Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196  

 

                                           

                      

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ********* оны *** дүгээр сарын ********-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 13 дугаар гудамж 17 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “Тэмүүлэл” ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* ******* /РД:**************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг автовокзал дээр ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид маргалдсаны улмаас толгой руу нь цохисон.  Бид хоёр гудамд таарсан. Бид хоёр согтуу байсан. Намайг хэл амаар доромжлоод байсан болохоор нь толгой руу нь цохисон. Миний хөлд чулуу тээглэхээр нь чулууг аваад цохисон. Би нэг цохичхоод яваад өгсөн. Толгойноос нь цус гараад цэцгийн мандал дээр суугаад үлдсэн. Би хохирогчид 500,000 төгрөг өгсөн. Би уучлалт гуйсан. Эмнэлэгт байхад нь байнга эргэж байсан... гэв.

 

Эрүүгийн 2430000000183 дугаартай хэргээс:    

 

- *******ын яллагдагчаар өгсөн:  Анхбаяр хэл амаар доромжлоод байхаар нь би цэцгийн мандал дээр сууж байхад чулуу шиг юм хөлд тээглэхээр нь тэрийг гартаа барьж байгаад толгой руу нь нэг удаа цохисон, тэгтэл Анхбаяр толгойгоо бариад цэцгийн мандал дээр хэвтээд өгсөн. Тэгэхэд толгойноос нь цус гарч байсан. Би чулуугаа тэр хавьд нь ойрхон хаячхаад мангасын амаар урагшаа гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дугаар хуудас/

 

            - Хохирогч *******ын: Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын төвөөр явж байгаад 0.33 литрийн Хараа архи аваад ганцаараа уусан. Тэгээд архиндаа нэлээн согтсон, тэгээд Автовокзалын орчмоор явж байснаа санаж байна, яг юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн толгойд оёдол тавьж эмчилгээ хийсэн байсан. Би ер нь архи даадаггүй, 1 жилийн өмнө байшин дээрээс ойчоод толгойгоо гэмтээгээд хагалгаанд орж байсан болохоор архи бага зэрэг уугаад л тасарчихдаг. Тэгээд тасарчхаад яваад байдаг маргааш нь юу болсноо санадаггүй юм. Хоёр хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байхад манай дүү хэлэхдээ таныг вокзал дээр ******* гэдэг хүн цохисон юм байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

            - Гэрч *******ын: ******* ахыг толгойгоо хагалуулсны маргааш нь ахтай хамт эмнэлэг дээр байхад ******* гэх хүн “өчигдөр автовокзал дээр ахтай чинь таараад бид хоёр маргалдаад ахыг чинь толгойг чулуугаар цохиод хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би ахад өчигдөр таныг цохисон хүн ирж уулзаад явлаа гэж хэлсэн юм. Анхбаяр ах өөрөө бол яг сайн мэдэхгүй байна гэхдээ харвал танина гэсэн болохоор би тухайн ******* гэдэг хүнийг эмнэлэг дээр ирж уулзахад нь зургийг нь дараад ахад харуулаад “энэ хүн мөн байна уу” гэхэд ах “энэ хүн мөн байна” гэж байсан. ******* надад “ би ахыг чинь чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон тэгээд тэр чулуугаа тэнд ойрхон хаячихсан” гэж хэлж байсан. Тухайн үед өөрөө согтуу байсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

            - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 206 дугаартай “ 1. *******ын биед тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 03-06-р хуудас/

           

            - *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 32-р хуудас/

 

            - *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хэргийн 35, 36 хуудас/

 

             - *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-40-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтсийн 2024.06.19-ний өдрийн 23/113 дугаартай албан бичиг, зардлын түүх /хэргийн 38, 39-р хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн Автовокзал дээр ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой тус газар чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “  Бид хоёр гудамд таарсан. Бид хоёр согтуу байсан. Намайг хэл амаар доромжлоод байсан болохоор нь толгой руу нь цохисон. Миний хөлд чулуу тээглэхээр нь чулууг аваад цохисон. Би нэг цохичхоод яваад өгсөн. Толгойноос нь цус гараад цэцгийн мандал дээр суугаад үлдсэн. Би хохирогчид 500,000 төгрөг өгсөн. Би уучлалт гуйсан. Эмнэлэгт байхад нь байнга эргэж байсан ” гэх,

            хохирогч *******ын “…Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын төвөөр явж байгаад 0.33 литрийн Хараа архи аваад ганцаараа уусан. Тэгээд архиндаа нэлээн согтсон, Автовокзалын орчмоор явж байснаа санаж байна тэгээд яг юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн толгойд оёдол тавьж эмчилгээ хийсэн байсан. Би 1 жилийн өмнө байшин дээрээс ойчоод толгойгоо гэмтээгээд хагалгаанд орж байсан болохоор архи бага зэрэг уугаад л тасарчихдаг, тэгээд тасарчхаад яваад байдаг, маргааш нь юу болсноо санадаггүй юм. Хоёр хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байхад манай дүү “таныг вокзал дээр ******* гэдэг хүн цохисон юм байна лээ” гэж хэлсэн” гэх,

            гэрч *******ын “ ******* ахыг толгойгоо хагалуулсны маргааш нь эмнэлэг дээр байхад ******* гэх хүн ирээд “өчигдөр автовокзал дээр ахтай чинь таараад бид хоёр маргалдаад ахыг чинь толгойг чулуугаар цохиод хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би ахад “өчигдөр таныг цохисон хүн ирж уулзаад явлаа” гэж хэлсэн юм. Анхбаяр ах өөрөө бол яг сайн мэдэхгүй байна гэхдээ харвал танина гэсэн болохоор би тухайн ******* гэдэг хүнийг эмнэлэг дээр ирж уулзахад нь зургийг нь дараад ахад харуулахад “энэ хүн мөн байна” гэж байсан. ******* “би ахыг чинь чулуугаар толгой руу нь нэг удаа цохисон, тэр чулуугаа тэнд ойрхон хаячихсан” гэж хэлж байсан. Тухайн үед өөрөө согтуу байсан гэсэн ” гэх мэдүүлэг,

            шинжээчийн 206 дугаартай “1. *******ын биед тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтсийн 2024.06.19-ний өдрийн 23/113 дугаартай албан бичиг, зардлын түүх зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ын толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг автовокзал дээр ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй,  тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч *******ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай ” гэх дүгнэлт гаргасныг,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү ” гэж,

шүүгдэгч *******оос “ Маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна”  гэж мэдүүлж маргаагүй байна.

 

4.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 206 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний толгой руу чулуугаар цохиж зодон гэмтэл учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

 

7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг чулуугаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн маргаан, согтуурснаас шалтгаалан хохирогчийн толгойд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

8. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогчтой үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүний толгой руу чулуугаар цохин эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн зүүн чамархайн хуйханд язарсан шарх ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Харин хохирогч ******* нь “ *******оос сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг төлсөн, 500,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 02-нд төлөхөөр харилцан тохиролцсон” болох нь түүний нотариатаар батлуулан тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдоно.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх 5 хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 222,401 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.06.19-ний өдрийн 23/113 дугаартай албан бичгээр, харин уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024.08.02-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдоно.

 

3. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Иймд хохирогч ******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй харилцан тохиролцсон тул сэтгэл санааны хохиролд нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,

шүүгдэгч ******* “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус  гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, тэрээр хохирогчийг эмнэлэгт байхад өөрөө очиж дүүд нь хохирогчийг чулуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлснээр гэмт хэргийг шуурхай илрүүлж, нотлоход дэмжлэг үзүүлсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээний зардалд сайн дураараа 500,000 төгрөгийг өгсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох хийгээд, мөн гэм буруугаа ухамсарлаж, хохирогчийг эмнэлэгт байнга эргэж тойрч байсан, амьжиргааны түвшин доогуур иргэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүй  гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн  болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН