| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/197 |
| Огноо | 2024-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
улсын яллагч Б.Жамъяндорж,
хохирогч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430001760197 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, *********оны ******дугаар сарын *********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* суманд мал эмнэлгийн тасагт мэргэжилтэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” хотхоны ***** тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******” хотхоны 604 тоотод эхнэр *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар алгадах, хөл рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархай, баруун хацар, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны дотор салстын улайлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөдөөнөөс найз ирээд найзын ангийн охин болон тэр охины найзтай нь уулзах болоод би машин барихаар хөдлөх гэтэл машины аккумлятор суусан байсан. Би фэйсбүүк зар дээр такси хайсан тул эхнэр намайг хаана байгааг мэдэж эмэгтэй хүнтэй уулзсан талаар хардаж маргаан эхэлсэн. Эмэгтэй хүнтэй уулзсан талаар маргасан. Миний цээж рүү цохисон. Би эргүүлээд цохисон. Гарын сарвууг нь би гэмтээгээгүй. Хөл рүү нь өшиглөсөн. Уурласан байсан тул сайн санахгүй байна. Тухайн үед 1 ширхэг лаазтай пиво уусан байсан.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Фэйсбүүк хаягаар нь би нэвтэрч хаана байгааг нь мэдсэн. Би эхлээд гэрт орж ирэхэд нь цохисон. Хүүхдэд хохирол учраагүй. Өмнө чих өвдөж байсан. Чихээ эмнэлэгт үзүүлсэн. Хөл рүү нэг удаа өшиглөж, нүүр рүү 2 удаа алгадсан. Бид хоёр эвлэрсэн. Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа, надад гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү...гэв.
Эрүүгийн 2430001760197 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: …Намайг эмэгтэй хүмүүстэй явлаа гээд над руу дайраад миний цээж рүү гараараа цохиод уурласан. Тэгэхээр нь би уурлаад хоорондоо маргаж, маргаж байх үедээ би эхнэрийнхээ зүүн хацар руу нь 2 удаа алгадсан…гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дугаар хуудас/,
- Хохирогч *******гийн: 2024 оны 05 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би охинтойгоо гэртээ байхад манай нөхөр ******* найз Ган-гийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би нөхрийгөө “хаагуур яваад ирж байгаа юм, амралтын өдөр гэр орондоо байхгүй, хүүхдэдээ цаг зав гаргасангүй” гээд үг хэлэхэд манай нөхөр миний өөдөөс “миний хаагуур явах нь тийм чухал байна уу” гээд над руу уурласан. Тэр үед би нөхөртөө “чи хүүхэд айлгалаа, ийшээ суу” гээд хэлэхэд нөхөр миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би нөхрийгөө цээж рүү нь баруун гараараа түлхэхдээ дунд хуруугаа эвгүй дарчихсан. Тэр үед нөхөр ******* ахиад миний зүүн хацар руу 2 удаа хүчтэй алгадсан. Мөн баруун хацар руу 1 удаа алгадсан. Яг тэр үед охин уйлаад байсан. Тэгээд найз Ган- нь түүнийг аваад жижиг өрөөнд орж, охиныг надад өгсөн. Би хүүхдээ аваад орон дээр суухад манай нөхөр миний зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөөд байсан. Тухайн үед би нөхрийгөө “боль, чи эрүүл ухаантай байгаа юм уу, хүүхэд айлгалаа, одоо болно, болиоч” гэж хэлээд нөхөртэйгөө хэрэлдээд байж байхад хаалга тогших болсон. Ган- хаалга тайлж өгөхөд гаднаас цагдаа нар орж ирсэн. Манай нөхөр надад найзынх нь дэргэд өөрийг нь загналаа гээд уурласан байх гэж бодож байна...Тухайн үед би 2 хацар руугаа алгадуулсан болохоор миний нүүр халуун оргиод байсан. Мөн нүүр улайсан. Маргааш нь миний зүүн нүдний зовхи хөхрөөд 2 хацар, зүүн шилбэнд цус хурсан байсан. 2 хоногийн дараагаар эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон байна гэж хэлсэн.Бид хоёр өмнө нь гэр бүлийн дундах бага зэрэг маргааны улмаас хоорондоо маргалдах муудах үе байдаг байсан. Тэгэхдээ энэ удаагийнх шиг миний биед халдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дугаар хуудас/,
-Гэрч : би 21 цагийн үед *******гийн гэр лүү ороход манай найз эхнэр *******тэй унтлагынхаа өрөөнд маргалдаад зогсож байсан.Хажууд нь хүүхэд нь уйлаад зогсож байхаар нь би хүүхдийг нь аваад том өрөөнд оруулчхаад буцаад гараад явсан. Намайг харахад бол эхнэр *******г бол зохиж барьж байгаа зүйл бол харагдаагүй. Тэдний коридорт зогсож байхад 2 цагдаа тэдний рүү орж байсан, тэгээд би шууд гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дугаар хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай “...1. *******гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархай, баруун хацар, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, баруун хацар, баруун гарын дунд хурууны 3-р үе үенд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны дотор салстын улайлт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 06-08-р хуудас/
-Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 31-р хуудас/
- *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 50-р хуудас/
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл,нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хэргийн 58-61-р хуудас/
- 645647534907 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 66-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.06.21-ний өдрийн 3/170 дугаартай албан бичиг /хэргийн 70-р хуудас / зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн “*******” хотхоны 604 тоотод эхнэр *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар алгадах, хөл рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархай, баруун хацар, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны дотор салстын улайлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Хөдөөнөөс найз ирээд найзын ангийн охин болон тэр охины найзтай нь уулзах болоод би машин барихаар хөдлөх гэтэл машины аккумлятор суусан байсан. Би фэйсбүүк зар дээр такси хайсан тул эхнэр намайг хаана байгааг мэдэж, эмэгтэй хүнтэй уулзсан талаар хардаж маргаан эхэлсэн. Миний цээж рүү цохисон. Би эргүүлээд цохисон. Гарын сарвууг нь би гэмтээгээгүй. Хөл рүү нь өшиглөсөн. Уурласан байсан тул сайн санахгүй байна. Тухайн үед 1 ширхэг лаазтай пиво уусан ”гэх,
хохирогч *******гийн “2024 оны 05 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би охинтойгоо гэртээ байхад манай нөхөр *******, найз Ган-гийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би нөхрийгөө “хаагуур яваад ирж байгаа юм, амралтын өдөр гэр орондоо байхгүй, хүүхдэдээ цаг зав гаргасангүй” гээд үг хэлэхэд манай нөхөр миний өөдөөс “миний хаагуур явах нь тийм чухал байна уу” гээд над руу уурласан. Тэр үед би нөхөртөө “чи хүүхэд айлгалаа, ийшээ суу” гээд хэлэхэд нөхөр миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би бас нөхрийгөө цээж рүү нь баруун гараараа түлхэхдээ дунд хуруугаа эвгүй дарчихсан. Тэр үед нөхөр ******* ахиад миний зүүн хацар руу 2 удаа хүчтэй алгадсан. Мөн баруун хацар руу 1 удаа алгадсан. Яг тэр үед охин уйлаад байсан. Ган- жижиг өрөөнд орж ирээд охиныг надад өгсөн. Би хүүхдээ аваад орон дээр суухад манай нөхөр миний зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөөд байсан. Тухайн үед би нөхрийгөө “боль, чи эрүүл ухаантай байгаа юм уу, хүүхэд айлгалаа, одоо болно, болиоч” гэж хэлээд нөхөртэйгөө хэрэлдээд байж байхад хаалга тогших болсон. Ган- хаалга тайлж өгөхөд гаднаас цагдаа нар орж ирээд *******г аваад явсан.Манай нөхөр надад найзынх нь дэргэд өөрийг нь загналаа гээд уурласан байх гэж бодож байна.Тухайн үед 2 хацар руугаа алгадуулсан болохоор миний нүүр халуун оргиод байсан. Мөн нүүр улайсан. Маргааш нь миний зүүн нүдний зовхи хөхрөөд 2 хацар, зүүн шилбэнд цус хурсан байсан. 2 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон байна гэж хэлсэн.Бид хоёр өмнө нь гэр бүлийн дундах бага зэрэг маргааны улмаас хоорондоо маргалдах муудах үе байдаг байсан. Тэгэхдээ энэ удаагийнх шиг миний биед халдаж байгаагүй...” гэх,
гэрч “ би 21 цагийн үед *******гийн гэр лүү ороход манай найз эхнэр *******тэйгээ унтлагынхаа өрөөнд маргалдаад зогсож байсан.Хажууд нь хүүхэд нь уйлаад зогсож байхаар нь би хүүхдийг нь аваад том өрөө рүү нь оруулчхаад буцаад гараад явсан. Намайг харахад эхнэр *******гээ бол зохиж барьж байгаа зүйл бол харагдаагүй. Би тэдний коридорт зогсож байхад 2 цагдаа тэдний рүү орж байсан, би шууд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 210 дугаартай “ 1. *******гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархай, баруун хацар, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, баруун хацар, баруун гарын дунд хурууны 3-р үе үенд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны дотор салстын улайлт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******гийн гэр бүлийн маргаанаас эхнэр *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн “*******” хотхоны 604 тоот дахь гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас од эхнэр *******тэй маргалдаж түүний нүүрэн тус газар алгадах, хөл рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч *******гийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай ” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч *******гаас “ Маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй байна.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 210 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүнийг цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
7. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиж, өшиглөж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргаан, үл ойлголцлоос шалтгаалан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
8. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тухайн үед гэр бүлд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хохирогч *******г нүүр, хөл хэсэгт өшиглөн зодож эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, чамархай, баруун хацар, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дэлбэн, баруун гуя, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацар, баруун хацар, баруун гарын дунд хурууны 3-р үе үенд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны дотор салстын улайлт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа, надад гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Харин хохирогч *******гийн тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос сайн дураараа уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мөн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно” гэх дүгнэлт гаргасныг,
хохирогч *******гээс “Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа, надад гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж,
шүүгдэгч *******гаас “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус маргаагүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн харилцаан дахь үл ойлголцол, маргаан нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч ******* “Гэр бүлийн харилцаа хэвийн байгаа, надад гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, тэрээр тогтмол ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх үзлээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН