Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 148

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч: Г.Соёлбаатар,

шүүгдэгч: П.Жанчивсэмбэ, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, /0013/

            шүүгдэгч: П.Од-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, /0086/

шүүгдэгч: Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /2173/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аварга овогт Пүрэвцэрэнгийн Жанчивсэмбэ, Урианхад овогт Пүрэвдоржийн Од-Эрдэнэ, Боржигон овогт Баасандоржийн Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 2016 2602 3026 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

              Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн малын их эмчийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, 1 ахын хамт Завхан аймаг, Нөмрөг сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83А байрны 38 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИИ 95022112, Аварга овогт Пүрэвцэрэнгийн Жанчивсэмбэ,

 

              Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, Урт булаг, 5 дугаар хороолол, 3-53 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамжны 92 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА 95101610, Урианхад овогт Пүрэвдоржийн Од-Эрдэнэ,

 

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Монголын үндэсний их сургуулийн цахилгааны инженерийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, Нарангийн 57 дугаар гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 31 дүгээр байрны 14 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА 95030715, Боржигон овогт Баасандоржийн Алтангэрэл.

 

            Шүүгдэгч П.Жанчивсэмбэ нь П.Од-Эрдэнэ, Б.Алтангэрэл нартай согтуугаар бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Fire” нэртэй баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, иргэн Г.Соёлбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,  

            шүүгдэгч П.Од-Эрдэнэ нь Б.Алтангэрэл, П.Жанчивсэмбэ нартай согтуугаар бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Fire” нэртэй баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, иргэн Г.Соёлбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

шүүгдэгч Б.Алтангэрэл нь П.Од-Эрдэнэ, П.Жанчивсэмбэ нартай согтуугаар бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Fire” нэртэй баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, иргэн Г.Соёлбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Жанчивсэмбэ мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой Fire баарны 00-оос гарч явахдаа хохирогч Г.Соёлбаатартай мөрлөлцөөд өнгөрөхөд намайг араас дуудсан бөгөөд эргэж харахад намайг заамдаад “замаа харахад яадаг юм бэ” гэж хэлээд үгийн зөрүүгүй миний нүд рүү цохисон. Тухайн үед миний нүд хавдсан байсан. Тэгэхээр нь би түүнийг заамдаж аваад хана руу шахаад зөрүүлээд цохиход манай найз Б.Алтангэрэл, баарны 2 хамгаалагчтай орж ирж биднийг салгасан. Би тэр үед 0.75 литрийн архи хувааж уугаад, 1 пиво уусан, өөрийгөө хянах чадвартай байсан. Би хохирогчийн дагз руу нь 2 удаа цохисон. Бас урдаас нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Би Б.Алтангэрэлд боолгосон байсан тул тавиач гэж хэлэхэд намайг тавихгүй байсан. Баарны хамгаалагч нар цахилгаан бороохой хэрэглэж салгасан. Тэр үед зодоон 2 газар болсон. Б.Алтангэрэл гадаа байхад намайг Г.Соёлбаатартай ярилцчих гэж хэлсэн. Тэгээд ярилцах гэж байхад П.Од-Эрдэнэ ирээд Г.Соёлбаатарыг цохиж, зодоон болсон. Би хохирол төлбөрт 1 000 000 төгрөг өгсөн. Миний буруу, би гэмшиж байна. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Од-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Тэр өдөр зочид буудалд нэг 0.75 литрийн архи, бааранд 0.75 литрийн архи авснаас би 1-2 хундага архи уусан байсан. Би тэр үед өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг бие засах газраас гарахад П.Жанчивсэмбэ “намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд түүнийг цохисон хүнийг хайхаар гадаа гарсан. Б.Алтангэрэл хохирогчийг олоод “энд байна” гэж дуудсан. Тэгээд би найзыгаа өмөөрч хохирогчийг цохисон юм. Би машин тойрч гүйж очоод хохирогчийн нүүр рүү нь нэг удаа цохиод, хацар руу нь нэг удаа өшиглөсөн. Батжаргал гүйж ирээд намайг салгаж авсан. Тэр үед хохирогчийн хацар нь шалбарсан байсан. П.Жанчивсэмбэ эхлээд баарнаас хохирогчийг хайж байгаад гарч ирсэн. Тэгэхэд Б.Алтангэрэл Г.Соёлбаатарыг дуудсан юм. Машинд сууж байхад Н.Нямсайхан, Мөнх-Од нар ирсэн. Тэгээд “П.Жанчивсэмбэ та хоёрыг хайгаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би оръё гэхэд “та хоёр ороод хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үед П.Жанчивсэмбийг оръё гэж хэлэхийг би сонсоогүй. Мөнх-Од надад “чи цамцаа Д.Чинзаяад өмсүүлчих, та 2-ыг хайгаад байна” гэж хэлсэн. Тэгээд би ногоон өнгийн цамц өмсөөд Н.Нямсайхан машин бариад буудал руу явсан. Би Мөнх-Одтой дотно найзууд юм. Б.Алтангэрэлтэй нэг 10 жилийн сургуульд сурдаг байсан учраас танина гэхдээ найзалдаггүй байсан. Би хохирогчид 2 000 000 төгрөг өгсөн. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Манай охин ой гарантай. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Алтангэрэл мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Fire баарны 00 ороход Г.Соёлбаатар, П.Жанчивсэмбэ нар заамдалцсан байсан. Би 2 хамгаалагчтай очиж тэднийг салгасан. Тэгээд тэндээс гараад гадаа би П.Жанчивсэмбэтэй зогсож байхад Г.Соёлбаатар явж байхаар нь би “тэнд чамтай 00-д зодолдсон залуу байна. Та хоёр эвтэйхэн учраа олчих” гэж хэлсэн. Тэгээд П.Жанчивсэмбэ, Г.Соёлбаатартай уулзах гээд очиход П.Од-Эрдэнэ араас нь очоод Г.Соёлбаатарыг цохисон. Би тэднийг салгахад П.Жанчивсэмбэ, Г.Соёлбаатар нар зууралдаад цааш явсан. Тэднийг машин тойроход араас нь П.Од-Эрдэнэ очсон. Тэгэхэд нь би бас салгасан. Тэгээд П.Од-Эрдэнийг Батжаргалд өгсөн. Хамгаалагч нар П.Жанчивсэмбийг барьсан байсан. Г.Соёлбаатар цаана сууж байхад П.Од-Эрдэнэ очоод 2 удаа өшиглөсөн. Би хохирогчийг цохиж зодоогүй. Манай найзууд араас нь явж байхаар очоод салгах байх гэж бодсон. Би хохирогчийг өшиглөөгүй. Бид нар хохирлын мөнгийг хуваагаад төлье гэж ярьсан болохоор би төлсөн юм. Би Г.Соёлбаатарыг дуудаад эргээд харахад нь одоо та хоёр эвлэрээд учраа олчих гэж хэлсэн юм. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Би хохиролд 500 000 төгрөг төлсөн. Цаашид сургуулиа төгсөөд эхнэр, хүүхдээ тэжээнэ. Манай найз охин саяхан жирэмсэн болсон. Өөрийн үйлдэлд маш их гэмшиж байна. Ялыг минь тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Соёлбаатар мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 23 цагт Fire баар руу тавуулаа ороод 0.75 литрийн нэг Хар Чингис архи, 4 кола захиалаад суусан. Тэгээд 24 цаг өнгөрч байхад Энхтуул гэх найзтайгаа хамт бүжгийн талбай дээр гарсан. Тэгтэл П.Жанчивсэмбэ хажуугаар өнгөрөхдөө намайг дайраад гарсан. Би “энэ яагаад байна аа” гэхэд манай найз “зүгээр бай” гэж хэлсэн. Тэгээд 00 ортол П.Жанчивсэмбэтэй тааралдсан. Тэгэхэд П.Жанчивсэмбэ намайг үгийн зөрүүгүй 2 удаа цохиод хамар руу минь мөргөж, намайг дараад тонгойсон. Тэгээд П.Жанчивсэмбэ бид 2 заамдалцсан. 00-д П.Жанчивсэмбийн 2 найз байсан ба нэг нь намайг өшиглөсөн. Тэгэхэд манай найз Энхтуул, Жавхаа нар баарны хамгаалагчидтай хамт орж ирээд биднийг салгасан. 00-оос гараад би ширээн дээр 10 минут сууж байгаад, харихаар гарсан. Би харих гээд гадаа гараад 2 машины голоор явж байхад Б.Алтангэрэл намайг дуудаад эргээд харахад П.Жанчивсэмбэ намайг бариад авсан. Яг тэр үед хажуу талаас нэг хүн цохисон. Тэгээд П.Жанчивсэмбэ намайг хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн. Тэгээд цаашаа яваад тонгойж байтал 4-5 хүний хөл намайг өшиглөхөд би ухаан алдсан. Нэг сэрэхэд цагдаагийн хэлтэс дээр байсан. Миний шанаа халцарч, хамар улайсан, хөмсөг зулгарсан байсан. Би тухайн үед тонгойгоод зодуулж байхад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Харин ухаан алдаад сэргэхэд зүүн гар даагдахгүй байсан. Хэн нь миний эгэмийг хугалсныг би мэдэхгүй байна. Намайг тонгойгоод зодуулж байхад 5 хүн зодож байсан. Би ухаан алдсан байсан болохоор нөгөө 2 хүн хаана байгааг мэдэхгүй. Тэгтэл П.Жанчивсэмбийн өмссөн байсан цагаан цамцыг арай махлаг шар залуу нь өмссөн байсан. Би мэдүүлэгтээ намайг цагаан цамцтай хүн цохисон гэж хэлсэн. Нөгөө хүнийг хартал биш байсан. Тэгэхэд цагдаа нөгөө шар залууг явуулсан. Эдгээр залуусын найзуудаас нэг туранхай бор залуутай манай найз Энхтуул хамт эрүүлжүүлэхэд орсон. Тэр үед нэг бор гуталтай залуу намайг намайг өшиглөсөн бөгөөд тэр нь Б.Алтангэрэл байсан. Би шөнийн 02 цагийн үед эгэм хугарснаа мэдээд гэмтлийн эмнэлэг орж боолгоод харьсан. 4 дүгээр сарын 11-ний өдөр П.Од-Эрдэнэ өмгөөлөгчийн хамт ирээд 3 хүн байгаа учраас тус бүр 2 000 000 төгрөг хохирол төлбөрийг хуваагаад өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд дараа нь эдгээр залуусыг хүлээж байхад П.Жанчивсэмбийн өмгөөлөгч “хэдэн төгрөг авчихгүй юу даа” гэж хэлсэн. Би “та ядаж хохирлоо барагдуулъя гэж хэлж болдоггүй юм уу” гэхэд “яасан том бацаан бэ” гэх зэргээр хэлсэн. Би хохирол төлбөрт 1 000 000 төгрөг өнөөдөр өглөө авсан. Энэ хэрэг гараад 4 сар гаран хугацаа өнгөрөхөд ядаж эмчилгээний мөнгө гэж 500 000 төгрөг ч өгөөгүй. Б.Алтангэрэл 3 дугаар сарын 29-ний өдөр надад мөнгө өгсөн. Надад кальци авах мөнгөгүй хэцүү байсан. Би зураг авахуулсан, хохиролтой байна. Би ажлаасаа 4 сарын хугацаанд чөлөө авсан. Эгэм хугарсан учраас одоо 10 кг-аас хүнд юм өргөхөд хатгаж өвддөг. 4 сар гараа сойлттой явчихвал эгэм гайгүй болдог гэж хэлсэн. Би тэр бааранд орохдоо ямар нэгэн гэмтэлтэй байгаагүй. Би өөр хэн нэгэнд зодуулаагүй. Намайг эдгээр шүүгдэгч нар зодож гэмтээсэн. Нийт нэхэмжилсэн 7 000 000 төгрөг нь эмчилгээний зардал болоод цалин юм. Б.Алтангэрэл намайг дуудаагүй бол би чигээрээ яваад такси бариад явах гэж байсан. Энэ явдал болоогүй бол би 4 сарын хугацаанд ажлаа хийх байсан. Б.Алтангэрэл надад 500 000 төгрөг өгсөн. Би сард гар дээрээ 493 000 төгрөгийн цалин авдаг. Би 4 сарын цалингаа нэхэмжилсэн. Би тэр үед дөнгөж ажилд орсон байсан болохоор лист бичиж өгөөгүй. Миний ажлаасаа чөлөө авсан тухай баримт байхгүй гэв.

 

  Мөрдөн байцаалтад гэрч-Б.Хайдавдорж мэдүүлэхдээ:

...Гадагш гарсан чинь баарнаас нилээн зайтай олон хүмүүс бужигнаад байсан, цагдаа ирсэн байна гэж харсан чинь хамгаалалтын хувцастай, баарны хамгаалагч нар, манай найз П.Жанчивсэмбэ, хохирогч гээд байгаа залуу нар байсан. Хохирогч гээд байгаа залуу газарт суучихсан, та нар яаж байгаа юм бэ гэж байсан гэжээ. (хэргийн 13, 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Намуунбайгаль мэдүүлэхдээ:

... Тэгж байснаа 01 цагийн үед хороололд байна одоо гарлаа гэсэн ч ирэхгүй болохоор нь утас руу нь 02 цаг болох гэж байхаар нь залгатал холбогдохгүй байсан ба 03 цаг өнгөрч байхад танихгүй хүний утаснаас залгаж, гадаа чинь ирлээ гэхээр нь гарч очиж авахад нүүр, ам нь хөхөрч цус болсон, эгэмээ боолгосон байдалтай хүнд зодуулсан гэж хэлсэн гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Чинзаяа мэдүүлэхдээ:

            ...П.Жанчивсэмбэ хохирогч залууг дугтчаад цааш авч яваад П.Од-Эрдэнийг хүмүүс хориод, Б.Алтангэрэл нар араас нь гүйж очиж байхыг харсан ч
тэд хохирогчийг яг зодож байгааг хараагүй. П.Жанчивсэмбэ, П.Од-Эрдэнэ 2-ыг суулгаад Модны 2-т байх зочид буудалд хүргэж өгсөн. Биднийг явж байхад хэн залгасныг санахгүй байна нэг нь над руу залгаад “цагдаа нар цагаан цамцтайгаа
аваад ир гэж байна” гэсэн. Үүнийг тэр 2-т хэлэхэд П.Жанчивсэмбэ очье гээд байсан ба П.Од-Эрдэнэ болохоор П.Жанчивсэмбээ хэрвээ чи буцаж очих бол намайг өшиглөж цохисон гэдгийг хэлж болохгүй гэж захиад байсан.  Тэр бид нар дээр ирээд цагаан цамцтай хүнийг цагдаа нар ир гэж дуудаад байна гэхэд П.Од-Эрдэнэ надад өмсөж явсан цагаан цамцаа тайлж өгөөд намайг явуулсан гэжээ. (хэргийн 25, 26 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Т.Сайнбилэг мэдүүлэхдээ:

     ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчимд болов уу манай 2 хамгаалагч Батжаргал, Б.Отгонболд нар хоорондоо хэрэлдэж муудсан хүмүүсийг баарнаас гадагш гаргаж байхад нь би очсон. Гэмтсэн залууг цагаан цамцтай өндөр залуу заамдаад бариад авчихсан гараараа нүүр толгой хавьд нь цохиод байгаа харагдсан. Манай нөгөө 2 хамгаалагч тэднийг болиулах гээд дийлэхгүй, бүгд л зууралдаад салахаараа эргэж, очиж хохирогч залууг хөл, гараараа нүүр, цээж рүү өшиглөж цохиод байсан. Тэгэхээр нь би очиж салгаж болиулсан ба хохирогч залуу босч чадахгүй байсан ба босгох гэхээр нь нэг нь ирж цохиж аваад, цохисоныг болиулах гэхээр нөгөө нь ирж цохиод байсан. Мөр, эрүү 2 хөдлөхгүй өвдөж байна гэж хэлсэн, нүүр царайг нь бол би тулж нарийн хараагүй юм гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Б.Отгонболд мэдүүлэхдээ:

                  ...7-уул байсан. Учир нь салгах үед тэд хүний олноор биднийг зодчих гээд байсан ба 2 цагаан цамцтай залуу байснаа зугтаалгачихсан юм. 2 цагаан цамцтай залуугийн 1 нилээн өндөр туранхай, нөгөө нь намхан махлагдуу, ороолт малгайтай байсан ба ороолт, малгай 2-ын нэг нь улаан байсан юм. Сүүлд цагдаагийн хэсэг дээр тэр 2 цагаан цамцтай залуучууд ирээгүй гэжээ. (хэргийн 31-33 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Б.Батжаргал мэдүүлэхдээ:

                  Үүнээс хойш хохирогч залууг Б.Алтангэрэл нар бариад авсныг хараагүй, анзаараагүй гадаа зогсож байтал цаана шуугилдаад бужигналдахаар явж очиход П.Од-Эрдэнэ тэр залуугийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд П.Жанчивсэмбэ тэр залууг цааш түрээд цохиод цааш явсан, хохирогч залуу ч П.Жанчивсэмбийн эсрэг ямар нэг үйлдэл хийхгүй байгаад байсан. Би гүйж очих зуураа арай наахан талд П.Од-Эрдэнийг барьж зуурч аваад хальтираад унасан. Хурдан босоод дахин араас нь очиход П.Жанчивсэмбэ хохирогчийг тавиагүй нэг гараараа заамдаад бариад авсан, нөгөө гараараа хохирогчийн нүүр, гэдэс рүү цохиж байгаа харагдсан. Ингээд П.Од-Эрдэнийг хорьж барьж авахын хооронд П.Од-Эрдэнэ хохирогч залуугийн нүүр лүү гараараа 2 удаа цохиж авахыг харсан ба П.Од-Эрдэнийг мөрөөрөө цааш түлхэж, хохирогчоос салгаж холдуулж тэврээд 2-3 алхмын зайд очиж хориход П.Од-Эрдэнэ давшлах үйлдлээ зогсоохгүй байсан ч хохирогчид бол нэмж гар хүрээгүй. Би П.Од-Эрдэнийг хориод хохирогчийг хараад зогсож байсан ба П.Жанчивсэмбэ энэ хооронд хохирогч залууг газар унагаад цээж орчимд 2-3 удаа өшиглөсөн. П.Жанчивсэмбийн сүүлийн өшиглөлт нилээн хүчтэй байсан юм. Бид түүнийг хөл бөмбөгт цөлнө гэж ярьдаг юм. Мөн хэрэг болоод бөөнөөрөө Д.Чинзаяагийн машин луу явах үед араас нэг нь нэмэгдэж ирэхдээ хүүе нөгөөх чинь хэвтээд босохгүй байна гэхэд үүнийг П.Жанчивсэмбэ сонсоод хэлээ гаргаснаа яанаа мань чинь сүүлд нь цөлчихсөн юм, арай хэтрүүлчихээгүй байгаа, үхчихгүй байгаа гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 37, 38 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Э.Батжаргал мэдүүлэхдээ:

                  ...Миний харснаар улаан малгайтай залуу нүүр орчимд өшиглөсөн, үүнээс гадна нэг хүн гуя орчимд өшиглөж байгаа харагдсан. Энгэр, бугалгаараа цагаан оруулгатай хөхөлбөр өнгийн цамцтай залуу /Б.Алтангэрэл/ эхлээд салгах гээд байгаа юм шиг байсан хирнээ цаана зодоон бужигнаан болоход гараараа бие рүү нь цохиод газар унасан байхад нь гуя орчимд нь өшиглөж байсан залуу мөн байна. Цэнхэр цамцтай, цагаан канттай залуу нь асуудлыг зохицуулах гээд салгаж болиулах гэж оролдоод гүйгээд байсан. Харин улаан малгайтай залуу нилээн дэвэргээд өдөөгөөд байсан юм. Гэтэл цагдаагийн хэлтэс дээр явж очиход
улаан малгайт зугтаагаад явчихсан юм гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Б.Гарамрагчаа мэдүүлэхдээ:

                  ...Хэнийг нь санахгүй байна, манайхан тэнд зодолдоод байна гэхээр нь бужигнаад байгаа хүмүүс рүү явж очсон. Очиход хохирогч залуу газар хэвтчихсэн, баарны хамгаалагчид баруун бил үү зүүн мөрөө заагаад 1 юм хэлээд байсан. П.Од-Эрдэнэ ална, шудна гээд хохирогч руу давшлаад байсан ба түүний дүү Батжаргал нь хорьж цагдаад байж байсан. Зодоон болоод дууссаны дараа хохирогчийн 1 талын мөр унжсан байхыг харсан. Би өөрийн нүдээр харж үзсэн зүйл байхгүй ч камерын бичлэгт П.Жанчивсэмбэ, П.Од-Эрдэнэ 2 зодож цохиод байгаа харагддаг гэжээ. (хэргийн 40-43 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Н.Нямсайхан мэдүүлэхдээ:

                  ...Хохирогч залуу хамар луу цохисон, эгэм рүү өшиглөсөн гэж байсан. Тэнд явж очоод эгэм рүү нь өшиглөсөн хүнийг хайгаад байна аа гэхэд П.Од-Эрдэнэ Д.Чинзаяад өмсөж явсан хувцсаа тайлж өгөөд, манийгаа өшиглөсөн гэдгийг битгий хэлээрэй гээд байсан гэжээ. (хэргийн 44, 45 дугаар хуудас)

                 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Б.Амартүвшин мэдүүлэхдээ:

                  ...Гүйж очих үедээ бол ямар нэг зүйл хараагүй, очсоныхоо дараа хохирогч залуу газар унасан хэвтэж байсан. Тойроод П.Од-Эрдэнэ, П.Жанчивсэмбэ, Б.Алтангэрэл, Батжаргал нар байсан. Сүүлд хохирогчийн эгэмийг хугалсан, хэн өшиглөсөн бэ гэсэн асуудал яригдаад бид уулзалдсан юм. Тэгэхэд Н.Нямсайхан, Б.Гарамрагчаа нар П.Од-Эрдэнэ хохирогчийг өшиглөхийг харсан гэж ярьж байсан. Мөн П.Од-Эрдэнэ өөрөө ч хохирогчийг өшиглөсөн гэж хэлээд байсан юм. Бидний хувьд нэг нэгэнтэйгээ илүү дотно найз мөн биш гэдгээрээ гадуурхаж хийгээгүй хэрэгт нь гүтгээд байгаа зүйлгүй гэжээ. (хэргийн 46-48 дугаар хуудас)

                 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Т.Сайнбилэг мэдүүлэхдээ:

                  ...Намайг явж очиход эгэмээ хугалуулсан гээд байгаа залуу газар ёолоод хэвтэж байсан ба хамгаалагч Т.Сайнбилэг, одоо ажлаас гарсан Баатка 2 очиж салгаж болиулаад зодсон 7-8 залуучуудаас 2-ыг барьчихсан цагдаагийн хэсэг рүү хүргэж өгөхөөр явж байсан гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

                 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Д.Саруул-Чөдөр мэдүүлэхдээ:

                  ...Миний харснаар хохирогч залуу газар унаагүй босоо байсан ба хамгаалагч болон манай найзууд гээд олон хүн байгаад байсан болохоор хэн яагаад байгаа нь ялгагдаж харагдахааргүй бужигналдаад байсан. Б.Гарамрагчааг хөөхөөр нь 3-4 метр зайд зогсоход П.Од-Эрдэнийг 1 хүн татаж салгаад, П.Жанчивсэмбийг 1 хамгаалагч татаад, хохирогч залууг бас 1 хамгаалагч салгаж авсан. П.Од-Эрдэнэ өшиглөхийн хувьд өшиглөсөн ч эгэм, цээж рүү өшиглөөгүй гээд байдаг юм. Гэхдээ би П.Од-Эрдэнийн өшиглөхийг өөрийн нүдээр хараагүй юм гэжээ. (хэргийн 53, 54 дүгээр хуудас)

 

                  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16271 тоот дүгнэлтэд:

             1. Г.Соёлбаатарын биед зүүн эгэм ясны далд хугарал, хамар ясны хугарал,
таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хацар, дух, зүүн доод зовхи, зүүн
хацрын төвгөр, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний
алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг
хугацаанд үүссэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

             4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад шинжээч-Д.Мөнхбат мэдүүлэхдээ:

                  ...Үүнээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт баруун хацар, дух, зүүн доод зовхи, зүүн хацрын төвгөр, хуйхны зөөлөн эдийн няцрап зүүн нүдний алимны салстад цус харвалт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Харин эгэм ясны далд хугарал нь гэмтлийн заавар ёсоор хүндэвтэр гэмтэлд хамаарна. Олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 58, 59 дүгээр хуудас)

                   

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

           П.Жанчивсэмбэ нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 97 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Од-Эрдэнэ нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Б.Алтангэрэл нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч П.Жанчивсэмбэ П.Од-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар архи ууж, согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Fire” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Г.Соёлбаатарын бие махбодид зүүн эгэм ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хацар, дух, зүүн доод зовхи, зүүн хацрын төвгөр, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Соёлбаатар, гэрч Э.Батжаргал, Т.Сайнбилэг, Б.Хайдавдорж, Б.Намуунбайгаль, Д.Чинзаяа, Б.Отгонболд, Б.Батжаргал, Б.Гарамрагчаа, Н.Нямсайхан, Б.Амартүвшин, Д.Саруул-Чөдөр, шинжээч Д.Мөнхбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16271 тоот дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Жанчивсэмбэ, П.Од-Эрдэнэ, Б.Алтангэрэл нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

 

 

Хохирогч Г.Соёлбаатарт П.Жанчивсэмбэ 1 000 000 төгрөг, П.Од-Эрдэнэ 2 000 000 төгрөг, Б.Алтангэрэл 500 000 төгрөг тус тус төлжээ.

 

Г.Соёлбаатар нь эмчилгээний зардал, 4 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эвдэрсэн утас, урагдсан хувцасны төлбөрт 7 000 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Эм, тариа худалдан авах, үзлэг шинжилгээ хийлгэх, шатахуун худалдан авахад түүнд 721 950 төгрөгийн зардал гарсан, өвлийн куртик, срочкин цамц урагдаж, “Айфон 5 эс” гар утас эвдэрч, 430 000 төгрөгийн хохирол учирсан нь  орлогын ордер, төлбөрийн баримт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар  тогтоогдлоо. Хохирогч “Сонгино” амралтад уламжлалт анагаах ухааны эмчээр ажилладаг, сард 493 000 төгрөгийн цалинтай болох нь тус амралтын газрын тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнд 3 123 950 төгрөгийн (721 950 төгрөг+430 000 төгрөг+цалинд 493 000 төгрөг*4 сар=1 972 000 төгрөг) гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар хохирогчид 3 500 000 төгрөг төлсөн тул тэднийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв. Харин үлдэх 3 500 000 төгрөгийг төлөх шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Г.Соёлбаатар өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

              Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн П.Жанчивсэмбэ  Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн малын их эмчийн 5 дугаар курст, Б.Алтангэрэл Монголын үндэсний их сургуулийн цахилгааны инженерийн 4 дүгээр курст тус тус суралцдаг тул тэднийг сурч боловсрон, сургуулиа төгсөх боломжоор хангаж, П.Од-Эрдэнийн хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг харгалзан тэдэнд ялгамжтай ял оногдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.