул нэхэмжлэгч, хариуцагч бид хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай. /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4.

Нэхэмжлэгч ******* Б.Д нь зарим нэр бүхий төрийн албан хаагч /3.Э, Б.Б, Э.Д гэх мэт/-ийг хууль бусаар ажлаас нь халж, чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, үүссэн хохирлыг төсвөөс төлсөн байдаг. Засаг төрийн төлөөлөгч, төрийн өндөр албан тушаалтан, ******* Б.Д нь шүүхийн шийдвэрээр төсөвт учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлчхөөд дараа нь доод шатны албан тушаалтнууддаа шаардлага тавих нь зөв зүйтэй баймаар. Хариуцагч Б.Г би нэхэмжлэгч *******тай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүйн дээр хуулиар тогтоосон гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Г миний бие нэхэмжлэгч Ховд аймгийн ЗД Б.Д-ын нэхэмжлэлтэй Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. 50.2-т заасныг үндэслэн төрд учруулсан хохиролд 52 457,606.00 (тавин хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун зургаан) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэг бүрчлэн зааж хуульчилж өгсөн байх бөгөөд 65 дугаар зүйлийн 65.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж иргэний хэрэг үүсгэхгүй байхаар зохицуулсан байна. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны байгууллагын шаардах эрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу үүсэх боловч тухайн шаардах эрхийг захиргааг төлөөлж хэрэгжүүлэх, хохирлыг барагдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нийтийн эрх зүйн хэмж хэмжээгээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2- т"Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна", 103.3 "Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.", мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллаға шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид “Зөвлөл" гэх мөн/ гэж заасны дагуу Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл уг асуудлаар төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч буюу ******* Б.Д нь уг асуудлаар төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахдаа ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг бүрэн хянаж үзээгүй нь улмаас процессийн алдаа гаргасан байна. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул тус шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 153/Ш32021/00235-н тоот "Иргэний хэрэг үүсгэх тухай" Шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн сая уншсан хүсэлтэд захиргааны байгууллагыг төлөөлж хохирлыг барагдуулах хүсэлт гаргаж байна. Өнөөдрийн байдлаар захиргааны байгууллагад учирсан маш олон төрлийн хохирол байдаг. Одоогийн байдлаар тухайн хэрэгтэй холбоотой дотоод аудитын гаргасан нэхэмжлэл байхгүй учраас төрийн байгууллага өөрт учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу мөн Иргэний хуулийн498.5 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллага эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй учраас заавал төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргана гэж туйлширч болохгүй. Иймд ЗД-ын тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь  итгэмжлэлээр уг асуудалд оролцох бүрэн боломжтой учраас Захиргааны байгууллага өөрийн нэгжээр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох учраас хуульд харшлах зүйл биш гэж ойлгож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5,  Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50.1-д зааснаар байгууллагад учирсан хохирол 52,457,606 төгрөгийг хариуцагч Б.Г-с гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчаас гаргасан  хүсэлтийг шүүх хүлээн авч, Ховд аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ховд аймгийн ЗД нь байгууллагад учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй боловч хохирлыг шаардах эрх нь тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл захиргааны байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд төлөөлөх эрхтэй байхаар тус тус  хуульчилсан тул энэ тухай гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Аймгийн Засаг дарга нь байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй “Байгууллагад учирсан хохирол 52,457,606 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч *******од холбогдуулан гаргасан боловч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.       

Ховд аймгийн ЗД нь байгууллагад хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тухайн байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага, Төрийн албаны зөвлөлөөр төлөөлүүлэн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн ЗД-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох “Байгууллагад учирсан хохирол 52,457,606 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                3. Шүүхийн тогтоолд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.РАУШАН

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                ШҮҮГЧ                                                                  Х.ТАСХЫН