Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00321

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01776 дугаар магадлалтай,

Э-ын нэхэмжлэлтэй

Б-д холбогдох

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 69,099,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Б-д холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 69,099,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бгаас 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамж 503,449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01776 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,449 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2012.08.06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Э болон хариуцагчийн нөхөр С.Амарсанаатай 2016.02.01-ний өдөр байгуулсан 43,500 ам.долларын зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж шүүх, арбитрт нэхэмжлэл гаргаж байсан юм. Арбитрын 2019.07.26-ны өдрийн 229 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 181/ШШ2023/00249 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаар магадлалаар нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсон болно.

Хууль буруу хэрэглэсэн тухайд.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй эсэхийг зөв дүгнээгүйгээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж шүүх үзсэн бол ямар харилцаа үүссэн талаар тодорхой дүгнэлт хийх ёстой бөгөөд мөнгө шилжүүлсэн этгээд хөөн хэлэлцэх хугацааны дотор буцаан шаардаагүй, хэрэгжүүлээгүй эрхийг түүний өв залгамжлагч нь шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь эргэлзээтэй, бодит байдалд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Шүүх хариуцагчийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны журмаар нэхэмжлэгчээс 20,000 ам.долларыг авсан гэдгээ нотлоогүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь ямар нөхцөлөөр өгсөн, буцаан шаардах эрхтэй эсэхээ нотлох бөгөөд хариуцагч Бд шилжүүлсэн өгсөн мөнгийг С амьд ахуйдаа эргүүлэн шаардаж байгаагүй нь тогтоогдсон болно. Мөнгө авсны дараа талийгаачийн төрсөн хүү Д.Эрдэнэбат БНСУ-аас гэр ахуйн бараа импортолсныг шүүхээр нотлуулаагүй нь миний алдаа.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2, 492.2.2 дахь хэсэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангаж байгаа нь буруу жишиг тогтоосон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангахгүй ба Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шаардах эрхэд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Э талийгаач ээжийгээ нас барснаас хойш 6 жилийн дараа өв залгамжлалын гэрчилгээ авсан байна. Нотариатын тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа, гэрээнээс үүссэн зээлийн гэрээний шаардлагыг өвлөж байна уу гэдгийг заасан байдаг. Гэтэл шүүх зээлдүүлсэн гэх гэрээний шаардлагыг өвлүүлсэн байхад хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийг хязгаарлахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхийг өвлөгчөөр тогтоогдсон этгээдэд хамаарахгүй, хэрэгжүүлэх эрхтэй мэтээр дүгнэн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх залруулах байтал хэвээр үлдээсэн нь иргэн миний эрхийг ноцтойгоор зөрчиж, илтэд хохироож байна.

Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн ямар тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн байх боломжтой эсэх, өвлөгчөөр тогтоогдсон этгээдэд өвлүүлэгчийн өөрөө хэрэгжүүлээгүй эрх өвлөгдөх эсэхэд хууль хэрэглээг тогтоох нь зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.

Талийгаач бид хоёр гэр бүлийн болон найз нөхдийн нандин харилцаатай, бие биедээ ашиг хонжоо харахгүй чин сэтгэлээсээ тусалдаг, зовлон жаргалаа хуваалцдаг байсныг Э болон түүний ах, талийгаачийн ах дүү нар маш сайн мэддэг. Үүнийг мэдсээр атал Э ээжийнхээ үхэлд хүртэл буруутган гүтгэсэнд хариуцагч Б би хуульч, багш Эын ёс зүйгүй байдалд үнэхээр гомдож байна. Хуульч нарт хичээл заадаг багш, хуульч хүн Монгол Улсын хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн шүүхээс өөрт таалагдсан шийдвэр гаргуулах гэж улайрч байгаа нь хуульчийн ёс зүйд нийцэх үү. Эыг шүүхийн процесст нөлөөлсөн гэж хардаж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Б-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01531 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Бд холбогдуулан 69,099,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...нэхэмжлэгчийн ээж С нь Бд 2012.08.06-ны өдөр 20,000 ам.доллар зээлдүүлсэн, хариуцагч нь шалтаг тоочин зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа, С 2016 онд нас барсан бөгөөд 2022 онд Э зээлийн үүргийг шаардах эрхийг өвлөж авсан, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн боловч хариуцагч нь бусдаас авсан мөнгөө буцааж өгөхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж өнөөдрийг хүрч байна... бусдын эд хөрөнгө, мөнгийг авсан бол түүнийгээ буцаан төлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч бүрийг үүрэг болно, иймд Бгаас 20,000 ам.доллар буюу 69,099,800 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...талийгаач С бид бизнесийн хамтрагчид байсан, уг 20,000 ам.долларыг зээлээгүй, харин өөрийн бизнесийн мэдээллийг өгсний хариуд авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардаж урьд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, нөгөө талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.05-ны өдрийн 718 дугаар магадлалд “...талийгаач Сээс хариуцагч Бд өөр үндэслэлээр мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүний өвлөгчөөс шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно...” гэж дүгнэсэн байх тул шүүх энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан өөрийн татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг гэрээний бус үүрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа гэж тодорхойлж, шаардаж байна. Иргэний хуулийн гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан ...Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олсон байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан байх, эд хөрөнгө олсон явдал нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байхыг шаарддаг. Иймд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангана...” гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

9. Анхан шатны шүүх шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Нэхэмжлэгч Э хариуцагч Бд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 69,099,800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн эс зөвшөөрч, энэ нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байгаа гэж маргасан байна.

11. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 181/ШШ2023/00249 дугаартай шийдвэрээр Эын нэхэмжлэлтэй  Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 99,720,495 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

12. Дээрх хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Эын ээж С  хариуцагч Бд 2012 онд 20,000 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, 2016 онд эх С нас барсан ба зээлийн гэрээний шаардах эрхийг 2022 онд өвлөж авсан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг шаардсан байна.

Шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хариуцагч дээрх 20,000 ам.долларыг зээлийн гэрээний дагуу аваагүй, харин найз нөхдийн дотно харилцааны үндсэн дээр хамтын ажиллагааны хүрээнд авсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

13. Дээр дурдснаар хариуцагч Бгаас 69,099,800 төгрөгийг гаргуулах Эын нэхэмжлэлийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлох нь өмнө гарсан шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Харин дээрх хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч нь өөр үндэслэлээр уг мөнгийг шаардах эрхтэй” гэсэн нь хуульд нийцээгүй, алдаатай дүгнэлт болжээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж, мөн энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохицуулсан байна.

Энэ нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 181/ШШ2023/00249 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.05-ны өдрийн 210/МА2023/00718 дугаартай магадлал байх тул хуулийн дээрх зохицуулалтад зааснаар Эын нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх боломжгүй юм.

15. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Бгаас 69,099,800 төгрөг гаргуулахыг хүссэн Эын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02680 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01776 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Бгаас 69,099,800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Бгаас 2024.10.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД