Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 136/шш2021/00307

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2021/00307

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д аймаг, Х сум, 2 дугаар баг, Ч хаягт оршин суух, Н овогт Ч Ц /РД:........./-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д аймгийн Х сумын Г З нэгдэлд 1982 оны 02 сарын 30-ны өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 15-ны өдрийг дуустал хилийн ба ДЦУЕГ-ын 0202 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Г З нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би 15 настай байсан тул 1982 оноос хагас нормтой мал маллаж байгаад 1983 оноос 16 Нд хүрсэн тул бүтэн нормтой болсон. Би ээжтэй хамт туслах малчин Ч бригадад 1985 он хүртэл мал маллаж байгаад 1985 онд Эрдэнэт хотын цэрэгт 3 жил алба хааж, 1988 онд халагдаж ирээд, 1988 оноос хойш залгуулаад мал малласан. Гэрч О, Н нар намайг мал маллаж байхад мал маллаж байсан. Би нэгдэлд 400 гаруй ямаа ээжтэйгээ хамт хариулж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн нэгдлийн дарга нар солилцохдоо алга болгосон. Би ажилласан хугацааны баримтаа архиваас хайлгасан боловч Г З нэгдлийн бичиг баримт архивд байхгүй байгаа. 1990 хэдэн онд архив шатсан. Архивд өгөөгүй байж байгаад шатсан юм уу, архивд ирээд байхгүй болсон юм уу мэдэхгүй. Мөн би нэгдэл тарснаас хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа бөгөөд 1995 оноос 2000 оныг хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж байсныг нотлох малын А данс архиваас гараагүй тул малчнаар ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Ч.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Ч.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Ц нь Д аймгийн Х сумын Г З нэгдэлд 1982 оны 02 сарын 30-ны өдрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсан болох нь Д аймгийн Архивын тасгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 110 дугаар архивын тодорхойлолтын хуулбар, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 109 дүгээр цалингийн тодорхойлолтын хуулбар, Д аймгийн Х сумын Г з нэгдлийн 1988 оны 08 сарын 18-ны өдрийн 31 дүгээр Малчнаар томилох тухай тушаалын хуулбар, Тын Е газрын Тусгай архивын 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 08/883 дугаар архивын лавлагааны хуулбар, гэрч О.О, Ц.Н нарын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбар болон зохигчийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Ч.Ц нь 15 настайгаасаа мал маллаж байсан гэх бөгөөд өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа, түүний 2000 оноос хойш хугацааны малын А данс хэрэгт авагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд түүнийг Д аймгийн Х сумын Г з нэгдэлд 1982 оны 02 сарын 30-ны өдрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н овогт Чн Цыг /РД:....../ Д аймгийн Х сумын Г з нэгдэлд 1982 оны 02 сарын 30-ны өдрөөс 1985 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хувиараа мал маллаж ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ